Friday, December 25, 2009

Эзэн Есүсийн мэндэлсэн гайхамшигт баярын мэнд хүргэе



Ертөнцийг бүтээсэн агуу Бурханы ард түмэн болсон Христийн Чуулганы ахан дүүс та бүхэндээ Аврагч Эзэн Есүс Христийн мэндэлсний баярын мэндийг хүргэе.

Энэхүү өдөр нь Бүтээгч Эцэгийн маань бүтээлийн бүхий л түүхэн дэх хамгийн онцгой чухал тэмдэглэлт агшин мөн. Энэ өдөр биелсэн агуу гайхамшигт үйл явдлыг Эцэг Өөрөө бүх бүтээлийн эхнээс л төлөвлөж, энэ нь амжилттай хэрэгжихийг тэнгэр газар дээрхи бүх бүтээл тэсэн ядан хүлээсэн билээ. Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа?... Юун дээр түүний сууриуд тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тависан бэ? Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан (Иов 38:4-7).

Өдгөөгөөс 2010 оны тэртээ нэгэн онгон бүсгүй жирэмслэн, улмаар Хүү төрүүлсэн нь, өнөөх агуу төлөвлөгөөний эхлэл байлаа. Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэр элч тэдэнд –Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, -Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв (Лук 2:9-14).

Яагаад энэ нь, бүхний тэсэн ядан хүлээсэн эрхэм нандин мөч байсан бэ?! Тэнгэр газар дээрхи бүх л оюун ухаант, ухамсарт бодгалиуд, тэр ч бүү хэл бусад бүхий л бүтээлүүд (Ром 8:19-22) үүнийг л хүлээж байсан гэж Библи бидэнд илчилдэг. Судар нь эхнээсээ л хүн төрөлхтөний зөнгөөрөө ч бай, ухамсартайгаар ч бай эрж хайж, эмээн биширч, шүтэж мөргөж, хүндэлж дээдэлж ирсэн Бурхан нь, Сүнсээр оршигч Нэгэн гэдгийг илчилж, тодорхойлсон байдаг. Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа (Эх. 1:2).

Энд нэгэн сонирхолтой зүйлийг та ажиглав уу? Бурханы Сүнс.., гэсэн нь бас Бурханы Бие гэж байх нь ээ?!! Тиймээ, Ариун Судар бидэнд бас нэгэн агуу нууцыг илчилдэг нь, энэхүү агуу хүчирхэг Ариун Сүнс маань Өөртөө биеийг бүтээж, Түүн дотроо Өөрийгөө бүрэн дүүрнээр алдаршуулж, улмаар хараалд унаж бохирлогдсон бүх бүтээлийг шинэчилж ерөөхийг хүссэн тухай юм. 2010 оны тэртээ Иудейн Бетлехем хотод болж өнгөрсөн эгэл юм шиг боловч энгүй гайхамшигт тэрхүү үйл явдал нь, дээрхи зорилгын биелэл байлаа. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхолууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог (Кол. 1:15-17).

Үүнээс өмнө нь, Бүтээгч нь бүтээлүүдээсээ ангид байж, тэдний хоорондынх нь харилцааг Мосегийн хуулиуд зохицуулж байв. Харилцаа хүндрэл, гацаанд орох үед Ариун Сүнс хэн нэгнийг Өөрийн хүч онгодоор хөглөн гажуудлыг арилгахад ашигладаг байлаа. Тэднийг шүүгчид, бас эш үзүүлэгчид гэж нэрийддэг байв. Харин мөнөөх малын саравчинд, тэжээлийн тэвшин дотор мэндэлсэн Хүү маань, бага наснаасаа л ...-Та нар юунд намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? (Лук 2:49) гэж байсан ба хожим “аймшиггүйгээр“ Би болон Эцэг нэг юм (Иох. 10:30) ...Намайг харсан хүн Эцэгийг харсан... (Иох. 14:9) гэж тунхагласан юм.

Энэ бол бүх бүтээлийн түүхэнд шинэ эрин ирсэнийг зарласан суут тунхаглал байлаа. Үүнээс хойш бүтээл нь, бүтээл биш харин Бүтээгчийн байр суурь, зиндаанд өргөмжлөгдөн, улмаар Түүнтэй хамт шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээлцэх боломжтой болсон билээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв (Иох. 1:12). Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно (Иох. 14:20). Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ (Илч. 3:12). Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил, Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно (Илч. 3:21).

Тэр үед Тэр цор ганцаараа, бусдаас дэндүү онцгой өөр Нэгэн байж, үл үзэгдэх мөнхийн Бурханы үзэгдэх дүр төрх, нүүр царай болж байлаа. Тэр “сул дорой” байсан. Түүний сонгосон, хайрласан хүмүүс нь хүртэл Түүнийг ойлгодоггүй, хүнд үед нь тус дэм, хамжаа болж чаддаггүй байлаа. Тэр тусмаа харанхуй бурангуй гэмт хүний ертөнц Түүнийг хүлээн авч чадаагүй бөгөөд хажиглан сэжиглэж, гүтгэн доромжилж, улмаар зовоон тарчлааж алсан билээ. Гэвч энэ нь бүх бүтээлийг хайрлан, тэднийг ерөөн шинэчлэхийг зорьсон Эцэгийн хүслийн биелэл байлаа. Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг (Кол. 1:15-20).

Түүний “сул дорой” нь, Түүний хүч, тэнгэрлэг мэргэн ухааны дагуу байв. Энэ нь, Тэр хүнтэй адил махан биеэр гэр бүл болж, үр хүүхэд төрүүлж, газар тариалан эсвэл мал ахуй, худалдаа наймаа эрхэлж, үр хүүхдээ гэрлүүлж, үр ачаа үзэж, идэж уух, өмсөж зүүхийн л төлөө тэмцэж шаналж, мөхөс хүний тоо томшгүй асуудлуудтай зууралдсаар эцэст нь үхэж ялзралын боол болох хараалаас (Эх. 3:19) ангид Нэгэн гэсэн утгатай. ...Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм (1 Кор. 1:30). ...Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн (1 Кор. 2:7).

Харин Тэр Сүнс дотор хүчирхэг байж, бүхий л сүнслэг хар хүчийг (мөнөөх хараалыг) загалмай дээр устгаж, Өөрийн дотор Бүтээгч ба бүтээлүүдийн хоорондох ханыг нураан, эвлэрэл, энхтайван, өршөөл уучлалын бодит биелэл болсон гэсэн утгатай юм. Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь Эзэний таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, Эзэний хүсэл нь Түүний гарт цэцэглэнэ (Иса. 53:10).

Ийнхүү Бүтээгч болон бүтээлүүдийн хоорондын харилцааг Мосегийн болон өөр бусад тоо томшгүй ёс суртахууны эсвэл байгалийн хуулиуд биш, Эцэг Хүүгийн энхрий дотно, эрхэмсэг тэнгэрлэг, хайр энэрэл, итгэлцэл, зориулалт золиослол, өршөөл уучлал, баяр баясгалангаар дүүрэн харилцааны дээд жишиг болсон загалмайн хууль буюу Христ Өөрөө зохицуулах болсон билээ. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн. Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ (Еф. 1:3-5).

Хайрт ахан дүүсээ! ... Христ Чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсөний адил... (Эф.5:25), эдүгээ бид Христийн бие бөгөөд тус тусдаа Түүний эрхтнүүд юм (1 Кор. 12:27). Чуулган бол үл үзэгдэгч мөнхийн Бурханы Өөртөө бүтээж буй дүр төрх, зүс царай, Бие оршихуй нь юм. Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал мөн (Еф. 1:23).

Энэ өдөр бол Аврагч Эзэн Есүс Христ мэндэлсний баяр гэдэг нь, таны Христийн дотор дахин төрж, Бурханы бие болсон баяр юм. Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна (1 Иох. 4:13,15). Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог... (1 Кор. 3:16) Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг Сүнс байна (1 Кор. 6:17).

Та бол Бурханы Хүү мөн. Та бол шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээгч мөн. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов... Сэнтийд Залрагч –Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд –Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв (Илч. 21:1, 5). Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий түүний дотор байж, боолууд нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (Илч. 22:3-5).

Танд эдгээр бүхнийг энэ л өдөр боломжтой болгосон бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс маань алдарших болтугай. Та бүхэндээ бас, дахин дахин энэхүү гайхамшигт баярын мэндийг халуунаар хүргэе. Халлелүяа.