3 months ago
Monday, November 9, 2009
Гэмшил ба харуусал
Харин … үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь, хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм (Ром 2:29).
Гэмшил нь махан биеийн гэмт хүнийг тэнгэрлэг ариун, Христийн дүр төрх бүхий шинэ сүнслэг хүн болгох гол хүчин зүйлсийн нэг юм. Гэмшилгүйгээр хүн жинхэнэ утгаараа Христийн дотор дахин төрж чадахгүй.
Аавынхаа хэтэвчнээс мөнгө хулгайлж байгаад баригдчихаад, тэгээд гэмшиж уучлал гуйлгүй … за юун сүртэй юм. Зүгээр л уучилчхаач дээ!.. гэх хүүхдийн зан төрх, төлөв байдал нь зохистой юу?! Ухаалаг, жинхэнэ утгаараа үр хүүхэддээ хайртай, түүнийхээ ирээдүйд анхаардаг, амьдрал хувь заяанд нь өөрийн оролцоо, үүрэг хариуцлагаа ухамсарладаг эцэг хүн яавч энэ байдлыг зүгээр орхиж, хүлцэж төвдөхгүй. Заавал засаж залруулж, ухааруулж гэмшүүлхээр, сахилгажуулан хүмүүжүүлхээр ажиллаж л таарна.
Тэнгэрлэг Эцэг маань биднийг чин сэтгэлээсээ гэмшихийг шаарддаг. Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна … (Мт. 3:2). Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно (Үй. 2:38). Ариун Сүнс биднийг шат дараалсан гэмшил рүү удирдаж, улмаар Эзэний оршихуйд жигшигддэг зохисгүй бузар муу зан чанар, үзэл бодол, хэвшмэл сэтгэлгээнээс, дадал зуршилаас цэвэрлэн ариусгадаг.
Ингэхийн тулд хүнд хэцүү ч юм шиг, хатуу ширүүн ч юм шиг, уйтгар гунигтай ч юм шиг үйл явц, өрнөлийг (дасгалжуулалт, сахилгажуулалтыг) бидний амьдралд зөвшөөрдөг. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм … (1Кор. 10:13). Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ (Ром 8:28). Ариун Сүнсний, сүнс болон махан биед хийдэг хүчтэй донсолгоо, сэгсрэлтээр дамжин хүн гэмшилд хүрэх нь олонтоо бөгөөд, тухай бүр тэрээр улам ариусаж, ямарваа нэгэн бузар хүлээснээсээ ангижран чөлөөлөгдөж байдаг.
Мөн зүсээ хувирган ирдэг бузар мууг (уруу татлагыг) таньж, эсэргүүцэн зогсох сэтгэлийн тэнхээ, дархлаатай болдог. Жинхэнэ гэмшилийн үр дүнд хүн улам даруу, хүлээцтэй, тэвчээртэй болж, сэтгэл хөдлөлдөө захирагдамтгай, яаран үнэлэх дүгнэх (ихэвчлэн алдаатай) зуршилаасаа ангижирсан, аливаа асуудалд нухацтай, олон талтайгаар, ялангуяа бурханлаг байр сууриас хандамтгай, Бурханы шийдэл, санаа, оролцоог хүсэмжлэн урин залагч болон хувирдаг. Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна (Иак.1:12).
Гэмшил нь хүнийг сайн ба мууг ялгаж таних тэнгэрлэг танин мэдэхүй рүү авчирдаг. Энэ нь Бурханы алдарыг гутаасан, бусдын аврал, сайн сайхны эсрэг өөрийн аливаа ноцтой үйлдэл, үг хэл, хүсэл бодол болгоноо соргогоор ялгаж таних чадвартай болгодог. Хүмүүний алдаа зөрчил, гэм буруу нь юуны түрүүнд Бурхан Эцгийн маань зүрх сэтгэлийг өвтгөдөг билээ. Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвдсөн бөгөөд, шүүх үедээ гэм зэмгүй болой (Дуу. 51:4).
Тэгснээр, ийм бузар муу нэгнийг хайрлан, амиа хүртэл өргөсөн, Эзэний хайр энэрэл, загалмайн аврал уучлалыг улам бүр ухамсарлан, чин сэтгэлээсээ үнэлж хүндлэн, зүрхэндээ урдхаас улам хүчтэйгээр, шинэлэгээр хүлээн авдаг. Олон хүн загалмайн авралыг нэг л удаа хүлээн авдаг гэж боддог, ярьдаг. Харин энэ нь чин сэтгэлийн гэмшил, ухаарал дээр дөрөөлөн үргэлжлэн өрнөж, өөрчлөн хувьсгах илүү их хүч нөлөөтэйгөөр улам шинэлэгээр, дахин дахин давтагддаг үйл явц юм. Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам руу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно (Илч. 2:4,5).
Жинхэнэ гэмшилийн шинж нь: алдаа, уналт, гэмийнхээ бурууг бусдаас хайхгүй, өөрөөсөө болсоныг ухааран, Эцэгийн өмнө буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрөх байдлаар илэрдэг (Адам, Ева нар ингэж гэмшиж ч мэддэггүй байсан тул Еденээс хөөгдсөнийг сана).
Гэмшил нь цаашид үргэлжлэн өрнөх, Бурхантай хамт алхах цоо шинэ амьдарлаар тодорхойлогдоно.
Бас гэмийг үзэн ядах, дахин давтахгүй байх сэтгэлийн хат сууж, аливаа уруу татлага ирэхэд ялган таних, эсэргүүцэн зогсох торгон мэдрэмжтэй болсон байдлаар тодорхойлогдоно.
Эдгээр нь бүхий л амьдарлын турш үргэлжлэн, тухайн хүнийг тодорхойлох гол эерэг үзүүлэлт болтлоо хэвшдэг (төлөвшдөг).
Харин богинохон хугацаанд, өөрийгөө өрөвдөх, хөөрхийлөх байдлаар, мөн бусдыг алдаа уналтандаа буруутгах байдлаар илэрээд, шинэ бурханлаг зан чанарт төлөвшүүлээгүй, Христтэй улам дотносох, Түүний дүр төрхөөр шинэчлэгдэх өөрчлөлт рүү түлхээгүйгээр өнгөрөн одсон догдлол бол, зүгээр л харуусал юм. Харуусагч нь, хэрвээ тэгээгүй бол…, ингээгүй бол…, тэгэх байсан…, одоо тийм байдалтай байхгүй юу…, гэх мэтээр зөвхөн тухайн болоод өнгөрсөн явдалыг л, түүнээс гарсан үр дагаварыг л онцгойлон бодох, гаслах, зорилго төлөвлөгөөг нь тасалдуулсан үйл явдал, өрнөлд ундууцах, хэн нэгэнийг (1 Иох. 3:15) бас өөрийгөө яллах, буруутгах төдийгөөр л дүгнээд, харамсаад л өнгөрдөг (Эх. 27:36-41).
Мөн харуусал нь, тухайн хүн Эзэн Бурханыхаа өмнө өөрийн хичнээн бузар муу зүрх сэтгэлтэйгээ ухааралгүй, харин хүмүүсийн өмнө л ичгүүртэй, дорд байдалтай байснаа (эсвэл байгаадаа) ичиж зовон бачимдах, өөрийгөө зөвтгөх арга саам эрэлхийлэх байдлаар илэрхийлэгддэг (1Сам. 15:30). Тэрч бүү хэл алдаа зөрчил, уналтандаа Бурханаа буруутгах (Эх. 3:12; 4:14), хүсэн тэмүүлсэнийг нь өгөөгүйд гоморхох, гуниглах (Эх. 4:5) байдлаар илэрдэг.
Улмаар Түүний өршөөнгүй, энэрэнгүйг танин мэдэж зүрхэндээ хүлээн авалгүй, харин ч үргэлж өө сэв хайдаг, боломж л гарвал яллан буруутгадаг Нэгэн мэт ойлгож, утга учиргүй айдаст автах байдалд ордог. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна (1 Иох. 4:18).
Харуусагч хүн, өөрийнх нь аливаа алдаа уналт нь,тухайн хүний өөрийнх нь засах, хаях ёстой муу зан, буруу үзэл бодол, алдаатай итгэл үнэмшил, бардам байдлынх нь л гадаад илрэл, амьдрал дээрхи үр дагавар гэдгийг ойлгодоггүй хоцордог. Ингэснээрээ засагдаж өөрчлөгдөж чаддаггүй ба харин ч бүр илүү ноцтой, далдлагдсан үр дагавар болсон буруу дүгнэлт, зүрх сэтгэл хатуурах байдалд түлхдэг.
Гэмшил нь, хүнийг ололт амжилт, тэнгэрлэг сайн сайхан руу хөтөлж, эцэст нь ялалтанд хүргэдэг, үргэлжлэн өрнөдөг үйлс амьдрал юм. Гэмшил нь Бурханыг, бас бусдыг хайрласны илрэл билээ. Харин харуусал нь догдлол, сэтгэл хөдлөл төдий зүйл бөгөөд, өөрийгөө өргөмжилсөн бардам зангийн илрэл юм.
Subscribe to:
Posts (Atom)