Wednesday, November 9, 2011

Тунхаглал


Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Миний дотор Ариун Сүнсний хүч чадал байдаг. Надад ухрах зам байхгүй. Миний бие Түүнрүү алхам хийсэн. Бурхангүй амьдралын тав тухаас миний бие бүрмөсөн татгалзаж байна. Миний бие Христийн дагалдагч байхаар нэгэнт шийдсэн. Би өнгөрсөнөө сөхөхгүй, сульдахгүй, удааширч, эргэж буцахгүй. Миний өнгөрсөн, одоо, ирээдүй загалмай дээр урсгасан Христийн цусаар цагаатгагдсан. Амьдрал минь утга учиртай болж Бүтээгч Эзэний мэдэлд очсон. Загалмайн өмнө би, өөрийн дорой амьдрал, өнгөрсөн бүтэлгүйтэл, элдэв төлөвлөгөөнүүд, ирээдүйн талаархи хэрэггүй хараа зорилгууд, Мөнхийн Бурханыг алдаршуулдаггүй хэл яриагаа, үйлдэл үйлсээ, хувиа хичээсэн харамч байдлаа, тодорхой бус бүхнээ өргөж байна.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Надад Бурханаас л биш бол өөр алдар нэр хэрэггүй. Түүний өгөөгүй байр суурь, эрх мэдэлээс би татгалзаж байна. Есүс Христийн алдрыг халхлах аливаа нэр хүндээс миний бие татгалзаж байна. Хэрэв Эзэн Өөрөө намайг томилоогүй л бол, би хамгийн тэргүүнд байхыг эрмэлзэхгүй. Би бусдын надад үзүүлэх хүндлэл өргөмжлөл, хүлээн авалт болон, тэдний санаа бодлоос ангид байхыг сонгож байна. Хүмүүсийн магтаалыг биш, харин Эцэгийн өгөх шагналыг эрэн хайхаар шийдэж байна. Миний баялаг, бахархал, түшиг тулгуур нь эд хөрөнгө, зэрэг цол, нэр хүнд, албан тушаал биш, харин Мөнхийн амьд Эзэн Бурхан маань, Түүний мөхөшгүй Үг сургааль нь байх болно.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Одоо миний бие Христийн оршихуйд байгч нэгэн. Би итгэлээ сахина. Миний зорилго тодорхой. Элдэв дайн дажин өрсөлдөөн тэмцэл, бүхий л төрлийн хүчирхийлэл харгислал гэмт хэрэг, садар самуун завхай тачаангуй байдал, авилга хээл хахууль, утга учиргүй зугаа цэнгэл хоосон үргүй баярхал, бүхий л төрлийн өвчин шаналал ядуурал хоосрол, алив донтолтууд болон бардамналуудыг үзэн ядаж, эцэст үхэлийг усттал няцахгүй. Эдгээрийн эсрэг миний бие тасралтгүй залбирна. Хайр уучлал, Эзэний Үг нь миний аливаа үйлс үйлдэл, шийдвэрийн үндэс суурь байх болно. Би хүндрэл бэрхшээлүүдийг, дарамт шахалтуудыг хүлцэн тэвчих болно. Би ойр дотныхныгоо болон дайснаа хүртэл хайрлахаар шийдэж байна.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Би Бурхан Эцэгийн надад зориулан бүтээж бас хариуцуулсан газар нутаг, ой мод, гол ус, ан гөрөөс, араатан жигүүртэн, мал адгуусыг хайрлан хамгаалж, арчилж тордон, аливаа шунаг хомхой сэтгэлээр хандахгүй байхаар шийдэж байна. Тэдгээрийн үр шим ашиг тусыг зөв зохистойгоор, ариг гамтайгаар ашиглаж, Эзэний хаанчлалд харамгүйгээр өргөх болно. Би байгал дэлхийн цэвэр ариун, онгон дагшин байдалтай бүхий л талаар хүндэтгэлтэй харьцаж, тэдгээрийг аливаа харгис бурангуй халдлага сүйтгэлээс өмгөөлөн хамгаалхаар, тиймэрхүү бүхий л хандлага харьцаатай эвлэрэхгүй байхаар шийдсэн.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Би Есүс Христийн дагалдагч. Хүмүүст Түүнийг л гэрчлэн ярих болно. Тэрээр намайг хүчирхэгжүүлдэг тул, би Түүгээр дамжуулан хүн төрөлхтөний авралын төлөө боломжтой бүхнийг хийхээр шийдэж байна. Алив харанхуй бурангуй үзэл суртал, тогтолцоо бүтэц, хана хэрмүүдийг, алив дарангуй харгис засаглал, хууль ёс, хэв маягыг газар дэлхийгээс үүрд арчигдтал зүтгэх болно. Би элдэв мэргэ төлөг, илбэ шид, шившлэг дом, ховс нөлөө зэрэг мухар сүсэгийн бүхий л зан үйл, шүтлэг мөргөлийн аливаа өндөрлөгүүдийг үзэн ядаж, хүн төрөлхтөний зүрх сэтгэлээс тэдгээрийн хорон муу нөлөөг арчин хаяхын төлөө тууштай залбирч, тэмцэх болно. Есүс Христээр дамжуулан надад өгсөн хүчээр, миний бие Бурхан Эцэгийнхээ алдарын төлөө хөдөлмөрлөх болно.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Би урагшлахдаа тууштай байхаар шийдэж байна. Миний хараа үргэлж Мөнхийн Улс руу чиглэх болно. Намайг Газарчлагч Нэгэнийг дагахаар шийдсэн. Би урвахгүй. Энэ дэлхийтэй эвлэрэхгүй, түүний заль мэх, уруу татагч гэм нүгэлийг эсэргүүцэж амьдрах болно. Хойш ухрахгүй, эргэж няцахгүй, замын дунд зогсохгүй, харин бат итгэлтэй, хатан зоригтой, тууштай байхыг сонгож байна. Миний бие, Христийн төлөө өөрийн амьдралыг золин, зориулахыг шийдсэн. Дахин эргэлзэхгүй. Нөхцөл байдал хэдий хэцүү байсан ч, би дайсантай нэг ширээнд сууж хэлэлцэн тохирохгүй, эвлэрэхгүй. Гуйвамтгай байхаас татгалзаж байна.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.

Миний бие чадах хирээрээ бусдад өгөх болно. Би бусдын өмнө хайраас өөр өртэй байж, Эзэний тушаагаагүй гэрээ хэлцэл, тохироо, амлалтын буулганд орохгүй. Эзэн надад, “болсон, хангалттай” гэж хэлэх хүртэл, Сайн мэдээний төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр байх болно. Сайн мэдээг бусдад тунхаглан, тэдний төлөө халуунаар залбирч, ургацын талбайд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, ургац хураах хүртлээ би бууж өгөхгүй, эрч хүчээ алдахгүй, цөхрөхгүй байх болно. Би хувь заяанаас ямар нэг аз жаргал, амжилт ололтыг горьдон хүлээхгүй. Зөвхөн Түүний дахин ирэлтийг чин сэтгэлээсээ итгэж найдан, үнэнчээр хүлээх болно.

Миний бие эцсээ хүртэл туйлбартай байж, эхэлсэн замаа дуусгах болно.





“Дотоод эдгэрэл, ариусал, чөлөөлөлтийн үндэс” курсийг төгсөгчидийн тунхаглалаас үндсэн санааг авч, теологийн болон найруулгын засвар хийж шинэчилсэн хувилбар