Tuesday, June 30, 2009

Итгэлийн талаархи ярилцлага-4 Төлөвшихүйг индексжүүлэх оролдлого

За эдгээр нь жинхэнэ Христитгэлийн гол үзүүлэлт, үнэнч итгэгчийн тодорхойлолт болж чаддаггүй, зөвхөн туслах орц төдий бүрэлдхүүн үзүүлэлт юм байна. Тэгвэл жинхэнэ зөв төлөвшсөн итгэгчийн шинж ямар байх вэ? Жинхэнээсээ Бурханы хүслийн дагуу амьдрана гэж яах вэ? Хэрхэн үнэн зөвөөр Эцэгийн хүслийн дагуу өөрчлөгдөж байгаагаа мэдэх, мэдрэх вэ?

Энэ нь нилээн ярвигтай асуудал. Энд тодорхой жор, аргачлал үгүй. Учир нь гол харилцагч маань болох Эзэн маань бүхнийг мэддэг, чаддаг бөгөөд, хязгааргүй төгс боломж, эрх мэдлийг эзэмшигч Нэгэн тул, амь сүнс болгонтой хамгийн зохистой, таарсан хувилбараар тулж ажилладаг ба ажиллах боломжтой.

Одоо яриа маань эндээс “төлөвшилийн итгэл”-ийн талаархи сэдэв рүү орж байна. Энэ нь цаашдаа үргэлжлүүлэн хэрхэн Эзэний хүслийн дагуу, энэ дэлхийн гэрэл, давс болон амьдрах вэ?, гэсэн том сэдэв юм. Бурхан болон Түүний сонгосон ард түмний хоорондын харилцаа гүнзгийрэн батжхад “хөвч хөндөлт” (Эх. 17:9-14)(Ром 2:29) гарааны үндсэн нөхцөл болдгыг “Гэрээ”-нд заасан байдаг.

Судар бидэнд, хүнийг зүгээр л гэмт байдалд нь, бузар таашаалд нь “жаргаахын” тулд Бурханы Хүү нас барсан гэдэггүй. Эзэн “…чи дээрээс дахин төрөхгүй бол (Иох.3:3-8), өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол (Мт.18:3), тэнгэрийн хаанчлалд орохгүй…” гэдэг. Бас, Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно (Мт.7:21), гэж анхааруулдаг.

Эцэг биднийг, Өөрийнх нь Хүү Есүс Христтэй нөхөрлөн (1Иох.1:3-7)(1Кор.1:9), сайн үйлсийн төлөө, Түүний дүр төрхөөр (Еф.2:10), (Фил.2:5) шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Тэгэхлээр Христитгэл маань нэг удаагийн гэмшил, сэтгэл хөдлөлөөр бүх асуудал шийдэгддэг байдлыг шаарддаг, зарим хүний гэнэн бодол төсөөллөөс огт өөр, үргэлжлэн өрнөж, үргэлж шинэчлэгдэж байх тэнгэрлэг үйл явц юм.

Энэ нь авъяас болон мэдлэг дотор хүчирхэгжин, нийгэм ба Чуулган доторхи байр суурь, нөлөөлөл өргөжин бэхжих байдлаар илэрхийлэгдхээсээ илүүтэй, Есүстэй тогтоосон хувьчилсан дотно нөхөрлөл дотор батжсан, дотоод мөн чанарын, зүрх сэтгэл, зан хандлагын өөрчлөлт, байх ёстой (Гал.5:22).

Бас энэ нь айхтар сүнслэг ид шид, эрдэм чадлын талаархи яриа ч биш. Харин загалмайн үхлийн, урссан цусны үнэ цэнийг, дахин амилалтын утга учрыг, эцсийн өдрийн дүр зураглалыг улам тодорхойгоор, урд урдхаас илүү гүн батаар зүрхэндээ дахин дахин ухаарах үйл явц юм. Түүний хайрыг улам ойлгон, ээнэгшиж, Түүний өмнө улам даруу, дуулгавартай болох үр жимс боловсрох нь, гол шинж нь болдог.

Үе үеийн Эзэний олон ариун хүмүүс, Христийн доторхи хувь хүний өөрчлөлт, тэнгэрлэг төлөвшил нь яг ямар зарчим, шат дараалал дотор өрнөх, ямархуу шинж тэмдэг, үзүүлэлт харагдах талаар, өөрсдийн туршлага, мэдлэг, Ариун Сүнсний удирдамж, чиглүүлэлт зэргийг үндэслэн индексжүүлэх гэж оролдсоор ирсэн. Индексжүүлэх гэдэг нь олон талтайгаар, маш их баялаг үзэгдэл, үзүүлэлтээр илэрхийлэгддэг барьцгүй хийсвэр мэт ухагдхууныг, тодорхой барьцтай, ойлгомжтой, зураглал болгох гэсэн оролдлого юм.

Энд нэгэн, 3-н үе шат бүхий индексжүүлэлтийг таньд толилуулъя. Эхний шатыг “Тэмүүллийн үе” гэнэ. Энэ нь хүмүүний зүрхэнд Эзэн амийг (Христитгэлийг) өгсөнөөр эхэлнэ. Таны зүрх сэтгэл айдас, тодорхойгүй байдал, ганцаардал, бухимдал, хонзогнол, мухар сүсэг зэрэг харанхуйн дарамт шаналал дотор байсан. Таны эргэн тойрны амьдрал ч бүтэлгүйтэл, гачигдал, хэрүүл тэмцэлээр дүүрсэн, бие махбодь чинь өвчлөл, доройтлоор туйлдсан байсан. Таныг муу зуршил боолчилж, баларч, уруудаж байгаагаа мэдэх боловч яаж ч чаддаггүй байсан.

Гэтэл Эзэн таны зүрхэнд, “гэрэл бий болог гэсэнд, гэрэл бий болно”. (Энэ талаар дээр бид тодорхой ярилцсан. Тэр бидний зүрхэнд Христитгэлийн тулгуур үнэнүүдэд итгэх итгэл үнэмшилийг, Өөрийн сонголтоор бэлэг болгон өгсөн.) Та хар хүчнээс чөлөөлөгдсөнөө, тэнгэрлэг тайвшрал, амар амгалан зүрхэнд тань бий болохыг, гэрэл гэрэлтэхийг мэдрэх болно.

Таны эргэн тойрны тань амьдралд ч Эзэн мутраа сунган оролцож, тулгамдсан, хоолойг тань боомилсон олон асуудлыг хамгийн сайнаар, төсөөлж байгаагүйгээр ончтой шийдэж өгнө. Бие махбодид тань ч эдгэрлийг хэрэгжүүлнэ. Та Чуулганд хамрагдаж, Эзэний Үгэнд шунан дурлах болж, ариун хүмүүсийн нөхөрлөлийг, бусад хуучин хүрээлэл, орчингоосоо илүүтэй эрхэмлэн үздэг болно.

Ийнхүү амийг авсан та, Түүний гоо сайхан, гэрэл, хүч, хайрыг улам бүр, илүү ихээр эзэмдхээр, танин мэдэхээр тэмүүлж эхэлнэ. Ингэхдээ энэ зорилгод тань саад болж байгаа тоо томшгүй хүлээс, зуршил, үзэл бодол, зан чанар, хамаарал таныг боолчилж буйг олж харна. Тэгээд тэнгэрлэг үнэн рүү тэмүүлэх тэмүүлэл, Есүсийг хайрлах хайр тань илүү хүчтэй бол зугуухан (магад нэг хоромд байхыг ч үгүйсгэхгүй) тэдгээрээсээ ангижирч, чөлөөлөгдөж эхэлнэ.

Харин та тэднийг үзэн ядахгүй, чөлөөлөгдөхөөр тэмцэхгүй, бэрхшээлээс айн (заримдаа ч таашаал авдаг гэмт зуршилаа Есүсээс илүү хайрлаж, хагацан яддаг) аялдан дагалдаж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, тэдгээрээс үүсэлтэй дэлхийн элдэв асуудлуудад нухлуулсан, цаана нь л гарахын төлөө зүтгэсэн, энэхүү зовлонт амьдралдаа Эзэнээ ашиглахыг оролдсон нэгэн болж, гацаж орхих өндөр магадлалтай.

Асуудлуудыг шийдэн ард нь гарах нь бидний амьдралын зорилго биш. Асуудлын цаана асуудал, давалгааны цаана давалгаа заавал байдаг нь, энэ ертөнцийн мөн чанар юм. Харин “…бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрлах нь, хөршөө өөрийн адил хайрлах нь…” (Мт.22-36-40) бидний зорилго ба, үүний төлөө асуудалтай биш өөртэйгөө л тэмцэх ёстой. Петр хэдийгээр Эзэнийг харж байхдаа, зоригтойгоор усан дээгүүр алхсан ч, давалгаа салхи (асуудлуудыг) хараад живж эхэлснийг сана (Мт.14:25-31).

Энэ үе нь уналт босолт, гэмшил харуусал, нулимас заримдаа цус, сахилгажуулалт, ухаарал ба ойлголт, баяр хөөр ба эдгэрэл, сэргэлт, амьдралын орчин нөхцөлийн эрс өөрчлөлт, шинэ танин мэдэхүй зэргийг багтаасан, адал явдал дүүрэн байдлаараа нэн онцлог. Ийнхүү та шантралгүй зүтгэсний үр дүнд, анхлан мэдэрсэн гайхалтай тэнгэрлэг эрх чөлөөг, амар амгаланг, баяр хөөрийг бүрэн өөрийнх болж байгааг ухаарна. Тэдгээр нь таны салшгүй нэг хэсэг, таныг тодорхойлох нэг чухал үзүүлэлт болно.

За ингээд, та энэ шатыг амжилттай давлаа. Мэдээж энэ нь тодорхой тогтсон цаг хугацаагүй. Зарим нь 3-н сар, зарим нь 3-н жил, бүр зарим нь бүх насаа энэ шатанд унан, босон өнгөрөөж ч магад. Бас одоо л энэ үеийг даваад, анги дэвшиж байна даа, гэж тодорхой мэдэгдэхгүй, анзаарагдахгүй зугуухан шилжилт, эсвэл эрс харагдахуйц шинэчлэл сэргэлт, дэвшил ирж ч болно.

Удаахыг нь “Алдаршууллын үе” гэнэ. Энэ үеийг дотор нь хоёр дэд бүтцэд задалж тайлбарлая.

А: Таны оюун санаа, зүрх сэтгэл, дэлхийн олон асуудлаас, хэрэггүй хоосон мөрөөдөл, хүслээс чөлөөлөгдсөн. Нэг үгээр та ариуссан. Дотоод болон гадаад эдгэрэл, шинэчлэл хэрэгжсэн. Тэгээд үр дүнд нь, Түүний хайраар, гэрлээр, үнэнээр бялхсан.

Тэгээд таны энэ дотоод мөн чанарын өөрчлөлт тань, гадаад байдалд тань илэрэн харагдахгүй байхын аргагүй. Сайн модноос сайн үр жимс гарна (Мт.7:17). Таны амьдрах хэв маяг эрүүл саруул, тэнгэрлэг, үлгэр жишээч болно. Таны зан чанар эрс шинэчлэгдсэн байна (Гал.5:22). Таны амнаас үргэлж энэрэл нийгүүлслийн, бусдыг босгон байгуулах үг, бусдыг авралд хөтлөх Сайн Мэдээ урсан гарч байх болно. Зүрхний бялхалаас ам ярьдаг.

Энэ үед та Чуулганд тодорхой үйлчлэлтэй ч болсон бай, үгүй ч бай үл шалтгаалан, таниас Христийн гэрэл, дүр төрх, зөвт ариун байдал цацрах тул, ямарч мунхаг нэгэн анзаарахгүй байхын аргагүй болно. Үүгээр тань дамжин, таны Бурхан алдаршина. Таныг харахдаа олон хүн өөрийн атаач, ховч, шуналтай, завхай, бардам дээрэнгүй гэмт байдлаа жишин олж хараад, ичин гэмшиж, таны Бурхан руу эргэх юм.

Нэгэнт та хэлж ярьж буй зүйлийнхээ (Христийн Сайн Мэдээний) бүрэлдхүүн хэсэг, эд эс нь болсон (та өөрөө сайн мэдээ болсон) тул, тунхаглал тань, үг тань эрх мэдэлтэй, эрч хүчтэй байж, мөхөс сүнсний зүрхний мухарт гүн бат суулгагдана.

Б: Үүгээр ч зогсохгүй. Таны хувьд урд нь, алдаа зөрчил, харанхуй бурангуй, шударга бусаар дүүрэн байсан энэ дэлхий, таны Эцэгийн гайхалтай мэргэн ухаан, төгс хүч чадлынх нь илэрхийлэл гэрчлэл, Түүний гэрлийн оршихуйн тусгал болох нь тодорхой болно. Та юухнаас ч, өөрийн Бурханыхаа хайр, зөвт шударга, хязгааргүй сүр хүчийг нь олж харан, бахдан шагшиж, зүрхэндээ Түүнд алдарыг өргөх болно.

Өглөө нар мандах нь, орой шингэх нь ч юм уу, шөнийн тэнгэрийн үзэсгэлэн гоог ч юм уу, хүмүүний цог жавхлан, үнэ цэнийг ч юм уу, урьд хэзээ ч мэдэрч, ойлгож, ухаарч байгаагүйгээрээ ойлгож ухаардаг, эдгээрээс сэтгэлийн таашаалыг эдэлдэг болж, энэ нь танд маш их аз жаргал, баяр хөөрийг өгнө. Энэ нь юухан дээр ч илэрнэ.

Та нэг ширхэг навчийг харахдаа, тэрхүү гайхалтай бүтээл нь эмзэг бөгөөд турьхан, амьд бөгөөд мэдэрдэг, гадаад нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлдгийг ухаарч хайрлан нандигнадаг байхад, хүмүүний ертөнцийн түүхийг судлахдаа ч Эзэний хайр, мэргэн ухаан, хүч нь хэрхэн өдрөөс өдөрт, үеэс үед үй олны аврал, оршихуйнх нь утга учир, хөгжил дэвшлийнх нь тулгуур болж ирсэнийг ойлгон, бахдан баярлах жишээтэй.

Энэ нь нэг удаагийн сэтгэл хөдлөл төдий биш, таны зүрх сэтгэлийн, оюун сэтгэлгээний тань байнгын хэв шинж болон хэлбэржинэ. Олон хүн би “дэлхийн ажил” хийгээд, Эзэндээ алдарыг өргөж, үйлчилж чадахгүй байна, гэж өөрийгөө яллаж, шаналж явдаг. Олон хүн, надад магтаалын, номлолын, эсвэл харь хэлний, эдгэрлийн гэх мэт тосолгоо байвал Чуулганд үр дүнтэйгээр үйлчилж, Эзэнийг алдаршуулна, гэж боддог. Энэ нь том эндүүрэл юм.

Эзэн бидний зүрхийг харж, тэндээс л Өөртөө алдарыг авч “нэн сайхан” (Эх. 1:31) хэмээн дуу алддаг. Үүнийг Эзэн бас өөрөөр, “Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой (Иох.4:24), гэдэг.

Тэгээд ч, үйлчлэлийнхээ алдаа, бүтэлгүйтэлд гунихарч, түүнээс болж шаналж, бүр “Эзэн яагаад намайг сорив, шийтгэв,” гэх, эсвэл өчүүхэн ололтондоо бардамнаж, түүнээсээ сэтгэл ханамж, тайвшрал, таашаалыг хайж, бахархал бардамналаа болгох нь, бүр Эзэний өмнө том гавъяа байгуулаад, агуу хайрынх нь хариуг барьчихсан мэт маадгар алхах нь, аль аль нь Эзэнд бузар юм. Ингэж үйлчилж бусдад бүдрэх чулуу болж, өөртөө гэм нүгэл хурааж байснаас, огт үйлчлээгүй (Чуулганд) нь дээр.

Бидний бахархал бардамнал, ханамж таашаал нь зөвхөн загалмай, Эзэнтэй амьд харилцаатайгаас ирдэг ухаарал, гэгээрэл, ариусал байх ёстой. Үйлчлэл тань албадлагаар (1Кор.9:7)(1Пт.5:2), эсвэл айснаасаа (1Иох.4:18), эсвэл цалин хөлсний улмаас (Иох.10:12,13) бус, Эзэнээ хайрласан, Түүний хайраар хөршөө хайрласан сэтгэл зүрхний тань илрэл, алдаршуулал байх болтугай.

Дээр өгүүлсэн болон хойно өгүүлэх төлөвшилийн шинжүүд нь, таныг хэн байх (эр, эм, хар, шар), ямар байр суурьтай байх (дарга, пастор, малчин, орцны жижүүр), хаана байх (монголд, солонгост) зэргээс огт үл шалтгаална. Ер нь, Библи биднийг нэр алдар, албан тушаалд бүү шуна (Иох.5:41; 6:15). Харин улам даруу дорд бол (Мт.18:4; 20:25-28). Хаана, хэн байхаасаа үл шалтгаалан Бурханы Хүү бай, гэдэг. Та хаана, ямар хүрээлэл орчинд байна, тэндээ Эзэнийгээ алдаршуулахын тулд илгээгдсэн болой.

“Алдаршууллын шат”-ын онцлог шинж нь, та сэтгэл хөдлөлд захирагддагаа болино. Ямар ч нөхцөлд тайван амгалан байдлаа хадгалдаг, үйл явдлын далд нууцлагдмал учир шалтгааныг олж хардаг, зөв мэргэн, тэнгэрлэг шийдвэр гаргадаг, аливаа дэлхийлэг хамаарлаас (улс төр, эдийн засаг, эцэг эх, тэрч бүү хэл пастор ахлагч нараас) бүрэн шахуу чөлөөлөгдсөн, Эзэнтэйгээ салшгүй нэгдмэл болсон, зэрэг илрэлүүд байна.

Энэ үеийн хамгийн гол сэрэмжлэх зүйл нь эрх мэдэл юм. Эрх мэдлийн сорилт нь зүрх сэтгэлийг соронздох аймшигтай хүчтэй. Энэ нь үзэгдэх гэхээсээ илүү үл үзэгдэх байдал нь дур татам. Аливаа өвчин, муу сүнс дээрхи болон хэлсэн үг нэг бүр чинь итгэлийн андын чинь, эсвэл бурхангүй нэгний амьдралд биеллээ олох нь, тэр ч бүү хэл цаг агаар, байгалын үзэгдэл юмсанд ч тушаах хүч нөлөөлөл, аманд тань амтагдаж, цээжинд тань бялхах нь нэн таатай.

Яг л Бурхан болсон мэт, олон асуудалд амархан шийдэл, олон бузар мууд амархан төгсгөл хийх боломжтой болсон мэт, санагдана. Энэ байдлаас бүү таашаал ав, зүрхээ бүү эзэмдүүл. Эрс татгалз. Сатанд ч эрх мэдэл байдаг ч, тэр энэ ертөнцийн аврагч биш, харин ч бүх хорон муугийн үндэс юм (Лук10:18-20). Танд өгөгдсөн эрх мэдэл, таны доторхи хүнийг л цэвэр ариун, даруу байлгахын төлөө ашиглагдаг.

Бас энэ үеийн төгсгөлд та цөл рүү дуудагдах нь дамжиггүй. Та зөвхөн нийгмийн амьдарлаас ч тусгаарлагдхаас гадна, бүр Чуулганы амьдралаас ч холдож хөндийрнө. Энэ байдал тань олон хүнд таалагдахгүй ба таниас сэжиглэн цэрвэж, гаж маанагаар чинь дуудаж, мөн “засаж залруулхаар, ухааруулан гэмшүүлхээр” ятгацгаана.

Ийнхүү та эцсийн шат болох “Даатгалын үе”-д дэвшин орлоо. Энэ нь яг л цөлийн амьдарлаас эхлэнэ. Одоо та гуйвшгүйгээр Эзэний зам дээр зогсжээ. Та хоёр, хоюулахнаа нүүр нүүрээ хараад зогсож байна.

Та Түүгээр амьсгалж, Түүгээр хооллож, Түүний дотор, Тэр таны дотор салшгүй нэг болсон. Өнгөрсөн бүхий л хугацаанд та Өөрийн Бурханы сайн гэдгийг хангалттай амсаж (Дуу.34:8) мэдсэн. Таны төлөвлөдөг, төсөөлдөг, мөрөөддөг, тэмүүлдэг ямарч “сайн” нь, таны Бурханаас танд санал болгодог, таны амьдрал дээр бодитоор хэрэгжүүлдэг жинхэнэ сайны дэргэд юу ч биш гэдэг нь, танд тодорхой болсон.

Та олонтоо дасгалжуулагдаж, сахилгажуулагдаж, улам даруусан, таны Эзэний төгс Ариунтай жишихэд, өөрийнхөө хичнээн сул дорой, гутамшигтайг улам гүнзгий ойлгож, жигших болсон (Эх.18:27)(Иох.12:25)(1Иох.1:8,9). Тэгснээр та, улам бүр загалмайн агуу хайрыг, дахин амилалтын хүч нөлөөллийг, эцсийн өдрийн дүр зураглалыг зүрхэндээ шинэчлэн, гүн батаар дахин дахин ухаарсаар байсан.

Таны бахархал, хамаарал, түшиг тулгуур тань, таны мэдлэг, ололт амжилт, үйлс бүтээл тань биш, зөвхөн Есүс л болсон. Та ямарч эргэлзээгүйгээр Түүнд өөрийгөө бүрэн даатгасан. Олон хүн, “Би Эзэний өмнө барьж очих баялаг, өмч хөрөнгөтэй. Тэдгээр нь миний тарьсан чуулган, барьсан сүмүүд, сайн мэдээ тараасан хүмүүс юм”, гэж боддог. Харин та, энэ нь Түүний өмнөх бардамнал юм, гэдгийг таньсан.

Та чуулганы сэргэлтийн төлөө, нийгмийн шинэчлэлийн төлөө дэвхцээд байхаа больсон. Учир нь юунаас ч үл шалтгаалах Христийн амар амгалан зүрхэнд тань гүн нутагласан (2Тес.3:16) ба бүх эрх мэдэл зөвхөн Түүнд байдгийг та мэдсэн (Мт.28:18). Таны гаргасан алдаа завхрал, Түүний цусаар угаагдсан. Бүтээсэн ололт амжилт тань ч Түүний л хүч, нигүүлсэл, төлөвлөгөөгөөр хийгдсэн, үнэнийг мэдсэн.

Ийнхүү таны бодох бодол, мэдрэх мэдрэмж, хэлэх үг, түүний тань хүч нөлөөлөл, хэрэгжилтээс өгсүүлээд, таны юу идэх, хэзээ хооллох, идсэн хоол тань хэрхэн шингэх хүртэлх бүхий л амьдралын тань өрнөл хөдөлгөөн, орчил эргэлт, харилцааг бүгдийг нь Тэр л хариуцана.

Учир нь та, итгэлийн амьдрал бол, хэн нэгэн хүн Христийг дуурайх гэж оролдох нь биш, харин Амьд Бурхан Христийг өөрөөрөө дамжин амьдруулахаар урин дуудах нь юм, гэдгийг ухаарсан. Түүнийг танаар дамжин Өөрийгөө илчлэхэд саад болох бүхнийг, өөрийн зүгээс арилгасан.

Та ямарч хэлцэл тохироонд оролцож, элдэв төлөвлөгөө зохиохоо больсон. Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай (Мт.6:34) (Сур.үгс27:1). Та, Түүнд зориулж өөрийгөө тусгаарласан (Лук14:16-24; 21:34).

Энд одоо хэн нэгэн нэр бүхий хувь хүн биш, харин хүн төрөлхтөнийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн, биднийг хайрлаж, аврахын тулд амиа өгсөн, бас дахин амилсан, Бурханы Хүү, тэнгэр газар дээрхи бүх эрх мэдлийг баригч Нэгэн ажиллаж, амьдрах болно. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газарт унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвэл олон үр бий болгоно (Иох.12:24).

Даатгалын шат нь хязгааргүй үргэлжилнэ. Бүр мөнхийн улсад ч шүү. Эцэст нь та Хүний Хүү шиг нэгэн (Илч.1:13; 14:14;) болно. Нүд тань галын дөл мэт, нүүр тань өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт, амнаас тань хоёр талдаа иртэй хурц илд цухуйсан, алтан бүс бүсэлсэн, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй Нэгэн болсон.

Таны зүрхэнд тань, бас тэргүүн дээр тань Эцэг “Чи бол Миний хайрт Хүү, Би Чамайг өнөөдөр төрүүлсэн. Чамд Миний таалал оршдог”(Мт.17:5) (Ев.1:5) гэх болно.

Түүгээр ч барахгүй “Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн. Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө. Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, шавар сав шиг бутлах болно.” (Дуу.2:7-9) гэнэ.

Бас “Би Чиний хөл дор бүх дайснуудыг чинь, бүр үхлийг ч хаяж, Чи тэднийг няц гишгэнэ” (Эх.3:15) (Ев.1:13) (1Кор.15:25-28) гэж амлана.

Та шинэ тэнгэр, шинэ газрыг (өөрөөр хэлбэл таниар дамжуулан Эзэн) бүтээхээр (Илч.21:1), бүх хана хэрэм (Иош.6:20), цайз хаалгануудыг (Мт.16:18) (Илч.3:8) эвдэх ялгуусан маршаа хийхээр явахад бэлэн боллоо.

Таньд энэ бүхнийг боломжтой болгосон, Таны Бурхан алдарших болтугай. Та бол Бурханы Хүү мөн. Та бол ертөнцийг Аврагч мөн. Халлелүяа.