Saturday, July 3, 2010

Бурханы охинд бичсэн захидал-2



Сайн байна уу?
Бурханы хайртай охин минь. Таны бие болоод сэтгэл Эзэний ивээл, ерөөлөөр бялхаж байгаа биз дээ? Өмнөх захиандаа би танд киноны тухай өгүүлсэн. Кино урлаг зүгээр ч нэг, санамсаргүйгээр хүн төрөлхтөний соёл урлагийн тэргүүлэх эгнээнд богинохон хугацаанд цойлон гарч ирсэн юм биш. Хүн бүр өөрөө дахин давтагдашгүй, өөрийн гэсэн өвөрмөц өнгө будаг, өрнөл үйлс, аяз аялгуу бүхий “кино” юм шүү дээ.

Кино нь олон янзын элемэнт, бүрдэлүүдээс бүтдэг нэгдмэл цогц бүтээл юм. Янз бүрийн төрөл жанрийн кино болгоноос салгагдашгүй нэгэн элемэнт бол хөг аялгуу, хөгжим дуурьсал болой. Үггүй, өнгөгүй, нэгэн хэвийн, эсвэл галзуурсан өрнөл, адал явдалтай, аймшигтай, уянгын, эмгэнэлтэй гэхчилэн олон янзын кинонууд бүгд үйлс өрнөл, утга агуулгаа аяз аялгуугаар тодотгож, хэлэх гэсэн санаагаа хөг дуурьслаар хүч оруулан амталсан байдаг.

Хөг аялгуу, хөгжимгүй кино бол давсгүй хоолтой адил. Энд бид "кино"-г үл үзэгдэх ертөнц буюу хүмүүний дотоод зүрх сэтгэлийг төлөөлүүлэн, зүйрлэн авч үзэж ярьж байгаа билээ л. Бидний Бурханы тоо томшгүй, олон янзын бүтээл дундаас сэтгэл зүрхнээс ундран гарах догдлол мэдрэмж, долгисын илэрхийлэл болдог аяз аялгуу, хөг дуурьсал бол нэн гайхалтай нь бүлгөө.

Аялгуу бол бодлын, догдлол мэдрэмжийн урсгал юм. Энэ нь нэгэн төрлийн хэл яриа юм шүү дээ. Үг өгүүлбэр нь оюун сэтгэлгээний илэрхийлэл бол, аяз аялгуу, хөг дуурьсал нь зүрх сэтгэлийн илэрхийлэл, хэл яриа юм. Сэтгэл хөдлөлгүй, догдлол мэдрэмжгүй, уярал хайлалгүй нэгэн байваас роботоос юуны ялгаатай вэ?!

Нэгэн Бурханы хүн тэнгэрт түр хугацаагаар халиад, эргэн ирэхдээ "...үгээр илэрхийлэгдэшгүй, гайхалтай хөг аялгуу, дуурьсал..." сонсосноо Сударт бичин үлдээсэн байдаг. Үл үзэгдэх ертөнцөд тоо томшгүй бодол санаа, төсөөлөл мөрөөдлийн, сэрэл мэдрэмжийн урсгалууд холилдон, зөрчилдөн, бас уусан нэгдэж оршдог.

Мөхөс хүмүүний хувьд эдгээрийг бүрэн гүйцэд танин мэдээд, улмаар нүдэнд харагдах байдлаар эмхэлж цэгцлэх, эрэмблэх, хэлбэр дүрстэй болгох, өнгө будгаар будах, хэмнэл аялгуугаар илэрхийлэх ямарч боломжгүй. Хүмүүний зүрх ертөнцийг байтугай, зөвхөн өөрийгөө ч зохист хэмнэлээр илэрхийлж, хэлбэржүүлж чадахгүй. Чаддаг байсан бол Бурханы Хүү загалмай дээр үхэх шаардлагагүй байсан.

"Зүрх сэтгэл бол хамгийн их шархалсан, хамгийн их эвдэрсэн, шаналлаар дүүрэн, эдгэршгүй юм" гэж Сударт өгүүлдэг. Амьдрал бидний өмнө ямарваа нэгэн асуудлыг босголоо гэхэд ямар өнцөгөөс хэрхэн харж байгаагаас, ямархуу сэрэл мэдрэмжийг мэдэрч хариу үйлдэлийг (реакцийг) зүрх сэтгэлүүд гаргаж байгаагаас шалтгаалж, янз янзын хөг ая тухайн асуудлыг тойрон дуурьсдаг.

Жишээ нь: Хөндөн ярихад нэн эмзэг, дэлгэн тавихад зовиуртай асуудал байлаа гэж үзье. Биеэ үнэлэгчдийн, архинд болон мансууруулах бодисонд донтогчдын, хулгайч луйварчид, алуурчид, гэмт хэрэгтнүүдийн харанхуй ертөнцийг хараад Ариун Сүнсээр хөглөгдсөн нэгний зүрхнээс халаглан харамссан, гашуудан энэрсэн, өрөвдөн нийгүүлссэн нэн уянгалаг хайрын хөг тон илэрхийлэгддэг.

Өөр нэг зүрхнээс жигшин зэвүүцсэн, сэжиглэн цэрвэсэн, айн ширвээтсэн, бачимдан сандарсан, улмаар түгшүүр дэлдэж, өөрийн хамгаалалт аюулгүй байдлын төлөө дэмжлэг, туслалцаа хүссэн харанга цангийн хангинаа гололсон хөг аяз гарах байх. Гэтэл бүр гурав дах зүрх уур бухимдал, үзэн ядалт, хорсол занал, шүүлт яллалтыг илэрхийлсэн хилэнгийн симфонийг ч удирдаж болох юм.

Харин охин минь би чамд хэлье. Та өөрийнхөөрөө хөг аялгуу зохиох гэж, дуурьсал найрлыг удирдах гэж бүү оролдоорой. Харин хамгийн шилдэг, сонгодог, төгс хөгжмийн Зохиолч бас Хөгжимчин, Удирдаач болох Түүний гарт хорин дөрвөн утастай босоо ятга нь, эсвэл дохиур мод нь болоорой, гэж захья! Зөвхөн Тэр л хэзээ ч, хэн ч дуурьсгаж бас найруулан тоглуулж чадахгүй симфони найрлыг зохиодог бас удирдан тоглуулдаг Нэгэн билээ.

Таны зүрх сэтгэл, догдлол мэдрэмжийн долгис тань Түүний л нэн чадварлаг, эрхэмсэг, тэнгэрлэг мутараар удирдуулан, гайхам уянгалаг, энхрий ялдам, хайрын хөг эгшигийг, сүр жавхлантай, эрч хүчтэй, цоглог хэмнэлтэй хослуулсан яруу тунгалаг аялгуу болон цацарч, сонсох чихтэй нэгний сонорыг мялаах болтугай.

Тэр л энэхүү тэнгэрлэг аялгуу, таны киноны аль хэсэгт өрнөл сүрийг нэмж, аль хэсэгт утга уянгыг эгшиглүүлхийг тунч оновчтой шийдэх болно. Бурханы хайртай охин минь хүчтэй, зоригтой байгтун. Та бол Түүний зүрхэн дэх нот нь, мутар дах ятга нь, дохиур саваа нь болой. Ариун Сүнс бол хамгийн дээд, тансаг сонсголонт хөг дуурьсал, эгшиг аялгуу мөн. Тэр чамаар дамжуулан Өөрийгөө дуурьсгах болно. Чанга үнсэе.

GOD bless YOU. JESUS loves YOU.

Есүгэний хувийн архиваас...