Wednesday, November 9, 2011

Тунхаглал


Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Миний дотор Ариун Сүнсний хүч чадал байдаг. Надад ухрах зам байхгүй. Миний бие Түүнрүү алхам хийсэн. Бурхангүй амьдралын тав тухаас миний бие бүрмөсөн татгалзаж байна. Миний бие Христийн дагалдагч байхаар нэгэнт шийдсэн. Би өнгөрсөнөө сөхөхгүй, сульдахгүй, удааширч, эргэж буцахгүй. Миний өнгөрсөн, одоо, ирээдүй загалмай дээр урсгасан Христийн цусаар цагаатгагдсан. Амьдрал минь утга учиртай болж Бүтээгч Эзэний мэдэлд очсон. Загалмайн өмнө би, өөрийн дорой амьдрал, өнгөрсөн бүтэлгүйтэл, элдэв төлөвлөгөөнүүд, ирээдүйн талаархи хэрэггүй хараа зорилгууд, Мөнхийн Бурханыг алдаршуулдаггүй хэл яриагаа, үйлдэл үйлсээ, хувиа хичээсэн харамч байдлаа, тодорхой бус бүхнээ өргөж байна.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Надад Бурханаас л биш бол өөр алдар нэр хэрэггүй. Түүний өгөөгүй байр суурь, эрх мэдэлээс би татгалзаж байна. Есүс Христийн алдрыг халхлах аливаа нэр хүндээс миний бие татгалзаж байна. Хэрэв Эзэн Өөрөө намайг томилоогүй л бол, би хамгийн тэргүүнд байхыг эрмэлзэхгүй. Би бусдын надад үзүүлэх хүндлэл өргөмжлөл, хүлээн авалт болон, тэдний санаа бодлоос ангид байхыг сонгож байна. Хүмүүсийн магтаалыг биш, харин Эцэгийн өгөх шагналыг эрэн хайхаар шийдэж байна. Миний баялаг, бахархал, түшиг тулгуур нь эд хөрөнгө, зэрэг цол, нэр хүнд, албан тушаал биш, харин Мөнхийн амьд Эзэн Бурхан маань, Түүний мөхөшгүй Үг сургааль нь байх болно.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Одоо миний бие Христийн оршихуйд байгч нэгэн. Би итгэлээ сахина. Миний зорилго тодорхой. Элдэв дайн дажин өрсөлдөөн тэмцэл, бүхий л төрлийн хүчирхийлэл харгислал гэмт хэрэг, садар самуун завхай тачаангуй байдал, авилга хээл хахууль, утга учиргүй зугаа цэнгэл хоосон үргүй баярхал, бүхий л төрлийн өвчин шаналал ядуурал хоосрол, алив донтолтууд болон бардамналуудыг үзэн ядаж, эцэст үхэлийг усттал няцахгүй. Эдгээрийн эсрэг миний бие тасралтгүй залбирна. Хайр уучлал, Эзэний Үг нь миний аливаа үйлс үйлдэл, шийдвэрийн үндэс суурь байх болно. Би хүндрэл бэрхшээлүүдийг, дарамт шахалтуудыг хүлцэн тэвчих болно. Би ойр дотныхныгоо болон дайснаа хүртэл хайрлахаар шийдэж байна.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Би Бурхан Эцэгийн надад зориулан бүтээж бас хариуцуулсан газар нутаг, ой мод, гол ус, ан гөрөөс, араатан жигүүртэн, мал адгуусыг хайрлан хамгаалж, арчилж тордон, аливаа шунаг хомхой сэтгэлээр хандахгүй байхаар шийдэж байна. Тэдгээрийн үр шим ашиг тусыг зөв зохистойгоор, ариг гамтайгаар ашиглаж, Эзэний хаанчлалд харамгүйгээр өргөх болно. Би байгал дэлхийн цэвэр ариун, онгон дагшин байдалтай бүхий л талаар хүндэтгэлтэй харьцаж, тэдгээрийг аливаа харгис бурангуй халдлага сүйтгэлээс өмгөөлөн хамгаалхаар, тиймэрхүү бүхий л хандлага харьцаатай эвлэрэхгүй байхаар шийдсэн.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Би Есүс Христийн дагалдагч. Хүмүүст Түүнийг л гэрчлэн ярих болно. Тэрээр намайг хүчирхэгжүүлдэг тул, би Түүгээр дамжуулан хүн төрөлхтөний авралын төлөө боломжтой бүхнийг хийхээр шийдэж байна. Алив харанхуй бурангуй үзэл суртал, тогтолцоо бүтэц, хана хэрмүүдийг, алив дарангуй харгис засаглал, хууль ёс, хэв маягыг газар дэлхийгээс үүрд арчигдтал зүтгэх болно. Би элдэв мэргэ төлөг, илбэ шид, шившлэг дом, ховс нөлөө зэрэг мухар сүсэгийн бүхий л зан үйл, шүтлэг мөргөлийн аливаа өндөрлөгүүдийг үзэн ядаж, хүн төрөлхтөний зүрх сэтгэлээс тэдгээрийн хорон муу нөлөөг арчин хаяхын төлөө тууштай залбирч, тэмцэх болно. Есүс Христээр дамжуулан надад өгсөн хүчээр, миний бие Бурхан Эцэгийнхээ алдарын төлөө хөдөлмөрлөх болно.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Би урагшлахдаа тууштай байхаар шийдэж байна. Миний хараа үргэлж Мөнхийн Улс руу чиглэх болно. Намайг Газарчлагч Нэгэнийг дагахаар шийдсэн. Би урвахгүй. Энэ дэлхийтэй эвлэрэхгүй, түүний заль мэх, уруу татагч гэм нүгэлийг эсэргүүцэж амьдрах болно. Хойш ухрахгүй, эргэж няцахгүй, замын дунд зогсохгүй, харин бат итгэлтэй, хатан зоригтой, тууштай байхыг сонгож байна. Миний бие, Христийн төлөө өөрийн амьдралыг золин, зориулахыг шийдсэн. Дахин эргэлзэхгүй. Нөхцөл байдал хэдий хэцүү байсан ч, би дайсантай нэг ширээнд сууж хэлэлцэн тохирохгүй, эвлэрэхгүй. Гуйвамтгай байхаас татгалзаж байна.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Миний бие чадах хирээрээ бусдад өгөх болно. Би бусдын өмнө хайраас өөр өртэй байж, Эзэний тушаагаагүй гэрээ хэлцэл, тохироо, амлалтын буулганд орохгүй. Эзэн надад, “болсон, хангалттай” гэж хэлэх хүртэл, Сайн мэдээний төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр байх болно. Сайн мэдээг бусдад тунхаглан, тэдний төлөө халуунаар залбирч, ургацын талбайд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, ургац хураах хүртлээ би бууж өгөхгүй, эрч хүчээ алдахгүй, цөхрөхгүй байх болно. Би хувь заяанаас ямар нэг аз жаргал, амжилт ололтыг горьдон хүлээхгүй. Зөвхөн Түүний дахин ирэлтийг чин сэтгэлээсээ итгэж найдан, үнэнчээр хүлээх болно.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.





“Дотоод эдгэрэл, ариусал, чөлөөлөлтийн үндэс” курсийг төгсөгчидийн тунхаглалаас үндсэн санааг авч, теологийн болон найруулгын засвар хийж шинэчилсэн хувилбар

Monday, October 24, 2011

”Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай



Мэдээлэл бүртгэсэн: administrator огноо: 2010-10-14
2010-05-21 Дугаар: 103
Монголчууд бид иргэншил, соёл, хэл, бичиг, утга зохиол, урлаг, ёс заншил, шашин шүтлэг, ёслол хүндэтгэл зэрэгарга билгийн шүтэн барилдлагын гүн сэтгэлгээ бүхий оюуны олон талт, арвин их өв сантай ард түмэн билээ.

Хотол дэлхийн даяарших үйл явц хүрээгээ тэлж буй эдүгээ цаг дор монголын оюун, сэтгэлгээний өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, аюулгүй байдал, иргэний эв нэгдэл, хувь хүний итгэл үнэмшил, соёл, үнэт зүйлс, халдашгүй байдлын баталгааг бэхжүүлэх, Монгол хүн бүрийг бага балчраас нь үндэсний уламжлалт соёл, ёс заншил, зан үйлд сургаж амьдрал ахуйд нь мөрдлөг болгон хэвшүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Монгол үндэсний үнэт зүйл, соёл, ёслол хүндэтгэл, ёс заншлын нийтлэг хэм хэмжээг хүүхэд залуучуудын өдөр тутмын амьдрал ахуйд төлөвшүүлэх зорилго бүхий олон нийтийн үүсгэл санаачлагыг бүрнээ дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Ерөнхий боловсролын суралцагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор "Иргэний боловсрол" хөтөлбөрийн хүрээнд заавал судлах "Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс" хичээлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

2. Улс үндэстнийнхээ оюуны биет ба биет бус өв соёл, үнэт зүйлс, уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгууллага, урлаг соёлын болон бүх шатны боловсролын байгууллагын ажилтнуудад уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД


President.mn сайтаас...

Ерөнхийлөгчид бичсэн захидал



Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт "Иргэний танхим"-ын албан хаагчид аа. (Ингэж хандах нь зөв үү? Эсвэл "Монгол улсын ерөнхийлөгчийн ажлын албаныхан" гэх үү? Эсвэл "Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрынхан" гэх үү? Нэр томъёоны хувьд буруу хандсан бол хүлцэнэ үү?) Монгол улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт "Үндэсний ёс заншил, уламжлал ба арга билгийн гүн ухаан" ч гэнэ үү, хичээл оруулах талаархи санал асуулга, хэлэлцүүлэг явагдаж буйг Eagle TV-гээр үзээд, уг хаягыг олж та бүхэнд хандаж байна.

Тэгээд дээрхи асуудлын талаар зарим зүйл лавлах гэсэн юм. Хожимдож мэдэж, хоцорч хандсандаа хүлцэл өчье.
Асуулт ба хүсэлт:
1. Монгол улсын Үндсэн хуульд "Хүн болгон шүтэн бишрэх, шашин шүтлэг ээ, ертөнцийг үзэх үзлээ чөлөөтэй сонгох эрхтэй" гэсэн заалт байдаг шиг санагдана. Энэ бол "хүн" гэдэг оршихуйн оршин тогтнолынх нь хамгийн эмзэг, чухал, оршихуйнх нь утга учрыг тодотгодог, тодорхойлдог, хувь хүний өөрийгөө болон бусдыг үзэх үзэл, үнэ цэнийг нь бүрдүүлдэг талбар. Энэ асуудалд маш болгоомжтой, өндөр ач холбогдол өгч, нухацтай хандах ёстой. Үүнийг ямарч төр, засаглал, эрхшээл ноёрхлоор, эрх мэдлээр далайлган нэг мөр, нийтийг хамарсан нэгдмэл байдлаар шийдэж чадаж байгаагүй ба ингэх оролдлого бүр харгислал, бурангуй харанхуй, эрх чөлөөгүй боогдмол байдлыг бий болгож, аймшигт хагарал, тэмцэл зөрчилийн үндэс суурь болж, улмаар уг төр, үндэстэн мөхөх үндэс болсоор ирсэн түүхтэй. Гэтэл хуулийн энэхүү заалтаа ч зөрчөөд, түүхэн сургамж, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг ч үл харгалзан, сонголт хийх боломж, чадвар, ухамсар төлөвшөөгүй нялх балчир үеийн оюун санаа, зүрх сэтгэлийг хүчээр "өмчилж, боолчлохыг" яагаад оролдоно вэ? Энэ бол маш бурангуй оролдлого, хатуугаар хэлбэл оюун санааны хүчирхийлэл мөн.

2. TV-гээр гарч буй хэлэлцүүлэг, саналаа хэлж буй оролцогчдын ерөнхий уур амьсгал, хэлж буй үг, ялангуяа "ерөнхийлөгчийн шашны зөвлөх"-ийн байр суурь зэргээс харахад, Хичээлийн үндсэн агуулга бараг л нэг л шашныг тунхагласан, бусад итгэл үнэмшилийг үл тоомсорлосон, хашигдмал харанхуй, тодорхойгүй, өгөөжгүй болох шинж анзаарагдаж байна. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас, сүнслэг төлөвшилд нь хамгийн нөлөөтэй байр суурь эзэлж байсан "Сайн ба муугын зөрчил тэмцэл", ирээдүйдээ хандах хандлага, зорилго эрмэлзлэлд нь "Шарын шашин" л хамгийн зөв эцсийн шийдэл, гаргалгаа өгчихсөн юм шиг, тэгээд түүнийг л хар багаас судалснаар үндэстэн хөгжчих юм шиг, хэт нэг талыг барьсан харалган хэлэлцүүлэг болсон. Монголынхоо түүхийг нээлттэй нүдээр сайтар хараач ээ. Тиймээс дахин сайтар зарлан тунхаглаж, сурталчилж байгаад 2 дахь хэлэлцүүлэг явуулж өгнө үү.!

3. Уг хичээл байж болно, гэж би хувьдаа үзэж байгаа бөгөөд, харин дотоод агуулга нь огт өөр байх ёстой. "Үндэсний ёс заншил, уламжлал" гэдэгт малчин ардын ахуйн соёл (гэр хэрхэн хийдэг болон барьдаг, буулгадаг талаар, мал хариулах ухаан, байгал дэлхийг ажиглан шинжиж, уур амьсгал, үзэгдэл юмсийг танин мэддэг, ахуй амьдралдаа зохистойгоор харгалзан үздэг талаар, хүүхэд хүмүүжүүлэх монгол арга, монгол эр хүн, монгол бүсгүйн ёс жудаг, эрхэмлэх зүйлсийн талаар, гэр бүлийн эмх цэгц, дэг журам, ёсзүй, хүндлэх хүндлүүлэх ёсны талаар, хоол хүнс, хэрэглээний соёл, тэдгээрт хамааралтай нэр томъёонууд, мөн газар нутгийн нэр ус, тэдгээрийн утга учир, агуулгын талаар, 5-н хошуу малын болон маллагааны онцлог, ялгааны талаар, бэлчээр нутгын онцлог, бүсчлэл тэдгээрт таарсан ахуйн ба маллагааны, нүүдлийн соёлын талаар... гэхчилэн) амьдрах арга ухааны талаар л байна уу гэхээс, ямар нэгэн шашны хичээл байж огт таарахгүй, гэж бодож байна.

За TV-гээр гарсан хэлэлцүүлэгийг үзээд, нэг иймэрхүү санал бодолтой байгаагаа бичиж илгээхээр шийдлээ. Хэрвээ энэ "хууль" ч гэдэг юм уу, журам ч гэдэг юм уу, тогтоол шийдвэр ч гэдэг юм уу зүйл нь батлагдвал, ажил хэрэг болохоор эцсийн шийдвэр ерөнхийлөгчийн зүгээс гаргавал, "Үндсэн хууль"-ийг, хүний эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж болох уу? Асуудал ийм байдлаар бүү эргээсэй гэж би өөрийн итгэдэг Бурхандаа залбирч байна. Та бүгдийн саруул ухаанд найдаж байна.

Ертөнцийг Бүтээгч, цорын ганц, хамгийн Дээд Эзэн Бурхан байдаг бөгөөд энэ ертөнцийн бүх үзэгдэл юмс, оршихуй Түүний л хүслээр оршин байдаг. Ноён Элбэгдоржид, Монгол улсын төрийн тэргүүн байх эрхийг ч Тэр л олгосон. Гэхдээ Өөрийг нь эсэргүүцэж, Түүний ард түмнийг эргүүлээд бурангуй харанхуй руу чирээсэй гэж хүсээгүй нь тодорхой. Тэр хэдийгээр үнэмлэхүй эрх мэдлээр бүхнийг хянаж, амьдралын зохист харьцааг удирдаж байдаг боловч, хүмүүнийг харанхуй, дарангуй байдлаар боолчлохыг хүсдэггүй. Тэр бидэнд ухамсартай сонголтыг хийх боломжийг өгдөг ба зохистой шударга шүүлтийг хэрэгжүүлдэг юм.

Дээд Тэнгэр Бурханаас гаралтайгаа ямар ч үлгэр домгийн шинжгүйгээр, үндэслэлтэйгээр нотлож, бахархаж, омогшиж ирсэн 2-хон үндэстэн дэлхийд оршдог. Нэг нь бид шүү дээ. Биднийг (өвөг дээдсийг) ашиглан, дошны сэтгэлгээтэй бурангуй хүмүүний ертөнцийг сэгсрэн сэрээж, түүхийг хөтлөн удирдаж байсан нь Тэр юм. Тэр одоо ч хүн төрөлхтөнийг түүхийн шинэ эринд хөтлөн авчраад, шинэ сонголтыг тулгаж байна. Түүхийг эрс өөрөөр, цоо шинээр хөтөлхөд нь бас л бид л (Монголчууд) ашиглагдана. Учир нь бид Түүний хүүхдүүд юм. Тэр бидэнд хайртай. Харин энэхүү "Шарын шашин"-ы талыг барьсан шийдвэр тань Түүнд огт таалагдахгүй гэдгийг дахин онцлон анхааруулъя.
Олон талаас нь нухацтай судалж, сайтар бодож бас зөвлөж байж шийдвэр ээ гаргагтун. GOD bless YOU.


Уг захидалыг 2010 оны 05 сарын 13 нд irgen@president.mn хаягаар явуулсан болно. Гэвч харамсалтай нь 2010 оны 05 сарын 21 нд 103тоот зарлиг батлагдсан.