Thursday, April 9, 2009

Марк 10:17-31-р хэсэгт тайлал харьцуулалт хийсэн нь


(Марк10:28-31) Петр Түүнд, -Хар л даа. Бид бүхнийг орхиод дагасан, гээд ярьж эхлэв. Есүс -Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү эгч дүүгээ, эцэг эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.
  • Хүн төрөлхтөнд Эзэн Бурханаас бэлэглэсэн нэгэн гайхамшигтай “хайрын захидал” байдгийг Библи гэнэ. Энэ нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Энэхүү “ захидлын” товч агуулга нь, нэгэн маш сайн Эцэг цорын ганц Хүүтэй байсан ба тэд хайрын Ариун Сүнсний нэгдэл дотор хамтран нэгэн зорилгоор гайхамшигтай үзэсгэлэнтэй төгс төгөлдөр орчлон ертөнцийг бүтээсэн тухай өгүүлдэг. Улмаар тэд өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээж, түүнд бүх бүтээлүүдийг захирах эрх мэдэл, байр суурийг олгон итгэл хүлээлгэв.
Гэвч харамсалтай нь хүн дайсантай /муу сүнс/ нөхөрлөн Тэдний халуун хайрлуу ус цацдаг.

Ийнхүү гайхамшигтай тэрхүү ертөнцөд /дэлхийд/, Эцэг, Хүү, Ариун Сүнсний эсрэг бузар булай болгон хөгжиж цэцэглэж эхлэв. Гэвч Тэд зөвт шударга, хайр нигүүлсэл дүүрэн төгс оршихуй тул бүх бүтээлээ устган сүйрүүлэхийг хүссэнгүй. Энэ нь тэдний бүтээлийг бузарласан нэгэнд ялагдсан хэрэг болох байлаа.

Дайсанч үүнийг л хүссэж байв. Эцэг гэмтнийг /хүн төрөлхтнийг / уучилсан бөгөөд, харин үнэхээр мөхөс дорой,сайн мууг ялгах чадваргүй тэдэнд, уучлал хайрыг нь хүлээн авч зүрх сэтгэлээ нээх боломж олгохоор, тодорхой төлөвлөгөөний дагуу бэлдэх шаардлагатай байв.

Ийнхүү бэлтгэж, бас ”та нарыг авархаар Хүүгээ явуулна” гэж, үе үеийн сонгогдогсдоороо дамжуулан амласан амлалтуудыг болон, Хүүг хүлээн авхад хүмүүсийг бэлтгэж байсан, түүхэн үеийн тухай 39 номыг Хуучин Гэрээний КАНОН гэнэ.
Иймээс энэхүү КАНОНЫ хамгийн гол сэдэв нь Аврагч ирэх болно, гэсэн нь юм.

Харин Хүү ирээд бүх амлалтыг хэрэгжүүлсэн, Эцэгийн уучлал хайрыг нотлон харуулж, бас дахин эргэн ирж Сэнтийдээ залрах тухай гэрчлэл, нотолгоо, захиа даалгавар бүхий 27 номыг Шинэ Гэрээний КАНОН гэнэ. Иймээс энэхүү КАНОНЫ хамгийн гол сэдэв нь Аврагч ирсэн, Тэнгэрт одсон, дахиад ирэх болно, гэсэн нь юм.
  • Эдгээр Шинэ Гэрээний 27 номноос, илгээгдсэн Хүү Есүс Христийн амьдрал тэмцэл, ялалт, өргөмжлөлийг гэрчлэн бичсэн 4 ном байдгийг сайн мэдээний бичээсүүд гэнэ.
Эдгээрээс “Марк” номыг хамгийн анхлан бичигдсэн ном гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар МЭ 50-60 онд Ром хотод бичигдсэн гэж үздэг. Тэр үед Ром хотод дэгдсэн их түймрийг, Христчид асаасан гэсэн гүтгэлэг газар авсанаас, тэр үеийн Ромын хаан Неро итгэгчдийн эсрэг маш их харгислал хавчлага явуулж байжээ.

Яг энэ үед хүнд нөхцөлд итгэлээ хамгаалж байсан итгэгчдэд /хүлээн авагчдад/ урам зориг өгөх зорилгоор тус ном бичигдсэн гэж үздэг.
Учир нь “тэр даруй” гэдэг холбоос үгийг олон дахин хэрэглэн, үйл явдлын өрнөлөөс өрнөлд түргэн шилжиж, Есүсийн үйлчлэлийг чухалчлан өргөсөн байдаг.

Мөн дагалдагч байхын үнэ цэнэ, золиослолыг олонтоо дурьддаг. Гэсэн мөртөө сургаальт зүйрлэл харьцангуй бага бичигдсэн. Бас Есүсийн мэндэлсэн тухай болон Иудейн ургын бичигийг орхигдуулсан, бас Арамей үгсийг орчуулан, Латин нэр томъёо ашигласан зэргээс харахад, ромчуудад /иудей биш харь үндэстнүүдэд / зориулагдсан байна гэж үздэг.

Зохиогч Марк нь, номынхоо гол агуулгыг элч Петртэй хамт үйлчилж байхдаа, түүний гэрчлэлээс олж авсан бололтой. Иохан Марк нь, Ромын чуулганы ахлагчдын нэг байсан. Тэр элч Петр/Үйлс 12:12,25/ / I Петр 5:13/, элч Паул/Үйлс 13:1-13, Кол.4:10,Флм.1:24/, дагалдагч Барнаб /Үйлс 15:39/ нартай хамт Эзэний алдарын төлөө зүтгэж явсан нэгэн байдаг.

Нэгэн эд хөрөнгөөр баян залуу мөнхийн амийг хэрхэн өвлөн авахыг Эзэнээс асуусан. Эзэн, эд хөрөнгөөр баян нэгэн нь түүндээ итгэл найдвараа тавьдаг, түүнийгээ бурханаас илүүгээр хайрладаг учир, Бурханы хаанчлалд орохгүй гэсэн. Яг эндээс дагалдагч Петр гомдоллож эхэлсэн ...Бид бүхнийг орхиод дагасан гэдгээрээ тэр, өмч хөрөнгөө орхисон гэсэн санааг илэрхийлсэн. Энд халуун цочмог, түргэн зантайгаараа Петр л эхэлж ярьсан болохоос, бусад дагалдагчид ч түүн шиг бодолтой байсан нь тодорхой байдаг.

Түүхэн нөхцөлд нь авч үзвэл, израйлчууд зүрх сэтгэлийн цэвэр ариун, мөс чанарын даруу дуулгавартай, хайр нийгүүсэл, итгэл найдвар,амар амгалангаар дүүрэн өнө мөнхийн Бурханы хаанчлалын талаар ямарч төсөөлөлгүй байлаа. Тэд нийтээрээ Мессиа ирээд, Давидын, Соломоны үеийн эд баялагаар баян тансаг, цэрэг армиар хүчирхэг, харь үндэстэн "бузар" хүмүүсийг ялан дийлсэн, захиран дарангуйлсан, хүчирхэг Израйл гүрнийг босгон байгуулна гэж хүсэн хүлээцгээж байлаа.

Дагалдагчид ч энэхүү Мессиа нь, Есүс юм гэдэгт итгэсэн боловч, Түүнийг дагаснаараа ирээдүйд байгуулагдах “энэхүү хүчирхэг гүрний“ эрх мэдэл, эд баялаг бүхий өндөр албанд суухыг хүсэн мөрөөдөж байсныг /Мк.10:35-37/, Зебедейн 2 хүү Иаков, Иохан нар эрх мэдэл байр суурь гуйж ирснээс олж харж болно.

Харин Эзэн, Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү эгч дүүгээ, эцэг эхээ,үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү эгч дүүгээ, эцэг эхээ үр хүүхэд эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна, /Мк.10:29-30/ гэсэн.

Харин дагалдагчид энэ үгийг өөрсдийнх нь хүч нөлөө, эрх мэдэл өргөжин тэлж олон хүнийг нөлөөн доороо захирах болно гэсэн утгаар хүлээн авсан бололтойг Иаков, Иохан нарын тавьсан хүсэлтээс харж болно. Бас хавчлагатай хамт гэснийг нь Абрахам, Исаак, Иаков, Иосеф мөн Давид нарын амьдрал тэмцэлд учирч байсан хүндрэл сорилтуудаар төсөөлж байсан болов уу?!

Гэвч эдгээр нь Христийн золилтоор ирэх Бурханы мөнхийн хаанчлалын төлөөх,Сүнсний гайхалтай тулааны урьдчилсан зөн билэгдэл байсныг ухаараагүй байсан болов уу.
Христэд итгэж энэ ертөнцийн харъяалалаас салж, тэнгэрийн иргэншилтэй болсон нэгэнд заавал хавчлага дарамт, гадуурхал , доромжлол, дорд үзэх хандлага тэрч бүү хэл амь нас, эрүүл мэндэд нь халдсан халдлага довтолгоо тухайн үед ч, одоо ч байгааг бид түүхээс болон итгэлийн амьдралын туршлагаараа мэддэг билээ.

Эзэн энд, хожим өгөгдөх эцэг эх, ах эгч дүүс гэж хэнийг, ямар хүмүүсийг хэлэв? /Мт.12:47-50/-д Есүсийг айлд сургааль айлдаж байхад, уулзахаар ирээд орж чадахгүй байсан ээж дүү нарынхаа тухай сонсоод ...Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?, гээд Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад, ... Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч, Миний эх, ах эгч дүүс мөн, гэж айлдсан байдаг.

Үүнийг бичигч нэгэнтээ Алма- Ата хотод ”Торгон замын алсын хараа ” семинарт оролцох завшаан тохиосон. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, 400 орчим христчид цугларан хамтдаа суралцсан. Хэдийгээр хэзээ ч зүс царайгаа харалцаж, нэр усаа мэдэлцэж байгаагүй боловч, үнэхээр нэг Сүнсэн дотор хэзээний танил ах эгч, дүүс болохоо эхний мөчөөс л мэдэрцгээж байсан нь гайхалтай ивээлтэй байж билээ.

Яг үүн шиг л, маш их эдлэн газар, барилга байшин,өмч хөрөнгө бүхий өнөр өтгөн, аварга том гэр бүл болсон Христийн чуулганы нэг болно гэж Эзэн эш үзүүлсэн байна.
Мэдээж Эзэн биднийг ойр дотныхныгоо ор тас хая, гэж хэлээгүй! Харин тэдэндээ ханддаг байсан хуучин хандлага , харилцаа,хамтын амьдралын хэв маягаа эрс өөрчлөн, зөвхөн Эзэнийг л хүндлэн дээдэлсэн, Эзэнд л тааламжтай шинэ амьдралыг, бурханлаг гэр бүл харилцааг бий болгохыг давхар хэлсэн нь тодорхой байдаг.

Гэвч, эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно, гэсэн нь нилээн маргааныг өрнүүлдэг.

Нэг хэсэг нь “эхэнд байгаа хүмүүс ” гэдэг нь эд хөрөнгө, боловсрол,байр суурь эрх мэдэл, аль эсвэл авъяас чадвараараа дэлхийд, заримдаа чуулганд ч гэсэн олны хайр хүндэтгэлийг хүртсэн хүмүүс юм.

Харин “Сүүлчийн хүмүүс” нь бусдад танил болоогүй, чухал бус хэмээн тооцогддог эгэл жирийн хүмүүс юм.
...Цаг нь ирэхэд чуулган дахь агуу удирдагчид гэж тооцогдож байсан олон хүн бусдын ард орж, олны танил биш байсан олон хүн өргөмжлөгдөнө*1, гэж тайлдаг.
Энэ тайлал нь /Мк.10:43/ Та нар бусдыг ноёлж болохгүй ,...Харин агуу болохыг хүсвэл бусаддаа даруугаар үйлчил, гэсэн үгээр баталгааждаг.

Бас нөгөө хэсэг нь, Израйлчууд Эзэний сонгогдсон ард түмэн байсан. Тэд бурханлаг, зөвт шударга, ариун амьдарлаараа, мөн Эзэнээр удирдуулсан, Түүнийг хүндлэн дээдэлж байгаагаараа Эзэнийг бусад үндэстний дунд алдаршуулах ёстой байсан. Гэвч чадаагүй.

Харин Есүсийн золилтоор босгогдсон шинэ ард түмэн болсон, Христийн чуулган нь энэ үүргийг гүйцэтгэх учиртайг эш үзүүлэн айлдсан байна, гэж тайлдаг.
Энэ тайлал нь /Мт.21:43/-т Фарисай,Садукай, ахлах тахилч нарт хандан, ... Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно, гэсэн үгээр баталгааждаг.

Бүр нөгөө хэсэг нь цаг хугацааны хүчин зүйлээр тайлдаг. Эхэндээ хүмүүс, “Би Эзэнд тэгэж ингэж итгэмжтэйгээр үйлчилж буй тул , хариуд нь надад тийм ийм ивээл ерөөл, баялаг оногдох болно.”, гэсэн тооцоо хардаг байсан. Хүн төрөлхтөний түүхийн явцад Эзэний ивээлээр хүмүүний сүнс, тэр дундаа Эзэний чуулганы сүнслэг ариун байдал нь улам цэвэршиж, шууд л Эзэнийг харж, зөвхөн Түүний төгс төгөлдөр, дүүрэн байдлыг эрэлхийлж үйлчилдэг хэмжээнд хүрэхийг эш үзүүлсэн байна гэж тайлдаг.

Энэ тайлал нь /Мт20:1-16/-д дурьдагддаг, хөлсний ажилчиддаа, ажилласан цагаас нь үл хамааран яг адилхан хөлс өгсөн газрын Эзэний тухай сургаальт зүйрлэлээр баталгааждаг./Мт.20:16/-д Бас яг адил ... сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно, гэж айлдсан байдаг.

Эдгээр нь бүгд зохистой, эргээд Судараар баталгааждаг тайлалууд учир, алинаар нь ч номлол сургааль айлдсан, бусдад зааж сургасан болох болов уу?
Хүлээн авагчид зүрхэндээ хэрхэн хүлээн авч, өөртөө дүгнэлт хийн, суралцах өөрчлөгдөхийг Ариун Сүнс л хариуцах буй за.

Маркийн сайн мэдээ нь Есүсийг, үйлчилхээр ирсэн Нэгэн гэдгийг чухалчилан товойлгон бичсэн байдаг. Матай, Лук хоёр Маркийн бичсэн материалуудаас өөрсдийн сайн мэдээнд оруулсан байдаг. Гэхдээ бүхэлдээ Матайн бичсэн сайн мэдээнд багтдаг. Энэхүү гурван сайн мэдээг адил төстэй байдлаар нь харьцуулан судалдаг ухааныг “СИНОПТИКС“ гэдэг.

--------------------------------------------------------------
*1-"Бялхам амь" судлал Библи





"Синоптикс" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Дашдэндэв