Saturday, March 14, 2009

1. Чуулганы түүхийг таниулахуй


Чуулганы түүхийг 4-н сэдвийн хүрээнд судалдаг.

Үүнд: 1. Дагалдагч нар сайн мэдээг аваад тархсанаар илгээлтийн түүх эхэлсэн.

2. Мөн анхны, ширээнд үйлчлэх (Үйлс6:1-6) үйлчлэгч нарыг сонгон томилсноор, Чуулганы зохион байгуулалт бий болсон нь маш чухал сэдэв болдог.

3. Чуулган юунд яагаад итгэдэг вэ? гэдэг нь том асуудал юм. Чуулган нь түүхэндээ олон тэрс үзэл, буруу сургаалтай нүүр тулж байсан. Ялангуяа анхны Чуулганы үед “Есүс хүн үү? Бурхан уу?” гэдэг нь нэг мөр шийдэгдээгүй маргааны гол бай болсон том асуудал байлаа. Тэр үед бүх зүйл эхлэлийн шатанд байсан. Үнэн зөв Христчин онолыг бий болгох гэж их л хүч хөдөлмөр, цаг хугацаа, золиослол зарцуулсан. Есүс бол 100%хүн, 100%Бурхан гэдгийг батлан тогтоохын тулд ямар ямар үзэл баримтлалууд өрсөлдөж байсан нь судлууштай юм. Бас үе үеийн олон хүмүүсийн маргааны нэг чухал сэдэв бол гурвал Бурханы (Эцэг, Хүү, Ариун Сүнсний) онол юм.

4. Чуулганы түүхийн бас нэг гайхамшиг нь, хүмүүсийн амьдрал юм. Тэдний амьдралд Есүс хэрхэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, хэрхэн тэднээр дамжуулан ажилласан болон улс үндэстэнийг өөрчлөн босгосон зэрэг нь нэн сонирхолтой.
Мөн Чуулганы бүхий л түүхийн турш хавчлага салшгүй дагалдсан ба одоо ч байна. Хамгийн сонирхолтой нь, хавчлагаар дамжуулан Эзэн Чуулганыг үргэлж шигшиж тунгаан цэвэрлэж, чанаржуулж байсан.

Анх л Иерусалимаас тархсан сайн мэдээ одоо бүх дэлхийг бүрхээд байна. Анхны missioner-ууд нь иудейчүүд байсан. Элч Паул л гэхэд, очсон газраа эхлээд Иудейчүүдэд тунхаглаад, дараа нь харь хүмүүсрүү хүрдэг байсан. Паул, Петр нар нь Ром хүртэл аялсан бол, Иохан Бага Ази, Томас Энэтхэг хүртэл аялсан гэж үздэг.

2-р зууны дунд үе гэхэд, Сириэс Ром хүртэлх ихэнх газарт Чуулганууд таригдсан байсан. 3-р зууны үед Ромын Эзэнт гүрний бүх газарт аль хэзээний Чуулган нь оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулж байлаа. Хойд Африкын Чуулганууд (Египэт, Ливия, Этопия) нилээн хүчирхэг байсан. Ингэж богино хугацаанд хурдан тархаж өссөн нь сүнслэг болон түүхэн шалтгаантай. Сүнслэг шалтгаан нь Ариун Сүнсний ивээл ерөөл юм. ...Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно…(Мт.28:20), гэж амласан Эзэний амлалт хэрэгжсэний түүхэн баталгаа нь юм.

Бас түүхэн цаг үеийн нөхцөл байдлуудыг (тэдгээрийг ч Эзэн Өөрөө нөхцөлдүүлдэг) ч ашиглан Бурхан ажилладаг. Түүхэн шалтгааныг 6-н үндсэн хэсэг болгодог.

1. Нийт Ромын Эзэнт гүрэн даяар арилжаа наймааны, улс төр засаглалын, утга зохиол урлагын хамгийн гол бичгийн хэл нь Грек хэл байсан. Энэхүү нэг хэлний орчин нь сайн мэдээ хурдан тархах гол нөхцөл болсон.

2. Их гүрний зах хязгаар бүрт Иудейчүүд олноороо амьдарч байсан. Тэдэнтэй алив байдлаар холбоотой ойр байдаг харь үндэстнүүд ч тэдний итгэл үнэмшилд татагддаг байсан. (Энэ нь Эзэн Өөрийн ард түмэнтэйгээ хаана ч хамт байж,ивээж ерөөдгийн бас нэгэн гэрчлэл юм.) Гэвч Мосегийн хуулиар Эзэнрүү ирэх нь (иудей болох нь) хаагдмал байсан бол, сайн мэдээ үүнийг эвдэж чөлөөлсөн тул маш олноороо Эзэнрүү ирцгээсэн.

3. Мөн их гүрний засаглал дор 300-н жил үргэлжилсэн энхтайван, амар амгалан (PAX ROMIA) оршин тогтносон нь сайн мэдээний тархалтанд сайнаар нөлөөлсөн.

4. Олон шүтээн,”бурхад” тэр үед байсан ч, хоорондоо зөрчилддөг, ууртай догшин, харгисаар шийтгэдэг, атаархдаг, хонзогнодог зэрэг домог үлгэр бүхий сургаалиудтай байсан нь, хүний гэгээн, ариун, тэнгэрлэгийг хүсэмжилэн үгүйлэх, нөмөр нөөлөг, хайр энэрлийг эрэлхийлэх хэрэгцээг үл ханган, айдас дарамт, урам хугарах байдалд хүлдэг байсан. Иймээс ч хайр, өршөөл уучлалын Бурхан Есүст олноороо итгэцгээсэн.

5. Эмэгтэйчүүд ба боолчууд нь тухайн цаг үеийн нийгэмд, хамгийн доод түвшиний, ад үзэгдсэн давхаргынхан байсан бол, Христийн ялгаваргүй, адил тэгш хайрын талаарх тунхаглал нь тэдэнд үнэхээр сайн мэдээ байсан.

6. Тэр үед хавчлага хүчтэй өрнөж байсан ба итгэлээ чин үнэнчээр сахисаар амиа алдагчдийг ”martur” буюу ариунаар амиа өргөгчид, гэдэг байв. Тэдний үхэл хүртэл итгэмжтэй, эр зоригтой, тууштай байдал нь олон хүний зүрхэнд хүндлэл, бахархал, бишрэлийг бий болгодог байсан ба, Ариун Сүнсний мөн чанар хүчийг гэрчилдэг байв.

МЭ70 онд Ромын хаан Нерогийн тушаалаар Титус жанжин их цэрэгтэй ирж Иерусалимийг мөхөөсөн. Үүнээс өмнө итгэгчид синагогт цуглан мөргөл-хүндэтгэл үйлддэг байсан бол, энэ үеэс хойш эрс хориотой болсон тул гэртээ, ууланд, ойд, ажил дээрээ гэхчилэн, хаа сайгүй цуглан мөргөж, номлол айлдаж, үгийг тунхаглан ярилцдаг байсан нь өргөн олонд нөлөөлсөн.

Итгэгчдийн хувийн зан чанар, гэрэл болсон амьдрал, Христийн доторхи өөрчлөлт шинэчлэлт зэрэг нь сайн мэдээ идэвхитэй тунхаглахтай хавсран Эзэнийг алдаршуулж, Чуулганыг өсгөж байлаа. Бас Христитгэл нь яагаад цорын ганц үнэн зөв сүсэглэл болох талаар, олон тооны захидал, ятгалга, тайлал тайлбарууд олноор бичигдэн тархаж байлаа.

Чуулган нь өсөж, өнөр өтгөн болохын хэрээр зохион байгуулалтанд орж эхэлсэн. Эхэндээ тэдний хооронд зуучлан явж холбодог, нөхөрлүүлдэг, багшилдаг, итгэлд нь чиглүүлэгч захидлууд зөөдөг хүмүүс нь элч нар байсан. Дараа нь тэдний дагалдагчид, улмаар олон итгэмжит хүмүүс төрөн гарсан. Тэгээд байрлал нь хаана байх, ямар яс үндэстэй, бүтэц бүрэлдхүүнтэй байхаас үл шалтгаалан нэгдмэл нэг том гэр бүл бий болж байлаа.

Энэ гэр бүлийн гишүүн болохын тулд заавал усан баптисм хүртдэг байв. Эзэний амилсан өдөр, Түүний заасны дагуу Ариун зоог барьдаг байсан нь гол хүндэтгэлийн ёслол байсан. Тэд уулзах болгондоо Ариун зоог барьдаг, түүнийгээ “талх хуваах” “агапе баяр” гэх мэтээр нэрэлдэг байв. Apostles(элч нар), propets(эш үзүүлэгчид), teachers(багш нар)-ийн дараагаас bishop(харгалзагч), elder, presbyter(ахлагч), deacon(үйлчлэгч) зэрэг үйлчлэлийн болон эрх мэдлийн зэрэг дэвүүд бий болсон. Цуглаан хөгжих тусам, эхэндээ онц ялгаагүй байсан үйлчлэлийн үүрэг роль, байр суурь ялгаатай болж эхэлсэн.





Шалгасан багш: Жэйн Синиор
"Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)