Monday, May 3, 2010

Загалмай үүрэхээр шийдэхүй ба нарийн замаар алхахуй


Хүмүүний амьдрал асуудлуудын дунд байдаг бөгөөд, өдөр тутам янз бүрийн тоо томшгүй шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ эдгээр шийдвэрүүд нь хоорондоо уялдаа холбоотой байж, бие биенийгээ гүйцэлдүүлж, өмнөх нь арынхаа суурь дэвсгэр болж, цогцоороо нэгэн гайхамшигт амжилт ололт, төгс төгөлдөрийг бий болгон бүрдүүлж огт чаддаггүй. Харин ч бие биеэ үгүйсгэсэн, өөр хоорондоо зөрчилдсөн, улам илүү маргаан, асуудлыг өдөөсөн, алив зовлон шаналлын үндэс суурь болсон байх нь ихэнхдээ. Дээшээ цорволзон үсчих очнуудын адил, хүн зовлонгийн төлөө л төрдөг (Иов 5:7).

Энэ нь тэр нэгэн товлосон цаг болж, сүүлчийн эргэлт буцалтгүй эцсийн шийдвэр гаргах хүртэл үргэлжилдэг. Энэхүү эцсийн шийдвэр нь юу юм бэ? Энэ нь өөрийнх нь төлөө хийсэн Есүсийн агуу хайрын үхэлийг, золиослолыг зүрхэндээ хүлээн авч мэдэрмэгц гаргадаг, чин сэтгэлийн шийдвэр болсон “Түүнийг дагах” нь юм. Түүнийг дагах тодорхой болзол, хэм хэмжүүр, шаардлага өгөгдсөн байдаг. Тэрээр бидэнд ”Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн, Миний хувьд зохистой биш.” (Мт. 10:38), гэдэг.

Энэ нь юу гэсэн үг вэ? “Загалмайгаа үүрнэ”, гэж яахыг хэлэх вэ? Бүх юмаа хаяад сүмд үйлчлэх үү? Сайн мэдээний илгээлтээр хаа нэг тийшээ явах уу? Эсвэл өглөг буяны аливаа ажилд биеэрээ болон харамгүй өглөг хандив өргөн оролцох нь уу? Мэдээж тийм... Эдгээр нь Христийн алдарын төлөө таны зүгээс хийж буй гайхалтай эр зоригтой шийдлүүдийн үр дүн мөн. Нэгэнт л хүмүүний амьдрал зовлонгийн далай юм бол Бурханыхаа төлөө, бусдын авралын төлөө, Эзэнтэйгээ адил ялгуусан зовлон туулъя л даа. Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм (1 Пт. 4:13).

Хуучин гэрээний үед, Эзэнд таалагдахын тулд Мосегийн хуулийг чандлан сахих бас бусдыг сахихыг уриалах, шахаж шаардах, хэрэгжилтэнд нь хяналт тавих нь шашны мяндагтнуудын, сүмийн зэрэгтнүүдийн үйлчлэлийн үндсэн цөм нь, амьдралынх нь ерөнхий хэв шинж болж байсан. Яг үүн шиг христчин нэртэй, сүмийн зэрэгтэй, бусдын алдаа зөрчил, сул доройг тэвчдэггүй, яллалт буруутгал, шүүлтээр дүүрэн, зөвхөн өөрийнхөө л төлөө амьдардаг, хаа газар (ялангуяа Христийн Чуулганд) “аливаа гажуудал”-ыг засаж, “шударга ёс”-ыг тогтоохыг, бусдад заахыг оролдогчид, өөрөөр хэлбэл Бурханы урдуур “бурхан” болж, “өөрийнхөө чуулган”-ыг босгохыг санаархагчид нилээдгүй байдаг нь нэн харамсалтай.

Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгуудын гэрч болон илчлэгдэх алдарыг хуваалцагч болохынхоо хувьд, та нарын дундах ахлагчдыг ятгаж байна. Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дууриал болон хариул (1 Пт. 5:1-3).

Эзэний төлөө “ийм их” зүтгэлтэй юм уу?, гэхлээр бас биш шиг. Ажаад байхад өөрийнхөө л бодол, хараа, мөрөөдөлийг тугаа болгох ба тэдгээр нь ичмээр, инээдтэй өчүүхэн зүйлс байх. Түүнийхээ л биелэлтээс сэтгэл ханамжийг хайх ба бүтэлгүйтэх үед бухимдан шаналах нь, бусдыг буруутган яллах нь эгээ л алдар хүнд албан тушаалаар амьсгалагч, эрх мэдэл хүч нөлөөнд дурлагч, өөрөөр хэлбэл орчин үеийн садукайчууд, фарисайчууд мөн. Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би гэрчилдэг. Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохийг эрмэлзэн, тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав (Ром 10:2,3).

Өнөөдөр тэдний нөлөөгөөр Чуулган дотор “том ангайж их хүртэх, чадаагүйнх нь хохь болох” хуурамч сургааль ч маш их газар авсан. Эдгээр хуурамч сургаалиуд хүмүүнд амар амгалан, тайвшрал эдгэрэл, чөлөөлөлт, тэнгэрлэг танин мэдэхүйг өгдөггүй, харин ч эсэргээрээ дэлхийлэг хүсэл мөрөөдөл, өрсөлдөөн тэмцэл, шаналал, санаа зовинолоор дүүрэн, тоо томшгүй болж бүтэхгүй шийдвэр гаргах шаардлагатай амьдрал (зам) уруу түлхдэг. Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэгэхэд л тэд, Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалиас болгоомжил гэж айлдсаныг ухаарав (Мт. 16:11б,12).

Бид энэ харанхуй ертөнцөөс юу горилох юм бэ? Энэ ертөнцийн юу нь бидэнд мөнх амь, аз жаргал, амар тайваныг өгөх вэ? Юунд хүрнэ гэж, эсвэл юуг олж авна гэж бурангуй сохор хүмүүний ертөнцтэй өрсөлдөн тэмцэж, булаалдан маргаж, бухимдан шаналах вэ? Энд (загалмайгаас өөр) олж авсан болгоноо, танин мэдсэн болгоноо, хүрсэн хийсэн болгоноо эндээс авч явж чадахгүй шүү дээ! Бидний очих газар маань тэдгээр нь ямар ч үнэ цэнэгүй, ач холбогдолгүй, ичмээр өчүүхэн, бүр бузар зүйлс гэж тооцогддог. Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоюуланд нь зэрэг үйлчилж чадахгүй (Мт. 6:24).

Эгэл даруу байж Эзэнд өөрийгөө бүрэн өргөх, зориулах, юутай байгаадаа болон хэн байгаадаа сэтгэл хангалуун, талархалтай байх, бусдынхаа боол нь, зарц нь байх, дайснаа хүртэл хайрлах, загалмайгаар л сайрхах зэрэг дээд зарчимууд маш бага заагдаж байна. Өөрөөр хэлбэл “загалмай үүрэх” талаар ярих нь тун ховор болжээ. Харин ч бүр “загалмай үүрнэ” гэдэг нь, (эд баялаг, ахуйн тансаг байдлын төлөөх) ашиг хонжоо, ололт амжилтын төлөөх зүтгэл тэмцэл юм шиг ч ярих болов. Есүс --Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй (Иох. 14:6).

Ингээд ярихлээр олон хүн, “юу ч хийж бүтээхгүй, идэвхи санаачлагагүй, үлбэгэр залхуу, бэлэнчлэх зан хандлагийг дэврээнэ”, гэцгээдэг. Идэвхитэй бүтээлч байх гээд, Түүний өмнө их гавъяа байгуулж тоогдох гээд, олон хүнийг аварсан “мундаг аврагч” болох гээд хоосон, үр дүнгүй, бүр цаашлан олонд бүдрүүлэх чулуу болон мунгинаснаас, Эзэний дотор хүлээцтэй тайван, даруу байж, Түүний удирдамж сахилгажуулалтыг дуулгавартайгаар хүлээн авсан нь илүү дээр. Бурханы алдарын төлөө зовох нь ч нарийн учиртайг Судар илчилдэг. Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг (1 Пт. 4:19).

Сүнсээ алдар хүнд, “амжилт ололт”, хувийн сонирхолдоо даатгачихаад бүтэлгүй, урагшгүй болоод ирхээрээ “загалмай үүрч” байгаагаа гайхах нь ч байна. Мосе өөрийн хүчээр ард түмнээ өмөөрөгч, хамгаалагч болох гээд египэтчүүдэд ч, ард түмэндээ ч адлагдсаныг сана. Харин 40-н жилийн цөлийн сахилгажуулалтын дараа, түүнийг ашиглан Эзэн Өөрөө гайхамшигт чөлөөлөлтийг хэрэгжүүлсэн билээ.

Үүнчлэн Бурханы зорилгын дагуу дуудагдаж, Түүнтэй хамт агуу гайхамшгийг бүтээгчид нь, идэвхи чармайлттайгаар гар өргөн “би, би” гэж дэвхцэгчид биш, эгэл даруугаар тэвчин хүлээж, цаг нь болоход дуулгавартайгаар захирагдагсад байдаг ажгуу. Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас, бүх зовнилоо Түүнд үүрүүл (1 Пт. 5:6,7).

Тэгээд ч Мөнхийн бүтээгч Эзэний дотор, Түүнтэй Хүүгээр нь дамжуулан нөхөрлөж байхад, утгагүй, үнэ цэнэгүй, хоосон амьдралаар насыг барна гэсэн ойлголт огт байхгүй. Энэ харанхуй ертөнцийг шинэчлэхийн төлөө, Эзэний алдарын төлөө хийх юм дэндүү их байна. Мосе, Гидеон, Петр, Паул нар шиг олон гайхамшигыг хийхээр, алдар гавъяа байгуулхаар тэмүүлэх нь Эзэний мэлмийд тааламжгүй. Алдар суутай пастор, ахлагч, илгээлтийн эзэд шиг болох эсэх нь ч Эзэний л мутарт бий. Бурхан биднийг ажил үйлсээр минь биш, харин Өөрийнхөө зорилго болон бүх л өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна (2 Тим. 1:9).

Тэгвэл хэрхэн Эзэний алдарын төлөө, хаанчлалын төлөө зохистойгоор загалмай үүрэх вэ? Ер нь загалмайн зорилго, утга учир, үнэ цэнэ, бидэнд хэлж буй далд санааг нь бүгдээрээ задлан шинжилж үзэцгээе. Есүс Христ бол махан биед хувилж ирсэн Бурхан буюу Бурханы Хүү. Түүнд төрөлх болон олдмол гэм нүгэл үгүй. Тэр төгс ариун Нэгэн. Гэвч төрөлх болон олдмол тоо томшгүй гэм нүгэлийн боолчлолд буй хүмүүний төлөө үхэж, эрх чөлөө, мөнх амийг өгөхөөр ирсэн ба энэ зорилго нь загалмай дээр төгс хэрэгжсэн. Загалмай бидэнд гэмийн төгс уучлал, дахин амилалт буюу мөнхийн амьдралыг өгдөг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм (Иох. 3:16).

Гэхдээ энд бид Түүнийг “дагах” талаар ярилцаж байна. Арай өөрөөр хэлбэл Түүнийг “дуурайж амьдрах” тухай хэлэлцэж байна. Энэ өнцөгөөс харах юм бол загалмай нь бидэнд цоо шинэ, хүмүүний ертөнцөд урьд нь огт байгаагүй амьдралын замнал, сэтгэлгээний жишиг загвар, үлгэр дууриал болдог. Есүс бидний өмнөөс үй олон буруутгал зэмлэл, хардалт гүтгэлэг, басамжлал дайралт, ичгүүр доромжлол, эцэст нь ял шийтгэлийг үүрсэн бөгөөд одоо ч үүрдэг.

Бусдын алдаа мунхрал, гэмийн өмнөөс өвдөж шаналах, ичиж зовох, гашуудах уйлах, харамсаж гэмших, тэр ч бүү хэл “ганц олдох” амиа хүртэл үрж үхэх нь, хүмүүний гэмт сэтгэлгээний, газар дэлхийн үхмэл амьдралын байр суурь, өнцөгөөс харах юм бол “солиорол, мунхаглал тэнэглэл” юм. Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм (1 Кор. 1:20,21).

Тэр ч бүү хэл Эзэн Есүс, аймшигт загалмайг үүрч байхдаа “Уг нь Би ямар ч гэмгүй, ариун, төгс юм. Ингэж шийтгүүлэх ёсгүй юм. Би чиний л төлөө ингэж зовж, тарчилж байна шүү дээ. Чи Намайг ойлгооч... хайрлаач... Дахин хэлье. Энэ бүгд чиний л төлөө юм шүү... “, гэж цээжээ дэлдээгүй. Өөрийгөө зөвтгөх, хамгаалах нэг ч үйлдэл, үг хэл гаргаагүй. Харин ч нэн эртээс “Энэ бол болох ёстой юм. Энэ нь Миний үүрэг, ертөнцөд ирсэн зорилго минь юм” гэж дотно ойрын хүмүүстээ өгүүлж байсан.

Ухамсартайгаар, ямарваа нэгэн албадлага, түлхээсгүйгээр энэ зорилгынхоо эцсийг хүртэл тууштай явсан. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй. Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа (1 Пт. 2:21б-23).

Энэ бол амьдралд хандах цоо шинэ хандлага, үүрэг хариуцлагын талаархи цоо шинэ ойлголт. Энэ бол ертөнцийг Бүтээгчийн зүрхний гүнд далдлагдсан нууцлаг халуун хүсэл, биднээс шаарддаг чин зүрхнийх нь шаардлага юм. Энэ бол Эзэний хүсдэг жинхэнэ хайрын илрэл, хамгийн дээд амьдрал, үнэний зам юм. Энэ үнэнийг хүн төрөлхтөн өөрсдийн мэргэн ухаанаар танин мэдэж, ажил үйлс болгож чадаагүй юм. Тиймээс ч Эзэн Есүс ирэх шаардлагатай болсон ба ирээд Өөрийн биеэр энэхүү дээд замналыг үлгэрлэн харуулсан билээ. Бид төлөвшсөн хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, өнгөрөн одож буй энэ үеийн удирдагчдын мэргэн ухааныг ч бус, харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн (1 Кор. 2:6,7).

Сударыг нээлттэй нүдээр анхааралтай харах юм бол, энэхүү нэн тэнгэрлэг, гайхамшигтай зарчимыг хуучин гэрээний үед ч олонтоо мэдүүлж, илчилж, сануулж, анхааруулж, шаардаж байсан боловч Эзэний төлөвлөгөөний биелэх цаг болоогүй байснаас, мөн угаас хүмүүн нь төрөлх болон олдмол гэм нүгэл бүхий бузар учраас, билгийн нүд нь харанхуй сохор, зүрх сэтгэл нь өчүүхэн сул доройн улмаас энэхүү нууцыг мэдэж, ойлгож, ухаарч, амьдралдаа мөрдлөг, зарчим, хэм хэмжээ болгон төгс хэрэгжүүлж чадахгүй байсаар иржээ. Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй (Мт. 5:20).

Саул хаан байх үедээ Гибеончуудыг Израилийн дундаас арчин хаяхыг эрмэлзэж, аймаглан устгах ажил өрнүүлж байсны уршигыг хожмын Израил үүрдэг ба энэхүү зэмлэлийг Израилийн дээрээс арилгахын тулд Саулийн хоёр хүү, мөн 5-н зээ хүү нийт долоон хүнийг дүүжилж алдаг билээ. Ингэснээр Эзэний уур хилэн намдаж, Израилийн дээрхи гамшиг зогсдог (2 Сам. 21:1-14).

Энэ нь, хэн нэгний ял зэм, алдаа зөрчилийг өөр бусад хэн нэгэн нь өөртөө үүрэх боломжтойг харуулсан, бусдын бузар муугын өмнөөс гэмшин харуусаж, гашуудан, өөрийгөө өргөх нь Эзэнд тааламжтайг илчилсэн, хожмын Загалмайн авралын урдчилсан зөн юм. Ерөөс хуучин гэрээний цөм болсон тахилын хуулийн цаана ч энэ л хамгийн дээд зарчим, үнэн зам нууцлагдсан (лацдагдсан) байсан. Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм (Мт. 5:17).

Шинэ гэрээний үед хэрхэн “загалмай үүрэх” талаар олон янзын зүйрлэл жишээ ашиглан Эзэн бидэнд чигийг өгсөн байдаг. “Цамцыг чинь авахыг хүсэгчид дээлээ хүртэл тайлж өг. Баруун хацрыг чинь алгадагчид зүүн хацраа тавьж өг. 100-н бээр хамт явахыг хүчилбэл 200-н бээр хамт явж өг. Чамаас зээлэхийг хүссэн хүнд бүү татгалз... Дайснаа хүртэл хайрла, чамайг хавчигчдын төлөө залбир, чамайг хараагчдыг ерөө.” гэдэг. Эдгээр сургаалиудыг өнөөгийн сэтгэлгээний хэм хэмжээнд тааруулан ойлгомжтой тайлбарлавал, “бусдад ашиглуул, харин бусдыг бүү ашигла, өөрийн хохирлыг юманд бүү бод, харин бүрэн дүүрнээр, эргэлт буцалтгүй зориул, бусдыг л хохироохгүйн төлөө яв, өөрийнхөө тааламжийн төлөө бус харин бусдын сүнслэг амилалт, сэргэлт, баяр баясгалангийн төлөө яв”, гэсэн үг ажээ.

Түүнчлэн, Есүс загалмай дээр “—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”, гэсэн нь бас л орчин үеийн хэлэнд хөрвүүлбэл, “хичнээн хүнд бэрх хор хохирол амссан ч өш хонзон, гоморхол, занал зүхлээр бүү хариул”, гэсэн үг ажээ.

Олон хүн загалмай үүрнэ, гэдэг нь зовно гэсэн үг. Гэхдээ энэ нь сайн мэдээний төлөөх, Чуулганы үйлчлэлийн төлөөх зовнил шаналал, тэмцэл зүтгэлтэй л хамаатай гэж боддог. Тийм ээ, үнэн. Гэхдээ энэ нь, тэрхүү агуу дээд үнэний зөвхөн нэг тал нь юм. Бурхан зөвхөн Чуулганд ч байдаг юм биш. Амьдрал гэдэг сэтгэшгүй гайхамшигтай, олон талт энэхүү үзэгдэл нь, тэр чигээрээ Бурханы Үг юм. Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй (Иох. 1:1-3).

Чуулганд үйлчилдэггүй ч бай, сайн мэдээний илгээлтэнд оролцоогүй ч бай, энэхүү төгс бус дэлхийгээс тан руу ирдэг бүхий л дайралт, халдлага, доромжлол, басамжлал, гүтгэлэг, шударга бус ял зэмийг хүлцэн тэвчиж, хариуд нь хайрлан уучилж, өршөөн нийгүүлсэх шийдвэрийг амьдралынхаа бүхий л талбарт (гэр бүл дотроо, ажлын хамт олон дундаа, нийгмийн бүхий л харилцаанд) хэрэгжүүлхээр шийдвэр гаргах нь, “загалмай үүрэх шийдвэр” юм.

Бүр тодруулбал, “загалмай үүрэх” гэдэг маань ямарваа гүтгэлэг, хардалт, буруутгал, шийтгэлийг хүртэх ямар ч явдал үйл үйлдээгүй, хэл яриа өдүүлээгүй, зан хандлага гаргаагүй, тэр ч бүү хэл бодол санаа ч бодоогүй байж дайралт зэмлэлд өртөөд, тэгээд тэдгээрийг даруугаар хүлцэн тэвчиж, ингэхдээ өөрийгөө зөвтгөх гэж, өөрийн буруугүй, ариуныг нотлох гэж оролдохгүй байх, харин ч бүр хайрлан уучлах, сэтгэлийн тэнхээ, хат бүхий халуун хайрын үйлс амьдралыг хэлж буй юм.

Учир нь хэрэв хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл, энэ нь тааллыг олдог. Хэрэв та нар нүгэл үйлдээд ширүүн нударгад өртөхдөө тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы тааллыг олдог. Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ (1 Пт. 2:19-21а). (Гэтэл хүмүүн нь зөвийг үйлдээд гүтгүүлэн, доромжлуулан түүнийг тэвчих байтугай, гэм буруугийнхаа төлөө зэмлэл, цээрлэл хүртэхдээ ялархан тунирхаж, “хохирч, зовж байгаагаа гайхдаг” нь дэндүү бузар юм даа.)

Энэ бол, загалмайд итгэгчийн амьдарлаас Эцэгийн хүсдэг цорын ганц, үнэн зөв, заавал ажил хэрэг болгон хэвшүүлэх ёстой ялгуусан зөвт шийдвэр юм. Энэхүү ухамсартай шийдвэр нь хүмүүний амьдралыг эрс өөрчилж, бүхий л бузар муугаас нь ангижруулж, Бурхантай ойртуулдаг эргэлт ба цаашдын, мөнхийн сүнслэг хөгжил дэвшилийн замаар алхах гараа болдог. Онцлон хэлэхэд, энэ нь Христийг хайрлан, загалмайг гэрчлэн алдаршуулахын л төлөө, мөн бусдын авралын төлөө, өөрийгөө дорд болгосон нэн даруу хандлагатай байвал тун сайн. Та нар хүмүүст харуулхын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй (Мт. 6:1).

Эзэн алдар гавъяа, нэр төрийн төлөөх, ашиг хонжоо, эрх мэдлийн төлөөх атаа жөтөө, хор шар буцалсан энэ дэлхийг (Өөрийн Чуулганыг ч) хөмсөг зангидан харахдаа, эгэл даруугаар үүрэг хариуцлагадаа үнэнч байж, өөрийгөө л хичээж, бусдыг хайрлан уучилж, чин сэтгэлээсээ Эзэнийгээ хайрлан хүндэлж, эмээн бишрэгч, Түүний адил бусдын төлөөнөө өөрийгөө өргөгч (эгэл даруугаар загалмайгаа үүрэгч), энгийн нэгэн эцэг эсвэл хүү, нөхөр эсвэл эхнэр, тариачин эсвэл малчин, ажилчин эсвэл даамал, итгэгч эсвэл үйлчлэгч таныг харахдаа, давсаар амталсан хоол идсэн мэт сэтгэл ханан тайвширч, Өөрийн уур хилэнгээс эргэдэг ба энэ нь гэнэн мунхаг үй олны аврал болдогыг мэдтүгэй! Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч болсон бэ? Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ? (Ром 11:33-35).

Мөн Эзэн маань ялагчид л өвлүүлэх олон гайхамшигтай амлалтыг өгдөг. Энэ нь бусдаас онцгойрох гэсэн, олонд танигдах гэсэн, гайхамшигийг үйлдэн алдарших гэсэн өөрийн бузар зүрхний уруу татлагыг ялах ялалт юм. Харин олон хүн энэ нь бусдыг эсвэл сатаныг ялах ялалт мэт боддог, бас ярьдаг. Сатаныг загалмай дээр аль хэзээний ялсан юм. Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж, Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун (Ром 12:1,2).

Хараахад нь ерөөж, хавчихад нь залбирч, зодоход нь улам зодуулж, булаахад нь нэмж өгнө, хаа хамаагүй хүний зовлон зүдгүүрийн төлөө шаналж, уйлж, байдгаа зориулан тусалж дэмжинэ, зээлэхийг хүсэхэд нь зүгээр л өгч, хүч хөдөлмөр, залуу халуун нас, үнэт цаг зав, зүрх сэтгэлээ хөндлөнгийн нэгэнд үрнэ. Гэхдээ энэ бүхнийг өөрийн алдарын төлөө бус Бурханы алдарын төлөө хийнэ. Энэ тийм амар гэж үү? Мэдээж үгүй... Үүнийг хэн бугай нь ч өөрийн хүч чадал, зүтгэл эрмэлзлэлээр хэрэгжүүлж, хэвшүүлж чадахгүй юм. Тиймээс ч туслагч Ариун Сүнс өгөгдсөн бөгөөд, Түүний л хүчээр чин сэтгэлийн шийдвэр гаргаж, Түүний л хүчээр тэрхүү шийдвэр дотроо зогсож чаддаг билээ. Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдарын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог (1 Пт. 4:14).

Хүмүүний ертөнцөд тоо томшгүй оршин тогтнолын, амин зуулгын, эрэл хайгуулын, зүтгэл тэмүүллийн зам мөр (амьдрал үйлсийн хэв маяг) орооцолдон оршдог. Тэд хоорондоо сүжрэлдэж эсвэл дайсагналцаж, бие биенийгээ үгүйсгэж эсвэл нөхөж гүйцэлдүүлэн, зарим нь сэхэж өндийж, мандан бадарч, зарим нь мөхөж сөнөж, сургамж ухаарлыг үлдээж байдаг.

Бас зарим нь өмнөө тавьсан зорилго, мөрөөдөл, алсын хараагаараа ялгардаг байтал, зарим нь ижилсэн дотносож, бүр заримд нь ямарч зорилго тэмүүлэл, эрхэмлэх зүйлс, үнэ цэнэ огт байдаггүй. Тэр ч бүү хэл бүх зам мөр, амьдрах хэв маягыг, оршин тогтнолыг үзэн ядаж, тэдэнд мөхөл сүйрэл, аюул заналыг тулгадаг нь ч бий.

Харин загалмайн энэхүү зам нь зорилго хараа, утга агуулга, үнэ цэнэ, өгөөж нөлөөгөөрөө алинтай нь ч эгнэшгүй нэн тэнгэрлэг, мөнхийн мандал бадрал, хөгжил цэцэглэлт, суу алдарын замнал билээ. Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог (Мт. 7:13,14).

Ийнхүү шийдвэр гаргасан нэгний цаашдын амьдрал, хувь заяа уг шийдвэр дотроо баттай зогссоор байх уу, эсвэл эргэж буцан, шантарч няцах уу гэдэг л сонголт, тэмцэл болон хувирна. Та нэг л шийдвэр гаргасан. Нэг л замыг сонгосон. Шийдвэртээ, сонголтондоо үнэнч байж, нарийн замаар тууштай алхагтун. Энэ бол үхэх заяатай байсан бидний хувьд агуу нэр төр, алдар гавъяаны хэрэг бөгөөд ялгуусан үнэний зам юм. ...Есүс, --Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ, гэж айлджээ (Лк. 9:62).