Wednesday, April 15, 2009

Саул, Давид нарыг харьцуулах нь


1.Тэдний гарал үүсэл

Саул нь (1Сам.9:1,2) Афиагийн жич, Бехоратын гуч, Зерорын ач, Абиелын хөвгүүн Киш гэдэг эр зоригтой, Бениамин хүний ганц хүү юм. Саул нь тэр үедээ Израилчуудын дунд байхгүй өндөр биетэй, шилдэг гэж үзэгддэг, сайхан залуу байсан. Тэр үхэрчин байсан.

Давидын гарал үүслийн талаар Библийн Хуучин Гэрээний (Рут.4:18-22) (1Шас.3:10-17)-д, Шинэ Гэрээний (Мт.1:1-6) (Лук3:23-28)-д нилээн нарийвчлалтайгаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Түүний угийн бичгийг Адамаас эхлүүлэн дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг боловч, энд (Мт.1:1-6)-д бичигдсэн хувилбарыг оруулав. Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков Иудагийн эцэг, Иуда нь Перез, Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг, Рам Аминадабын эцэг, Аминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг юм. Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед нь Иессийн эцэг, Иесси нь Давид хааны эцэг билээ.
Давид нь дээрээ 6-н ахтай, 2 эгчтэй, айлын отгон хүү юм. (1Шас,2:13-16) Түүний ах нар нь Елиаб, Абинадаб, Шимеа, Нетанел, Раддаи, Озем нар ба эгч нар нь Зериуа, Абигал нар юм. Тэрээр хоньчин байсан. (1Сам.16:11) (1Сам.17:20)

2. Тэдний хаанаар тослогдсон нь:

Саул нь Израилийн хамгийн анхны хаан юм. Түүнийг хаанаар тослогдох үе нь, Израилчууд шүүгчдийн засаглалыг хүчгүй, сул дорой гэж голон “бусад үндэстнүүдийн адил хаантай” болохоор хүсэн тэмүүлж байсан үе юм. Тэд тахилч, эш үзүүлэгч, Израилийн сүүлчийн шүүгч Самуэлээс хааныг эрчимтэй шаардаж байлаа. (1Сам.8:6). Самуэл хичнээн дургүй байсан ч Бурханы сануулснаар, хааны засаглал нь ямархуу хэцүү дарамтыг тэдний нуруун дээр авчирахыг Израилд сануулсан боловч, тэд үргэлжлүүлэн шаардсан (1Сам,8:19,20). Тиймд Эзэн хааныг томилохоор шийдвэрлэдэг. Ийнхүү Эзэн Самуэл Саул нарын уулзалтыг гайхамшигтайгаар товлосноор тэд уулзаж танилцдаг (1Сам.9:17-21). Маргааш өглөө нь Самуэл Саулыг (1Сам.10:1) тослон хаанаар сонгогдон томилогдсоныг нь хэлсэн. Хэсэг хугацааны дараа Самуэл Израилыг Мизпад цуглуулаад, тэнд Саулыг Эзэнээр сонгогдсон хаан гэдгийг нь зарласан.

Давид нь Израилийн бүх үеийн турших хамгийн аугаа хаан юм. Түүнийг эцгийнхээ хонийг хариулсан залуухан хүү байхад, Израилийг Саул хаан захирч байв. Гэвч Саул Эзэний өмнө бардам, дуулгаваргүй байснаас Эзэн түүнийг хаан байлгахаас татгалзан, улмаар Самуэлийг Бетлехем рүү илгээсэн. Самуэл тэнд Иессийн 6-н хүүг шинжсэн боловч Эзэний сонгосон хүн тэдний дунд байсангүй. Харин хонины бэлчээрээс отгон хүү Давидыг нь авчирмагц, Эзэн түүнийг тослохыг Самуэлд тушаасан. Самуэл ах нарынх нь дунд эвэртэй тосоор түүнийг тосолсноос хойш Давидын дээр Ариун Сүнс хүчтэйгээр бууж ирэх болсон (1Сам.16:6-13). Гэсэн ч тэрээр хааны сэнтийд бодитоор залартлаа хүнд хэцүү, хатуу ширүүн он жилүүдийг туулан өнгөрөөсөн нь, жирийн хоньчин хүүг Бурханы ард түмэн Израилийн агуу их хаан болгохоор дасгалжуулан бэлдэж байсан Эзэний сахилгажуулалт, сургууль байсан юм. Түүнийг өөрийнх нь оронд Израилийн хаан байхаар тослогдосныг сонсоод Саул хаан түүнийг алахаар улайран хөөцөлдөж эхэлсэн нь Давидыг улам л алдаршуулж, хатуужуулж, ухааруулж, төлөвшүүлж байлаа. Он жилүүд өнгөрч Саул хаан амиа хорлон үхмэгц, Давид өөрийн дагалдагчдын хамт Хебронд ирж суусан ба Иудагийн эрчүүд (2Сам.2:4) ирж, тэнд түүнийг Иудагийн гэрийн хаанаар тосолсон. Тэр үед тэр 30-н настай байсан. 7-н жил 6-н сар Иудаг хаанчилж байхдаа бүх Израилд хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан ба Иш-Бошет, Абнер нарын захирсан Израилийн гэртэй дайтаж байлаа. Харин Абнер, Иш-Бошет нар алагдасны дараа Израилийн бүх ахлагчид Хебронд цуглан Давидтай Эзэний өмнө гэрээ байгуулж, бүх Израилийн хаан болгон тосолсон (2Сам.5:1-5).

3.Тэдний хаанчилсан хугацаа

Хаанчлал нь зөвхөн тухайн нэр бүхий хувь хүний амьдралын хугацаагаар хэмжигддэггүй. Түүний үр удам нь угсаа залган хэр их, он удаан жил тасралтгүй хаанчилснаар хэмжигдэнэ

Саулийн хаанчилсан хугацааны талаар зөрөөтэй саналууд, таамагууд байдаг. Ямартаа ч Монгол Библи дээр 40-н насандаа хаан болоод (1Сам.13:1) Израилийг 32 жил захирав, гэсэн байдаг. Зарим эх сурвалж 30-н насандаа хаан болж 40-н жил Израилийг захирсан гэсэн байдаг. Саулыг нас барсаны дараа, түүний 4-р хүү Иш-Бошет хойд Израилийн хаан суудалд сууж 2 жил хаанчилсан. Иш-Бошет өөрийн албатууддаа алуулснаар Саулын хаанчлал бүрэн тасарсан.

Давид 30-н насандаа хаан болж, Хебронд 7-н жил 6-н сар, Иерусалимд бүх Израил болон Иудаг 33-н жил, нийт 40-н жил хаанчлав (2Сам.5:4,5), гэж бичигдсэн байдаг боловч Эзэн түүнд “…Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно...” (2Сам.7:16) гэж амласан нь гайхалтай.
Гэвч Давид гэмд унаж, ноцтойгоор нүгэл үйлдэн, шударга, үнэнч дайчныхаа (Уриагийн) амийг хөнөөж, эхнэр Батшебаг нь эзэмдсэн нь түүний гэрт, хойчийн угсаа залгамжилсан хаанчлалд нь бүдрүүлэх чулуу болсон юм. Эзэн түүний энэ гэмд хилэгнэн “…чиний гэрээс хэзээ ч илд салахгүй (2Сам.12:10), чиний эсрэг гэрийнхнээс чинь гай зовлон ирэх болно…” (2Сам.12:11) гэж айлдсан нь, түүхэнд хэрэгжсэн юм.
Дөрвөн зууны туршид Давидын удам Иудагийн хаан ширээнд тасралтгүй суусан боловч Давид шиг сүнслэг, итгэмжит тослогдсон хаан байгаагүй ба хиймэл шүтээн шүтэгчид, урван тэрсэлж завхайрагчид, олон байсан тул, энэ удмынхнаас илд салалгүй байсаар, МЭӨ 587 онд Иерусалим сүйрч Вавилонд эзлэгдсэн ба Давидын удмын сүүлчийн хаан Зедекиа нүдээ сохлуулан олзлогдсон байдаг (2Хаад 25:6,7).
Тэгэхлээр Бурханы амласан мөнхийн хаанчлал 400-гаадхан жилийн настай байсан гэсэн үг үү?! Бурхан Давид-д амлахдаа, зөвхөн Өөрийн талаас л энэхүү амлалт үүргийг хэрэгжүүлнэ, гэсэн болохоос Давидын талаас ямар үүрэг хариуцлагатай болохыг заагаагүй. Түүний амлалтын оргил нь Давидын удмаас мөнхийн Хаан болох Мессиа төрнө гэсэн нь юм (Ис.9:6,7) (Ис.11:1,10).
Энэхүү гайхалтай амлалт нь Евагийн үр могойн толгойг няцлах болно (Эх.3:15), гэсэн зөгнөлийн үргэлжлэл, Абрахам болон түүний удамд өгсөн амлалтын (Эх.12:1-3) үргэлжлэл байлаа. Энэ амлалтын биелэлт нь Давидын удмын итгэмжит охин Мариа, зөвт залуу Иосеф нарын гэр бүлд, тэнгэр элч Габриелийн тунхагласнаар Есүс Христ мэндэлснээр биелэлээ олж эхэлсэн (Лк.1:30-37) ба улмаар, Христ үхлээс амилан, тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл Түүнд өгөгдөж (Мт.28:18-20), Эцэгийн баруун гарт заларсан (Үйлс 2:29-36) явдлыг ч багтаадаг. Давидын удам, мөнхийн Хаан Христийн (Илч.3:7) (Илч.22:16) хаанчлал нь энэ үед Бурханы хаанчлалыг удирдан Чуулганыг тэргүүлж байгаа ба ирэх үед мөнхийн мөнхөд шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээж удирдан захирснаар (Илч.21,22) төгс биелэнэ.

4. Тэдний хувийн зан чанар

Саул нь анх Самуэлтэй уулзаж, хаанаар тослогдож байх үедээ өөртөө итгэлгүй, даруу бүрэг ичимхий (1Сам.9:21) (1Сам.10:22,23) нэгэн байсан. Эзэн Ариун Сүнсээрээ түүнийг тосолж, зан чанарыг нь өөрчилсөн (1Сам.10:9). Эзэн энэхүү тосолгоог хэрэгтэй цаг үед нь дахин хийснээр (1Сам.11:6) тэрээр өөртөө итгэлтэй (1Сам.11:7), хүмүүсийг удирдан зохион байгуулж, тэргүүлэх чадвартай (1Сам.11:11) хүчирхэг нэгэн болон хувирсан байдаг. Хэдийгээр түүнийг хаанаар өргөмжлөх үед үл бүтэх хүмүүс басамжилсан боловч, анхны ялалтаа байгуулж, эрх мэдэл, байр сууриа баталсан үедээ тэднийг шийтгэн өс авахаас татгалзан (1Сам.11:13), өгөөмөр язгууртан занг харуулж байлаа.
Гэвч тэрээр амархан сэтгэл хөдлөлд автдаг, түүндээ захирагддаг байсныг нь ашиглан, муу сүнс түүнийг атаархал айдас, дуулгаваргүй байдалд хөтөлсөн. Тэрээр дайснаа ялахад нь ихээхэн хэрэгтэй байсан, хүч тэнхээ сэлбэх хоолыг нь хорьж, хөнгөн хуумгай шийдвэр гаргаж Эзэнд тангараг (1Сам.14:24) өргөсөн нь хүү Ионатаных нь амийг ноцтойгоор аюулд (1Сам.14:31-44) учруулсан байдаг. Саул нэр төр, алдар хүндэд шунагч байсан ба дайсандаа хүртэл нэр тал олохыг оролдож (1Сам.15:9), Амалекийн хаан Агагийг амьд үлдээн Бурханд дуулгаваргүй хандсан байдаг. Тэрээр амьдралынхаа сүүл үед, хаан ширээнийхээ төлөө хардах, харамлах сэтгэлдээ хөтлөгдсөн, ирээдүйн Израилийн хаан Давид-д атаархсандаа солиорох шахсан, огцом ууртай нэгэн (1Сам.18:11) болсон.
Тэр Давид руу, тэр ч бүү хэл, хүү Ионатан руугаа (1Сам.20:33) жад шидэн алах гэж оролдосноос нь харахад, биеэ барих чадвараар сул дорой байсан бололтой. Тэрээр үнэнч биш хувирамтгай зангаасаа болж Давид-д амласан амлалтнаасаа гурвантаа буцсан байдаг. Анхны удаа том охин Мерабыг эхнэр болгон өгөхөөр амлаад (1Сам.18:19) өөр хүнд өгсөн ба мөн удаах охин Михалыг Давидын эхнэр болгосон боловч, бас л өөр хүнд өгсөн байдаг. Бас түүнийг алах боломжийг ашиглаагүй, амийг нь өршөөсөн Давид-д (1Сам.24:16-21) амласан амлалтаа няцаж, дахиад л түүнийг алахаар мөшгөн хөөсөн (1Сам.26:2).

Давид бага залуу 20 хүрээгүй насандаа олны дунд алдар хүндийг олж эхэлсэн. Бурхан түүнийг нэн эртнээс Өөрийн зорилгын төлөө бэлтгэж, эр зоригтой, шударга, үнэнч нэгэн болгон өсгөсөн байна. Тэрээр хоньчин хүү байхдаа л арслан, баавгайг нүцгэн гараараа (1Сам.17:34,35) цохиж алдаг байв.
Давид бурханлаг удирдагч хүний олон сайн зан чанарыг цогцлоосон нэгэн байв. Тэрээр туйлдаж ядарснаас болоод тулалдаанд оролцож чадаагүй хүмүүстэйгээ дайны олзноос эн тэнцүү хуваалцсан (1Сам.30:23-25), Абигалын ятгалгыг сонсож уур хилэнгээсээ эргэж, Набалынхныг хүйс тэмтэрхээс татгалзсан (1Сам.25:32-34), Саулыг алах боломжоос 2 удаа татгалзсан (1Сам24:4-6) (1Сам.26:9-11), Бурханы авдарын өмнө, олон нийтээс ичиж зоволгүй бүжиглэсэн (2Сам.6:14-16), Саул (2Сам.1:14-16) болон Иш-Бошетийг (2Сам.4:9-12) алсан алуурчдыг шийтгэсэн, Саул, Иш-Бошет, Абнер нартай дайтаж тэмцэж явсан боловч, үхсэнийх нь хойно харамсан гашуудаж (2Сам.1:17-27) (2Сам.3:31-35) хүндэтгэл үзүүлж байсан, Ионатантай байгуулсан гэрээгээ сахиж, хүү Мефибошетод нь өршөөл энэрэл, өглөгийн гараа сунгасан (2Сам.9:6-13), эш үзүүлэгч Натаны зэмлэлийг сонсоод, Эзэний өмнө шууд л гэмшин даруу болсон (2Сам.12:13), Бурханаас түүний амьдралд хийж буй сахилгажуулалт бэрхшээл зовлонд ч дуулгавартай даруу байж (2Сам.15:25,26) хүлээн авдаг байсан ба хүний хараал (Бениамин хүн Шимеи) зүхлийг ч хүлцэн тэвчиж (2Сам.16:10,11) уучлан өнгөрөөсөн (2Сам.19:18-23) зэрэг зан чанарын илрэлүүд нь, эгэл хүнд баймгүй тэнгэрлэг зан, сүнсний төлөвшилийн үр дүн байсан. Энэ бүхэн нь Эзэнтэй Ариун Сүнсний нөхөрлөл дотор байсны ач болов уу?!
Гэхдээ Давид төгс төгөлдөр нэгэн байгаагүй. Тэр эмэгтэй хүнд амархан сэтгэл алдардаг байв. Энэ муу зуршилаасаа болж, эхнэртэй нь завхайрахын тулд, гэмгүй нэгэн шударга дайчнаа үхүүлж аллага үйлдсэн.
Мөн үр хүүхдийнхээ хүмүүжилд маш муу анхаардаг эцэг байсан. Тэднийгээ сахилгажуулж, хүмүүжүүлж чаддаггүй байснаас болж, нэг нь нэгнийгээ хүчирхийлж (2Сам.13:11-14), хоорондоо алалцаж (2Сам.13:28,29) бас хаан ширээ булаалдаж (1Хаад 1:5,6), тэр ч бүү хэл өөрийнх нь амь насанд ч заналхийлэн, хаан ширээнд нь шунаж байлаа.

5. Тэдний итгэл үнэмшил, сүнсний байдал

Саул нь
бага залуугаасаа Эзэнтэй ойр дотно байгаагүй нь хүний ганц хүү байснаас болсон байж магад. Хүний ганц хүү учир эрх дураараа, элбэг хангалуун өссөн байх.
Тэрээр ямартаа ч амьдралынхаа аливаа асуудлыг Эзэнд даатгадаггүй, өөртөө их найддаг нэгэн байсан нь харагддаг. Тэр илжигнүүдээ хайгаад олохгүй болохоор гэртээ харихаар шийдсэн үед (1Сам.9:5) зарц нь түүнд Эзэний хүн дээр очиж асуухыг зөвлөснөөр (1Сам.9:6) Самуэл руу очсон. Бас Саулыг эш үзүүлж байгааг, түүнийг урд нь мэддэг байсан хүмүүс хараад (1Сам.10:11,12) маш их гайхацгааж, “Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү?!” гэж ярилцацгаасан ба энэ нь бүр олны дунд зүйрлэл, хэлц үг болсоноос харахад, тэрээр аливаа сүнслэг амьдралын хэв маягаас (Бурханаас) дэндүү хол хөндий, эгэл практик бодьгал байсан бололтой.
Тэр тахилч биш боловч Эзэний хуулийг, Үг тушаалыг нь умартан тахил өргөсөн нь, түүний зүрх сэтгэлд Эзэн болон Түүний Үг ямархуу байр суурь эзэлж байсных нь илрэл болсон. Тэрээр Бурханаар сонгогдсон, Бурханы ард түмний удирдагч гэхэд дэндүү хөнгөн, өнгөцхөнөөр Үг тушаалд нь ханддаг, Эзэнийг зөвхөн өөрийнх нь байр суурь, хүсэл сонирхолд нь л үйлчлэгч Нэгэн мэт санадаг байсан нь харагддаг (1Сам.13:9-12). Мөн тэрээр хүмүүсийн тааллыг хайж, тэдний өмнөх нэр хүнд байр сууриа чухалчилж (1Сам.15:30) өөрийн итгэл үнэмшил, Эзэний хүсэл тушаалыг огоорсон нь, түүний хаанчлал эцэс болж Эзэний Сүнс түүнийг орхих учир шалтгаан болсон байдаг.
Саул Самуэлд л их найдаж, аливаа зүйлд түүнийг түшиглэдэг байсан ба Самуэлийг нас бармагц, түүний дурсгалд зориулж (Бурханыг хүндэлсэндээ биш) бүх мэрэгч, төлөгч нарыг Израилаас хөөсөн (1Сам.28:3).
Гэвч энэ шийдвэр нь, үнэхээр түүний чин үнэнч итгэл үнэмшилийнх нь илрэл биш гэдэг нь 2 зүйлээр харагддаг.
1. Хэрвээ тэр Бурханд л чин зүрхнээсээ итгэж найддаг байсан бол анхнаасаа л хаан болмогц л энэ шийдвэрийг гаргах байсан.
2. Тэрээр хожим дайсны хүчинд шахагдаад эхэлмэгц гаргасан шийдвэрээсээ тун амархан урваж Ен-дорын төлөгч эмд очиж (1Сам.28:7-19) хувь заяагаа асуун, бүр улмаар үхсэн нэгний сүнсэнд (1Сам.28:14) мэхийн мөргөсөн байдаг.
Энэ нь Израилд өгсөн (Д.х.6:4,5) “…Эзэн бол ганц. Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. (Д.х.13:1-5) Аливаа эш үзүүлэгч, мэргэч, зүүдэчийн үгийг, тэмдэг гайхамшиг үзүүлсэн ч бүү сонс…” гэсэн тушаалыг зөрчсөн ноцтой гэм байсан юм. Саул нь Бурханыг өөрийн ашиг сонирхолд үйлчлүүлэх зорилгоор л хардаг, сул дорой итгэл, дуулгаваргүй бардам зан, муу үйлсээрээ бидэнд ухаарал сургамжийг сануулдаг, Библийн нэгэн эмгэнэлтэй дүр билээ.

Давид бага залуугаасаа Эзэнтэй ойр дотно хувьчилсан харилцаатай, Түүгээр хайрлагдсан нэгэн байлаа. Тэр, Эзэнээр удирдуулдаг, Түүнд бүх итгэл найдвараа тавьдаг нэгэн байсан нь, түүний зохион дуулсан олон дууллаас тодорхой байдаг.
Дуулал номын 73-н дуулал дээр Давидынх гэдгийг нь баталсан гарчиг бий. Тэр хонины бэлчээрт байхдаа л Эзэнд зориулж олон дуулал зохиож, Түүнийг магтдаг байсан нь, Саул хаанд нэгэн залуугийн (1Сам.16:18) тодорхойлж байснаас харагддаг. Түүний зохиосон дууллууд нь үе үеийн тоо томшгүй итгэгчдийн өмнөөс Бурханд дуулдаг ба тэдэнд урам зориг, итгэл найдвар, тайвшралыг өгч, босгон байгуулдаг.
Энэ нь Ариун Сүнсний илэрхийлэл гэж хүлээн зөвшөөрөгдөж, одоо ч Эзэн тэдгээрээр дамжуулан олон олон хайртай хүүхдүүддээ ухаарал гэмшилийг өгч, сургаж хүмүүжүүлж байдаг. Мөн тэр өөрөө гайхалтай магтаалын тосолгоотой нэгэн байсан бөгөөд Ариун Өргөөнд, Эзэний Оршихуйд үргэлж магтаал хүндлэл өргөж байх магтаалын багыг (1Шас.16:4) анх удаа томилон үйлчлүүлсэн.
Ингэснээр Ариун Газар Эзэнд өргөх хүндэтгэл-мөргөлийн тогтсон хэв маяг, уламжлал дүр төрхөө олж, улмаар өнөө үе хүртэл үндсэн хэв загвараа хадгалсаар, Чуулганы мөргөлийн үйлчлэлийн гол цөм болдог. Тэрээр нүүдлийн байдалд байсан Эзэний авдарыг гүн хүндэтгэлтэйгээр, ёслол төгөлдөр Иерусалимд авчирч байрлуулаад Эзэний Оршихуйд зориулж Ариун Өргөөг барихаар (2Сам.7:2) санаа дэвшүүлсэн.
Харин Эзэн, цус их урсгасан дайнч хүн гэсэн шалтгаанаар татгалзсан ба хүүгээр нь бариулахыг зөвшөөрсөн (1Шас.22:7,8) тул Давид хаан, өөрийн аян дайны олз омог болон Израилчуудын өргөсөн, харь хаадаас бэлэглэсэн асар их үнэт металл, эрдэнийн чулууг, мөн барилгын материалыг бэлтгэн, зохих хүмүүст даатган хариуцуулж (1Шас.29:2-8) хүү Соломондоо захиж үлдээсэн.
Бас энэхүү Ариун өргөөний гадаад болон дотоод загвар (1Шас.28:11,12), үйлчлэлд шаардлагатай сав суулга болон бусад эд хэрэглэлийн зураг загварыг (1Шас.28:13-18) Ариун Сүнсний удирдамжаар (1Шас.28:19) зураад Соломон хаанд дамжуулан үлдээсэн байдаг.
Үе үеийн үй олон итгэгчидийн бахархан уншиж, төсөөлөн бодож, сүнслэг ухаарал авдаг, Давидын итгэлийн түвшинг батлан харуулсан оргил үйл явдал бол Голиаттай тулалдсан түүх юм. Жирийн нэгэн хоньчин залуу, өөрийн итгэж найдаж түшиглэдэг Израилийн Бурхан Эзэний нэрээр, ганц чулуугаар, өвч бүрэн зэвсэглэсэн, мэргэжлийн дайчин, аварга биет хүчирхэг Голиатыг алсан нь, Голготын толгод дээрхи загалмайн үйл явдалын бас нэгэн сүүдэр юм.
Одоо ч итгэгч хүн бүр Голиатын эсрэг ширүүн тулаан хийдэг бөгөөд, дарамт шаналал, өвчин зовиур, гачигдал, санаа зовнилоор дүүрэн бодит нөхцөл байдлын эсрэг бидний барьдаг чулуу бол Эзэний Үг юм. Давид Ариун Сүнсний хүчээр эгэл хүний дааж давж чадахгүй олон зовлонг даван туулж, хийж чадахгүй олон үйлсийг хийсэн тухай өмнөх “хувийн зан чанар” гэсэн хэсэгт цухас дурдсан тул энд дэлгэрэнгүй өгүүлсэнгүй.
Давид хаан нь Бурханаар удирдуулсан, Түүнтэй нөхөрлөсөн өөрийн гайхамшигт амьдрал түүхээрээ, Эзэний хүмүүст үлгэр дуурайл болсон гайхалтай итгэлийн баатар билээ.

6. Тэдний гэр бүлийнхэн

Саул нь 4-н хүү, 2 охинтой байсан (1Сам.14:49). Түүний эхнэр нь Ахимаазын охин Ахиноам юм (1Сам.14:50). Түүний хөвгүүд нь Ионатан, Шиви, Малхишуа, Иш-Бошет нар юм. Охид нь Мераб ба Михал нар юм. Бас түүнд Аиагийн охин Ризпа гэж татвар эм байсан (2Сам.3:7).

Давид хаан 18 эхнэртэй, бас бусад олон татвар эмтэй байсан. Эдгээрээс анхны эхнэр Михал нь (2Сам.6:23) үр хүүхэдгүй байсан. Иезреел эмэгтэй Ахиноам түүнд Амноныг, кармел эмэгтэй Абигаил Даниелийг, Гешурын хаан Талмаин охин Мааха Абсаломыг, Хаггит Адонаиг, Абитал Шефатиаг, Егла Итреамийг, Батшеба Шимеа, Шобаб, Натан, Соломон нарыг төрүүлж өгсөн байна (1Шас.3:1-9).
Түүний 10-н бага эхнэр нь эмгэнэлтэй хувь заяаг туулсан. Тэд эцгийнхээ эсрэг бослого гаргасан Абсаломын (2Сам.16:22) улс төрийн тоглоомын золиос болсон ба үүнийхээ төлөө бүх насаараа хоригдол (2Сам.20:3) мэт амьдарчээ. Мөн Давид хаан хөгширсөн хойноо шунем охин Абишагийг өөртөө үйлчлүүлдэг байлаа (1Хаад 1:3,4).
Бас татвар эмсүүд нь хүүхдүүд төрүүлсэн байдаг (1Шас.3:7). Түүнд хэдэн охин төрсөн нь тодорхойгүй. Ямартаа ч Амнонд хүчиндүүлсэн охин Тамар нь, Маахагын охин ба Абсаломын дүү юм.

7. Тэдний үхэл

Саул, аугаа Бурханы сонгосноор, Бурханы ард түмэн Израилын хаанаар томилогдсон боловч эмгэнэлтэй хувь заяаг туулж, харамсалтайгаар 3-н хөвгүүнийхээ хамт нас барсан (1Сам.31:4). Филистчүүдийн ээлжит довтолгооны эсрэг Гилбоа ууланд тулалдаж яваад, амьдрах найдваргүйгээ мэдээд амиа хорлож үхсэн. Түүний цогцосыг дайснууд нь ялалтынхаа тэмдэг болгон Бетшаны хананд (1Сам.31:10) өлгөсөн ба харин Амнон хүн Нахашийн харгислалаас түүний аварсан Иабеш-Гилеадын эрчүүд ачийг санаж, цогцосыг нь хулгайлж авчираад зохих ёсоор шатааж, Иабеш дахь сухай модны доор оршуулсан байдаг.
Саул болон хүү Ионатаных нь үхлийн тухай сонсоод Давид маш их гашуудаж, гашуудлын дууг дуулсан байдаг. Саул нь Израилд хаант засаглал хэлбэр дүрсээ олж бат тогтнох үндэс суурийг засаж, бүх үеийн турших Израилийн аугаа хаан Давидын хаанчлалын урдчилсан нөхцөлийг бүрдүүлж, Бурханы зорилгод ашиглагдсан нэгэн билээ.

Давид хаан баялаг, хүндэтгэлээр дүүрэн өдрүүдээ эцэслэн, өндөр насыг наслаад үхэв (1Шас.29:28). Түүнийг Давидын хотод оршуулсан (1Хаад 2:10). Тэрээр өөрийнхөө оронд хүү Соломоноо хаанаар өргөмжилсөн (1Хаад2:12).





“1,2 Самуэл” хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Эрик Томсон

Thursday, April 9, 2009

Марк 10:17-31-р хэсэгт тайлал харьцуулалт хийсэн нь


(Марк10:28-31) Петр Түүнд, -Хар л даа. Бид бүхнийг орхиод дагасан, гээд ярьж эхлэв. Есүс -Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү эгч дүүгээ, эцэг эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.
  • Хүн төрөлхтөнд Эзэн Бурханаас бэлэглэсэн нэгэн гайхамшигтай “хайрын захидал” байдгийг Библи гэнэ. Энэ нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Энэхүү “ захидлын” товч агуулга нь, нэгэн маш сайн Эцэг цорын ганц Хүүтэй байсан ба тэд хайрын Ариун Сүнсний нэгдэл дотор хамтран нэгэн зорилгоор гайхамшигтай үзэсгэлэнтэй төгс төгөлдөр орчлон ертөнцийг бүтээсэн тухай өгүүлдэг. Улмаар тэд өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээж, түүнд бүх бүтээлүүдийг захирах эрх мэдэл, байр суурийг олгон итгэл хүлээлгэв.
Гэвч харамсалтай нь хүн дайсантай /муу сүнс/ нөхөрлөн Тэдний халуун хайрлуу ус цацдаг.

Ийнхүү гайхамшигтай тэрхүү ертөнцөд /дэлхийд/, Эцэг, Хүү, Ариун Сүнсний эсрэг бузар булай болгон хөгжиж цэцэглэж эхлэв. Гэвч Тэд зөвт шударга, хайр нигүүлсэл дүүрэн төгс оршихуй тул бүх бүтээлээ устган сүйрүүлэхийг хүссэнгүй. Энэ нь тэдний бүтээлийг бузарласан нэгэнд ялагдсан хэрэг болох байлаа.

Дайсанч үүнийг л хүссэж байв. Эцэг гэмтнийг /хүн төрөлхтнийг / уучилсан бөгөөд, харин үнэхээр мөхөс дорой,сайн мууг ялгах чадваргүй тэдэнд, уучлал хайрыг нь хүлээн авч зүрх сэтгэлээ нээх боломж олгохоор, тодорхой төлөвлөгөөний дагуу бэлдэх шаардлагатай байв.

Ийнхүү бэлтгэж, бас ”та нарыг авархаар Хүүгээ явуулна” гэж, үе үеийн сонгогдогсдоороо дамжуулан амласан амлалтуудыг болон, Хүүг хүлээн авхад хүмүүсийг бэлтгэж байсан, түүхэн үеийн тухай 39 номыг Хуучин Гэрээний КАНОН гэнэ.
Иймээс энэхүү КАНОНЫ хамгийн гол сэдэв нь Аврагч ирэх болно, гэсэн нь юм.

Харин Хүү ирээд бүх амлалтыг хэрэгжүүлсэн, Эцэгийн уучлал хайрыг нотлон харуулж, бас дахин эргэн ирж Сэнтийдээ залрах тухай гэрчлэл, нотолгоо, захиа даалгавар бүхий 27 номыг Шинэ Гэрээний КАНОН гэнэ. Иймээс энэхүү КАНОНЫ хамгийн гол сэдэв нь Аврагч ирсэн, Тэнгэрт одсон, дахиад ирэх болно, гэсэн нь юм.
  • Эдгээр Шинэ Гэрээний 27 номноос, илгээгдсэн Хүү Есүс Христийн амьдрал тэмцэл, ялалт, өргөмжлөлийг гэрчлэн бичсэн 4 ном байдгийг сайн мэдээний бичээсүүд гэнэ.
Эдгээрээс “Марк” номыг хамгийн анхлан бичигдсэн ном гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар МЭ 50-60 онд Ром хотод бичигдсэн гэж үздэг. Тэр үед Ром хотод дэгдсэн их түймрийг, Христчид асаасан гэсэн гүтгэлэг газар авсанаас, тэр үеийн Ромын хаан Неро итгэгчдийн эсрэг маш их харгислал хавчлага явуулж байжээ.

Яг энэ үед хүнд нөхцөлд итгэлээ хамгаалж байсан итгэгчдэд /хүлээн авагчдад/ урам зориг өгөх зорилгоор тус ном бичигдсэн гэж үздэг.
Учир нь “тэр даруй” гэдэг холбоос үгийг олон дахин хэрэглэн, үйл явдлын өрнөлөөс өрнөлд түргэн шилжиж, Есүсийн үйлчлэлийг чухалчлан өргөсөн байдаг.

Мөн дагалдагч байхын үнэ цэнэ, золиослолыг олонтоо дурьддаг. Гэсэн мөртөө сургаальт зүйрлэл харьцангуй бага бичигдсэн. Бас Есүсийн мэндэлсэн тухай болон Иудейн ургын бичигийг орхигдуулсан, бас Арамей үгсийг орчуулан, Латин нэр томъёо ашигласан зэргээс харахад, ромчуудад /иудей биш харь үндэстнүүдэд / зориулагдсан байна гэж үздэг.

Зохиогч Марк нь, номынхоо гол агуулгыг элч Петртэй хамт үйлчилж байхдаа, түүний гэрчлэлээс олж авсан бололтой. Иохан Марк нь, Ромын чуулганы ахлагчдын нэг байсан. Тэр элч Петр/Үйлс 12:12,25/ / I Петр 5:13/, элч Паул/Үйлс 13:1-13, Кол.4:10,Флм.1:24/, дагалдагч Барнаб /Үйлс 15:39/ нартай хамт Эзэний алдарын төлөө зүтгэж явсан нэгэн байдаг.

Нэгэн эд хөрөнгөөр баян залуу мөнхийн амийг хэрхэн өвлөн авахыг Эзэнээс асуусан. Эзэн, эд хөрөнгөөр баян нэгэн нь түүндээ итгэл найдвараа тавьдаг, түүнийгээ бурханаас илүүгээр хайрладаг учир, Бурханы хаанчлалд орохгүй гэсэн. Яг эндээс дагалдагч Петр гомдоллож эхэлсэн ...Бид бүхнийг орхиод дагасан гэдгээрээ тэр, өмч хөрөнгөө орхисон гэсэн санааг илэрхийлсэн. Энд халуун цочмог, түргэн зантайгаараа Петр л эхэлж ярьсан болохоос, бусад дагалдагчид ч түүн шиг бодолтой байсан нь тодорхой байдаг.

Түүхэн нөхцөлд нь авч үзвэл, израйлчууд зүрх сэтгэлийн цэвэр ариун, мөс чанарын даруу дуулгавартай, хайр нийгүүсэл, итгэл найдвар,амар амгалангаар дүүрэн өнө мөнхийн Бурханы хаанчлалын талаар ямарч төсөөлөлгүй байлаа. Тэд нийтээрээ Мессиа ирээд, Давидын, Соломоны үеийн эд баялагаар баян тансаг, цэрэг армиар хүчирхэг, харь үндэстэн "бузар" хүмүүсийг ялан дийлсэн, захиран дарангуйлсан, хүчирхэг Израйл гүрнийг босгон байгуулна гэж хүсэн хүлээцгээж байлаа.

Дагалдагчид ч энэхүү Мессиа нь, Есүс юм гэдэгт итгэсэн боловч, Түүнийг дагаснаараа ирээдүйд байгуулагдах “энэхүү хүчирхэг гүрний“ эрх мэдэл, эд баялаг бүхий өндөр албанд суухыг хүсэн мөрөөдөж байсныг /Мк.10:35-37/, Зебедейн 2 хүү Иаков, Иохан нар эрх мэдэл байр суурь гуйж ирснээс олж харж болно.

Харин Эзэн, Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү эгч дүүгээ, эцэг эхээ,үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү эгч дүүгээ, эцэг эхээ үр хүүхэд эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна, /Мк.10:29-30/ гэсэн.

Харин дагалдагчид энэ үгийг өөрсдийнх нь хүч нөлөө, эрх мэдэл өргөжин тэлж олон хүнийг нөлөөн доороо захирах болно гэсэн утгаар хүлээн авсан бололтойг Иаков, Иохан нарын тавьсан хүсэлтээс харж болно. Бас хавчлагатай хамт гэснийг нь Абрахам, Исаак, Иаков, Иосеф мөн Давид нарын амьдрал тэмцэлд учирч байсан хүндрэл сорилтуудаар төсөөлж байсан болов уу?!

Гэвч эдгээр нь Христийн золилтоор ирэх Бурханы мөнхийн хаанчлалын төлөөх,Сүнсний гайхалтай тулааны урьдчилсан зөн билэгдэл байсныг ухаараагүй байсан болов уу.
Христэд итгэж энэ ертөнцийн харъяалалаас салж, тэнгэрийн иргэншилтэй болсон нэгэнд заавал хавчлага дарамт, гадуурхал , доромжлол, дорд үзэх хандлага тэрч бүү хэл амь нас, эрүүл мэндэд нь халдсан халдлага довтолгоо тухайн үед ч, одоо ч байгааг бид түүхээс болон итгэлийн амьдралын туршлагаараа мэддэг билээ.

Эзэн энд, хожим өгөгдөх эцэг эх, ах эгч дүүс гэж хэнийг, ямар хүмүүсийг хэлэв? /Мт.12:47-50/-д Есүсийг айлд сургааль айлдаж байхад, уулзахаар ирээд орж чадахгүй байсан ээж дүү нарынхаа тухай сонсоод ...Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?, гээд Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад, ... Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч, Миний эх, ах эгч дүүс мөн, гэж айлдсан байдаг.

Үүнийг бичигч нэгэнтээ Алма- Ата хотод ”Торгон замын алсын хараа ” семинарт оролцох завшаан тохиосон. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, 400 орчим христчид цугларан хамтдаа суралцсан. Хэдийгээр хэзээ ч зүс царайгаа харалцаж, нэр усаа мэдэлцэж байгаагүй боловч, үнэхээр нэг Сүнсэн дотор хэзээний танил ах эгч, дүүс болохоо эхний мөчөөс л мэдэрцгээж байсан нь гайхалтай ивээлтэй байж билээ.

Яг үүн шиг л, маш их эдлэн газар, барилга байшин,өмч хөрөнгө бүхий өнөр өтгөн, аварга том гэр бүл болсон Христийн чуулганы нэг болно гэж Эзэн эш үзүүлсэн байна.
Мэдээж Эзэн биднийг ойр дотныхныгоо ор тас хая, гэж хэлээгүй! Харин тэдэндээ ханддаг байсан хуучин хандлага , харилцаа,хамтын амьдралын хэв маягаа эрс өөрчлөн, зөвхөн Эзэнийг л хүндлэн дээдэлсэн, Эзэнд л тааламжтай шинэ амьдралыг, бурханлаг гэр бүл харилцааг бий болгохыг давхар хэлсэн нь тодорхой байдаг.

Гэвч, эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно, гэсэн нь нилээн маргааныг өрнүүлдэг.

Нэг хэсэг нь “эхэнд байгаа хүмүүс ” гэдэг нь эд хөрөнгө, боловсрол,байр суурь эрх мэдэл, аль эсвэл авъяас чадвараараа дэлхийд, заримдаа чуулганд ч гэсэн олны хайр хүндэтгэлийг хүртсэн хүмүүс юм.

Харин “Сүүлчийн хүмүүс” нь бусдад танил болоогүй, чухал бус хэмээн тооцогддог эгэл жирийн хүмүүс юм.
...Цаг нь ирэхэд чуулган дахь агуу удирдагчид гэж тооцогдож байсан олон хүн бусдын ард орж, олны танил биш байсан олон хүн өргөмжлөгдөнө*1, гэж тайлдаг.
Энэ тайлал нь /Мк.10:43/ Та нар бусдыг ноёлж болохгүй ,...Харин агуу болохыг хүсвэл бусаддаа даруугаар үйлчил, гэсэн үгээр баталгааждаг.

Бас нөгөө хэсэг нь, Израйлчууд Эзэний сонгогдсон ард түмэн байсан. Тэд бурханлаг, зөвт шударга, ариун амьдарлаараа, мөн Эзэнээр удирдуулсан, Түүнийг хүндлэн дээдэлж байгаагаараа Эзэнийг бусад үндэстний дунд алдаршуулах ёстой байсан. Гэвч чадаагүй.

Харин Есүсийн золилтоор босгогдсон шинэ ард түмэн болсон, Христийн чуулган нь энэ үүргийг гүйцэтгэх учиртайг эш үзүүлэн айлдсан байна, гэж тайлдаг.
Энэ тайлал нь /Мт.21:43/-т Фарисай,Садукай, ахлах тахилч нарт хандан, ... Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно, гэсэн үгээр баталгааждаг.

Бүр нөгөө хэсэг нь цаг хугацааны хүчин зүйлээр тайлдаг. Эхэндээ хүмүүс, “Би Эзэнд тэгэж ингэж итгэмжтэйгээр үйлчилж буй тул , хариуд нь надад тийм ийм ивээл ерөөл, баялаг оногдох болно.”, гэсэн тооцоо хардаг байсан. Хүн төрөлхтөний түүхийн явцад Эзэний ивээлээр хүмүүний сүнс, тэр дундаа Эзэний чуулганы сүнслэг ариун байдал нь улам цэвэршиж, шууд л Эзэнийг харж, зөвхөн Түүний төгс төгөлдөр, дүүрэн байдлыг эрэлхийлж үйлчилдэг хэмжээнд хүрэхийг эш үзүүлсэн байна гэж тайлдаг.

Энэ тайлал нь /Мт20:1-16/-д дурьдагддаг, хөлсний ажилчиддаа, ажилласан цагаас нь үл хамааран яг адилхан хөлс өгсөн газрын Эзэний тухай сургаальт зүйрлэлээр баталгааждаг./Мт.20:16/-д Бас яг адил ... сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно, гэж айлдсан байдаг.

Эдгээр нь бүгд зохистой, эргээд Судараар баталгааждаг тайлалууд учир, алинаар нь ч номлол сургааль айлдсан, бусдад зааж сургасан болох болов уу?
Хүлээн авагчид зүрхэндээ хэрхэн хүлээн авч, өөртөө дүгнэлт хийн, суралцах өөрчлөгдөхийг Ариун Сүнс л хариуцах буй за.

Маркийн сайн мэдээ нь Есүсийг, үйлчилхээр ирсэн Нэгэн гэдгийг чухалчилан товойлгон бичсэн байдаг. Матай, Лук хоёр Маркийн бичсэн материалуудаас өөрсдийн сайн мэдээнд оруулсан байдаг. Гэхдээ бүхэлдээ Матайн бичсэн сайн мэдээнд багтдаг. Энэхүү гурван сайн мэдээг адил төстэй байдлаар нь харьцуулан судалдаг ухааныг “СИНОПТИКС“ гэдэг.

--------------------------------------------------------------
*1-"Бялхам амь" судлал Библи





"Синоптикс" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Дашдэндэв