Wednesday, July 29, 2009

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 1



Магтаал-хүндэтгэл удирдахын учир : Магтаал өргөх олон арга барил байдаг ч, өнөө үед ерөнхий 2 чиглэл зонхилдог. Үүнд: “Магтан дууны концерт” (энэ нь мэргэжлийн түвшинд явагддаг) ба “Чуулганы магтаал” гэсэн нь юм.

Анхны чуулганы үе бол итгэгчдийн нийтээр өргөх магтаалын оргил үе байсан. Харин дундад зуунд мэргэжил дагнасан концертууд илүү өргөн дэлгэрсэн. Шашны хувьсгалын дараа үеэс Чуулганы магтаал дахин сэргэж, хүндэтгэл-мөргөлүүд нэг хэв маягт орж, концерт дагнасан магтаалууд ч өргөжин, И.С.Бах, Ж.Ф.Гендель зэрэг авъяаслаг хөгжмийн зохиолчид төрөн гарчээ.

Орчин үед Чуулганы магтаал ч, магтаалын концерт ч мөр зэрэгцэн оршиж, хүний түүхийн аль ч үед байгаагүй тийм олон төрлөөр Эзэнд магтаал өргөж байна. Магтан дууны концертод, мэргэжлийн түвшиний магтаалын үйлчлэгч (эсвэл үйлчлэгчид), хөгжим болон магтан дуугаар Эзэнд алдарыг өргөдөг.

Харин Чуулганы магтаал нь хүмүүст, зүгээр сонсохоос илүүтэйгээр, өөрөө Эзэнийг магтах боломж олгодгоороо давуу юм. Энэ нь үйлчлэлийн багынхны авъяас, хөгжимчдийн ур чадварыг харуулах цаг биш, мөн тоглолт биш юм. Мэдээж магтаал-хүндэтгэлийн цагт концертийн хэв маяг орсон байж болно.

Сэтгэл зүрхээ чөлөөтэй нээх чадваргүй нэгэнд, мэргэжлийн дуучны өргөж буй магтаал дэмжлэг болдог. Магтаал-хүндэтгэлийн удирдагч хүн, мэргэжлийн дуучны дуугаар дамжуулан Чуулганыг магтаалын онгодоор хөгөлдөг. Үр дүн нь, итгэгч бүр өөрийн өргөж буй магтаал дотороо Бурханы оршихуйг мэдэрч амтлах нь юм.

Гэхдээ магтаалын удирдагч нь, Эзэний оршихуйг өөрөө бий болгодог гэж ташаа ойлгож болохгүй. Хүмүүний зүрх сэтгэл хаалттай тул, байнга дэргэд нь оршигч Түүнийг мэдэрдэггүйд л гол асуудал байдаг. Ийнхүү энэ үйлчлэлийн үр дүнд итгэгч, чин сэтгэлээсээ Эзэнийг магтаж сурах, улмаар Түүний оршихуйн хүч, ариун байдлыг мэдрэх, Түүнтэй хувьчилсан харилцаандаа улам дотносон өөрчлөгдөх юм.

Орчин үеийн магтаал хүндэтгэлийн талбар: Магтаал-хүндэтгэл нь улам л уян хатан болж байна. Гэхдээ л энэ дэлхийд байгаа тул тодорхой хэлбэр, загвартай байхаас өөр аргагүй. Өнөө үед магтаал-хүндэтгэл нь дараахи хэв маягаар явагдаж байна. Магтан дуу (Praise) – Хүндэтгэл (Worship) – Сургаал (Sermon) - Үйлчлэл (Ministry)

Магтан дуу нь ихэнхдээ хурдан цоглог аятай, хүндэтгэлийн дуу нь удаавтар намуун аятай байдаг. Магтан дуу ойролцоогоор 15-20 н минут, Хүндэтгэл-мөргөл 15-20 н минут, Сургаал 30-60 н минут байж, Үйлчлэл нь цагт баригдахгүй, чөлөөтэй байх нь өнөөгийн тогтсон ерөнхий хэвшил болсон.

Сургаалийн дараахи үйлчлэл нь, хүндэтгэлийн цагийн үр жимсийг харуулах чухал цагт тооцогдож байна. Магтаалаар зүрх сэтгэлээ Эзэнд нээж, сургаалиар Түүний дуу хоолойг сонссон итгэгчид, сургаалийн сэдвийн дагуу зүрхэндээ шийдвэр гарган, амьдралдаа хэрэгжүүлхэд туслах зорилгоор энэ үйлчлэлийг зохион байгуулдаг.

Гэхдээ энэ үйлчлэлд үйлчлэгчид, итгэгчийг Ариун Сүнстэй хувьчилсан дотно нөхөрлөл дотор, Түүгээр удирдуулан өсөж төлөвшиж, Үгийг хэрэгжүүлэх хүч,мэргэн ухааныг авч байхыг ятгаж байх ёстой.

Бас энэ цагт, Ариун Сүнсний хүчээр эдгэрэл, харь хэлээр ярих, түүнийг орчуулах, эш үзүүллэг зэрэг үйлчлэлүүд явагдах ба үл итгэгчийг урагш урин гаргаж Эзэнийг хүлээн авахад уриалах зэрэг үйлчлэл ч орно.

Магтаалын баг нь, мөн энэхүү үйлчлэлийн цагт ч бас бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Магтаал өргөх дуу нь, сургаалийн сэдэвтэйгээ тохирсон, энгийн хялбар аялгуутай, үг харахгүйгээр давтан дуулах боломжтой, удаавтар дуунууд байвал зүгээр.

Магтаалын үеэр, Чуулганы удирдагч хүмүүсийн залбирлыг чиглүүлж, урагш урих, гар тавин залбирах тохиолдол байдаг. Энэ үед Бурхантай ярьж буй хүнд дэм болж, сэтгэлийг нь хөглөх зорилгоор, даралтат хөгжмөөр намуун зөөлөн аялгуунуудыг, гэнэтийн өөрчлөлт гаргахгүйгээр тогтуун тасралтгүй хөрвөх маягаар тоглох нь зохимжтой.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 2. Магтаал хүндэтгэлийн удирдагч



Энэ үйлчлэгч нь, хүндэтгэл-мөргөлийн сүнслэг үйл явц, өрнөлд гүнзгий хамааралтай оролцогч юм. Магтаал-хүндэтгэлээр удирдахуйн хамгийн чухал үүрэг, гол зорилго бол хөгжмийн найруулга биш, харин Бурхантай харилцах (хүмүүсийн) Чуулганы сүнслэг харилцаа билээ.

Тиймээс, энэ үүрэг хариуцлагыг хөгжмийн авъяастай хүнд даатгахаасаа илүүтэй, сүнслэг хоньчлох тосолгоотой нэгэн хариуцах нь зохистой. Энэхүү үйлчлэгч нь, хүмүүсийг магтаал-хүндэтгэлээр дамжуулан Эзэний оршихуй руу удирдан залдаг нэгэн юм.

Тиймээс ч, өөрөө Бурханы оршихуй дотор ямар байдгыг гүнзгий таньсан, Эзэнтэй дотно нөхөрлөдөг хувийн туршлагатай байх хэрэгтэй. Өөрийнх нь энэ үүрэг бол, дэлхийд хамгийн эрхэм чухал үйлчлэл мөн, гэдгийг баттай ухаарсан, сэтгэл зүрхээ зориулсан байна гэсэн үг.

Өөрөө чин зүрхнээсээ идэвхтэй магтагч, сайн залбирагч, өдөр тутмынхаа амьдарлаар, үг хэл, зан хандлагаар үлгэрлэгч байх хэрэгтэй. Олны тааллыг олох гэж шоу жүжигчний дүрд хувирч болохгүйгээс гадна, зүгээр нэг хөгжимчин төдий байж болохгүй. Өөрийгөө сүнслэг төлөвшилийн хувьд ч, мэргэжлийн ур чадварын хувьд ч байнга өсгөхийн тулд, хичээнгүй эрэл хайгуул хийдэг, үргэлж суралцдаг, тэмүүлдэг байх ёстой.

Энэ үйлчлэл нь ерөнхийдөө хөгжмийн ертөнцийн дүр төрхтэй мэт боловч, 90 хувь нь сүнслэг хүчний илэрхийлэл, 10 хувь нь дуу аялгууны хүч нөлөөллөөс бүрдэнэ. Библийн үгэнд үндэслэгдээгүй магтаал-хүндэтгэлийн цаг нь сэтгэл хөдлөл төдий уулзалт болоод дуусдаг.

Энэ цагаар үе үе удирдагчийн дамжуулдаг богинохон тайлбар ишлэлүүд нь их хүчийг агуулдаг. Тиймээс ч удирдагч нь, Бичээсийг гүнзгий бясалгаж амьдралдаа хэрэгжүүлэгч, бусдад дамжуулагч байх нь чухал.

Мэдээж бас тэрээр мэргэжлийн хувьд ч зохих хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой.
Үүнд: - Эгшигийн 5-н шугамын нотны мэдлэг, нот бичих тэмдэглэгээнүүд, хөгжмийн октав буюу зогсоц, хөгжмийн түлхүүр тэмдэглэгээнүүдийг бүрэн мэддэг байх
-- Нот хараад шууд дуулж чаддаг байх
-- Энгийн аялгуу, дөрвөл зохиомжуудыг ялган сонсож чаддаг байх
-- Дууны өнгийг төрөлжүүлэн салгах, затакт болон хэмжээг сайн мэддэг байх
-- Энгийн хялбар аяыг зохиож чаддаг байх
-- Дуунуудыг хөгжмийн зэмсэг дээр тоглох болон дуулж, найруулах (аранжировк) чадвартай байх хэрэгтэй.

Хүндэтгэл-мөргөлийн төлөвлөлт :
Их бага ямарч хэмжээний хүндэтгэл мөргөлд төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй. Залбирч төлөвлөн, мөргөлийн бэлтгэлээ хангана гэдэг нь, хэв загварт хашигдана гэсэн үг биш.

Мэдээж, Эзэн л Ариун Сүнсээрээ мөргөлийг удирддаг. Харин үйлчлэгч нь, Түүний юу хүсч байгаад мэдрэмжтэй хандан, дуулгавартай уян хатан үйлчлэхэд суралцсан байх ёстой. Бэлтгэл сайн хийж байна гээд хувь хүний бодол санаанд хэт автаж болохгүй.

Төлөвлөлт нь доорхи зүйлсийг тооцон үзэж, сайтар залбиран Бурханы дээд хараатай уялдуулснаар хангагдана.
Үүнд : Ангилал: Эзэний өдрийн мөргөл, Лхагва гаригийн мөргөл, Баасан гаригийн мөргөл, Залуучуудын цуглаан, Сургалтын семинари, Эсийн бүлгийн цугларалт, Онцгой мөргөл … гэх мэт.
Хэв маяг: Чуулганы мөргөл, концертын шинжтэй (магтаал хүндэтгэлийн) мөргөл, илтгэл тавих, сэргэн мандалын цуглаан … гэх мэт.
Оролцогчид: Чуулганы гишүүд, шинэ итгэгчид, үл итгэгчид, залуучууд, ахмадууд, хүүхдүүд, томчууд…
Арга зам: Магтан дуу, видео кино, жүжигчилсэн тоглолт, гэрчлэл, бүжиг, онцгой илтгэл…
Хэмжээ: Том, дунд, жижиг, эсийн бүлгийн хэмжээнд…
Бусад зүйлс: Цаг хугацаа, хөгжмийн зэмсэгүүд, нөхөрлөл, уур амьсгал…
Оролцогчдийн бүрэлдхүүн: Хүмүүсийн ёс заншил, соёл ахуй, уламжлал, боловсрол, ажил мэргэжил, …

Мөргөлийн цагт, нэр томъёожсон үг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Чуулганы удирдагчид болон магтаалын үйлчлэгчид нь, хүмүүсийн сэтгэлд хамгийн дотно, ойр санагдах, нийтээр дагаж буй соёлын чөлөөт байдлыг төлөвлөлтөндөө харгалзан үзэж болно. Гэхдээ хэт туйлшран дэлхийлэг байдалд автаж, сүнслэг уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлхээр байж болохгүй.

Агуу сүр хүчит Нэгний өмнө хүн өөрийгөө мэдрэх, Түүнийг чин зүрхнээсээ гүнээ хүндлэх, магтан алдаршуулхад нь туслан удирдах гол фокусаа ямагт чанд баримтлах ёстой. Эс бөгөөс, Эзэний оршихуй доторхи гэмшил, ухаарал, тэнгэрлэг баяр хөөрөөс ангид, хүмүүний (үр өгөөжгүй, хоосон) сэтгэл хөөрөл, ханамж таашаалыг л чухалчилсан дэлхийн шоу, концертоос ялгагдах юмгүй болно.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 3. Библийн цаг үеийн магтаалын тухай



Эзэнийг магтан дуулах өнгө аяс Хуучин гэрээний үеэс, өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн. Магтан дуулах арга, хэв маяг, ашигладаг хөгжмийн зэмсэгүүд нь цаг үеийн онцлог, газар орон, уламжлал, теологио дагаад олон янзаар өөрчлөгдөж байсан.

Харин Библийн Үг нь цаг үе, орчин нөхцөлөөс үл хамааран хувиршгүй байсан. Энэ нь, бүх үеийн Бурханы хүмүүсийн амьдарлын үндэс суурь ба амьд, мөнхийн шинж чанартай. Хуучин гэрээний үеийн хүндэтгэлийн зан үйл Мосегийн үеэс үндсэн шинж төрхөө олж эхэлсэн боловч ёслолын хөгжим хараахан дэлгэрээгүй байсан.

Харин Давид хаан хүндэтгэл-мөргөлд хөгжмийг оруулж ирсэн. Давид босоо ятга тоглохоос гадна шүлэг, дуу бичиж Эзэнийг магтаж байв. Соломон хаан Ариун сүмийг барьсанаас хойш магтаал-хүндлэл, тахил өргөх зан үйл 2 нь харилцан шүтэлцээтэй болсон.

Хуучин гэрээний үеийн сүмийн хөгжим нь үндсэн 4-н эх сурвалжтай.

-- Эртний түүхч Иосефус, “Соломон хаан Египетийн гүнжийг хатан буулгахдаа, тус үндэстний хөгжмийн зэмсгийг хуримынхаа ёслолд анх тоглуулж дэлгэрүүлсэн”, гэж тэмдэглэсэн байдаг. Гадаадаас шинэ хөгжмийн зэмсэг орж ирвэл, тухайн улс орны хөг аяз, аялгуу хамт орж ирдэг нь хууль юм. Египет, Ассир, Вавилон болон Израилийг тойрсон бусад улс үндэстнүүдийн хөгжмийн зэмсэгүүд болон дагаад ая дуу нь хамт орж ирсэн нь, нэг эх сурвалж юм.

-- Израилчууд эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд, харин Канаан нутагт суурьшин амьдарч эхэлснээр газар тариалан эрхлэх болж, улмаар энэхүү ахуй, хэв маягт зохицсон дуулдаг дуунуудыг нь ч суралцан дуулах болсон. Хожим эдгээр нь Эзэний магтаалд аяз, аялгуу нь ашиглагдах болсон.

Жиш:  (Дуулал 69)-р бүлэг “Шушанимын дагуу” гэдэг нэртэй. Энэ нь “Сараана цэцэг” гэсэн утгатай. Энэ цэцэгийн тухай дуулсан ардын дууны аянд тааруулан дуулдаг байсан бололтой.

Мөн (Дуулал 56)-р бүлэг “царс модон дээрхи тагтааны аялгуу” гэдэг ардын дууны, (...57, 58, 59, 75)-р бүлгүүд “Алташетийн дуу” гэдэг ардын дууны аялгуунд дуулагддаг байв. Энэ нь “битгий унагаарай” гэсэн утгатай бөгөөд, Израилчууд усан үзэм хураах үед дуулдаг байсан дуу юм.

-- (Дуулал 39, 62, 77)-р бүлгүүд нь шинээр зохиогдож, түгээмэл тархсан “Иедутуны дуу”гэсэн хөгжимийн төрлийг ашигласан байдаг.

- Еврей хэлний цагаан толгойн үсэглэлд “Тамим” гэдэг уншлагын дүрэм байдаг. Дуулал номыг энэ дүрмээр уншихад аяндаа нэгэн хөг аялгуу үүсэн бий болдог. Магтаалын энэ төрлийг кантилейшн (Cantilation) гэж нэрлэдэг.
Эдгээр дөрөв нь, Хуучин гэрээний үед сүмийн магтаал-хүндэтгэлийн дэг жаяг хөгжин хэлбэржих гол сурвалжууд болсон.

Элч нарын үеийн магтан дуу : Энэ үе нь, еврей үзэл баримтлалтай хүмүүс болон грек соёлтой (харь үндэстэн) хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдсэн чухал ач холбогдолтой үе юм.

Иудей Христчид, хуучин ёс жаягаас чөлөөлөгдөн, эрх чөлөөтөйгөөр Эзэнийг магтахыг хүсч байсан. Нөгөө талаас харь итгэгч нар Бурханыг магтахад суралцан, улмаар шинэ магтуу зохиож, зохион байгуулалттай магтаж эхэлсэн.

Эндээс Христийн Чуулганы цоо шинэ өнгө аяс, теологи (одоо Эзэний загалмайн аврал, хайрыг онцлон магтах болсон) бүхий магтаал-хүндэтгэлийн хэв маяг үүсэн бий болсон. Мэдээж хуучны нөлөө, дэвсгэр дээр эхэндээ үндэслэж суурилагдаж байсан.

Тиймээс ч Дуулал номноос магтаалд өргөн ашиглаж байсан бол Сайн Мэдээний номнууд, элч нарын сургаал захидлууд бичигдэн тархаж эхлэх үеэс, тэдний зарим хэсэгт ая зохиож тааруулан магтах болсон. Жишээ нь, (Лук 1-2)-р бүлгээр хийсэн магтаал байдаг. Үүнийг кантикл (Canticle) гэдэг.

Шинэ гэрээнд магтаалыг 1:  Псалмос буюу зөвхөн Дуулал номоор дуулдаг магтаал,

2:  Хүймнус буюу Дуулал номын хэсгүүдээс, мөн Библийн бусад найраглал, магтаалаар (Улаан тэнгисийн эрэг дээр Мириамын дуулсан магтаал, Дебора, Барак нарын ялалтын магтаал, Хабаккукын магтаал …гэх мэт. Бас энэ ангилалд Сайн Мэдээний номоос авч ая оруулан дуулдаг магтаал ч орно. Үүнд  а) Magnificat буюу Марийн магтаал (Лк. 1:46-55)б) Benedictus буюу эш үзүүлэгч Захариагийн магтаал (Лк. 1:68-79)в) Nunc Dimittis буюу Симеоны магтаал (Лк. 2:29-32) зэрэг нь юм.) дуулдаг магтаалууд,

3:  У-дэ Пнюүматик буюу сүнслэг магтаал (энэ нь, итгэгч өөрөө Эзэний агуу хайр уучлалыг зүрхээрээ мэдрээд, өөр дээр нь болон бусдын дээр хэрэгжүүлж байгаа гайхамшигт үйлсийг хараад сэтгэл нь хөдлөн, тэдгээрт үндэслэн Ариун Сүнсний онгодоор зохион дуулдаг магтаал), гэж ангилан бичсэн (Кол. 3:16; Еф. 5:19) байдаг.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC

Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй 4. Магтаал-хүндэтгэлийн багийн зохион байгуулалт ба дасгал сургуулилт



Магтаал-хүндэтгэлийн үйлчлэл бол, Бурханы Ариун хүмүүсийн Ариун Сүнсний хүч онгодоор удирдуулан хийдэг хамтын бүтээл ба энэ баг нь, нэгэн гэр бүл юм. Хуучин гэрээний үед магтаалын үйлчлэлийг левичүүд хариуцдаг байсан. Леви гэдэг нь “эв нэгдэл” гэсэн утгатай. Тэд “Ариун өргөөн” –д байнга хүндэтгэл-мөргөлийн бэлтгэл хийж, аливаа бусад хүмүүний асуудлуудаас ангид тусгаар байж, ариун байдлыг чанд сахидаг байв.

Мэдээж, магтаалын тосолгоотой, авъяаслаг удирдагчдаар Эзэний магтаалын үйлчлэл гачигдаж байгаагүй нь тодорхой. Ямартаа ч Библи дээр Асаф (1Шас. 16:7), Хеман, Иедутун (2Шас. 5:12), Корагийн хөвгүүд (Дуу. 84, 85) зэрэг удирдагчдын талаархи мэдээлэл, тэдний зохиосон магтаалууд байдаг.

Авъяас чадвартай нэгэн нь ганцаарчлан удирдах чадалтай, түүгээр ч барахгүй ингэх нь хөгжмийн талаасаа илүү хүчирхэг байх нь бий. Харин дорой хэдий ч олон хүмүүс нэгдэн Сүнс дотор нэгэн бие болж магтаал өргөх нь, Бурханд илүү таашаагддаг.

Ихэнх авъяаслаг хүмүүс гоцлох дуртай байдаг. Тайзан дээр гарч дуулах, хөгжим тоглох гэдэг нь, өөрийгөө хүчтэйгээр илэрхийлэх нэг маягын арга хэлбэр гэж ойлгогддог бол, Чуулганы Ариун индэр дээр энэ нь эсэргээрээ юм.

Тайлан тоглолт хийгээгүй гэдгээ үргэлж санаж, өөрийгөө биш Эзэнийг алдаршуулах, илэрхийлэх цаг гэдгийг ухамсарлах ёстой. Миний дуу хоолой чангарах цаг биш, харин бусдын дуу хоолойг гаргахад дэмжин туслах хором юм.

Удирдагч нь, өндөр түвшиний хөгжмийн мэргэжилтэн ч байж болно, үгүй ч байж болно. Хөгжмийн ерөнхий түвшиний боловсролтой байлаа гэхэд зэмсгийн бүх төрөл дээр нэвтэрхий тоглож чадахгүй нь мэдээж. Тиймээс багийнхан нь удирдагчдаа мэргэжлийн зөвлөгөө өгч болно. Гэхдээ эцсийн шийдвэр гаргалтыг түүнд үлдээж, эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт нь дуулгавартай захирагдах хэрэгтэй. Харилцааны ийм чадваргүй бол, багийн хамгийн энгийн үйлчлэлч бүрэлдэхгүй юм.

Энэ нь, Чуулган Бурханыг хамгийн дээдээрээ магтах, хүндэтгэлээ илэрхийлхэд нь туслах үйлчлэл юм. Чуулган дотор олон ахан дүүс, нүдэнд шууд тусахгүй эгэл даруу үйлчлэлүүдийг хариуцаж байдаг. Харин магтаал-хүндэтгэлийн үйлчлэл нь, шууд олны өмнө ил тод, хүмүүсээс хүндэтгэл хүлээх байр сууринд байдаг тул, бардамнах сэдэлд амархан унах боломжтой гэдгийг үргэлж сана.

Магтаалын баг, даруу байх бүх арга замыг эрэлхийлэх ёстой. Эс бөгөөс Worshiper биш люсифер (сатан) адил болох аюултай. Энэ баг нь, хамтдаа тогтмол үйлчилвэл (group dynamic) нэгдмэл хүч бий болдог. Ингэлээ гээд, Чуулганаас тусдаа бүлэг хүмүүс биш гэдгээ үргэлж илэрхийлэх нь зохистой.

Магтаал-хүндэтгэлд пасторын байр суурь асар чухал үүрэгтэй. Пастор, ихэвчлэн 30-н минут үргэлжилдэг магтаалыг 10-н минут сунгахыг тушааж ч магад. Дуулгавартайгаар үйлчлэх нь Ариун Сүнсний гайхамшигт үйлс илрэх боломж олгодог.

Магтаал-хүндэтгэлийн баг нь, үндсэн 4-н хэсгээс бүтдэг.
1. Магтаалын удирдагч (Worship Leader): Түүний тухай өмнө нь ярилцсан тул хэдэн зүйл товчлон үзье. Тэрээр, хүмүүстээ тодорхой алсын хараа өгч, тэднийг Эзэн рүү удирдах халуун хүсэлтэй нэгэн байх хэрэгтэй. Гэнэтийн ямар нэгэн хүчин зүйлээс болж мөргөл замбараагүйтэх, уур амьсгал хурцдах үед ч ноён нуруугаа алдалгүй, тайван амгалан байдал, эв нэгдэлийг тунхаглан удирдан гарч чадахуйцаар төлөвшсөн байх ёстой.

Мөн, заримдаа Чуулганыхаа хүмүүст зааж сургаж байх үүрэгтэй. Сургалт нь, ихэнхдээ мөргөлийн цагаар байдаг учраас хүмүүст хүндрэл учруулхааргүй, энгийн чөлөөт аргаар заах бэлтгэлээ базаасан байх хэрэгтэй. Багийнхан нь мэргэжлийн хувьд ч, сүнслэгээр ч, үргэлж өөдөлж дэвжиж байхын тулд, тэднийгээ ч сургаж, үлгэрлэж байх ёстой.

Бас нэг анхаарах зүйл бол, баг дотроосоо орны хүнээ Ариун Сүнсний тусламжтайгаар сонгож, мөн л Түүний хайр, мэргэн ухаанаар дагалдуулан шинэ удирдагчийг бэлтгэх нь чухал.

Ер нь, Эзэний дотор нэг бие болон төлөвшиж, гар сэтгэл нийлэн үйлчилж сурсан багийнхны хэн нь ч, Эзэнээс гэнэтийн томилгоо аван хаана ч очсон, магтаалын удирдагч хийх чадвартай болсон байдаг. Эзэн биднийг, сурсан зүйлээрээ өөр бусдад ивээл болоосой гэж, шинэ орчин, шинэ харилцаан дотор улам ихийг ойлгож ухаараасай гэж, бас хэвшмэл нэгэн хэв маягт автан бүү ялзраасай гэж, эцэст нь Өөрт нь дуулгавартай байдалд сургах гэж, үргэлж хөдөлгөж, өөрчилж, сэлгэж байдаг.

2. Хөгжимчдийн баг (Instrumentalists): Магтаал-хүндэтгэлийн багын үйлчлэлд хөгжимчдийн ур чадвар асар нөлөөтөй. Тиймээс, боломжтой бол мэргэжлийн хүнийг сонгох нь зүйтэй.

Тэгээд хөгжимчид нь, зэмсэгийг Ариун Сүнсний онгод, хүч, хайрыг илчлэн илэрхийлэх багаж, зэвсэг болгон ашиглаж чаддаг зүрх сэтгэл, авъяасыг Эзэнээс авч, мэргэжлийнхээ ур чадвар дээр нэмсэн байх ёстой. Тэд өнгө өөрчлөн тоглох чадавхи (transposition), цээжээр тоглох дасгал (improvisation) хийж, ур чадвараа өсгөж байх хэрэгтэй.

Магтаал-хүндэтгэлийн үйлчлэл бол зөвхөн нотоор бичсэнийг даган тоглох нь биш юм. Нийтлэг магтаалуудыг шууд тоглож чадахуйцаар гартаа оруулсан байх нь зохистой. Магтаал-хүндэтгэлийн үйлчлэгч нь, “дагалдагч хөгжимдөгч” гэдгээ үргэлж санах хэрэгтэй.

Жинхэнэ хөгжимчин нь, хоршин тоглогчийнхоо аялгууг босгон байгуулж, цогцлоох чадвартай байдаг. Хөгжимчид нь, дууны багийнхны дагалдан байж, харин дуулаачид нь Чуулганы дуулж буй магтаалыг эмх цэгцтэйгээр, хэмнэл дотор чиглүүлэх үүрэгтэй.

3. Дууны баг:  Удирдагчтайгаа хамт Чуулганы урд гаран дуулдаг тусгай хүмүүс байдаг. Нэгээс хэдэн арван хүний бүрэлдхүүнтэй байж болно.

Дуучид нь, хөгжимчдээс илүүгээр бусдын нүдний өмнө байдаг. Дуулах үйлчлэл нь юуны түрүүнд дууныхаа үгийг өөрийн болгохоос эхэлнэ. Энэ нь, үгэнд тусгагдсан теологийн үнэнийг чин сэтгэлээсээ ухаарч, тэдгээрийг өөрийнхөө болон Чуулганы өмнөөс Бурханд бүх зүрхээрээ өргөл болгон дуулна, гэсэн үг.

Заавал биш боловч, үйлчлэл тань үр жимстэй байхын тулд, чин сэтгэл, хөлс хүч шингэсэн Эзэнд тааламжит өргөл байхын тулд сайтар бэлтгэж, дээд өнгө, доод өнгө, легатто, стакатто, чичиргээ, нунбибрат зэрэг дууны өнгүүдийг гаргаж чаддаг түвшинд, ур чадвараар өсөх хэрэгтэй.

Тухай бүр өгөгдсөн дууны өнгийг таних сонсголтой байх хэрэгтэй. Дууны багийнхны эрхэм зорилго нь дараахи байдлаар тодорхойлогдоно.
А)  Хүмүүсийн зүрх сэтгэл бэлтгэгдэж, сүнсээр ба үнэн сэтгэлээсээ Бурханд хүндэтгэл өргөхөд нь дэмжин туслах үүрэг нь, шууд дууны багийнхантай хамаатай. “Хүндэтгэл ингэж өргөөрөй” гэж харуулж байгаатай ижил юм. Ийм мэдрэмж төрүүлж чадах зөв нөлөөтөй байх нь чухал. Өндөр өнгөөр дуулж чаддаггүй хэдий ч, чин сэтгэлээсээ Эзэнийг хүндэтгэж байгаа гэрэлтэй нүүр царайг хүмүүс харах ёстой.

Б)  Зарим үед хүмүүс удирдагчийн удирдлагыг ойлгохгүй тээнэгэлзэх үе гардаг. Энэ үед дууны багийнхан өөрсдийн гаднах илэрхийллээр удирдамжийг Чуулганд тодорхой харуулан үлгэрлэж өгдөг. Дараалал өөрчлөгдөх, алга таших, гараа өргөн магтах, залбирах, урдчилан төлөвлөөгүй дуу дуулах зэрэгт, дууны багийнхан үйл хөдлөл, дуу хоолойгоороо илэрхийлэн чиглүүлэхэд, хүмүүс аяндаа тэднийг дагадаг.

В)  Дууны багийн нэг чухал үйлчлэл бол зуучлан залбирал юм. Хөгжимчид хөгжмийн хувьд илүү авъяастай бол, дуучид нь сүнслэг төлөвшилөөрөө тэргүүлэгчид юм. Мөргөлийн өмнө, бас дараа нь ч хамтдаа залбирдаг гэр бүл байх ёстой. Мөргөлийн үеэр ч гинжин холбоогоор тасралтгүй зуучлан залбирах ба энэ нь Эзэнд тааламжтай, бас хүмүүсийг биеэ барьсан байдлаас нь чөлөөлдөг.

4. Арын алба (Staff):  Магтаал-хүндэтгэлийн багийг араас нь дэмжин тусалдаг хүмүүс зайлшгүй хэрэгтэй. Эдгээр нь, магтаалын үйлчлэл үр жимстэй, амжилттай болоход маш чухал үүрэг хариуцлагатай оролцдог тул, анхнаасаа л багийн бүрэлдхүүнд тооцогдон, ажил үйлчлэлээ хамтдаа эхлүүлэх хэрэгтэй. Тэд тайзны үйлчлэлд хамгийн бодит үнэлгээ өгөгчид юм.

А) Дууны төвшин тохируулагч:  Түүнийг заримдаа систем техникийн оператор (PA system operator), эсвэл дууны инженер ч (Sound ingener) гэж нэрлэдэг. Микрофон, дуу дамжуулагч, дуу холигч (mixer), сигуинсер (seguencer), цахилгаан хөгжмийн холболтуудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Хичнээн өндөр ур чадвартай тоглолт хийлээ ч цахилгаан холболтуудаар, тохиргоогоор тэрхүү аялгууг цэвэр гаргаж чадахгүй бол үр нөлөө нь эрс муудна.

Нөгөө талаар, ур чадвараар тийм сайнгүй тоглолт хийлээ ч, сайн тохиргоогоор сул хэсгүүдийг нөхөж сайжруулан, хүмүүст хүргэж болно. Тиймээс тухайн хүн, зөв өнгийг өгч, зохист найруулгыг хийн амьдруулж чаддаг хөгжмийн сонсгол, мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Б) Гэрэлтүүлэгч:  Чуулганд энэ үйлчлэл байвал сайн. Тэгвэл магтаалын үйлчлэл илүү сүр жавхлантай болдог. Мөргөл эхэлснээс хойш эхний хагаст тод гэрэлтэй байгаад, магтаалын цагт бага зэрэг бүдгэрч өгвөл зохимжтой.

Сургаалын үеэр номлогчийн дээр онцгойлон гэрэл тусгаж өгөх нь хүмүүсийн анхаарал төвлөрхөд дэм болдог. Залбирлын үеэр гэрэл сүүмгэр болох нь, итгэгч биеэ барихгүйгээр Эзэнд хандах бас нэг нөхцөл юм.

Энэ үйлчлэл нь, асааж унтраах төдийгөөр хязгаарлагдахгүй. Гоо сайхны мэдрэмж, ур чадвар шаардлагатай. Гэнэт хурц өгөх, эсвэл огцом унтраахаас зайлсхийж, анзаарагдахгүйгээр зөөлөн шилжилт хийн өнгийг сольж, хурц эсвэл бүдэг болгож чаддаг байх ёстой. Ингэснээр магтаал-хүндэтгэл бүхэлдээ усны урсгал мэт зөөлөн уур амьсгалаар явагдана.

В) Дэлгэц хариуцагч:  OHP (Over head project) ч юм уу, слайд (slaid), мөн мультвижн (multi vision) зэрэг техникийн хэсгүүдийг эрхлэн хариуцдаг. Удирдлагаас өгсөн дууны үгс, Библийн ишлэлүүдийг ямарч алдаагүй дарааллынх нь дагуу, яг тогтсон цагт нь гаргаж дадлагажсан байх нь зүйтэй.

Үйлчлэлийн дараалалд гэнэтийн өөрчлөлт гарлаа гэхэд, тухайн ишлэл, дууны үгсийг шууд л олдог, дэлгэцэнд шилжүүлдэг байх ёстой. Хариуцсан техник хэрэгсэлээ маш сайн мэддэг, үргэлж бэлэн байлгадаг, дуулгавартай даруу зүрх сэтгэл, төлөвшилтэй байх нь зөв юм.

Ийнхүү магтаалын баг нь, бүрэн бүрэлдхүүнээрээ нэг гэр бүл болж, хамтдаа Эзэний дотор нөхөрлөн, тогтмол чин сэтгэлээсээ бэлтгэл хийж байх нь Эзэнд тааламжит өргөл болно. Багийн үйлчлэл нь үр жимстэй байхын тулд хамгийн бага зүйлд ч, хүн бүр өөрсдийн үүрэг хариуцлагаа итгэмжтэйгээр биелүүлэх хэрэгтэй.

Бие биенийгээ хүндэтгэн нэгдмэл нэг санаагаар, нэг зорилготой бэлтгэл сургуулилтаа, үйлчлэлээ Эзэнд өргөх нь нэн зохистой. Өөрөө өөрийгөө дөвийлгөж эхэлбэл, багийн үйлчлэл сарнин бутардаг. Нэг гэр бүл, гэдэг үндэснээс эхэлбэл үйлчлэлээр тань дамжин, Эзэн гайхамшигтайгаар алдаршдаг ба бялхам үр жимс гардаг.

Магтаал-хүндэтгэлийн ерөнхий загварыг төлөвлөн гаргах, дүгнэлт хийх, үнэлгээ өгөх зэрэгт, мөн бэлтгэл сургуулилтын үйл явцад, сургаал номлох пастор үе үе биечлэн оролцож, урам зориг өгч байвал, багийн идэвхи сэргэж, үйлчлэлдээ хүчтэй байх болно. Бас Чуулганы ахан дүүсийн төлөвшилд ч үр нөлөөтөй тус дэм болох юм.

Мөн дагалдан хийж, дараагийн үе болон бэлтгэгдэж буй хүмүүс (бэлтгэл багийнхан) бүхий л төлөвлөлт, бэлтгэл сургуулилтанд хамтдаа оролцож байвал сайн. Хэрхэн магтаалын үйлчлэл бүтэж бий болдгийг харж суралцах юм.

Хаана ч, хэзээ ч, ямар ч үед чөлөөтэйгээр магтаж болохуйц 50 орчим дуугаар Эзэнд магтаалыг өргөж хэвшин, бүрэн өөрсдийн болгосон байх, бүр цаашилбал хамтын уран бүтээлийн сан хөмрөгтэй (өөрсдийн зохиосон магтуу) байх нь нэн зохистой.





"Магтаал-хүндэтгэлд үйлчлэхүй" хичээлийн лекцийн товчлолоос
Шалгасан багш: Амартунгалаг UBTC