Tuesday, November 30, 2010

Аз жаргалын талаархи бодролоо хуваалцахуй


Бурханы охинд бичсэн захидал-4

Сайн байна уу? Бурханы хайртай охин минь ээ. Таны бие болоод сэтгэл Их Эзэний ивээл ерөөлөөр бялхаж байгаа биз дээ? Таны төлөө залбирах бүр Эзэн маань тайвшрал, баяр баясгаланг мэдрүүлдэг. Тиймээс ч бүх зүйл тань сайн сайхан байж, Эзэний ивээл ерөөл, хяналт хамгаалалтанд байгаа юм байна, гэж мэддэг.

Мэдээж бас бэрхшээл, шийдэгдээгүй асуудлууд нэгээр тогтохгүй байгаа л байх. Гэхдээ хүмүүний амьдралын зорилго, хараа нь асуудал бэрхшээлийн цаана гарахын төлөө биш, харин амьдралыг, Бурханыг, бусдыгаа хайрлахын төлөө байвал, жинхэнэ утгаараа аз жаргал, амжилт ололт, амар тайвнаар, гэрэл гэгээгээр дүүрэн байх болно.

Бид санаатай болон санаандгүйгээр маш олон зүйлийг амьдралаас, бас Бурханаас хүсэн хүлээж байдаг. Тэдгээрийг нийтэд нь багцлаад “аз жаргал”, гэсэн нэр томъёогоор тодорхойлох гэж оролдсоор ирсэн.

Аз жаргал гэж ер нь яг юуг хэлэх вэ? Энэ нь бодит зүйл үү? Эсвэл хийсвэр, хоосон горьдлого уу? Хэн энэ ертөнцөд аз жаргалтай вэ? Юугаар түүнийг хэмжих вэ?

Мэдээж хүн болгон л өөрийн гэсэн аз жаргалын талаархи тодорхойлолтыг хэлэх байх. Гэхдээ энэ цаг үеийн нийтлэг нэг тодорхойлолтыг гаргаж бас болох юм. Хүн хүний өөрийн гэсэн үнэ цэнийн талаархи ойлголт, эрхэмлэх, хүсэн тэмүүлэх зүйлс, өссөн орчин, тойрон хүрээллийн нийтлэг хэвшмэл ойлголт, итгэл үнэмшил зэргээс шалтгаалан “аз жаргал”-ын талаархи төсөөлөл хэлбэрждэг.

Яг таны хувьд “аз жаргал” гэдэг нь юу вэ? Та өөрийгөө аз жаргалтай хүн гэх үү? Таны аз жаргал хормын төдийд мэдрэгдээд өнгөрдөг мэдрэмж, догдлол, таашаал, сэрэлээр хэмжигдэх үү? Үзэгдэх харагдах эд хөрөнгө, гял цал өнгөлөг чамин зүйлсээр, амттай шимтэй хоол хүнсний элбэг дэлбэг байдлаар, бүр эсвэл эргэн тойрныхон тань таныг, гоо үзэсгэлэнгээр тань, ур ухаанаар тань, авъяас чадвараар тань, мэдлэг боловсролоор тань, зан аалиар тань шагшин бахдаж, бишрэн ширтэж, тойрон хүрээлвэл та аз жаргалтай байх уу?

Бас хүссэн газар орон, улс үндэстэн, түүхэн дурсгалт болон байгалын үзэсгэлэнт газруудаар тааваараа аялж жуулчлан, цэнгэж наргих нь “аз жаргал”-ын хэмжүүр үү? Үнэхээр эдгээр болон бусад олон тодорхойлолтууд, төлөв байдлууд нь таньд оргилсон баяр хөөр, цаглашгүй гэрэл гэгээ, сэтгэлийн гайхам цэнгэлийг өгдөг үү?, гэхчилэн олон талаас нь, янз бүрээр л эрэгцүүлэн, тунгаан бясалгаарай, гэж таниас хүсэе.

Ер нь хүмүүний зүрхийг, аз жаргалын талаархи ямар нэгэн хуурмаг хоосон төсөөлөл, зураглал, мэдрэмжүүд хүлсэн байдаг. Эдгээр нь ихэвчлэн махан биеийн тав тух, ахуйн тохилог нөхцөлөөр л хэмжигддэг. Яахав зарим нь бие махбодийн эрүүл мэндтэй холбож, бас гэр бүлийн дотоод халуун дулаан уур амьсгал, бүрэн бүтэн байдлаар тодорхойлох л байх.

Хүмүүн нь өөрийнхөөрөө аз жаргалын тодорхойлолт, хэм хэмжүүр, үзүүлэлт гарган зүрхнийхээ мухарт хадгалчихаад, тэгээд л түүнийгээ эрж хайгаад, олж эзэмших гээд л тэмцээд, зүтгээд байдаг. Гэтэл үнэндээ тэр болгоныгоо бүрэн дүүрэн үзэж, амталж, бүрдүүлж, тойрон хүрээлүүлсэн ч, эзэмшин эдэлсэн ч жинхэнэ утгаараа аз жаргалыг мэдэрдэггүй.

Учир нь хүн хэдийгээр мөхөс дорой, өчүүхэн бодьгаль боловч хязгааргүй их шунал хүсэл, ханаж цадашгүй, дүүргэгдэшгүй хоосон, ховдог хомхой сэтгэл түүний дотор оршдог.

Хашаанд амьдардаг хүн байранд л орчихвол амьдрал нь сайн сайхан болж, бүх асуудал нь шийдэгдэх юм шиг бодож, төсөөлж байдаг. Байранд амьдардаг нэгэн нь, эдлэн газар, хувийн тансаг сууц, харш мөрөөддөг. Тэдгээрийг л эзэмшчихвэл аз жаргалтай болж, амьд яваагынх нь зорилго нь биелэх юм шиг санадаг.

Дугуйтай нь мотоцикл мөрөөдөж, мотоциклтой нь машин мөрөөдөж, машинтай нь hammer-тай, бүр усан болон нисдэг онгоцтой болохыг санаархаж байдаг, гэхчилэн. Үүнийг бас өөр талбар, төлөв байдал руу ч шилжүүлэн зураглаж болно. Бакалаврын зэрэг цол, дипломтой нь магистрт санаархаж, магистрынхтай нь дараагийн доктор, профессор, акидемич гэх мэт цол гуншинг, дагалдан ирэх алдар хүндийг хүсэл мөрөөдлөө болгодог.

Бас хороон дарга нь дүүргийнхийг, дүүргийн дарга нь хотын захирагчийн суудлыг, хотын дарга нь их хурлын гишүүний, бүр цаашлан ерөнхий сайд, ерөнхийлөгчийн сэнтийг хүсэн мөрөөддөг. Ерөнхийлөгч болсон нэгэн нь үндэстний, түүхэн агуу их удирдагч, эсвэл бүр хаан болохыг ч санаархаж мэднэ. Гэвч эдгээр нь бүгд хоосон зүйлс.

Бас нөгөөтээгүүр хүмүүн нь энэхүү “аз жаргал” гээчийг өнгөрөн одсон цаг үед, хуучин дурсамжинд, эсвэл ирээдүйд хэзээ нэгэн тодорхойгүй цаг хугацаанд хамааруулан ойлгох, тайлбарлах хандлагатай байдаг. Гэтэл энэ нь яг одоо цагын ухагдхуун шиг. Эзэн биднийг хүүхэд адил болохгүй бол Мөнхийн улсад орохгүй, гэдэг.

Хүүхдэд өнгөрсөн гэж үгүй, бас ирээдүй ч гэж үгүй учраас, тэд хамгийн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарцгаадаг. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөнөө санан дурсаад гоморхоод, гуниглаад, эсвэл ирээдүй рүүгээ “холыг харж” том том зорилго тавиад, тэдгээрийнхээ биелэх эсэхэд санаа нь зовон шаналдаггүй, зөвхөн яг одоо цагаараа амьдарч, юухнаас ч чамин сонинг, зугаатай хөгжилтэйг олж харж, хөөрөн баясах нь, өчүүхэнд ч сэтгэл ханан догдлох нь гайхамшигтай ажгуу. Тэд бол тэнгэрийн улсын гэрэл гэгээ, ариун цайлган, төгс төгөлдрөөр амьдрагсад буюу газар дэлхий дээрхи тэнгэрийн элч нар мэт.

Эндээс хүн болгон л тэнгэр элчийн хувиар дэлхий рүү илгээгдсэн боловч, харамсалтай нь цаг хугацааны явцад, хорон муу тойрон хүрээллээсээ болж эвдрэн бохирдож, тэнгэрлэг мөн чанараа гээдэг нь, аз жаргалаасаа төөрөн одохын шалтгаан нь болдог, гэсэн гаргалгаа гаргачмаар. Гэхдээ бас л учир дутагдалтай.

Хүмүүн нь хичнээн гэнэн хонгор, цайлган цагаахан амьдравч “аз жаргал эдэлж” буйгаа ч тодорхойлон хэлж мэдэхгүй байвал, ерөөс “аз жаргал”-ын тухай ярих нь утгагүй болно. Харин сайн муу, сайхан муухайг танин мэдээд, ялгаж салгаад, улмаар ухамсартайгаар, зорилготойгоор, бүрэн хариуцлагатайгаар төгс сайныг сонгосон тохиолдолд л “аз жаргал” гэдэг энэ ухагдхуун, жинхэнэ утгаараа үнэлэгдэх юм шиг.

Ер нь “аз жаргал” гэдэг холбоо үгийн утгыг нэг нягталаад үзье. “Аз” гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь үл шалтгаалах, гэнэт учрах хоромхон зуурын тохиол, учралыг хэлдэг. “Жаргал” гэдэг нь сэтгэл ханамж, таашаал, баяр хөөрийн мэдрэмжийг хэлдэг. Тэгэхлээр хүний амьдарлын замд гэнэт тохиолддог завшаантай учрал, гэж ойлгогдож байна.

Нээрээ ч хүнд өөрөөс нь үл шалтгаалаад ирдэг, бас өөрөөс нь үл шалтгаалаад авагддаг зүйл бол энэхүү “аз жаргал” гэсэн ухагдхуун юм (Энэ ухагдхуун дотор маш олон янзын ойлголт, төсөөлөл, амьдралын өрнөл, төлөв байдлыг өгүүлж байгаа шүү дээ). Тэгэхлээр энэ нь хүмүүнээс өөрөөс нь үл шалтгаалдаг, өөрийнх нь хяналтанд баригддаггүй, тогтворгүй, найдваргүй, түр зуурын, тохиолдлын хором мөчийг хэлдэг шиг.

Эндээс “аз жаргал”-ын талаархи хүмүүний олон янзын төсөөллүүд нь цаг зуурын, үзэгдээд л өнгөрдөг, өөрт нь тэнгэрлэг өөрчлөлт шинэчлэлт, дотоод хорон муугаа ялган таних, улмаар түүнийгээ ялах хүч онгод, ялалт, тэдгээрийнхээ хүлээснээс ангижрах эрх чөлөөг өгдөггүй, тэр тусмаа Мөнх Амийг өгдөггүй, хуурмаг хоосон ухагдхуун гэдэг нь анзаарагдана.

“Аз гэдэг сохор юм. Сохор хүнийг ч дайрч болдог. Харин мэргэн хүн чадал эрдэмдээ шүтдэг юм”, гэж эртний нэгэн киноны баатар (Цогт тайж) өгүүлдэг нь санаанд орж байна. Энэ нь тун ч оносон үг, гэж би боддог. Тиймээс ч үүнээс хойш энэхүү ухагдхууныг “цэнгэл жаргал” гэвэл яасан юм бэ, гэж бодогдох юм. Гэхдээ хүмүүний оюун санаа, зүрх сэтгэлд бат бөх суулгагдсан нэр томъёо тул энэхэн захиандаа хэвээр нь ашиглая.

Хүн унах унаагүй, явган явдаг ч бай, орох оронгүй, айлын хажууд толгой хорогддог ч бай, тэр ч бүү хэл бичиг үсэг тайлагдаагүй, амьдралдаа хот орон газар очиж үзээгүй ч бай аз (цэнгэл) жаргалыг мэдэрч, амар тайван, сэтгэл ханамжтай амьдарч болдог.

Аз (цэнгэл) жаргал гэдэг ойлголт нь хийсвэр хоосон, хуурмаг ухагдхуун биш ээ. Аз (цэнгэл) жаргал бол үнэхээр бодит зүйл. Гэхдээ гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй, чихэнд сонсогддоггүй, хамарт үнэрлэгддэггүй, аманд амтлагддаггүй ухагдхуун.

Аз (цэнгэл) жаргал зөвхөн Эзэн Бурханы мутарт л бий. Тэр мутараа дэлгэн түүнийг таны зүрхэнд өгвөл, санаанд тань оромгүй эгэл жирийн ахуй нөхцөл, энгийн орчин тойрон, ердийн учрал тохиолдлоос баяр хөөрийг амсаж, аз (цэнгэл) жаргалтай амьдрах болно. Энэ нь хүний зүрхэнд Ариун Сүнснээс өгөгддөг, байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх, хэн байгаадаа талархалтай байх мэдрэмж юм. Бас энэ нь, Эзэний Үгнээс өгөгддөг дотоод зүрх сэтгэлийн ухаарал, гэгээрэл, амар тайван юм.

Эзэн хүмүүнийг аз (цэнгэл) жаргалтай байлгах бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг. Биднийг шавьж хорхой биш, тухайлан хүн болгон төрүүлсэн. Амьсгалах агаар, идэх хоол, сайхан эх орон, сайн эцэг эх, ах эгч дүүс, сайн хань ижил, сайхан үр хүүхэд бүгдийг л өгдөг.

Бас дээр нь там руу чирэх гэм нүгэлийг минь, цорын ганц Хүүгийнхээ загалмай дээр урсгасан цусаар угааж, цэвэрлэж өгөөд, дахин амилалтаар нь Мөнх Амийг бэлэглэсэн. Энэ бүхнийг ойлгож ухаарч, итгэж үнэмших юм бол энэ ертөнцөд хэнтэй ч зүйрлэшгүй, юугаар ч хэмжишгүй аз (цэнгэл) жаргалтай нэгэн болно. Тэгээд амьсгалах мөч бүрдээ Эзэн Бурхандаа талархаж амьдрах болно.

Амьсгал гэснээс, намайг оюутан байхад, манай сургуульд сурч байсан нэгний тухай цухас дурьдая. Тэрээр уушигны өмөн үү, гэдэг өвчин туссан нэгэн байсан. "Эрүүл саруул, зүв зүгээр л амьсгалаад алхаж байх чинь ямар их ивээл, нийгүүлсэл, аз жаргал гэж санана..." гэж ярьдаг байж билээ. Учир нь уушиг нь хүнд өвчтэй учраас, үе үе амьсгал нь боогдож тарчилдагсан. Лав л миний мэдэхийн, нэг удаа 2 минут хэртэй амьсгал нь боогдож, царай нь хөхрөн, газар унаад тийчэлж билээ. Дараа нь гэнэт амьсгаа татаж хэвийн байдалдаа орсон юм даг. Тэгээд л уйлаад л Бурхандаа талархаж байсан.

Үүнийг хараад би, эрүүл бүрэн бүтэн биетэй, саруул оюун сэтгэлгээтэй, тэгээд болоогүй гэм нүгэлээ уучлуулсан, Эзэнийхээ төлөө сурч, боловсорч, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зүтгэж, тэмүүлж яваадаа үнэхээр их талархаж билээ. Аз (цэнгэл) жаргал бидний эргэн тойронд, яг хажууд, дэргэд байдаг, үргэлж байсаар ирсэн зүйл. Харин түүнийг харж, хүлээн авч, мэдэрч, бас үүнийг өгсөн Бурхандаа талархаж чадаж байна уу? гэдэг л гол асуудал юм.

Уг нь Эцэг, загалмайгаар дамжуулан хүн төрөлхтөнд аз (цэнгэл) жаргалыг үнэгүйгээр бэлэглэсэн боловч, ямар нэгэн хоосон аз жаргал, сэтгэл ханамж, таашаалын эрэлд донтсоор, хэзээ ч жинхэнэ аз (цэнгэл) жаргалыг эдэлж үзэлгүй өнгөрөн одогсод байсаар л байна.

Хэдийгээр тансаг харшид амьдравч, дүүрэн амттан өрсөн ширээнд хоолловч, сайн хань ижил, сайхан үр хүүхэдтэй болж, итгэмжит нөхдөөр хүрээлүүлэвч, авъяас билэг, эрдэм боловсролыг эзэмшивч, эрх мэдэл, нэр алдарт хүрэвч, үргэлж сэтгэл дундуур, илүү ихийг нэхээстэй, шаардаастай, гомдолломтгой, ялархуу, бусдад байгаатай өөрийнхийг харьцуулсан, тэгээд бусдын зүйл илүү сайхан санагдаж, өөрийнхийг гологч нэгэн нь ямар золгүй нэгэн бэ.

Бүр Христийн дотор, Түүнд үйлчилдэг, зүгээр ч үгүй бусдыг харахад амжилттай, үлгэр дууриалтай үйлчилж буй мэт итгэлийн хүмүүс ч, ямар нэгэн зорилго, төлөвлөгөө, төсөөлөлдөө боолчлогдон донтож, тэдгээрийнхээ биелэлтийн төлөө өдөр шөнөгүй шаналан, аз (цэнгэл) жаргал, баяр хөөрийг мэдрэхгүй, амталж үзэхгүй байгаа нь анзаарагддаг. Нэг л их хийрхэл, ачаа дарамт өөрийнхөө болон эргэн тойрныхныхоо нуруун дээр овоолсон, өөрөө ч дарамт стресстэй, бусдыг ч дарамтлан ядраасан, оршин байгаа орчин тойрондоо айдастай, уйтгар гунигтай уур амьсгал, хүнд нөхцөлийг бий болгодог хүн байх юм.

Ариун Сүнсний үр жимс болсон бурханлаг даруу зан чанар, тэнгэрлэг ёс суртахууны ямарч төлөвшил, өөрчлөлтгүй, өөрчлөгдөхийг ч эрмэлздэггүй, үргэлж өөрийнхөө “зөв” гэж боддог, өөрийнхөө “зөв”-ийг бусдад тулгаастай, тэрхүү “үнэт эрдэнэ”ээ аливаа шүүмжлэл, зэмлэл, анхааруулгаас амь тавин хамгаалаастай, тэгээд “дэлхийн гэрэл, газрын давс” байхыг бусдад “заадаг”, Бурханы хайрын тухай цэцэрхэн “номолдог” нэгэн байх юм.

Хэзээ ч ханаж цаддаггүй мангас адил хоосон хомхой зүрхтэй, тэгээд болоогүй Бурханы төлөө, Түүний ариун зорилгын төлөө, бусдын сайн сайхан, авралын төлөө гэхчилэн тэрхүү аймшигтай харанхуй байдлаа гоёж хаацайлах нэгэн нь хөөрхийлөлтөй.

Өөрөө хэзээ ч аз (цэнгэл) жаргал, баяр баясгалантай байж үзээгүй хүн, ямар ч сайхан нэр томъёо, зорилго хараагаар гоёод бусдад аз (цэнгэл) жаргал, баяр хөөр, хайр энэрлийг дамжуулж, өгч чадахгүй. Энэ нь зүрхэндээ Бурханыг болон бусдыг биш, харин өөрийгөө л бодож, өөртөө л хэт төвлөрч, бардамнан явдагаас болдог юм уу даа, гэж бодогддог юм.

Хүний дотроос, зүрх сэтгэлээс элдэв хорон муу нь гарч хүнийг бузарладаг, гэж, Эзэн Есүс айлддаг. Бурханы хүмүүсийн хувьд элдэв зүйл төлөвлөж, нэр алдар мөрөөдөж явах нь зохисгүй бөгөөд энэ байдал нь Эзэнээс өгсөн аз (цэнгэл) жаргалыг нь гутаадаг. Харин Эзэний хайрыг, мөнхийн үнэнийг бусадтай харамгүйгээр хуваалцах нь аз (цэнгэл) жаргалыг маань улам үнэ цэнэтэй болгодог.

Хонгорхон Бурханы охин минь ээ, аз (цэнгэл) жаргал бол гадаад үүрэг хариуцлага, эрх мэдэл, байр суурь, үзэгдэх эд хөрөнгө, эзэмшил, харагдах ажил үйлс, бүтээмжээс илүүтэй дотоод сэтгэлийн ухаарал, гэгээрэл, чөлөөлөлт бөгөөд үр дүнд нь, хэн ч авч чадахгүйгээр зүрхэнд тань нутагладаг тэнгэрлэг амар амгалан юм шүү. Энэ нь бидний Аврагч Есүс Христийг зүрхнийхээ гүнд хайрлан, дээдлэн хүндэлж нөхөрлөсөн, Түүн рүү тэмүүлсэн амьд харилцаанаас ирдэг.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй, гэж Эзэний айлдасны дагуу, бид бусдаас, амьдарлаас, Бурханаас аз (цэнгэл) жаргалыг горьдон хүлээдэг бус, харин бусдад, амьдралд, Бурхандаа хэрхэн сэтгэл ханамж, баяр баясгалан, аз (цэнгэл) жаргалыг өгөх вэ?, хэрхэн өөрийгөө бусдын аз (цэнгэл) жаргалын төлөө золиослох вэ?, гэсэн хандлага, сэтгэлгээгээр амьдарвал жинхэнэ аз (цэнгэл) жаргалыг өөрөө бас амсах болно.

Түүхээс харахад хувь хүн ч бай, нийт хүн төрөлхтөн ч бай, өөрсдөө хэзээ ч жинхэнэ аз (цэнгэл) жаргалыг цогцлоож чадаагүй. Хүмүүний аз (цэнгэл) жаргалын төлөөх тэмцэл, эрэл хайгуулын үр дүнд соёл урлагын, гүн ухааны, техник технологиин ололт амжилтыг эзэмшиж, амьдрах ухааны зохих мэдлэг туршлагыг хуримтлуулж, ахуй орчины таатай нөхцөлийг бүрдүүлж, танин мэдэхүйн, засаглал эмх цэгц, нийгмийн зохион байгуулалтын тодорхой өндөрлөгт хүрсэн ч, тэдгээр нь улам л хүмүүнийг аз (цэнгэл) жаргалаас нь холдуулж, эсвэл хүмүүнээс аз (цэнгэл) жаргалыг нь булааж буй мэт.

Өнөөдөр бидний толгой дээгүүр буун сум шунгинаагүй байна. Гэтэл дэлхий дээр 400-н сая гаруй хүн дайн дажны хөлд, хэзээ ч үхэж мэдэх нөхцөлд, айдас дарамттай амьдарч байна. Бас өлсгөлөн гачигдал биднээс хол байна. Харин наад захын эрүүл хүнс, энгийн хооллох нөхцөлөөс хол, тэр ч бүү хэл ундны цэвэр ус ч олдохгүй, гачигдсан өлөн зэлмүүн байдалд 1,6 тэрбум хүн амьдарч байна. Үе үе халдварт өвчин дэгддэг, үй олноороо хиардаг, эрүүл ахуйн наад захын шаардлага хангагдаагүй орчинд 800-н сая гаруй хүн амьдарч байна.

Баян тарган, хөрөнгө зоорь ихтэй, юугаар ч дутагдаагүй мэт боловч, эдийн засгийн хямрал шуурганаар өнөөх нь дундраад, хорогдоод, банк нь дампуурч эсвэл хувьцааных нь ашиг унамагц амиа хорлодог өрөвдөлтэй хүмүүс ч зөндөө байна. Хуруу хумсаа хуйхлан байж, нэр нүүрээ баран байж, тэр ч бүү хэл бусдыг шулан мөлжиж, хууран мэхлэн байж хураасан хумьсан, бусдаас харамлан хамгаалан байж хав дарж бөөцийлсөн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг нь “...хэзээ, хэн, хаанаас гарч ирээд тэдгээрт нь халдчих нь вэ, хэрхэн тэдгээрийгээ үнэгүйдүүлэхгүй, шатаахгүй, дампуурахгүй байх вэ...”, гээд л үсээ бууралттал шаналсан зовсон хөөрхийлөлтэй, гаслант амисууд ч энд тэндгүй байна.

Хүн энэ ертөнцөд нүцгэн ирээд, нүцгэн буцдаг. Эндээс юу ч авч явж чадахгүй. Тиймээс ч энэ ертөнцөд үлдэх хоосон зүйлийн төлөө биш, харин эндээс Мөнхийн улс руу хамт явах хайртай дотно хүмүүсийнхээ төлөө, бас авралын үнэнийг мэдэхгүйгээс аз (цэнгэл) жаргалгүй байгаа харанхуй хүмүүсийн төлөө, мөн тэнгэрлэг баялаг болох хайр, итгэл, найдвар, сэтгэлийн тэнхээ, баяр баясгалан, амар тайван, эр зориг, мэргэн ухаан, даруу зан, энэрэл нийгүүлсэл, өгөөмөр нинжин сэтгэлийг эзэмшиж, тэдгээрээр төлөвшихийн төлөө, Ертөнцийг Бүтээгч Эзэн Бурхантайгаа дотно нөхөрлөж, Түүнийг л төгс танин мэдэхийн төлөө амьдрах нь аз (цэнгэл) жаргал билээ. Энэхүү ухамсартай, зорилготой, эцэст нь ялалтанд хүргэдэг амьдралын хэв маяг нь л хүмүүнд бие махбодын ч, сэтгэлийн ч жинхэнэ аз (цэнгэл) жаргалыг өнө мөнхөд эдлүүлдэг болой.

Тиймээс дахин хэлэхэд, “аз жаргал” бол ертөнцийг болон өөрийг нь бүтээсэн Мөнхийн Бурханыг мэддэггүй, төрөх үхэхийн хооронд л амьдардаг, махан бодит хүний хувьд л тохиож болох, олдохдоо олдоод, олдохгүйдээ олддоггүй, олдсон ч үүрд хамт байдаггүй, хувь заяа нь болж чаддаггүй тийм ойлголт, ухагдхуун мэт.

Харин Бурханы ариун хүүхдүүд болсон бидний хувьд, Мөнхийн Эзэний өгөөмөр зүрх сэтгэлээс (Ариун Сүнснээс) үүрд бидний зүрх сэтгэл, бие махбодид өгсөн гэрэл гэгээ, төгс төгөлдөр, цаглашгүй баяр баясгалан, оргилсон хайр энэрлийн мэдрэмж, ухаарал, гэгээрэл, талархалын амьдрал маань бүхлээрээ аз (цэнгэл) жаргал юм.

Хүмүүний аз жаргал, зөвхөн өөрт нь, эсвэл ойрын хүрээлэлд нь түр зуурын нөлөө, тусгал болдог бол, Бурханы үрсийн аз (цэнгэл) жаргал нь тэдний дотроос халиад, улмаар үй олонд хүртэж, нөлөөлж, бусдыг дотоод эдгэрэл чөлөөлөлт, ухаарал гэмшилд удирдаж, улмаар аврал, мөнхийн амьдралд, нэг үгээр аз (цэнгэл) жаргалд хүргэдгээрээ ялгаатай.

Бурханы хайртай охин минь ээ, зүрх сэтгэлдээ өдөр тутам, цаг мөч бүр аз (цэнгэл) жаргалыг амтлагтун. Бас бусдыг аз (цэнгэл) жаргал руу удирдагтун. Үүрд мөнхийн аз (цэнгэл) жаргалыг таны зүрхэнд өгсөн өөрийн Бурханыг хайрлан хүндлэгтүн. Амжилт, аз (цэнгэл) жаргалыг хүсэе. Чанга тэврэн үнсэе. Түр баяртай.

GOD bless YOU. JESUS loves YOU.

Есүгэний хувийн архиваас

Элч Паул “Галат” номонд Ариун Сүнсний тухай юу юуг зааж байна вэ?



Саул бол Иудейчүүдийн хэт шашинлаг, Фарисай бүлгийн хүн бөгөөд (Үйл. 22:6)(Гал. 1:14) шашны эрдэм мэдлэгт сайтар боловсорсон нэгэн байлаа. Тэр Христийн золилтоор хүн төрөлхтөнд ирсэн Авралын итгэлийг Иерусалемд дөнгөж цэцэглэж байхад нь улайран (Гал. 1:13) хавчигч байсан.

Христийн Чуулган нь гаж хортой урсгал гэж үзэн, үүнийг нухчин дарах нь Эзэний таалалд нийцнэ гэдэгт бат (Үйл. 26:9) итгэдэг байжээ. Харин Эзэн бол, үйлс үйлдлээс илүүгээр зүрх сэтгэлийн хандлагыг чухалчлан үнэлдгийг эндээс харж болно.

Товлосон цаг болж, Саул Дамаск руу “Эзэний төлөөх хатуу ширүүн шүүлт”-ийг гүйцэтгэхээр явж байлаа. Яг тэр үед Эзэн түүнд Өөрийгөө илчлэн, хэдхэн хормын дотор махан биеийн хуульч Саулыг, цоо шинэ сүнслэг Паул болгосон юм.

Хуучин амьдарлынхаа хүрээнд хичээнгүй зүтгэлтэйгээрээ нэртэй алдартай байсан түүнд, тэрхүү хуучин бүхнийхээ эсрэг довтлон, үгүйсгэн зүтгэнэ гэдэг бол, хүний санаанд оромгүй хүч чадал, шийдэмгий зориг шаардсан үйлс юм. Тэрхүү харанхуй цаг үед яаж чадсан юм бэ?, гэмээр асар их ажил үйлчлэл амжуулсан нь бахадмаар.

Паулын бичсэн, Христитгэлийн суурь онолууд болсон захидлууд өнөөдөр ч үй олон итгэгчдийн амьдарлыг чиглүүлдэг. Эдгээр нь бүгд Ариун Сүнсний хүч, онгодоор удирдуулан хийгдсэн түүхэн гайхамшигт гэрчлэл юм.

Паул Галатын Чуулганд бичсэн захидалдаа Ариун Сүнсний талаар хэдэн онцлог зүйлийг өгүүлсэн байдаг.

Үүнд: 1. Ариун Сүнс нь тухайн хүн Есүс Христийн (Гал. 3:1, 2) загалмайн авралын үйлсэд итгэсэн тохиолдолд л өгөгддөг, гэсэн анхны тулгуур няцаагдашгүй үнэнийг баталсан. Өөрөөр хэлбэл, Сайн мэдээгээр л дамжин Ариун Сүнсийг (Иох. 14:6) авч болно гэсэн цорын ганц дээд үнэнийг, Галатчууд ч (Гал. 3:2) амьдарлаараа гэрчлэх ёстойг сануулсан. Учир нь тэд ч бас ингэж л Ариун Сүнсийг авцгаасан.

2. Галат нь Ромын эзэнт гүрний нэгэн томоохон аймаг ба тэд Иудейн уламжлалт шашин шүтлэг, Мосегийн хуулийн талаар огт мэдлэггүй, тэдгээртэй хамаагүй “харь” хүмүүс байсан боловч, Сайн мэдээнд итгэснээрээ Ариун Сүнсийг хүлээн авсан. Ингэснээрээ Бурханы ард түмний (Израилийн) эцэг гэгддэг “Абрахамын хөвгүүд” (Гал. 3:26-29) гэж тооцогдох ба өөрөөр хэлбэл Бурханаар ерөөгдсөн, хүлээн авагдсан ард түмэн болсон. “Эрт үед (хуулиас ч өмнө) энэ л Ариун Сүнсээр харь үндэстэн та нарт хамаатай Сайн мэдээ Абрахамд тунхаглагдсан ба тэр итгэлээр зөвтгөгдсөн шиг, та нар ч Мосегийн хуулиас огт хамааралгүйгээр зөвтгөгдсөн гэдгийг Судар ч баталдаг”(Гал. 3:6-9; 14), гэсэн.

3. Үүнээс гадна Ариун Сүнс Өөрөө Чуулганы дунд, итгэгчдийн дотор аливаа гайхамшигийг итгэлийнх нь дагуу үйлдэн хуулиас огт хамааралгүй Нэгэн гэдгээ нотолдог (Гал. 3:4,5), гэсэн. Энэ нь одоо ч Чуулганы дотор хийгддэг эдгэрэл, чөлөөлөлт, харь хэлээр ярих болон эш үзүүлэх, эдгээх, хэлийг тайлбарлах гэх мэт авъяасууд ба Ариун Сүнсний хүчээр аливаа сорилт бэрхшээлийг даван туулах, хэрэгцээт эд бараа, ахуйн хангамжийн хангалт, сүнслэг дахин төрөлт зэргийг бүгдийг нь багтаан хэлсэн нь тодорхой.

4. Ариун Сүнс бол Бурханы Хүү Есүс Христийн Сүнс бөгөөд (Гал. 4:6) Бурханаар бидний дотоод зүрх сэтгэлд амьдархаар өгөгдсөн, гэсэн. Тиймээс ч бид Бурханыг “Аав, Эцэг” гэж дууддаг. Урьд нь бид Бурхантай огт хамаагүй, элдэв хиймэл шүтээн, (Гал. 4:8) хоосон шашныг шүтэж биширдэг, зовлонтой харанхуй амьдарч байсан бол, харин одоо (Гал. 4:5) Түүнд үрчлэгдэн, хөвгүүд нь болсон. Ингэснээр Бурханлаг зан төлөв, сэтгэлгээ, эрх мэдэл, шинэ амьдрал, амлалтууд зэргийг өвлөх юм (Гал. 4:7), гэсэн. Тиймээс ч, Ариун Сүнс биднийг Эцэг Бурхантай минь улам ойр дотно болгох, улам Түүнийг үнэн зөв таньж мэдэхэд удирддаг, гэж байна.

5. Ариун Сүнс нь бидэнтэй хувьчилсан эрхэм дотно харьцаанд байж, дотоод зүрх сэтгэлийг шинэчлэхийг хүсдэг. Тэр бидний дотор идэвхитэй ажиллаж, бид түүнд нь дуулгавартай даруу байж, хүсэмжлэн тэмүүлснээр бурханлаг зан хандлага, Христийн дүр төрх, тэнгэрлэг амьдрах хэв маягт (Гал. 5:22-24) бүрэн шинэчлэгдсэнээр, бидний дээр хуулийн аливаа буруутгал ямарч эрх мэдэлгүй болно, гэдгийг нэн чухалчилсан.

6. Ариун Сүнс ийнхүү бидний дотоодод ажиллахаас гадна, бидний хоорондын харилцаанд тэнгэрлэг нөлөө бүхий чухал үүргийг гүйцэтгэж, алдсан нэгнийг ухааруулан гэмшихэд, эргэн босоход тусалдаг (Гал. 6:1, 2) ба Христийг дуурайн, бие биеэндээ тус дэм, нөмөр нөөлөг, хамжаа болон амьдархад удирддаг (Гал. 6:8-10), гэж байна.

7. Ариун Сүнсээр дахин төрсөн нэгэн нь, хуучин төрөлх гэмт мөн чанартайгаа үргэлж тэмцэж, сүнслэг тулаан дотор байнга байдаг, гэсэн Христитгэлийн амьдарлын бас нэгэн үнэнийг (Гал. 5:16, 17) элч Паул онцолсон. Тэгээд хуучин амьдрал, дур хүслүүдээ дагавал өв залгамжлах эрх хүчингүй (Гал. 5:19-21) болно. Ариун Сүнсний зүрх сэтгэлд чинь хийдэг, дууддаг бүхэнд дуулгавартай байж, хичээнгүйлэн гүйцэтгэснээр Мөнх амийг баталгаатай өвлөх (Гал. 6:8) болно, гэж бас анхааруулжээ.

Эцэст нь дүгнэхэд, бид заримдаа зүрх сэтгэлдээ болон үйлчлэлдээ, мөн хувийн амьдралдаа аливаа дүрэм журмыг тогтоож, түүнийгээ даган биелүүлхээр хичээнгүйлэн зүтгэж, бас бусдыг биелүүлхийг шахаж шаардан, чадахгүй бол буруутган яллах нь бий.

Энэ нь Христийн хувиршгүй хайр, загалмайн золиослолын Сайн мэдээг өөрсдийнхөөрөө дур мэдэн өөрчилсөн бүдүүлэг хэрэг болдог. Харин Ариун Сүнс нь, Бурханаас Мосегоор дамжуулан өгөгдсөн Хуучин Гэрээний хуулийн үйлсийг ч хүчингүй болгон ирсэн загалмайн Сайн Мэдээтэй салшгүй нэгдмэл ба, тэр тусмаа мөхөс хүмүүсийн тогтоодог аливаа дүрэм журамаас огт хамаардаггүй Нэгэн болохыг дахин шинээр нээж, танин мэдлээ.

“Галат болон Иаков ном” хичээлийн гэрийн даалгавар: №1
Шалгасан багш: Рожер Синиор UBTC 2007 он