Sunday, April 29, 2012

4. Таны итгэлийн хэмжээгээр амьдрал тань хэмжигдэнэ.

Таны Христийн дотор зөв алхаж байна уу, үгүй юу гэдэг чинь, Бурханы тухай болон өөрийнхөө тухай ямархуу бодол, төсөөлөл, үнэлэлт дүгнэлттэй явдагтай шууд холбоотой. Буруу итгэлдээ удаан байх тусам, сүнслэг төлөвшил тань ч, үйлс үйлчлэл тань ч, ахуй амьдрал тань ч төдий чинээ үр жимсгүй, сэтгэл дундуур байдалтай байх болно. Өдөр тутмын амьдралд тань болж буй бүх зүйл, итгэл дээр тань тулгуурлан өрнөж буй.

Тиймээс ч таны итгэл үнэмшил, таны үйлдэл харилцааг тодорхойлдог. Амьдрал бол асар олон талт харилцаа бөгөөд, аль нэг талбар дээр таны харилцаа доголдолтой байвал, тэр талын итгэлийнхээ зөв бурууг хянах хэрэгтэй. Мэдээж алдаа зөрчил, буруугаар хэвшсэн итгэл байвал гэмшил болон шаргуу гуйлт залбирлаар засах ёстой.

Мэдрэмж бол Бурханаас өгч буй сануулга дохио

Таны олон жилийн хүсэл мөрөөдөлүүд, сүртэй том зорилгууд, тэр ч бүү хэл сайтар бодож боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн төлөвлөгөөнүүд чинь ч Бурханы зорилго болон төлөвлөгөөнүүдтэй нийцэхгүй байх нь бий. Бидний тэрхүү “үнэт зүйлс” (итгэл найдвар) маань, Бурханы үнэнтэй тохирч байгаа эсэхийг алхам тутамдаа мэдэж байх боломжтойгоор биднийг бүтээсэн. Үүний гол тэмтрүүлүүд нь мэдрэмж юм.

Уур хилэн, гомдол цөхрөл нь таны зорилго саад тотгортой учирч, бүтэх эсэх нь эргэлзээтэй болж байгаагын шинж. Янз бүрийн нөлөөллийн улмаас хориг саадтай тулгарч байвал эрүүл, зөв зорилго биш байх өндөр магадлалтай. Магад зөв сайхан зорилго боловч, хандлага нь буруу байж ч болно. Нэгэн сургаал номлогч шинэ үйлчлэлээ хүлээн аваад, “Миний үйлчлэлийн гол зорилго бол, энэ тосгоныхныг Христ рүү ирүүлэх нь юм”, гэжээ. Хичнээн сайхан зорилго вэ.

Гэхдээ ямар ч зорилгын амжилттай, бүтэмжтэй байх нь биднээс хамаардаггүй. Тиймээс ч тосгоны таних танихгүй олон хүмүүсээс хамааралтай өнөөх “сайхан зорилго” бүтэхгүй байх магадлал маш өндөр. Тосгоны дурын хүн уг зорилгыг саатуулан, номлогчын уур хилэнг бадрааж, гомдол цөхрөлд унагах болно. Харин үүний оронд “Миний үйлчлэлийн гол зорилго бол, энэ тосгоныхонд Христийг бүхий л талаар гэрчлэн харуулах нь юм” гэвэл, одоо харин хамаарал өөртэй нь болон өөрийнх нь Эзэнтэй тогтоосон хувийн харилцаатай нь холбоотой болж байгаа тул, зорилго биелэх магадлал өндөр болно.

Айдас зовнил, сэтгэл санааны дарамт нь, Эзэнээс өгөгдөөгүй, Түүний хамгаалалт, хяналт, оролцоо огт байхгүйн шинж ба та харанхуйгаар, махан биеийн хүслээр, ямар ч мэдрэмжгүйгээр, өөрийн хүч чадал хэрээс хэтэрсэн зорилго өмнөө тавьжээ гэсэн үг. Нөхөр хүүхдүүдээ 20 н жилийн турш Эзэн дээр авчирхаар чармайсны эцэст гүн сэтгэлийн хямралд орсон нэгэн эмэгтэй байсан. Энэ байдал нь гэр бүлийнх нь дотоод уур амьсгал, хоорондынх нь харилцаанд хортойгоор нөлөөлж, улмаар бүр итгэлийн амьдралын талаархи сөрөг гэрчлэл болсон.

Хүн туйлын хүчирхийлэгч амьтан бөгөөд, тэр дундаа дотно хайртай хүмүүсээ өөрийнхөөрөө байлгаж, хөдөлгөж, удирдах гэсэн зан чанар нь хүчирхийллийн хамгийн хорон илрэл юм. Тэгээд мэдээж хариуд нь эсэргүүцэл, сөргөлдөөнийг хүртдэг. Түүний оронд тэнгэрлэг хайр уучлал, зөөлөн дөлгөөн ааш зан, зөв шударга харилцаан дотор алхсан бол, 20 н жилийн хугацаанд зөөлрөхгүй зүрх гэж бараг үгүй биз. Бусдыг авралд авчрах сайн зорилго тань, энэ эмэгтэйнх шиг өөрийгөө үнэлэх үнэлэмжинд тулгуурлавал биелэх эсэх нь баталгаагүй болохоос гадна, өөрийн тань хувийн үнэлэмж, зүрх сэтгэлийн тань эрүүл бүтэн байдалд хортойгоор нөлөөлөх магадлалтай.

Бусдыг хянаж захирч байхыг хүсэгчид нь хамгийн найдваргүй итгэлгүй хүмүүс байдаг. Олон жил албан хүчээр гэрийнхнийгээ сүмд авчирах гээд бүтээгүй эмэгтэй маань, эцэст нь өөрийгөө загалмайн төлөө хавчигдсан нэгэн болгож төсөөлөх болсон. Ер нь аврал Эзэний хүслээр хийгддэг болохоос хүний хүслээр хийгддэггүй. Тиймээс ч нэн эгэл даруугаар бусдын төлөө зуучлан, бас учирлан гуйвал, аливаа зовиур шаналгаагүйгээр хайртай нэгнийг тань Эзэн, Ариун гэр бүлдээ хүлээн авах болно.

Бурхан ямар нэг зүйлийг хийхээр шийдвэл, түүнийг нь хэн нэгэн хүн бүтэлгүй болгож, саатуулан зогсоож чадах болов уу? Мэдээж үгүй. Бурхан, Мария гэдэг залуу эмэгтэйн өмнө итгэмээргүй, гайхалтай зорилго тавьсан. Тэнгэр элч бүсгүйд онгон мөртлөө хүү төрүүлж, тэр нь энэ дэлхийн аврагч байх болно гэсэн. Хариуд нь бүсгүй, энэ чинь илэрхий боломжгүй зүйл байна шүү дээ, гэтэл тэнгэр элч, Бурханы хувьд боломжгүй зүйл байхгүй, гэжээ. Тэгээд Бурханы зорилго биелж Есүс Эзэн мэндэлсэн. Бас ирээдүйд Эзэний дахин ирэлтийг хэн ч зогсоож чадахгүй. Түүний шударга ариун шүүлт, муу сүнсний сүйрлийг саатуулах хүч байгаа болов уу.

Таны төлөө өмнө тань тавьсан Бурханы зорилго нь боломжтой, тодорхой, биелэгдэхүйц байдаг. Харин энэхүү зорилгод хүрэхийн тулд зорилгоос хүслийг ялгаж салган сурах нь чухал. Тэгэхээр таны төлөөх бурханлаг зорилгод саад болдог, зорилгыг тодорхой бус, зовиуртай, хүндрэлтэй болгодог цорын ганц хүн бол та өөрөө. Хүн өөрийнхөө зорилгыг Бурханы зорилгод, өөрийнхөө хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүлбэл айдас шаналал, уур хилэн, гомдол шарх, дарамтнаас чөлөөтэй байх болно.

Гэр бүлээ баяр баясгалантай, зүй зохистой байлгахыг хүссэн гэрийн эзэгтэйн хүсэл хичнээн бурханлаг байлаа ч, биелэх баталгаа тун бага. Түүнийг нь гэр бүлийнх нь хэн нь ч саатуулж болзошгүй ба эзэгтэй уур хилэнгээр дүүрэн байх болно. Тиймээс энэхүү хүслээ зорилгоо болгохгүй байх нь дээр. Харин оронд нь “Бурханы хүсч буй тийм л ээж, эзэгтэй болмоор байна”, гэвэл жинхэнэ гайхалтай зөв зорилго биш гэж үү? Ийм зорилго боломжгүй, тодорхой бус байна уу? Мэдээж үгүй. Энэ бол яах аргагүй түүнд зориулсан Бурханы зорилго төлөвлөгөө шүү дээ. Энэ зорилгын биелэлтэнд хэн саад болох билээ.

Хэдий чинээ Бурханы хүсэл зорилгын дагуу ажиллана, амжилт төдий чинээ баталгаатай. Тэр ч байтугай, гэр бүлд нь гарч болох элдэв хүндрэл бэрхшээлүүд нь, зорилгын биелэлтэнд хор учруулах нь бүү хэл, улам л хүч дэм өгөх болно. Нөхөр нь ажилгүй болж сэтгэлээр унан, хүүхдүүд нь сургууль дээрээ асуудал үүсгэх үед, жинхэнэ бурханлаг гэргий, бурханлаг ээжийн хэрэг гарна шүү дээ.  

Тэгэхлээр таны амьдралд төлөвлөсөн Бурханы үндсэн зорилго тодорхой боллоо. Энэ нь та, Бурханы хүсч буй тийм хүн болох нь юм. Бурханлаг зорилго зан чанарын эрс өөрчлөлтийг шаарддаг. Таниас өөр хэн ч үүнд саад хийж чадахгүй ба бас амжилтанд хүргэх боломжгүй. Энэхүү зорилгоос тань ухраах оролдлого, үймүүлж самууруулах элдэв уруу татлагууд, итгэл эвдсэн хорон муу зүйлсээр энэ дэлхий дүүрэн байдгыг мартаж болохгүй.

Магадгүй та Христчин хүн зовлон зүдгүүр туулж, хүндрэл бэрхшээл үзэх ёсгүй гэж боддог байж болох. Харин Судар “Түүгээр ч барахгүй, мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан, Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.” (Ром 5:3-5). “Ах дүү нар минь, элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ. Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс бүрэн бүтэн байна.” (Иак. 1:2-4) гэж биднийг зоригжуулдаг.

Зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлийг даван туулснаар Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөний дагуу, зан чанар маань тэнгэрлэгээр шинэчлэгддэг. Хүмүүс ямар нэгэн сорилтыг тэвчээртэй давснаараа тодорхой шалгуурыг давж, зохих шалгарал дотоодод нь явагддаг. Ингэснээрээ хүн өөрөө хувь чанар нь сайжраад зогсохгүй, эргэн тойрондоо сайнаар нөлөөлж, үлгэр дууриал болдог.

Хүн, бэрхшээлтэй, хүнд хэцүү асуудлуудыг хурдан шийдэх гэж яардагаас болж асуудал улам хүндрэх нь элбэг. Харин Бурханы хүсэл төлөвлөгөө бол тэрхүү хүнд бэрх асуудал дунд таныг их зүйл сурч, ухаажиж, хатуужин төлөвшөөсэй гэсэн нь юм. Зовлон зүдгүүрийг даван туулахгүйгээр Бурханы хүн болох, өөр арга зам байна уу? Харанхуй, хүнд бэрх сорилт шалгуурыг амжилттай тэсэн давсанаар, олон итгэлийн агуу баатарууд төрөн гарсан байдаг.     

Бас нөгөөтээгүүр бидний амьдралд тохиолддог аливаа хавчлага сорилт нь, биднийг зорилгоосоо гажиж явааг дохиолдог ч байх нь бий. Бурханы хүсэл, төлөвлөгөөн дээр бус өөрсдийн л тааламж, ханамж дээр үндсэлсэн, боломжгүй, тодорхой бус зорилгын хойноос явж буй эсэхээ үргэлж нягтлах нь зүйтэй. “Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд, чин үнэнч итгэлээс гарах хайр юм” (1 Тим. 1:5) гэж Сударт хэлсний дагуу, Есүсийн төгс хайрыг ойлгож мэдэн, өөрийн болгон эзэмдэхээс өөр зорилгыг бүү хөөгөөрэй.


Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 7-р бүлгээс хийсэн товчлол...

Wednesday, April 25, 2012

3. Тэнгэрт хөөрөх итгэлийг газартай холбох нь

Ер нь итгэл нь ямарч хийсвэрлэлгүй, хамгийн бодит хүч, нөлөөлөл, нэн шаардлагатай өдөр тутмын амин чухал хэрэгцээ юм. Бодолдоо, бид итгэлгүйгээр бусдыг хайрлаж, гэрлэж бараалан, хоол хүнсээ худалдан авч, гэрээ хэлэлцээ байгуулж, сургууль соёлд суралцаж, хүсэж мөрөөдөж, төлөвлөн тооцоолж амьдрах уу? Гэтэл, Христитгэлийн тухай бид, өдөр тутмын, эгэл хар бор амьдралтай бараг холбоогүй, сүнслэг үл үзэгдэх орчин дахь, бараг л ид шидийн гэмээр онцгой, гойд гоц үзэгдэл, шинж чанар мэт бодож, төсөөлж эндүүрэх нь бий.

Итгэл нь агуулгаараа тодорхойлогддог.

Та хэнд, бас юунд итгэж байна вэ?, гэдгээс итгэлийн үнэ цэнэ, мөн чанар, агуулга болон үр ашиг тодорхойлогдохоос биш, итгэл тань өөрөө тийм ч гавъяатай, шан хүртэхээр зүйл биш юм. Хүн бүр л, өдөр бүр л итгэлээрээ амьдардаг. Гадагшаа яваад, эргээд амьд ирнэ гэсэн итгэлгүй бол, та гэрээсээ өглөө гарах уу? Сурч буй сургуулиасаа авсан мэдлэг боловсрол болон төгсөлтийн диплом тань, ирээдүйд танд ажил албыг өгч, амьдралын тань баталгааг бүрэн дүүрэн биш юм аа гэхэд зохих хувиар ч бай хангана гэж итгэхгүй бол та уг сургуульдаа сурах уу? Таныг болон гэр бүлийнхнийг тань хордуулж, өвчлүүлэхгүй гэсэн итгэлгүйгээр, та дэлгүүрээс болон захаас хоол хүнс худалдан авах уу? Үргэлж надаас урваж, хууран мэхэлж байх болно гэсэн итгэлтэйгээр хэн нэгэнтэй гэрлэж, хуримладаг хүн байгаа болов уу? Хэдийгээр дээрхи жишээнүүд хамгийн элбэг, эгэл жирийн итгэл болон итгэлийн үйлсийг харуулж буй боловч, тийм ч баттай хувиршгүй биш юм.

Итгэлийг нэг л удаа алдах юм уу, сэвтээчихвэл дахин сэргээхэд маш хүнд, хэцүү байдаг. Асуудал итгэлд өөрт нь биш, харин түүнийг хөсөрдүүлж байна уу, улам батжуулж, урамшуулан зоригжуулж байна уу, гэдэгт байна. Зарим итгэлийн агуулга яаж ч байсан бат, хувиршгүй байх нь бий. Дэлхий тогтсон хэмнэлээрээ тэнхлэгээ тойрон, бас өөрийн замаараа нарыг тойрон эргэсээр байна гэж бид итгэдэг учир, хуанлийн дагуу ажил үйлсээ, зорилго мөрөөдлөө төлөвлөдөг шүү дээ. Дэлхийн тэнхлэг яльгүй өөрчлөгдөхөд л бидний амьдрал эмх замбараагүй, аймшигтай болно. Физикийн энэхүү түгээмэл хууль нь хүмүүний хувьд хамгийн найдвартай гэгдэх итгэлийн агуулга байсаар ирсэн.

Гэхдээ туйлын итгэлтэй зүйл нь мэдээж нар сар, сансарын хөдөлгөөн биш. Нар сарнаас ч, сансараас ч аюул занал ирж болзошгүйг нийтээрээ өнөөдөр мэддэг болсон. Харин туйлын төгс итгэлийн обьект (тусагдхуун) бол Бурханы Хүү, Түүний аврал юм. “Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.” (Ев. 13:8). Хэрэв та Бурханы тухай болон Түүний Үгийн талаар агуу мэдлэгтэй бол, таны итгэл төдий чинээ агуу байх болно. Үй олон хүн Бурханы тухай болон Түүний бидэнд хандсан хайр, аврал болон арга замынх нь талаар маш бага мэдлэгтэй, эсвэл огт мэдэхгүй амьдардаг. Тэд Бурханд итгэх итгэлээр бус, огт өөр цаг зуурын зүйлсэд итгэж найдан амьдарцгаадаг.

Итгэлээр өсөхийн үндэс бол итгэлийнхээ обьектийг сайтар таньж мэдэх нь юм

Олон хүний Бурханд итгэх итгэл бэхжидгүйн шалтгаан нь, тэд Түүнийг бодит бусаар, дэндүү хийсвэрлэн төсөөлдөгт бий. Тиймээс ч Бурхантай тогтоох харилцаандаа гүнзгийрдэггүй. Түүнээс аливааг гуйж хүсэхдээ хүртэл, зөвхөн өөрсдийн л харж буй өчүүхэн арга замаар л шийдэж өгөхийг тулгадаг. Гэтэл Эзэнд дэндүү хэцүү юм гэж үгүй бөгөөд ямар ч арга замаар, хэзээ ч асуудлыг шийдэх боломжтой. Бас Эзэний Өөрийнх нь хүсэл таалал ямар байна, тухайн зүйлийн шийдэл хүнд өөрт нь ашиг тустай юу үгүй юу?, гэх зэрэг олон зүйлийн учир шалтгааныг, гуйгч маань өөрөө харж чадахгүй харалган байх нь ихэнхдээ.

Тэгээд гуйлт нь хүссэнээр нь биелэхгүй тохиолдолд “Бурхан гэж байна уу? Намайг хайрлаж, сонсдог уу?”, гээд л итгэлээр унадаг. Тэглээ ч Бурхан өөрчлөгдөшгүй. Түүнд бүрэн дүүрэн итгэж, найдаж болно. “Хэрвээ би л итгэчих юм бол…” гэж өөрийгөө албадан хүчилснээр Христитгэл тань батжихгүй. “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн Үгээр ирдэг.” (Ром 10:17). Итгэлийн маань тусагдахуун болсон Эзэн Бурханд маань хэмжээ хязгаар гэж үгүй. Харин бидний итгэлийн хэмжээ, бидний мэдлэгээр хязгаарлагддаг.

Библиэ тогтмол уншиж, библийн сургалт семинарьт хамрагдаж, ариун хүмүүсийн гэрчлэлийг сонсож, тэдгээрийг эрэгцүүлэн бясалгаж, өөрийн нөхцөл байдалд буулган бодож тунгааж, бас мэдээж Эзэнээс Өөрөөс нь байнга асууж залбирах нь, итгэлийг тань мэдэгдэхүйц өсгөнө. Итгэлээр өсөхөд хязгаар гэж үгүй. Үүнээс гадна, Бурхан хүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Түүний Библи дээрхи амлалтууд нь бүгд Түүний нийгүүлсэл, хайрынх нь л илрэл юм. Хичнээн уран цэцэн залбираад, Бурхан хийж, гүйцэлдүүлж өгнө гэвэл эндүүрэл. Хэрвээ Тэр хариулж буй бол, таны өмнөх үүргээ биелүүлж буй бус, зүгээр л хайрлан ивээж буй хэрэг.

Таны гуйлт хариулагдах албагүй. Таны хүслээр үйл явдал өрнөх албагүй. Харин бүх зүйл Түүний хамгийн сайн хүсэл, үнэмлэхүй эрх мэдлээр, хяналтан дотор нь явагдаж, өрнөж байгаад бид итгэх ёстой. Тэгээд даруугаар өөрийн хүслийг мэдүүлж гуй. Өөрийн бодож буй учир шалтгаануудыг Түүнд энгийнээр хүүрнэ. Ямар нэгэн зүйл Бурханаар “ҮНЭН” гэж хэлэгдсэн л бол түүнд нь өчиггүй итгэ, тэгээд түүгээр нь амьдар. Бурхан ингэж хэлээгүй л бол, энэ дэлхийн хамгийн агуу итгэл ч Түүний хувьд ямар ч үнэ цэнэгүй, таны хувьд хоосон, ашиггүй.  

Үгийн мэдлэг тань үйлс болох ёстой

Итгэл бол үйлдэл болохоос идэвхигүй байдал биш. Бид итгэлээр зогсдог, итгэлээр хөдөлдөг, итгэлээр ярьдаг. Өндөр итгэлтэй гэж ярьсан хирнээ юу ч хийдэггүй, сүнсний хувьд хогийн ургамал мэт болсон Христчин гэгдэх хүмүүс цөөнгүй байдаг. Үйлсгүй итгэл бол үнэндээ итгэл биш. Тиймээс ч үхмэл, ямар ч утга учиргүй харагддаг (Иак. 2:17, 18). Эзэнд болон Түүний Үгэнд итгэж л байгаа бол, хэлснийг нь заавал биелүүлэх л ёстой. “Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн, хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.” (Мт. 7:24). Хэрвээ та Түүний хэлсний дагуу үйлдэхгүй байгаа бол, үнэндээ та Түүнд итгэхгүй байгаа хэрэг. Итгэл ба үйлдэл (үйлс) нь салшгүй холбоотой.

Харамсалтай нь, үйлс багатайхан, хоосон хийрхүү, сүм цуглаан дотроо л цамнасан, гадагшаа бол өөр дүр төрх, өөр үйлс амьдралтай хуурамч хүмүүс өнөөгийн сүм цуглааны олонхи болж, нийтлэг саарал төрхийг хэвшүүлж байна. Харанхуй дэлхийг гэрэлтүүлэх биш, харин ч дагаад бүүдийчихсэн, цаг зуурын дэлхийн юмсаар сэтгэлээ зогоож, өөрсдийгөө хуурсан, Эзэний ивээлийг ашиггүй, өнгөрөн одох зүйлсээр л үнэлж дүгнэн хэмжсэн, мөнхийн зүйлсийг барьж авах биш, хүршгүй мэт сэтгэн хоосон мөрөөдсөн байдал дэндүү газар авсан. Өөрийгөө Бурханд итгэдэг гэж хэлэх амархан. Гэхдээ Түүний тэнгэрлэг үйл хэрэгт идэвхтэй оролцдоггүй бол, үл итгэгчээс юуны ялгаатай гэж.

Бидний жинхэнэ зорилго бол, махан биеийн таашаалын дагуух зүйлсийг л гуйж гувшин авчихаад, итгэлтэйгээ гайхан бардамнах биш юм. Харин бүхий л мөнхийн тэнгэрлэг зүйлсийг гэрчлэн мандуулж, Христийн байр суурин дээр бат зогсон, дэлхийн хорон муу хандлага, урсгалыг сөрж, улмаар чигийг нь өөрчлөх нь юм. Христчин хүний итгэл нь агуулга (Христ) шигээ амьд бөгөөд, Бурханы Үг (Библи) шигээ хүчин төгөлдөр, ганхашгүй зүйл юм.

Мөн Христчин хүн үнэн зөв, эерэг итгэлийнхээ ачаар өөрийгөө хурц тодоор илэрхийлж, асар их амжилт ололтонд хүрч болох боломжтой ч энэ нь туйлын зорилго бас л биш. Харин өөрийн итгэлээрээ Бурханы төгс хайрыг танин мэдэж, эзэмдэн авах нь л гол нь болой. “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь, чи хөршөө өөрийн адил хайрла, гэсэнтэй адил юм.” (Мт. 22: 37-39). Таныг хайрлах Бурханы хайр бол агуу бөгөөд мөнх. Таны өдөр тутмын үйлс амьдрал тууштай бус, ганхаж байхад ч Түүний хайр өөрчлөгддөггүй.  


Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 6-р бүлгээс хийсэн товчлол...

Sunday, April 22, 2012

2. Сүнслэг хүн болохын тулд...


Хувиа хичээсэн “хуучин хүн”-ний бузар үйлээс салж, Бурханд болон бусдад хайрлагдах дүр төрхтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

1-рт: Чин сэтгэлийн ухаарал, гэмшил нь сүнсээр дахин төрөхийн хамгийн чухал нөхцөл болдог. Олон хүн гэмшилгүйгээр "...зүгээр л болох ёстой юм болж байна. Би аврагдах ёстой байсан. Хайрлагдах ёстой нэгэн. Түүнд тааламжтайгаар амьдарч, Түүний хайрыг татсан. Намайг хайрлахгүйгээр, надгүйгээр Тэр байж чадахгүй. Тэр надаар дутдаг...", гэх маягын хандлагатай байдаг. Энэ бол асар том эндүүрэл, хязгааргүй бардамнал юм.

Адам, Ева нар жимс идсэнээс хойш үхчихсэн. Үхэл дотороо улам хорон муу болж буй хүн төрөлхтөн өдийг хүртэл оршин байгаа нь асар их нийгүүлсэлийн үр дүн юм. Тэгээд бүр Есүсийн ариун цус урсан байж аврал өгөгдсөн нь, бүр сэтгэшгүй агуу хайрын ач гавъяа болой. Үүний хариуд хүн ямар ч төлбөр хийж чадахгүй. Тиймээс ч зөвхөн Христийн загалмайн авралд, өршөөл нийгүүлсэлд дуулгавартай байж хүлээн авах л хэрэгтэй.  

2-рт: Христийн доторхи өөрийнхөө шинэ, мөнхийн төлөв байдлын талаар үнэн зөв ойлголттой болох хэрэгтэй. Та энэхүү мөнхийн бодит байдлыг, түр зуурын одоогын байдлаасаа ангидаар, бүрэн дүүрэн итгэж хүлээн авах хүртэлээ Есүс шиг хайрлаж чадахгүй. Та чин сэтгэлээсээ итгэн хүлээн авсан үед л таны оршихуйн гол цөмийг, Түүний тэнгэрлэг мөн чанар бүрдүүлж өгдөг.

3-рт: Гэм нүгэлд хэвшсэн “хуучин хүн”-ээ өдөр бүр итгэлээрээ цовдлох хэрэгтэй. (Гал. 5:16-18)д хэлсний дагуу хэрхэн Сүнс дотор явах вэ? Магадгүй энэ ч бас ойлгоход түвэгтэй сэдвүүдийн нэг байж болох юм. “Салхи хүссэн зүг рүүгээ үлээдэг бөгөөд чи зөвхөн чимээг нь сонсохоос биш, хаанаас салхилж, бас хаашаа оддогийг нь мэдэхгүй. Тэгвэл сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил.” (Иох. 3:8) гэж Эзэн сургадаг. Сүнс доторхи амьдралыг томъёолох гэж оролдох нь, салхийг барих гэсэнтэй адил бус уу. Сүнслэг амьдарлыг нэг бүрчлэн нарийн тодорхойлох гэж оролдохын оронд, амьд Эзэн Есүс рүү итгэлээ хандуулан, Түүгээр удирдуулах нь зөв. Мөн Сударыг сайтар судлах нь тустай.

Сүнсээр дүүрэн явах нөхцөл боломжууд

Сүнсний дотор амьдрах ид шидтэй төгс томъёолол, маш тодорхой зураглал зааварчилгаа та хүлээж авна гэж бодож байвал, урмыг тань хугалах болохнээ. Учир нь, таны сүнсний бялхал, дүүрэн байдлыг ямар нэг байдлаар томъёолох, загварчлах гэж оролдох нь Ертөнцийг болон биднийг (тэр дундаа таныг ч бас) бүтээсэн, үеийн үед амьд оршин байж, Өөрийн үнэмлэхүй эрх мэдэл, сайн тааллын дагуу бүхнийг хянан удирдаж байдаг Түүний, бидний (таны) төлөөх ажил үйлс, зорилго төлөвлөгөөг нь заах гэж бардамнан оролдсонтой адил. Хэдийгээр энэ дэлхийд тоо томшгүй хүн амьдардаг боловч, хувь хүн нэг бүр давтагдашгүй, өөрийн өвөрмөц онцлог, ялгаа бүхий. Нэг хүний дээр амжилттай хэрэгжсэн дахин төрөлтийн үйл явц нөгөө хүнд огт тус болохгүй байх нь бий. Тиймээс бид хэн нэгний олсон амжилтыг нөгөө хүнд хуулан хэрэглэх гэх нь зохисгүй бас бүтэмжгүй.

Сүнсээр дүүрэн байх гэдэг нь, ямар нэг амьгүй шингэнийг бас нэг амьгүй саванд дүүргэн цутгаж буй хэрэг огт биш. Харин энэ нь ухамсартай, бүрэн хариуцлагатай хоёр харилцагчийн хоорондын харилцааны дотносолын тухай яриа юм. Хосууд эхлээд уулзах болзох цаг, уулзалтын үеэр харилцах ёс зүй, хил хязгаар гээд л олон зүйл дээр тодорхой хэм хэмжээ, хуульчлал, томъёолол дотор харилцдаг. Гэвч цаг хугацааны явцад ээнэгшин дотносож, ойртсоор эцэст нь харилцааны бүх хана хэрэм нурж, хайр дотор уусан нэгддэг.

Яг л үүнчлэн Сүнстэй харилцах нь ямар нэгэн хэм хэмжээнд үл хашигдах цоо шинэ амьдрал юм. Хүний ертөнцийн амьдрал олон талтай, баялаг байдаг бол, энэхүү шинэ хувь заяа нь илүү төгс, утга агуулгын хувьд хязгааргүй гүн гүнзгий, баялаг, мөнхийн, хайрын амьд харилцаа юм. Хүн Түүнд (Сүнсэнд, Эзэнд) тааламжтайг үйлдэж, үүнийг маань Тэр урамшуулж, улам хүчирхэгжүүлж, бас шагнаж байх үед бид дүүрэн байдлыг мэдэрдэг. Харин хуучин хүнээ, гэмт дадал зуршилаа, нүгэлт хүсэл бодолоо өөгшүүлэн үйлдэх үед, Сүнс зэмлэн дургүйцэж, үл зөвшөөрч буйгаа илэрхийлж холдох үед бид хоосорсон мэт болж, таамгаар тэмтчиж эхэлдэг.

Сүмийн элдэв шашинлаг дүрэм журмыг хатуу чанд дагахыг хичээх нь Ариун Сүнстэй дотносох боломжийг эрс багасгадаг ба, тэр бүү хэл харилцааг улам бохирлож, холдуулдаг. Хэн нэгэн хүнийг шашны зан үйл, дэг жаягт зохицохыг шаардах нь өөрөө маш том гэм байх магадлалтай. Хууль тогтоох нь хүнд юуг хийх нь сайн, юуг хийх нь зохисгүйг мэдүүлэх төдий болохоос, зохисгүй зүйлийг хийхгүй байх ухамсар, хүч чадлыг өгдөггүй. Хайртай дотно нэгнүүдийн халуун харилцаанд элдэв хэм хэмжээ, хууль цааз, ёс журам нь үнэхээр хараал болдог (Гал.3:13).

Тэгэхлээр сүм цуглаанаас зохиодог элдэв хүмүүжлийн ажил, Библи судлал, залбирал, нөхөрлөл, дэлхий рүү хандсан Сайн мэдээний, энэрэл буяны, соён гэгээрлийн арга хэмжээнүүд нь огт хэрэггүй гэсэн үг үү? Бас Хуучин гэрээн дэх арван хууль, Христийн заасан хайрын болон ёс суртахууны хуулиуд хэрэггүй юу? Мэдээж үгүй. Эдгээр нь зайлшгүй шаардлагатай. Сүнсээр дүүрэн байхын бас нэг илрэл бол эрх чөлөөт байдал юм. Христ доторхи эрх чөлөө бол Загалмайн Авралаар бидэнд өгөгдсөн хамгийн үнэт зүйлсийн нэг юм.  “Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна тэнд эрх чөлөө байдаг.”(Гал. 3:17), гэж Судар хэлдэг. Эрх чөлөөт хүний үүрдэг өндөр ёс суртахуунтай, гүн хариуцлагатай, торгон мэдрэмжтэй цэвэр ариун хандлага, харилцаа руу биднийг, дээрхи хуулиуд чиглүүлдэг.

Тэгвэл яг юуг хэрэггүй хууль ёс, дэг журам гээд байна вэ?
Ямар ч уян хатан амьд чанаргүй, хаана ч, хэзээ ч, хамрагсадын хүрээ, бүрэлдхүүн нь өөр өөр, өвөрмөц ялгаатай байсан ч заавал аваачиж нялзаадаг, хүчлэн тулгадаг бүхий л тогтолцоо, хатуурсан хэв загваруудыг тооцож болно. Эдгээр нь янз бүрийн дүр төрхтэйгээр, хаа сайгүй элбэг бий. Тэдгээр нь гэм нүгэлээ ялан дийлэх хүчийг өгдөггүйгээс гадна, Христээс өөр эзэн, хянагчын (тогтолцооны удирдлагын) буулган дор хүнийг оруулдаг тул хүнд эрх чөлөө, хайр энэрлийг бус дарамт, санаа зовнил, айдсыг өгдөг.

Тэгвэл хэрхэн Ариун Сүнсэнд таалагдах амьдарлаар амьдрах вэ?

“Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.” (Ром 8:14), гэж Судар хэлдэг. Бурханд таалагдах амьдарлаар амьдрана гэдэг нь, Ариун Сүнсээр өдөр бүр, цаг мөч бүр удирдуулна гэсэн үг. Дуулал 23-р бүлэг, Иохан 10:7-18 р багцлал зэрэгт, Эзэн бол бидний сайн Хоньчин юм, гэж өгүүлдэг. Хоньчин хонин сүргээ удирддаг болохоос удирдуулдаггүй. “Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол Хуулийн дор байхгүй байна.” (Гал. 5:18), гэж Паул бичсэн.

Хүчээ барж, унаж тусталаа зүтгэснээр Бурханы тааллыг олно гэж олон хүн боддог. Түүний төлөө шургуу зүтгэснээрээ илүү сүнслэг болохыг ч чармайдаг. Харин эдгээр нь эндүүрэл бөгөөд дайсны нарийн ов мэх юм. Та Сүнсний ятгалгыг үл тоомсорлон, хуулийн (элдэв тогтолцоо, системийн) шаардасныг л биелүүлэх гэж аливаа үйлчлэлд цаг наргүй зүтгээд, энэхүү зүтгэлдээ Ариун Сүнсний хүчийг гуйдаг бол, Тэр таны Удирдагч уу эсвэл та Түүний удирдагч болох гэж оролдоод байна уу?, гэсэн асуудал үүсдэг.

Гэхдээ бас “Сүнс дотор явах” тухай Судар сургадаг болохоос “Сүнс дотор суух” тухай нэг ч үг байхгүй. Таны сүнсний өсөлтөнд хамгийн их хор учруулдаг зүйл бол идэвхигүй байдал юм. “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над рүү ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.” (Мт. 11:28-30). Христээс гадуур, хуулийн дагуу үйлс үйлчлэл хүнд бэрх, харин Христтэй хамт үйлчлэл нь амралт тайвшрал, баяр баясгалан, үр жимстэй талаар энд өгүүлж байна. Хос үхэр хөлөлдөг буулганы нэг талд нь хууль нөгөө талд нь та байвал, та л ганцаараа ачааг ч бас хуулийг ч чирэх хэрэгтэй болно. Харин Есүстэй хамт зүтгэвэл бодож төсөөлөө ч үгүй үр дүнтэй байдаг.

Үүнийг бас өөрөөр “Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.” (Иох. 15:5) гэж Эзэн томъёолсон. Тэгэхлээр Сүнсээр удирдуулж байгаа эсэх тань үр жимсээрээ харагдана гэж энд бас хэлж байна. Тухайн үүрэг хариуцлага, үйлчлэл, харилцаандаа таны дотоод болон гадаад хариу үйлдэл тань (Гал. 5:22, 23)т хэлэгдсэний адил байна уу, эсвэл (Гал. 5:19-21)т хэлэгдсэний адил байна уу, гэдэг нь зөв эсвэл буруу явж байгаагын тань шалгуур болно.

Та Ариун Сүнсний замаас хазайсан байгаагаа мэдвэл, тэр даруй Эзэнд нүгэлээ наминчилж гэмших нь, бас үүнээс болж бусдыг гомдоож шархлуулсан бол тухайн андаасаа ч уучлал гуйн, гэмээ улайх нь зөв замдаа эргэн орох гол шалгуур болно. Гэр бүлийн хүрээнд ч, ажлын болон ангийн хамт олны хүрээнд ч, Христчин нөхөрлөл хамтран зүтгэгчдийн хүрээнд ч бидний гаргадаг нэг том алдаа бол, “төгс хүн”-ий дүр эсгэх нь юм. Гэтэл бид Бурханыг байтугай ойр тойрныхныгоо ч хуурч чадахгүй. Таныг төгс биш гэдгийг бүгд л мэднэ.

Харин сүнсээр өсч, төлөвшиж, суралцаж байгаа тань ил тод байж, түүнийгээ гэрчилж, тунхаглаж, бас алдсан үедээ гэмшиж улайх нь ариун хүмүүст ч, үл итгэгчдэд ч таалагдаж, Эзэнийг алдаршуулах сайн гэрчлэл болдог. “Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Хэрэв бид нүгэлээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүхий л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.” (1Иох. 1:8, 9).


Неил Т.Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 5-р бүлгээс хийсэн товчлол...

Thursday, April 19, 2012

1. Та хуучин нэгэн үү, эсвэл…


Христчин хүмүүсийн Христ доторхи мөн чанар, төлөв байдлын талаархи нэгэн үнэнийг Библид дурддаг нь, “бид гэмтэй боловч ариун хүмүүс. Бид гэм нүгэлтэн биш” гэсэн нь юм. Учир нь Бурханы агуу ивээл болон Христэд итгэсэн итгэлээрээ бид дахин төрсөн ба бид сүнсээрээ амьд болсон. Христ дотор бид зөвтгөгдсөн бөгөөд бас Бурханаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Энэхүү үнэнийг мэдэх нь, өөрийн болгож ойлгон хүлээн аваад, түүгээрээ амьдрах нь Христчин өсөлт төлөвшилтөнд маш чухал.

Бас нөгөөтээгүүр, бидэнд хандсан Бурханы төлөвлөгөөг эс тооцвол, бодит байдалдаа бид үнэхээр сул дорой юм. Тиймээс ч бид гэм нүгэлд автамтгай. Үнэндээ энэ бол теологийн ухааны нэн бэрхшээлтэй асуудлуудын нэг. Элч Паул “Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:19, 24) гэсэн байдаг. Гэсэн ч бид ариун нэгэнд тооцогдсон ба Христийн доторхи бидний энэхүү байр суурь тодорхой бөгөөд бат бэх, гэж би хэлмээр байна.

Би хоёр хүчтэний дунд чангаалган тэлэгдсэн нэгэн үү?

Бурхан биднийг харанхуйн ноёрхолоос аварч, хайрт Хүүгийнхээ хаанчлалд аваачсан (Кол. 1:13) тэр үеэс бид эдгээр хаанчлалын аль алинд нь хамаарсаар байгаа хэрэг үү? Судар биднийг “…та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна..” (Ром 8:9) гэж хэлсээр байхад, бид махан бие болон сүнслэг байдлын аль алинд оршин байгаа хэрэг үү?

Эзэн биднийг “Та нар урьд нь харанхуйд байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэлтэй байна” (Эф. 5:8) гэж хэлсээр байтал, та харанхуйн болон гэрлийн аль алиных нь хүүхэд байна гэж үү? Түүнчлэн Бурхан “Тиймээс Христэд итгэсэн хэн ч бай, тэр бол шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ, харагтун шинэ болсон байна.” (2Кор. 5:17) хэмээн баттай хэлсэн байхад, бидний нэг хэсэг нь хуучин, нөгөө хэсэг нь шинэ байж болох уу?

Тэгвэл яагаад үл итгэгчдээс ялгарахгүй шахуу, дундыг барьсан, үргэлж л гэм нүгэлийн асуудалд орооцолддог саарал амьдралтай Христчид ийм олон байгаа юм бэ? Яагаад гэвэл тэд Христийн доторхи жинхэнэ төлөв байдлаа мэдэхгүй байгаагаас тэр юм. Бурхан гэм нүгэлтнүүдийг ариун болгон өөрчилсөн нь, энэ ертөнцөд хийсэн Түүний хамгийн агуу ажил юм.

Сүнсний өөрчлөлт, зөвтгөл нь загалмайд итгэж, авралыг авсан даруйд болдог бол гадаад өөрчлөлт, шинэчлэл нь бүх амьдралын турш үргэлжилсээр байх болно. Гэхдээ ариусан шинэчлэгдэх үйл явц нь, авралыг авсан даруйд бий болсон анхны зөвтгөл, өөрчлөлтийг итгэлтэйгээр, зөвөөр ойлгож хүлээн авсан цагт бүрэн үр нөлөөтэй, харагдахуйц байх болно.

Бидний жинхэнэ төлөв байдал

Аврагдхаас өмнөх бидний төлөв байдлыг (Еф. 2:1-3)т тодорхой хэлсэн байдаг. Сүнсээрээ дахин төрөхөөс өмнөх бид, гэм нүглийн дунд үхсэн, Сатаны хүч чадлаа харуулдаг, хүсэл сонирхолоо илэрхийлдэг талбар болсон, бүхий л бузар гэмт хүсэлдээ боолчлогдсон, Бурханы уур хилэнг хүртэх нь зайлшгүй нэгнүүд байсан. Энэ бол Христээс гадуурхи хүн төрөлхтөний мөн чанар. Та шинээр дахин төрөхдөө, хуучин нүгэлт төрөлх чанар дээрээ ямар нэгэн тэнгэрлэг шинэ зүйл нэмж аваагүй юм.

Аврал гэдэг нь, Бурхан хүний нүгэлийг зүгээр л уучилсан, эсвэл үхэх цагт тэнгэрийн улсад орохыг нь зөвшөөрхөөр шийдсэн гэсэн үг биш. Харин тэрхүү хуучин хүн тань бүрмөсөн үхэж, оронд нь цоо шинээр Христтэй адил нэгэн нь Бурханаас төрсөн юм. Энэ нь таны хувьд цоо шинэ зүйл бөгөөд, та урьд өмнө хэзээ ч ийм байгаагүй, мөн өөрийн хүчээр хэзээ ч болж чадахгүй тийм тэнгэрлэг, төгс, Бурханы бүтээл юм.

“Хуучин хүн” маань амьд уу?, амьд бол хэзээ үхэх гэж байна?, эсвэл аль хэзээний үхчихсэн үү?

Энд нэгэн тайлбар хийхэд, грекээр “sarx” гэсэн үгийг олонхи орчуулганд “махан бие” гэдэг. Харин сүүлийн үед “хуучин хүн”, “хуучин мөн чанар”,”төрөлх хүн” гэж орчуулж байгаа нь тун зөв юм. Учир нь хүн дахин төрсөн хойноо ч махан биетэйгээ л байгаа шүү дээ. Хэрвээ “махан бие” гэдгийг нь шууд утгаар нь ойлгоод уншаад байвал, үхэх хүртэлээ хүнд өөрчлөгдөх ямарч боломж байхгүй гэсэн үг.

Харин миний хувьд, би цаашдаа төрөлх хүн байхаа больж, харин Есүс Христийн доторхи сүнслэг хүн болсон. Хэдийгээр дорой байдлаасаа болж алдаа зөрчил гаргах боловч, зүрхэндээ гэм зэмийг мэдэрч, гэмшин харамсаж, өөрчлөгдхөөр тэмцэж, Эзэнд хандан залбирч, Үгэнд шунан дурлаж, Үгийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа зэрэг нь сүнслэг хүн болсны нотолгоо юм.

“…хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгуулахын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.” (Ром 6:6). “Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.” (Гал. 2:20). “Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.” (Кол. 3:3).

Эдгээрээс “цовдлогдсон”,”үхсэн” гэхчилэн дандаа өнгөрсөн цаг дээр байгааг анзаарсан биз! Бас “шинэ бүтээл” нь, өөрөөр хэлбэл дахин төрсөн би, зөвхөн Христийн гавъяагаар бүтээгдсэнийг харж болно. Тиймээс ч Судар бидэнд “Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг…” (Гал.6:14) гэж, бардамнан сагсуурах ямар ч эрхгүйг анхааруулдаг.

Тэмцэлийн талбар дээр

Христийн дахин ирэлт хүртэл, бидний эргэн тойронд гэм нүгэл цэцэглэн хөгжсөөр л байна. Бас Христээс ангид байсан он жилүүдийн турш, Бурханлаг ариун, тэнгэрлэг төгс сайны эсрэг тэрсэлсэн дэлхийлэг бүхий л бодол санаа, дадал зуршил, дурсамжууд миний “хуучин хүн” болон хэвшиж хатуурсан байсан. Мөн Бурханы загалмай дээр болон миний дотор хийсэн төгс ажлын жинхэнэ утга учирыг ойлгож мэдэн, итгэж хүлээн авахдаа бид хойрго байдаг.

Энэ гурван хүчин зүйлээс болж, миний дотор Бурханы бүтээсэн “шинэ хүн” бодитоор хүчирхэгжин, илчлэгдхэд саад учирдаг. Тиймээс ч олон Христчид, Бурханаар аль хэдийнээ хийгдсэн зүйлийг, өөрсдөө одоо хийхээр шаналал, айдастайгаар оролдсоор л байдаг. Харин энэ бол үнэндээ боломжгүй зүйл.

“Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол энэ нь цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.” (Ром 7:19, 20). Энд “гэм нүгэл” ба “би” гэсэн хоёр дүр байгааг анзаар. Хуруунд маань өргөс орчихвол, мэдээж надад таатай биш. Гэхдээ энэ таагүй өргөс бол би биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, би бол гэм нүгэл биш, бас гэмтэн, нүгэлтэн ч биш. Харин гэм нүгэлийн эсрэг тэмцэж буй ариун нэгэн.

Дүгнэлт

Миний “хуучин хүн” аль хэдийнээ үүрд устгагдсан. Би Христийн дотор цоо шинэ хүн бөгөөд Бурханаар ариун хэмээн тамгалагдсан. Энэ нь анхны удаад л төгс хийгдсэн. Эцэгийн хийсэн энэхүү гайхамшигыг сайжруулах өөр ямар нэгэн зүйлийг хэн ч хийж чадахгүй. Тэрээр Өөрийнх нь хийсэн зүйлд намайг итгэж, Христ доторхи жинхэнэ мөн чанар, дүр төрхөө хүлээн авахыг л хүсдэг. Аль хэдийнээ надад өгөгдчихсөн Христийн доторхи төлөв байдлыг, зан чанар болон харилцаандаа бий болгох, хүчирхэгжүүлэх үйл явцыг “ариусах” гэдэг юм.


Неил Т.Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 4-р бүлгээс хийсэн товчлол...