Tuesday, February 23, 2010

Библи судлахуй-5. Г. жишээ: (1 Иох. 2:28-3:24) хүртэлх багцлалд ажиглалт хийх нь.



1.Бурханаас төрсөн хүний шинж чанар, онцлог юу вэ? Тэд хэрхэн танигдах вэ? а) Тэрээр зөвийг үйлддэг гэж (2:29, 3:7б)- д өгүүлээд, энэ нь
б) Есүстэй адил болно гэсэн итгэл найдвар тээж амьдрах нь юм, гэж (3:2)-т,
в) Тиймээс ч өөрийгөө бүхий л сул дорой, бузар зан чанар, муу зуршил, мухар сүсгээс цэвэршүүлдэг (өөрчлөгддөг), гэж (3:3)-т,
г) нүгэл үйлддэггүй (3:6а,9а), тэр ч байтугай нүгэл үйлдэж чаддаггүй, гэж (3:9в)-д,
д) бие биенээ хайрлах ёстойгоо мэддэг (3:11) ба хайрладаг (3:14а), гэхдээ энэ нь хоосон яриа биш бодит үйлсээр, нэгнийхээ төлөө зориулалт, золиослол гаргаад хуваалцсан, тусалж дэмжсэн, өмгөөлж хамгаалан амиа хүртэл зориулах байдлаар илэрдэг, гэж (3:16-аас 18)-д,
е) тэгснээрээ Бурханаас төрсөн гэдгээ (2:29), мөнх амьтай болсоноо (3:14а) баттай мэдэж,
ё) улмаар Эзэний өмнө зүрхээ бататган (3:19), өөрсдийгөө яллахгүй юм, гэж (3:20а, 21)-д,
ж) тэгээд ч зогсохгүй одоо цагт ч (3:21), ирээдүйд сүр хүч, хаанчлал дотороо Түүнийг ирэх үед ч, Түүний өмнө зоригтой, ичгүүргүй байх юм, гэж (2:28)-д,
з) бас гуйлт залбирал маань ч хүлээн авагдаж, Түүний хүч, эрх мэдэл, хайр дотор биелэх юм, гэж (3:22а)-д,
л) эдгээр нь Бурханы тушаалуудыг сахин хэрэгжүүлсэн, Түүний мэлмийд таашаагддаг амьдрал, үйлс юм, гэж (3:22)-т,
м) эдгээрийг базаад хэлэхэд, Бурханы Хүү, Аврагч Эзэн Есүс Христэд гуйвшгүйгээр итгэх ба Христийн бидэнд тушаасан (Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулхаас өөр агуу хайр байхгүй (Иох. 15:12,13).) нэг нэгнээ хайрлах тушаалуудыг сахиж буй хэрэг юм, гэж (3:23)-т,
н) эцэст нь энэ бүгдийг хэрэгжүүлж байгаа нь, тэгснээрээ Түүнтэй улам адил болж, уусан нэгдэж (төлөвшиж, өөрчлөгдөж) байгаагаа ухамсарлаж байгаа зэрэг нь, бидэнд Түүний өгсөн тосолгоо болох Ариун Сүнсний ажил юм, гэж (3:24)-т өгүүлжээ.

2. Харин диаволын (чөтгөрийн) хүүхдийн онцлог шинж, ялгаа нь юу вэ? Тэднийг хэрхэн таних вэ? а) Тэр нүгэл үйлддэг ба энэ нь ёс (хууль) бус хэрэг юм, гэж (3:4)-т,
б) энэ нь (Христэд) итгэгчдийг мэхлэх оролдлогоор нь (3:7а), (Тэр үед гностик болон бусад гаж урсгалынхан “нэгэнт бид уучлагдсан, эрх чөлөөтэй болсон тул махан биеийн хүслийг даган элдэв гэм бузарыг хийхэд ялгүй, угаас махан бие сул дорой тул гэм үйлдхээс өөр аргагүй” гэхчилэн заадаг байсан. Одоо ч “Хүү (Христ ба Түүний загалмайн аврал) чухал биш. Түүнээс агуу Бурхан (Эцэг Ёхова нь) байгаа. Хүүгүйгээр (загалмайн авралгүйгээр) Эцэгийн тааллыг олж болно” Ёховагийн гэрчүүд, “Библиэс өөр Мормоны ном, Үнэт сувд зэрэг авралын судар байгаа, Загалмайн аврал бол үнэндээ гэмийн төгс уучлал биш” Хожмын үеийн гэгээнтнүүд (Мормонизм), “Жинхэнэ аврагч Мүн болон түүний эхнэр Хан нарын цэвэр ариун цустай хүмүүсийн махан биеийн үр сад л хүн төрөлхтөнийг гэмээс нь аврагчид болно” Мүүннизм... гэх мэт мэхлэлтүүд байсаар байна.
в) бас ах дүүгээ хайрладаггүй (3:10в), бусдад туслах сэтгэлгүй байдлаар, гэж (3:17)-д,
г) тэр ч бүү хэл ахан дүүсээ үзэн ядах, хонзогнох байдлаар, гэж (3:15)-д,
д) Бурханы тааллыг олсон (өргөл нь хүлээн авагдсан), зөвт ариун үйлстэй (дээрхи 1-р хэсэгт дурдсан үйлсүүд) нэгэнд атаархан хорсох байдлаараа (3:12) илэрдэг ба Бурханы хүүхдээс ялгардаг (3:10а), гэжээ.
е) Мөн тэд үхэл дотор (3:14б), буюу мөнх амьгүй (тосолгоогүй буюу, нэг үгээр Ариун Сүнсгүй) байдаг (3:15), гэжээ.

3. Ишлэлийн судалгаа: (1 Иох. 2:28)-д “Бяцхан хүүхдүүд ээ” гэсэн нь, энэ ишлэлээс харахад гэнэн итгэмтгий, ялангуяа хуурамч сургаальд автаж төөрөлдөгсдийг хэлсэн нь тодорхой байна. Элч Иохан тэднийг яллан зэмлэхийг урьтал болголгүй, харин “сул дорой, Христийг танин мэдсэн хувийн туршлагагүй, хүний амаар алхагсад, тиймээс мэхлэгдэгчид” гэж үзэж, энэ л өнцөгөөс тэднийг харж, хайрлаж энэхүү захидлаа илгээж байгаагаа дахин дахин онцолсон байна. Хайр дотор маш өндөр төлөвшсөн хүний (Ариун Сүнсний) зүрх сэтгэл эндээс харагддаг. “Одоо энэ захидлыг уншаад, гэмшин эргэж Христ рүү ирэгтүн” гэсэн хайрын дуудлага байна.

Бас хүний өмнө “зоригтой, мундаг, сүнслэг нэгэн” болох гэх нь ямарч хэрэггүй, авралд хүргэхгүй, харин Түүний л өмнө зоригтойгоор очихыг эрмэлзэх нь итгэгч хүний гол зорилго юм, гэсэн далд санаа ч байна. Энэхүү “зориг” нь, дайсныхаа эсрэг эрс шийдэмгий, хатуу ширүүн байх эр зоригын тухай биш, харин эцсийн цагт Эзэний өмнө өчнөөн гэм нүгэлтэй очиж, бүх гэмт үйлс нь гэрэлд ил гарч “ичгүүрт орон яллагдах вий...” гэсэн айдасгүй, нүүр бардам очих “зориг”-ын тухай өгүүлжээ.

(1 Иох. 2:29)-д энэхүү захидлын гол мессэж дахиад л хэлэгдэж байна... Буруу номлолуудын далд санаа нь, “энэ ертөнцийн бүхий л бузар мууд Бурхан Өөрөө буруутай...” (Эх. 3:4, 12), гэсэн нь юм. Харин Иохан, “Бурхан бол зөвт, ариун бөгөөд ямарч харанхуй Түүний дотор байхгүйг танин мэдэх нь жинхэнэ итгэлийн (Бурханаас төрсөн) хүний шинж” гээд, тэгж чадсан хүн нь жинхэнэ болон хуурамч багш нар, тэдний үйлс, номлолыг танин мэдэж ялган салгана, гэсэн.

(1 Иох. 3:1)-д Өчүүхэн гэмт бүтээлийг, Хүүгийнхээ цусаар Өөрийн хүүхэд болгон өргөмжлөн авсан Бүтээгч Эзэний агуу хайрыг, хүний логик (дэлхийн хэвшмэл) сэтгэлгээгээр тайлбарлана, ойлгоно гэдэг нь бүтэшгүй юм. Зөвхөн Ариун Сүнсний онгод, илчлэлтээр л зүрхэндээ мэдрэх боломжтой. Бид (Чуулган) сонгогдсон. Гэмт хүний ертөнц, Христийг ойлгож, танин мэдэж хүлээн авч чадаагүйтэй адил, биднийг ч бас ойлгодоггүй, гэжээ.

(1 Иох. 3:2)-т “Хайртууд минь” гэж дотночлоод, одоогийн зовлон зүдгүүр, асуудал бэрхшээл, сорилтоор дүүрэн энэ дүр төрх, амьдрал маань түр зуурынх юм. Харин үхлийг ялж Цог жавхлан, Гэрэл хайраар гялбан, Агуу сэнтийндээ заларсан Есүс Христийг харж, бас Түүнтэй адил болох цаг удахгүй, гэж зоригжуулж байна.
Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (Илч. 22:4, 5).

(1 Иох. 3:3)-т Ийм аврал, өргөмжлөлд найддаг нэгэн нь сул дорой, гэмтэй зохисгүй бүхий л зан хандлага, зуршил хүлээс, эсвэл төөрөгдөлөө ялгаж салган, эсэргүүцэн тэмцэж, чөлөөлөгдөх ёстойг дахин сануулж байна. Учир нь Христэд тэдгээр нь огт байхгүй юм.

(1 Иох. 3:4-6)-д Нүгэл үйлдэнэ гэдэг нь (махан биеийн сул доройн улмаас нүгэл үйлдэх нь жирийн зүйл, гэж зааж итгэгчдийг гэмт байдлынхаа эсрэг тэмцдэггүй, тэнгэрлэг ариун, зөвт амьдарлын хэв маягыг хэвшүүлэх гэж хичээдэггүй болгож байсан, буруу номлолын эсрэг) хууль бус (“ёс” гэдэг нь хууль, дэг жаяг) хэрэг. Бурханы хуулийг зөрчих нь заавал шийтгэл, уур хилэнг дагуулдаг. Христ ямарч хуулийг зөрчөөгүй. Тиймээс ч Түүнтэй нөхөрлөл дотор хамт байдаг нэгэн нь хууль зөрчиж чаддаггүй. Хууль зөрчдөг сул дорой, гэмт байдлыг маань биднээс зайлуулхын тулд л Тэр ирсэн. Тэрнээс биш хууль бус бузар байдалд маань “жаргаах” гээгүй. Бузар гэмт байдалдаа ичиж эмээх сэтгэлгүй, өөрийгөө сул тавьсан нэгэн бол Христийнх биш, гэсэн.

(1 Иох. 3:7)-д Өмнөхтөй холбогдуулан дахиад л “антихристийн” мэхлэгч сургаалийг танин мэдэж, дагахгүй байхыг анхааруулж байна. 1Иохан номон дахь “зөвт” хүний шинж нь гэмт, сул дорой зан чанараа хаацайлж зөвтгөхийг (тэр тусмаа загалмайгаар) оролддоггүй. Харин ч ичиж гэмшин, эсэргүүцэн тэмцдэг. Эзэний өмнө үнэн төрхөөрөө очиж уучлал гуйн, загалмайн цусаар угаалгадаг. Энэ ариун цус л бузрыг минь цэвэрлэж, намайг өөрчилж чадна, гэж итгэдэг. Энэхүү итгэл, тэмцэлийн амьдралдаа Есүстэй болон итгэлийн ахан дүүстэйгээ хайраар нөхөрлөж, тэднээс тус дэм, урам зоригыг авдаг ба бас тэдэнтэйгээ хуваалцдаг нэгэн юм. Тэр хэмжээгээрээ ялан дийлдэг (өөрийн бузар байдлаа) хүн юм.

(Гаж сургаалиудын бас нэг үндсэн санаа нь “Христийн загалмайн цус бидний гэм нүгэл, бузар хүсэлийг хаацайлж, далдалдаг”, гэсэн нь юм. Харин Иохан “хорон муу гэмт үйлсийн үндэс болсон нүгэлт хүсэл мөрөөдөл, зуршил, дадал, зан чанар, итгэл үнэмшил, хэвшмэл сэтгэлгээ зэргийг биднээс угааж цэвэрлэдэг”, (1 Иох. 1:7) гэж захиандаа онцолсон. Тиймээс ч бид үйлдчихсэн гэмийнхээ төлөө л уучлалыг авах гэж загалмайн өмнө очихоосоо илүүтэй, гэм рүү түлхдэг нүгэлт бодол санаа, хүсэл зуршилаасаа салах гэж очдог байх нь хамгийн зөвт, Эцэгийн хүслийн дагуух үйлс юм).

(1 Иох. 3:8)-д “Диавол” гэдэг нь салгагч, эвдэгч, зааглагч гэсэн утга бүхий грек үг ба сатаны үйлс, зорилго санааг нь тодотгосон нэршил юм. Энэ нэршилийг ашигласан нь ч тохиолдол бус юм. Тэр анхнаасаа л Бурханы хайр, мэргэн ухааны биелэл, төгс бүтээл нь болсон хүнд атаархан хорсож, эрх мэдэлд нь шунаж, Бурхан хүн 2-ын харилцааг (Эх. 3:4, 8), хүмүүс хоорондын харилцааг (Эх. 3:12, 4:7,8), хүн болон бусад бүтээлүүдийн хоорондын харилцааг (Эх. 4:17, 11:4) эвдэж, бузарлаж ирсэн.

Бас Искариотын Иудасыг ашиглан Бурханы Хүүг газар дэлхийгээс зайлуулхыг санаархсан (Иох. 13:2). Гэвч Эзэн үхлийг ч ялан боссон тул, одоо Христ болон итгэгч, мөн итгэгчид хоорондын харилцааг (нөхөрлөлийг ) эвдэхээр ажилладаг, гэдгийг мэдүүлж илчилхээр энэ захиа бичигдсэн. Тэгээд элдэв нүгэл үйлдэгч нь (ялангуяа Чуулган дотор хагарлыг өдөөгч нь (1Иох. 2:11)) түүний гар хөл (диаволын хүүхэд) юм, гээд Есүс энэхүү эвдэн бусниулах хорон үйлсийг зогсоох зорилготой гэжээ.

(1 Иох. 3:9)-д Энд өмнөх бүлгүүдэд дурдагдсан “Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга (1 Иох. 1:8), Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга (1 Иох. 1:10)”, зэрэг ишлэлүүдтэй зөрчилдөөд байгаа мэт харагддаг. Ер нь Библи аливаа зүйлсийн хоёр туйлыг товойлгон, бас хооронд нь сөргүүлэн тавьдаг. Энэ ишлэлийн өмнөх болон хойдох багцлалыг анхааралтай уншин, бас Библийн ерөнхий мессэжтэй уялдуулан (үүнийг “хам сэдэв дотор нь тайлал хийх”, гэдэг. Библийн аль нэг ишлэлийг огтхон ч дангаар нь тайлбарлаж болохгүй. Ганц, нэг ишлэлийг таслан, дангаар нь тайлбарлах гэж оролдох нь гаж урсгалын нийтлэг шинж) тайлбарлах нь зүйтэй.

Өмнөх 6-р ишлэлд “Түүний дотор байгч нь нүгэл үйлддэггүй”, гэсэн бол 7-р ишлэл дээр “зөвийг үйлдэгч нь, зөвт байна”, гэсэн ба хойдох 10, 11-р ишлэлд “...бусдыгаа хайрлагч нь Бурханаас төрөгч...”, гэсэн зэргийг, захидлын ерөнхий мессэжтэй хамтатган, уг зөрчилтөй мэт бичлэгийг бясалган, харьцуулан харах нь зүйтэй.

Хэдийгээр бид одоогоор дахин амилсан Христ адил төгс биетэй болоогүй ч, загалмайн авралд итгэсэн итгэлээрээ, Ариун Сүнсээр нь тослогдон дахин төрж, Эзэний оршихуйд (тэнгэрт) гэмгүй, цэвэр ариунд тооцогдон, Бурханы хүүхдүүд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ нь нүгэлийг хүсэмжлэн, зорилготойгоор, төлөвлөн, гэмийг үйлдэн амьдарч чадахаа байсан гэсэн үг. Эндээс, Есүстэй болон итгэлийн ахан дүүстэйгээ хайраар нөхөрлөдөг, даруугаар алдаа зөрчил, сул доройгоо Эзэний өмнө хүлээн зөвшөөрч гэмшдэг, тэдгээрийгээ үзэн ядаж эсэргүүцэн тэмцдэг, үр дүнд нь өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгддэг нэгэний дүр харагддаг. Тэр нь “Бурханаас төрөгч” юм.

(1 Иох. 3:10)-т Одоо энд хоёр дүрийг жишэн, өмнөх багцлалуудыг дүгнэж байна. Тэгээд диаволын хүүхдийн шинжийг дахиад л өгүүлсэн. Энэ нь хойших 18-р ишлэл хүртэлх багцлалын угтвар, холбоос болж байна.

(1 Иох. 3:11)-т Би та нарыг яаж хайрласан шиг, та нар бие биенээ хайрлагтун. Энэ бол Миний тушаал (Иох. 15:12), гэснийг сануулж байна. Бие биенээ хайрлах уу, үгүй юу, гэсэн эргэлзээ, эрэгцүүлэл байх нь өөрөө гэмт хандлага юм. Ямарч сонголтын талаар яриа байхгүй. Энэ нь заавал хэрэгжүүлэх “ёстой” тушаал юм.

(1 Иох. 3:12)-т Хүмүүний түүхэн дэх хамгийн анхны аллагыг жишээ болгон өгүүлж байна. Олон тайлагчид (эш үзүүлэгчид) (Эх. 3:17-19)-р хэсгийг үндэслэн, “Каин хараагдсан ажил хөдөлмөрийн (газар тариалан) ургац өргөсөн тул хүлээн авагдаагүй” гэцгээдэг. Энэ нь Судараар батлагддаггүй. Харин ч гэмийн болон эвлэрүүллийн тахил болгон өргөдөг согоггүй эр малтай адил ургацын дээж, сайн чанарын үр тариа, гурил зэргийг өргөх ёстойг Левит, Дэд хууль номуудад заасан байдаг. Бас аравны нэгээ итгэмжтэй өргөхийг тушаагаад, хариуд нь газар тариалангын ургацыг нь ерөөх амлалт ч, Малахи номонд байдаг.

Өргөл нь хүлээн авагдаагүйн шалтгаан нь Каин өөрөө байсан гэдгийг, “Каиныг болон...” гэж онцгойлон дурдсанаас харж болно. Хорон муу зүрх сэтгэлтэй, түүнийхээ дагуу нүгэлийг хүсэмжлэн, гэмийг үйлдэн амьдрагч нь, хэдийгээр Эзэний нэрийг дуудан өргөл, тахил, гуйлт залбирал (гэмшил ухааралгүйгээр, бардамнан) өргөвч хүлээн авагдахгүйг Библийн олон түүхүүд (Сам. 13:8-14)(2 Шас. 26:16-21) нотолдог. Каин нь бардам, дээрэнгүй, өсөрхөж хонзогногч, хатуу зүрх сэтгэлтэй нэгэн байсныг, төрсөн дүүгээ Бурханы анхааруулгыг ч үл тоон харгисаар алж, бүр аллагынхаа дараа гаслан гэмших ч үгүй, Эзэний өөдөөс бардамнан тэрсэлсэн түүхээс бид мэднэ (Эх. 4:5-9). Харин Бурханд өөрөө болон өргөл нь хүлээн авагдсан Абел, ямархуу зан чанар, үг хэл, үйлс амьдралтай нэгэн байсан бол?...

(1 Иох. 3:13)-т Бид (Чуулган) хүний тааллыг бус Бурханы тааллыг хайдаг тул энэ ертөнцөд үзэн ядагддаг. Бас нөгөөтээгүүр бидний Эзэн Есүс ч үзэн ядагдсан ба Түүнийг Бурханаа болгосон бид ч тийм замыг туулах болдог. Хүмүүсийг хайрласаар, бүхнээ зориулсаар, аврал үнэний зам руу уриалсаар байхад үзэн ядалтаар хариу барьдаг нь гайхмаар юм шүү. Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм (Иох. 17:14). ...Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан... (Иох. 16:33б).

(1 Иох. 3:14,15)-д Амьд нэгний үхсэн нэгнээс ялгагдах онцлог нь, ахан дүүсээ хайрлах хайраар харагддаг. Дотроос тань хайр ундраад л байвал таны дотор мөнх амь буюу Ариун Сүнс байна, гэдгийг мэд. Харин үзэн ядалт, хорсол занал таныг зовоогоод байвал, та гэмшин Эзэнээс амийг гуй, гэсэн том сануулга байна. Чуулган дотор заримдаа, хичнээн хөөрхөн ах, эгч, дүүс өөрийн зөвийг батлах, бусдаасаа илүүгээ илэрхийлэх гэхдээ тун хурдан хувирч, яавч Христийн бус харгис догшин, бардам дээрэнгүй, яллан буруутгагч дүрд хувирдгыг бид мэднэ. Түүгээр ч барахгүй өширхөл хонзогнол, гоморхол бухимдалаа он удаан хадгалж, өвчилсөн байх нь ч бий.

(1 Иох. 3:16-18)-д Загалмайн гайхамшигт авралыг сануулаад, үүнээс үлгэр авч бусдын сайн сайхан, авралын төлөө өөрийн эрх ашиг, таашаал, тансаглал, эд хөрөнгө, үнэт цаг зав зэргийг зориулхыг уриалж байна. Тухайн түүхэн цаг үед (одоо ч зарим улс оронд) Христэд итгэснийхээ улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэн элбэг байсан. Бид энэ дэлхийн өгч чадахгүй баялгыг (мөнх амийг) Христийн гавъяагаар үнэгүй авсан.

Харин энэ дэлхийн үнэт зүйлс, эд баялаг нь, бидний ахан дүүсийн авралын итгэл, хайр дотор босгогдохоос илүү чухал, эрхэм зүйлс огтхон ч биш. Тиймээс ч ахан дүүстэйгээ Христийн хайрыг хуваалцах зорилгоор, өгөөмөр байхыг Библи шаарддаг. Шаардлагатай үед амь насаа ч зориулах эр зориг, хайр дотор төлөвших хэрэгтэй. Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү? Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм (Иак. 2:14-17).

(1 Иох. 3:19-24)-т Бүтээгч агуу Эцэг маань, нар сар, од мичид, зах хязгааргүй сансарын уудам, бас манай өчүүхэн цэнхэр дэлхий, түүн дээрхи бүхий л амьдралын олон төрөл зүйл хэв маяг, амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хоол, тэр дундаа хүмүүний эрхэм нандин, эрдэнэт бие цогцос зэрэг материаллаг зүйлсийг бүтээснээс гадна, нүдэнд үл үзэгдэх, чихэнд үл сонсогдох, гарт үл тэмтрэгдэх, аманд үл амтлагдах, хамарт үл үнэрлэгдэх сүнслэг оршихуйг ч бүтээсэн. Тэр нь маш баялаг, олон талт, гоо үзэсгэлэнтэй, агуу ертөнц юм.

Сүнсний оршихуйн тулгуур 3-н ухагдхуун байдгаас хайр, амар тайван, баяр баясгалан, мэргэн ухаан, яруу аялгуу, уран сэтгэмж, өгөөмөр зан, энэрэл, тэвчээр, эр зориг, итгэмжтэй байдал, өршөөл уучлал, дөлгөөн зан... гэх мэт олон үнэт мөн чанаруудыг хүн төрөлхтөн “зүрх сэтгэл” гэдэг нэгэн цогц ухагдхуунд хамруулан (танин мэдэхийг эрмэлздэг гэвэл илүү зохино) ойлгодог. Библид үүнийг “ариунаас ариун газар” (Ег. 26:34) гэж тодорхойлсон байдаг. Энэ нь, хүн бол Бурханы дүр төрх гэдгийг хамгийн тод томруун илэрхийлдэг талбар юм. (Нөгөө хоёр нь “бүтээлч оюун сэтгэлгээ” (Сур.үгс 8:14), “эрх мэдэл, байр суурь” (Эх. 1:27,28; 5:1,2)(Иса. 43:11-13), гэсэн нь юм.)

Энэхүү “ариунаас ариун газар” нь бузартсанаас энэ ертөнцийн бүхий л бузар булай, хорон муу нь бий болдог гэж Эзэн Есүс айлдсан байдаг. Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг. Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг. Эдгээр нь хүнийг бузарладаг... (Мт. 15:18-20а). Гэсэн хэдий ч Загалмайн цусны гавъяагаар “Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр өршөөлийн суудал заларсан” (Ег.гар. 26:34) билээ. Өршөөлийн суудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдран дотор хий. Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана (Ег.гар. 25:21,22).

Бидний зүрхэнд Ариун Сүнсээрээ нутаглаж, Өөрийн хүслийг шивнэж, уучлан энэрхүйн шийдвэрт хөтөлж, хайрын үйлсэд өдөөж, зөвт шударгыг заадаг Эзэндээ дуулгавартай байвал, бид итгэлийн амьдралдаа урам зоригтой байж, Түүнтэй улам дотносон ойртож, залбирал гуйлтынхаа хариултыг ч хүлээн авч байх юм, гэж элч Иохан бидэнтэй туршлагаасаа хуваалцаж байна.

Энэ хэсэгт “хайр бол зөвхөн догдлол, сэтгэл хөдлөл төдий зүйл биш, харин үүрэг хариуцлага, зориулалт золиослол бүхий үйлс амьдрал юм”, гэсэн хайрын талаархи Библийн үндсэн тодорхойлолт хүчтэй хэлэгдсэн. Тэгээд энэхүү хайрын үйлс, амьдрал нь Христэд итгэгчийн өөрчлөгдсөн амьдралын хамгийн гол үзүүлэлт юм. Нэгэнт л Есүс Христийг өөрийн Эзэн Бурханаар хүлээн авсан бол, бидэнд өгсөн тушаал заавруудыг нь даган биелүүлснээр Түүнтэй улам адил болох юм.