3 months ago
Saturday, March 14, 2009
3. Зөвлөлүүдийн Чуулганы түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Константин хаан Христэд ирэхээс өмнө, Христитгэл нь цөөнхийн итгэж биширдэг, хавчигдмал хаалттай бүтэц байсан бол, Константинаар дамжуулан Эзэний хийсэн чөлөөлөлтийн дараа, Чуулган нь, хуулиар зөвшөөрөгдсөн, олонхийн итгэж биширдэг, соёл иргэншилийн гол хөдөлгөгч хүчин, тэнгэрлэг сэтгэлгээний төв болсон.
Эрх чөлөө бий болсонтой холбоотойгоор олон үзэл бодол, ойлголт санаанууд бий болж, эрх мэдэл, байр суурийн төлөөх өрсөлдөөн үүсэж эхэлсэн. Энэ нь, Чуулганыг, өөрсдийнхөө итгэлийн үндэс, онол баримтлалыг эргэн харж, цэгцэлж, бататгах шаардлагатайг харуулсан.
Хэрхэн хүн болон Бурханы мөн чанар, дүр төрхийг Есүс Өөртөө зэрэг агуулж чадах вэ? гэдэг нь маш их маргааныг үүсгэж байв. Мөн Тертулиан (Хойд Африкын Чуулганы ахлагч. Хавчлагын эсрэг Христитгэлийг хамгаалж, бас онолын (theology) олон зохиол бичсэн. Ялангуяа Гурвалын талаар олон онол дэвшүүлж “trinitas” нэр томъёог анх гаргаж ирсэн. Тухайн үеийн цуутай итгэгчдээс, ганцаараа жам ёсны үхлээр нас барсан.) анх Гурвалын онол, хэллэгийг гаргаж ирсэн.
Мөн тэр үед Грекийн гүн ухааны “…сүнс (үзэл бодол) бол ариун, харин матери (бие махбодь) нь бузар дорд юм” гэсэн онол ухагдхуун өргөн дэлгэрсний нөлөөгөөр даянчлах, махан биеийг ад үзэн зовоох байдал газар авч байлаа.
Чуулган эрчимтэй хөгжихөд “Зөвлөлүүд” их үүрэг гүйцэтгэсэн. Олон онол сургаал, үзэл баримтлалыг цэгцлэх зорилгоор МЭ325 онд, Бага Азийн Никеа хотод бүхий л хүлээн зөвшөөрөгдсөн, нэр нөлөөтэй удирдагчид хуран чуулсан. Ивээн тэтгэгч, санаачлагч нь Константин хаан байсан, гэж үздэг. Энэ зөвлөлөөс “Гурвалын” талаархи онолыг оновчтой баталсан. Ариус “Есүс Христ нь Бурхантай төстэй боловч оргүй хоосноос бүтээгдсэн бүтээл юм.”гэж үзсэн. Харин Зөвлөлөөс түүнийг гаж урсгал хэмээн буруутгаж, Никеагийн итгэлийн тунхагыг зохиосон.
МЭ381 онд Константинополь хотод, Теодориус хааны санаачлагаар удаахи зөвлөл хуралдсан. Аполинариус Есүсийг хүний сүнсгүй, зөвхөн Бурхан чанартай гэсэн онолоо тунхагласан. Кафадогиагийн Георгорий нь энэ үзлийг нь няцааж, Есүс Христийн төгс хүн, төгс Бурхан гэсэн хоёр мөн чанартайг сөргүүлэн тавьсан. Аполинариус олны дэмжлэгийг авч чадалгүй, гаж урсгал гэж буруутгагдсан.
МЭ431 онд Эфэс хотод, 2-р Теодориус хаан бас нэгэн зөвлөлийг зарлан хуралдуулсан. Несториус, Есүс Христийн хүн мөн чанар, Бурхан мөн чанар хоёр нь салангид, гэхдээ зэрэгцэн илчлэгдэн харагддаг байж байгаад, Түүнийг дээш одоход нэгдмэл нэг болсон гэж үзсэн. Александрийн Кирил, Христийн хүн ба Бурхан мөн чанарууд нь хэзээ ч хуваагдаж байгаагүй нэгдмэл гэж няцаасан. Несториусыг гаж урсгал гэж зарласан.
(Несториус нь Сицилиа аралд төрсөн, Антиохт боловсрол олсон, гал цогтой халуун итгэгч, чадварлаг номлогч байсан. Улаан үстэй, гэрэлтсэн нүдтэй залуу байсан гэдэг. МЭ428 онд Константинополийн бишоп болсон. Тэр үед нилээн дэлгэрсэн Арианизмын үзэлд, Марийг “Бурханыг төрүүлэгч” гэж үздэг байсан нь олон хүнд, Мари бол Бурханаас илүү агуу нэгэн мэт санагдаж төөрөлдүүлдэг байв. Харин Несториус, “Христийг төрүүлэгч” гэх нь зүйтэй гэсэн. Мөн загалмай дээр “…Бурхан минь, Бурхан минь юунд Та Намайг орхив.(Мт27:46); Ааваа, Таны гарт Би сүнсээ даатгая…(Лк23:46)” зэргээс үндэслэн, Есүсийн зовлон зүдгүүр нь Бурханлаг чанарыг нь бус хүн чанарыг нь харуулдаг гэсэн. Тухайн үеийн Чуулганд эрх мэдэл, нэр алдарын төлөөх өрсөлдөөн хүчтэй байсан. Несториусын амжилт, алдар хүндэд атаархдаг дайсан байсан нь Александрийн бишоп Кирил юм. Өнөөг хүртэл хадгалагдсан Несторианы талаархи элдэв баримтууд нь ихэвчлэн, энэхүү Кирилийн элдэв буруутгал байдаг. Өнөөдөр олон хүн, тэр үеийнхэн үгээр хэтэрхий наадаж, маргаж, ач холбогдол багатай жижиг зүйлсийг чухалчилан үзсэнээс, мөн эрх мэдлийн төлөөх тэмцэл, атаархалаас болж Несториусыг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Тэр буруутгагдан зүүн зүгрүү цөлөгдсөн ба түүнтэй хамт маш олон несторианчууд явцгаасан. Тэд Перс, Араб, Армян-д Чуулганыг байгуулж, сайн мэдээ тарааж байлаа. Улмаар торгоны замаар цаашилсаар Энэтхэг, Хятад, Монголд ирцгээсэн. 1020-н онд Хэрэйд аймгийн хаан Христэд итгэснээр, төв Азид Христитгэл хүчирхэгжсэн.)
МЭ451 онд Калкедон хотод, Маршиан хаан бас нэгэн зөвлөлийг зарлан хуралдуулсан. Юүдике, Христийн хүн мөн чанар нь Бурханлаг мөн чанартаа шингэсэн тул, Есүсийн бие нь биднийхтэй адил бус өөр юм, гэсэн. Энэ онол бас буруутгагдан, үүний эсрэг Калкедоны итгэлийн тунхаг зохиогдов.
Христ бол төгс Бурхан, төгс хүн юм.
Бурхан мөн чанар нь Эцэг Бурханыхтай адил, хүн мөн чанар нь биднийхтэй адил боловч гэмгүй.
Есүс Христ бидний авралын төлөө онгон бүсгүйгээс мэндэлсэн.
Бурхан мөн чанар нь ч төгс, хүн мөн чанар нь ч төгс бөгөөд, нэг хувь шинжтэй… (Энд бяцхан тайлбар хийхэд, “мөн чанар” гэж, тухайн оршихуйн оршин тогтнолынх нь гол үзүүлэлтүүдийг хэлж байна. Жиш: Бурханы мөн чанар нь, бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг, эхлэл үгүй, төгсгөл үгүй, хаа ч оршдог, бүх цаг хугацааг зэрэг хардаг, бүхнийг хянадаг, захирдаг…гэх мэт. Хүний мөн чанар нь, төрдөг, үхдэг, өлсдөг, цангадаг, ядардаг, даардаг, халууцдаг…гэх мэт. Харин “хувь чанар” гэж дотоод амь сүнсийг нь хэлж байна. Үүнд, зан чанар, хүсэл зорилго, үзэл бодол, сэтгэх хэв маяг, дадал зуршил, зүрх сэтгэлийн үзүүлэлтүүд (хайр, өршөөл уучлал, тэвчээр, эр зориг, дөлгөөн зан…гэх мэт) зэрэг нь орно.) гэж тунхагласан.
“Зөвлөлүүд” нь ийнхүү онол сургаалиа ч цэгцэлхийн хажуугаар КАНОН-ыг бүрдүүлхэд маш их үүрэг гүйцэтгэсэн. (Канон, гэдэг нь “Алтан зарчим”,”жагсаалт” гэсэн утга бүхий латин нэр томъёо ба Ариун Библийг хэлдэг.) Тэр үед цуглаанууд дунд онол сургаал, дүрэм заавар, тушаал зарлиг, эш үзүүллэг бүхий таван мянга гаруй захидал, ном сударууд тэнүүчилж байсан. Тэдгээрийн олонхынх нь санаа агуулга нь зөрчилтэй, бие биенийгээ үгүйсгэсэн, илэрхий зохиомол, сайн мэдээний үнэ цэнийг бүрхэгдүүлсэн, гуйвуулсан зэрэг дутагдалтай байлаа.
Тиймээс жинхэнэ утгаараа сайн мэдээг илчилсэн, Ариун Сүнсний хүч онгодоор бичигдсэн, хувь хүний болоод Чуулганы аврал, сүнслэг төлөвшилд Эзэний эрх мэдэлтэйгээр нөлөө үзүүлэх, жинхэнэ Үгийг баттай барьж аван, бусдыг нь шахан зайлуулах шаардлагатай байв.
Ийнхүү Эзэн, “Зөвлөлүүд”-ээр дамжуулан бидэнд “Төлөөлөгчидийн итгэлийн тунхаг”,
”Ариун Библи”-ийг өгсөн юм. Гэвч хүн л болсон хойно сул дорой, гэмт чанартай тул эрх ямба, байр суурийн төлөөх тэмцэл өрсөлдөөн, ил далд хуйвалдаан, хэлмэгдүүлэлт гүтгэлэг ч “Зөвлөлүүд”-ийн түүхэнд бичигдэн үлдсэн юм. Олон амжилт ололтын эхийг тавьсан ч, олон алдаа зөрчилийг илрүүлж, зөвт зохистой мэргэн шийдэл дотор эцэслэн шийдэж чадаагүйгээс, хожимын завхрал ялзрал, харанхуй бурангуй нь он удаан Чуулганыг мухар сүсэгт хүлсэн юм.
Шалгасан багш: Жэйн Синиор
"Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)