3 months ago
Wednesday, March 31, 2010
Аливаа сүнсний нөлөөлөл, хүч, удирдамжийг өөртөө хүлээн авч, зөвшөөрхөөс өмнө юуг анхаарах ёстой вэ?
Библи судлахуй-6: Д. жишээ: (1 Иохан 4:1-6) багцлалд ажиглалт хийх нь.
Энэ хэсэгт ямарваа (хэн нэгэн) сүнсний хувь хүний бие, сэтгэл, оюун санаанд нөлөө үзүүлхэд, хувь заяаг нь эрхшээхэд гол тус дэм болдог, урамшуулан зоригжуулдаг хүчин зүйл нь, тухайн хувь хүний өөрийнх нь итгэл болохыг илчилж байна. Бид өөрсдийн итгэлээ ертөнцийг бүтээгч хамгийн дээд Ариун Нэгэнд, Түүний загалмайн авралд өгсөн билээ. Тиймээс ч, тэнгэр газрын Хаан, Эзэн Есүсийн л Ариун Сүнс тухайн итгэгчийн бие махбодийг, оюун санааг эзэмдэх бүрэн эрхтэй юм.
Эзэний Ариун Сүнс бидний дотор өгөгдсөний илрэл болох хэд хэдэн шинжүүд байдаг нь,
1-рт: Тэр бидэнд Бурханы хайрыг (гэмийн уучлалын төлөөх загалмайн үхэлийг) мэдүүлж, найдварыг (дахин амилалтын) өгдөг. Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг (Ром 5:5). Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг (Ром 8:16).
2-рт: Тэр биднийг чин сэтгэлийн ухаарал, гэмшилд удирддаг. Үсгээр бус Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн (Ром 2:29б). Улмаар бидний бодол санаа, зан хандлагийг өөрчилдөг. Учир нь махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсийг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсийг боддог. Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой (Ром 8:5,6).
3-рт: Тэр бидний бодол санаа, зовлон шаналал, хүсэл мөрөөдлийг Бурханд өргөдөг. Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний (итгэгч хүний) бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм (Ром 8:26,27).
4-рт: Тэр бас бидний зүрхэнд тэнгэрлэг тайвшрал, баяр баясгалан, амар амгалан, тэсвэр тэвчээрийг цутган өгдөг. Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдөгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай (Иох. 14:27). Үргэлж баяртай бай. Бүх зүйлд талархалаа илэрхийл. Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг (1Тес. 5:16,18,23а).
5-рт: Тэр бидэнд Сударын (Үгийн) нууцуудыг илчилж, тэдгээрээр амьдрах хүчийг өгдөг. Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм (2Тим. 3:16,17).
6-рт: Тэрээр мөн, Өөрийн Чуулганы дотор хайр, итгэлцэл, хүндлэл, эв нэгдэлийн харилцааг босгон байгуулж, хангадаг. Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархал өргөх ёстой. Яагаад гэвэл та нарын итгэл үлэмж нэмэгдэж, хүн бүрийн чинь бие биеэ хайрлах хайр улам бүр өсөж байгаа учир ингэх нь зөв юм. Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө, бид өөрсдөө Бурханы Чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг (2Тес. 1:3,4).
7-рт: Эцэст нь, Тэр биднээр дамжуулан ажиллаж, Сайн мэдээг (загалмайг) харь үндэстнүүдэд (үл итгэгчдэд) тунхаглан, тэднийг ерөөж, авралд (Христ рүү) авчирдаг. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно (Үйлс 1:8). ...Тэрээр надаар дамжуулан харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь, тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм (Ром 15:18б,19а).
Хэдийгээр сүнсний өөр бусад илэрлүүд (эш үзүүллэг, эдгээх бэлэг, харь хэлээр ярих чадвар, сүнслэг мэдлэг, өөр бусад олон янзын авъяас чадварууд нь) бидэнд өгөгддөг боловч, дээрхи үндсэн хэв шинжүүдийн туслах орц төдий юм. Харин эдгээр туслах шинжүүдийг гол зорилго, бахархалаа болгон үндсэн хэв шинжүүдийг орхигдуулбал, загалмайг (хайрыг) дээдэлж, эгэл даруу бурханлаг амьдарлыг эрхэмлэлгүй, бардамнал, байр суурь, эрх мэдэл, нэр алдарт шунан дурлаж, өрсөлдөн тэмцэж, шашинлаг байдлыг эрхэмлэвэл энэ нь муу сүнсний нөлөөнөөс юм. Тэр өдөр Надад олон хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?” гэж хэлэх болно. Тэгэхэд Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ (Мт. 7:22,23).
Энэхүү үнэнийг элч Иохан тухайн цаг үеийнхээ гаж (гностик, керинтүс) урсгалын “Есүс бол хүнтэй адил махан биетэй биш байсан, тиймээс ч төгс амьдарч чадсан. Харин хүн бол гэмт махан бие учир ингэж чадахгүй”, зарим нь “Есүс бол зөвхөн золиос төдий байсан, одоо бол жинхэнэ бурхантай харьцах ёстой” гэх зэрэг буруу сургаалиудын эсрэг (1Иох. 4:2) сөргүүлэн тунхагласан. Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр “Есүс хараагдсан” гэж ярихгүй бөгөөд, Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье (1Кор. 12:3).
Тиймээс ч бид аливаа онгод, хүч, авъяас, догдлол, мэдрэмжүүдийг өгдөг, өдөөдөг сүнслэг нөлөөллүүдийг таашаан хүлээн авч, итгэл сэтгэлээ өгч, тэдгээрээр удирдуулахаасаа өмнө нухацтайгаар, сайтар шалгаж байх ёстойг заасан байна. Тэгээд “Бид бол Бурханых.” (1Иох. 4:6) гэж элч нарыг хэлээд, элч нарыг (биднийг) сонсдог хүн бол жинхэнэ Ариун Сүнснийх, харин сонсдоггүй нэгэн нь хуурамч сүнснийх (антихристийнх) гэж тодорхойлсон. Өнөө цагт Шинэ гэрээний 27-н ном нь элч нарын гэрчлэл, тэднээр дамжуулан илчлэгдсэн хүн төрөлхтөний авралын төлөөх Ариун Сүнсний илчлэлт, үнэн сургааль, жинхэнэ номлолууд юм.
Зөвхөн Иохан ч бус элч Паул ч, “сүнслэг бэлгүүдийг хүсэмжлэх нь буруу биш боловч, Эзэн Есүсийг алдаршуулах, гэрчлэх зорилгоор, бусдын авралын төлөө, Чуулганыг босгон байгуулахын тулд, нэн даруугаар Ариун Сүнсний эрх мэдэл дор, эмх цэгцтэй ашиглах нь зохистой”-г (1Кор. 12, 14-р бүлэг) заасан байдаг. Нөгөөтээгүүр, энэ бүхнээс илүүтэй хайр дотор төлөвших нь л хамгийн чухал болохыг бас онцолдог. Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан. Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш. Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч, надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм (1Кор. 13:1-3).
Subscribe to:
Posts (Atom)