Saturday, March 14, 2009

6. Папууд ба загалмайтны аян дайн


Долдугаар зууны үед Исламын шашин үүсч хүчирхэгжин, 1000-аад он гэхэд Зүүн Ром тэр чигтээ эрхшээл нөлөөнд нь орсон. Ислам гэдэг нь "Бурханы хүсэлд захирагдах", гэсэн утгатай. Тэдний нөлөө хүчтэй тэлсэнээс Иерусалим, Антиох, Александрын Чуулганууд бараг л мөхөж байлаа. Сирид л гэхэд Чуулганы арван мянга орчим байр мосг (исламын сүм) болж хувирсан. Хойд Африкийн хүчирхэг Чуулганаас бараг юу ч үлдсэнгүй. Иудей итгэгчдийн хувьд маш чухалд тооцогддог “Ариун газар” болох Иерусалим, Иерихо … зэрэг нь лалынханд эзлэгдэв.

1094 онд 2-р Урбан пап бүх Чуулганыг “Ариун дайнд” уриалав. Тэр “Ариун газар”-ыг буруу номтнуудаас чөлөөлөх нь Бурханы хүсэл гэж тунхаглаад, цугларсан дайчдыг Эзэний нэрээр ерөөсөн. 1096 онд 2-р Урбан пап, Петр гэгддэг хэнээтэй бадарчнаар толгойлуулсан их цэрэг анхны (загалмайтны) аян дайндаа гарсан. Лалынхныг Христэд итгүүлнэ, сул доройг нь мэдүүлнэ ухааруулна, Бурхан хэнийх нь талд байгааг нотолно, гэх мэт маш гэнэн мунхаг мөрөөдөл, төсөөлөл тэднийг зоригжуулж байлаа. Мэдээж тэр дунд алдарших, эрх мэдэлтэй болох, гэх мэт хувь хүний хүсэл улс төрийн, газар нутгийн, эд баялаг олз ашгийн шунал хүсэл ч холилдон явж байлаа.

Тэд тун ч амжилттай дайтсаар Антиох, Иерусалим, Никеа, Эфэс, Эдэсса зэргийг эзэлж, 1099 онд Крусейдын Феодалист хаант улсыг байгуулсан. Тулаанд гавъяа байгуулсан хөлөг баатарууд (рыцариуд) бүхэл бүтэн хот балгадыг хүн ардтай нь шагнал болгон авч байв. Тэд өөрсдийн цус асгаруулсан дайнаа Эзэний өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна, гэж бодоцгоодог байлаа. Тэдний байгуулсан “гавъяа” ард нь үлдсэн эх оронд нь домог бахархал болон дуурсаж, үй олон хүмүүс (тэр дундаа өсвөр үеийнхэн) тэднийг үлгэр дуурайлаа болгон, тэдэн шиг “алдар гавъяа” байгуулхыг дурлан тэмүүлж байлаа.

Хоёр талаас маш их цус урссан. Ялангуяа үй олон мусальманчууд (цэргийн биш энгийн иргэд ч) алагдсан. Баруунаас ирсэн энэ их гамшиг зөвхөн лалынхныг ч биш бас Ортодокс, Зүүний Чуулганыхныг ч хамарч, тэднээс олон хүн “эрэлхэг загалмайн дайчдын” гарт амь үрэгдсэн. Энэ их хүчирхийлэл цус урсгалт нь яав ч Эзэний хүсэл биш гэдгийг цөөхөн хүн мэдэж ойлгож, шүүмжилж байсан ч, таслан зогсоох хүч болтлоо нэгдэж чадаагүй юм.

Хэдийгээр загалмайтнууд зорилгоо биелүүлсэн боловч, угаас эзлэгдсэн газар нутаг, ард иргэд нь исламжсан байсан ба тэдний соёл уламжлал, амьдрах хэв маягын зөөлөн түрэлт нөлөө, эрх мэдлээ эргүүлэн авахаар байн байн довтлох исламын дайчдын довтолгоо, шинэ гүрнийг хэлбэр төдий хэврэг улс болгосон юм.

1147 онд 3-р Юүжин пап, Клэрвогийн Бэрнард нарын удирдлагаар хоёрдахь аян дайн эхэлсэн. Энэ удаа зөвхөн зэвсэгт дайчид ч биш, орон гэргүй, ядуу хоосон тариачид, хүүхэд, хөгшид олноороо явцгаасан. Тэд газар эдлэнтэй болгох, дайны олз омгоос хувь хүртээх амлалтанд хууртсан юм. Анхнаасаа бүтэлгүйтэж замдаа олноороо алуулж явсаар, Дамаск хүрч эзлэн авах гэсэн бүх оролдлого нь бүтэлгүйтсэнээр, 1148 онд бүрэн дампуурлаар дууссан.

1189 онд 3-р Александр пап, Фредрик Барборас хаан, Английн хаан Арслан зоригт гэгддэг 1-р Ричард нарын удирдлагаар гуравдахь довтолгоо эхэлсэн. Энэ үед мусальманчууд аль хэзээний зохион байгуулалтанд орж нэгдсэн байлаа. Удаа дараалсан загалмайтны довтолгоо тэднийг хүчирхэгжүүлсэн юм. Тэдний хаан Саладин сайтар зэвсэглэсэн, туршлагатай, гурван зуун мянга хүртэл хүнтэй армийг удирдаж байлаа. Цус асгаруулсан хатуу ширүүн тулаан гурван жил үргэлжилж, Фредрик усанд живж үхээд, Ричард Саладинтай эвийн гэрээ байгуулснаар дууссан юм. Ричард харих замдаа Германд баригдаж хоригдож байгаад, хожим оргон харьсан гэдэг.

1200-1204 оны хооронд 3-р Инносэнт папын үүсгэсэн дөрөвдэх дайн “ариун” зорилгоосоо илүүтэй дээрмийн дайн болсон. Улайрч хийрхсэн олз ашгийн шуналтнууд лал гэлтгүй христчин хот тосгодыг ч дээрэмдэн тонож бусниулж байлаа. Энэхүү бүлэг дээрэмчид ард талдаа ч нэр хүндээ алдан дэмжлэггүй болж, зохион байгуулалт нь ч алдагдан тарсан.

Хамгийн гэнэн мунхаг, гашуун түүх бол хүүхдүүдийн аян юм. 1212 онд “Зүрх сэтгэл нь цэвэр ариун хүүхдүүдийг ашиглан Ариун газрыг гайхамшигт аргаар чөлөөлөх“ тэнэг төлөвлөгөө Николас Стивэн гэгч бодож олсон нь папын засаг захиргааныхнаар дэмжигдэн эхэлсэн. Олон арван мянган хүүхдүүд энэ аянд хамрагдаж, олонхи нь далайд живж, олзлогдож, боол болон худалдагдаж, алуулсан юм.

“Ариун газрыг” аян дайнаар чөлөөлөх мунхаг бодлоосоо Чуулганы удирдлага салж чадахгүй л байсаар, зургадугаар оролдлого 1219-1221 онуудад 3-р Хонориус папын дэмжлэгтэйгээр өрнөсөн. Тэд Египетийн Дамиэтаг эзэлсэн боловч удалгүй эргүүлэн алдсан.

Яг энэ үед Эзэн Азийн зүрхэнд нэгэн хүнийг, бүх нүүдэлчдийн хаан болгон өргөмжилж байлаа. Түүний угсаа залгамжлагчид нь “Ариун газрыг чөлөөлөх ариун дайны” бүх оролдлогыг нэгмөсөн таслан зогсоосон юм. Төв Азиас ирсэн “Бурханы ташуур”, зүүн Европт рыцариудыг, Персэд лалын холбоог бут цохих хүртэл, Чуулганы удирдлага “ариун дайны” мунхаг бузар сүнснээсээ чөлөөлөгдөж чадалгүй байсаар, том жижиг олон дайныг хийж их цус асгаруулсан билээ.
Константин хааны үеэс, шинэчлэлийн үе хүртэл папын сэнтийд 180-н хүн заларсан байна.





Шалгасан багш: Жэйн Синиор
Чуулганы түүхийг танилцуулахуй" хичээлийн лекцээс (UBTC)