3 months ago
Saturday, March 14, 2009
4. Хагарал ба Чуулган
Тухайн үед Чуулган нь барууны, зүүний гэж хоёр талцан марган зөрчилдөж, улмаар хагарал улам гүнзгийрсээр л байлаа. Баруунд бишопууд улам бүр нэр нөлөөтэй болон бүх эрх мэдлийг гартаа барьж, хаад захирагчид ч тэдэнд дуулгавартай болж байсан бол, зүүнд хаад захирагчид нь улс орноо ч, Чуулганыг ч захирсаар байв.
Христитгэлээс өмнө, Грекийн домог шүтлэгийн нөлөөгөөр “эмэгтэй бурхад” байдаг гэсэн ойлголт үзэл хүчтэй тархсан байсан нь, Христитгэлтэй холилдон, улмаар “Марийг” шүтэх нь маш хүчтэй болсон. Энэ нь барууны ч, зүүний ч Чуулганы салшгүй нэг элемент болон одоо ч амь бөхтэй байсаар байна.
Бас итгэлийнхээ төлөө амиа өгсөн хүмүүсийг эргэн дурсаж, амьдарч байсан болон оршуулсан газрыг нь эргэж тойрох болсон нь, тэднийг бурханчлан шүтэх, бишрэх үзэгдлийг бий болгосон. Тэднийг “Sanctus” буюу “хутагт”,”ариун” гэхчилэн цоллож, эдэлж хэрэглэж явсан эд зүйлс, бүр цаашилбал цогцосных нь үлдэгдэлийг нь нандигнан хайрцаглаж, цуглуулах болсон. Хувь итгэгчид болон цуглаанууд иймэрхүү “үнэт шүтээн”-ий (relics) цуглуулаганы хойноос хөөцөлдөж, тэдгээрээрээ бахархаж бардамнах болсоноор, энэ нь бүр тусгай бизнесийг ч бий болгосон. Хоёр талынхны хүндэтгэл-мөргөлдөө ашигладаг, эрхэмлэдэг шүтээнүүд нь ялгаатай байсан ба тэднийг хэрхэн ашиглах, ямар зорилгоор ашиглах талаар маргалдаж байлаа.
Бас элдэв шашины зан үйл болсон утлага лаа асааж ёсолдог нь, Чуулганы хүндэтгэл-мөргөлд нэвтэрсэн. Мөн түүхэн хавчлагын үед хэн нь илүү хавчигдан зовж, итгэлээ бат сахисан талаар маргалдан, өөртөө илүү алдар хүндэтгэл авахаар эрмэлзэж байв. Ром төвтэй баруунтнууд “зовлонгоороо бахархах уралдаан”-д тэргүүлж байсан бол, Константинополь (тэр үед “зүүн Ром” ч гэгддэг байсан) төвтэй зүүнтнүүд арай л гүйцэхгүй байсан шиг. Баруунд, Чуулганы үйлчлэгч нь гэрлэхийг эрс хорьдог байсан бол, зүүнтнүүд чөлөөтэй гэрлэж байлаа.
Үүгээр ч зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр, дахин амилалтын баярыг хэзээ хийх талаар маш их маргасан. Тэгээд тэр үеийн олон үндэстнүүдийн дунд түгээмэл байсан “нарны бурханыг тахих ёс”-ийг тэмдэглэдэг өдөр нь Христмасийн баяр, “хаварын баяр” нь дахин амилалтын баяр болон аажимдаа хэвшсэн. Мөргөлийн онцгой газруудыг бий болгож, гэгээн Мариягийн, хутагт Петрийн, Ариун Иоханы гэх мэт сүмүүдийг сүндэрлүүлж эхэлсэн.
Онолын зөрүүтэй ойлголтууд ч байсан. Никеагийн зөвлөлөөс, Ариун Сүнс нь Эцэг болон Хүүгээс ирсэн гэж тунхагласаныг баруунтнууд хүлээн зөвшөөрч, харин зүүнтнүүд зөвхөн Эцэгээс л ирдэг гэж үзсээр байв.
(жич: Баруунтнууд нь одоогийн Католик шашин ба төв нь Италийн нийслэл Ром хот доторхи Ватиканы толгод дээрхи Ватикан улс юм. Пап лам хамгийн дээд эрх мэдэлийг барьдаг. Баруун Европ, Зүүн өмнөд Ази, өмнөд Америкад маш хүчтэй суурилагдсан. Нэг миллиард гаруй сүсэгтэнг эрхшээл нөлөөндөө барьж, тэднээрээ дамжуулан хүний нийгмийн улс төр, утга зохиол урлаг соёл, эдийн засагт нөлөөлдөг, дэлхийн хамгийн том шашин юм.
Зүүнтнүүд нь одоогийн Грек-Оросын Үнэн Алдартны (Ортодокс) шашин . Төв нь болох Константинополь хотыг Исламын шашин сэргэн мандах үедээ эзлэн авсанаар (энэ нь одоогийн Туркийн Стамбул хот) хамгийн дээд эрх мэдэлийг барих статусгүй болсон. Дөрвөн зуун сая гаруй сүсэгтэнг эгнээндээ нэгтгэдэг. Орос, Болгар, Серб, Грузин, Армен зэрэг улсуудын төр нийгэмд маш хүчтэй нөлөөтэй.)
Шалгасан багш: Жэйн Синиор
"Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)