Ер нь итгэл нь ямарч хийсвэрлэлгүй, хамгийн бодит хүч, нөлөөлөл, нэн шаардлагатай өдөр тутмын амин чухал хэрэгцээ юм. Бодолдоо, бид итгэлгүйгээр бусдыг хайрлаж, гэрлэж бараалан, хоол хүнсээ худалдан авч, гэрээ хэлэлцээ байгуулж, сургууль соёлд суралцаж, хүсэж мөрөөдөж, төлөвлөн тооцоолж амьдрах уу? Гэтэл, Христитгэлийн тухай бид, өдөр тутмын, эгэл хар бор амьдралтай бараг холбоогүй, сүнслэг үл үзэгдэх орчин дахь, бараг л ид шидийн гэмээр онцгой, гойд гоц үзэгдэл, шинж чанар мэт бодож, төсөөлж эндүүрэх нь бий.
Итгэл нь агуулгаараа тодорхойлогддог.
Та хэнд, бас юунд итгэж байна вэ?, гэдгээс итгэлийн үнэ цэнэ, мөн чанар, агуулга болон үр ашиг тодорхойлогдохоос биш, итгэл тань өөрөө тийм ч гавъяатай, шан хүртэхээр зүйл биш юм. Хүн бүр л, өдөр бүр л итгэлээрээ амьдардаг. Гадагшаа яваад, эргээд амьд ирнэ гэсэн итгэлгүй бол, та гэрээсээ өглөө гарах уу? Сурч буй сургуулиасаа авсан мэдлэг боловсрол болон төгсөлтийн диплом тань, ирээдүйд танд ажил албыг өгч, амьдралын тань баталгааг бүрэн дүүрэн биш юм аа гэхэд зохих хувиар ч бай хангана гэж итгэхгүй бол та уг сургуульдаа сурах уу? Таныг болон гэр бүлийнхнийг тань хордуулж, өвчлүүлэхгүй гэсэн итгэлгүйгээр, та дэлгүүрээс болон захаас хоол хүнс худалдан авах уу? Үргэлж надаас урваж, хууран мэхэлж байх болно гэсэн итгэлтэйгээр хэн нэгэнтэй гэрлэж, хуримладаг хүн байгаа болов уу? Хэдийгээр дээрхи жишээнүүд хамгийн элбэг, эгэл жирийн итгэл болон итгэлийн үйлсийг харуулж буй боловч, тийм ч баттай хувиршгүй биш юм.
Итгэлийг нэг л удаа алдах юм уу, сэвтээчихвэл дахин сэргээхэд маш хүнд, хэцүү байдаг. Асуудал итгэлд өөрт нь биш, харин түүнийг хөсөрдүүлж байна уу, улам батжуулж, урамшуулан зоригжуулж байна уу, гэдэгт байна. Зарим итгэлийн агуулга яаж ч байсан бат, хувиршгүй байх нь бий. Дэлхий тогтсон хэмнэлээрээ тэнхлэгээ тойрон, бас өөрийн замаараа нарыг тойрон эргэсээр байна гэж бид итгэдэг учир, хуанлийн дагуу ажил үйлсээ, зорилго мөрөөдлөө төлөвлөдөг шүү дээ. Дэлхийн тэнхлэг яльгүй өөрчлөгдөхөд л бидний амьдрал эмх замбараагүй, аймшигтай болно. Физикийн энэхүү түгээмэл хууль нь хүмүүний хувьд хамгийн найдвартай гэгдэх итгэлийн агуулга байсаар ирсэн.
Гэхдээ туйлын итгэлтэй зүйл нь мэдээж нар сар, сансарын хөдөлгөөн биш. Нар сарнаас ч, сансараас ч аюул занал ирж болзошгүйг нийтээрээ өнөөдөр мэддэг болсон. Харин туйлын төгс итгэлийн обьект (тусагдхуун) бол Бурханы Хүү, Түүний аврал юм. “Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.” (Ев. 13:8). Хэрэв та Бурханы тухай болон Түүний Үгийн талаар агуу мэдлэгтэй бол, таны итгэл төдий чинээ агуу байх болно. Үй олон хүн Бурханы тухай болон Түүний бидэнд хандсан хайр, аврал болон арга замынх нь талаар маш бага мэдлэгтэй, эсвэл огт мэдэхгүй амьдардаг. Тэд Бурханд итгэх итгэлээр бус, огт өөр цаг зуурын зүйлсэд итгэж найдан амьдарцгаадаг.
Итгэлээр өсөхийн үндэс бол итгэлийнхээ обьектийг сайтар таньж мэдэх нь юм
Олон хүний Бурханд итгэх итгэл бэхжидгүйн шалтгаан нь, тэд Түүнийг бодит бусаар, дэндүү хийсвэрлэн төсөөлдөгт бий. Тиймээс ч Бурхантай тогтоох харилцаандаа гүнзгийрдэггүй. Түүнээс аливааг гуйж хүсэхдээ хүртэл, зөвхөн өөрсдийн л харж буй өчүүхэн арга замаар л шийдэж өгөхийг тулгадаг. Гэтэл Эзэнд дэндүү хэцүү юм гэж үгүй бөгөөд ямар ч арга замаар, хэзээ ч асуудлыг шийдэх боломжтой. Бас Эзэний Өөрийнх нь хүсэл таалал ямар байна, тухайн зүйлийн шийдэл хүнд өөрт нь ашиг тустай юу үгүй юу?, гэх зэрэг олон зүйлийн учир шалтгааныг, гуйгч маань өөрөө харж чадахгүй харалган байх нь ихэнхдээ.
Тэгээд гуйлт нь хүссэнээр нь биелэхгүй тохиолдолд “Бурхан гэж байна уу? Намайг хайрлаж, сонсдог уу?”, гээд л итгэлээр унадаг. Тэглээ ч Бурхан өөрчлөгдөшгүй. Түүнд бүрэн дүүрэн итгэж, найдаж болно. “Хэрвээ би л итгэчих юм бол…” гэж өөрийгөө албадан хүчилснээр Христитгэл тань батжихгүй. “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн Үгээр ирдэг.” (Ром 10:17). Итгэлийн маань тусагдахуун болсон Эзэн Бурханд маань хэмжээ хязгаар гэж үгүй. Харин бидний итгэлийн хэмжээ, бидний мэдлэгээр хязгаарлагддаг.
Библиэ тогтмол уншиж, библийн сургалт семинарьт хамрагдаж, ариун хүмүүсийн гэрчлэлийг сонсож, тэдгээрийг эрэгцүүлэн бясалгаж, өөрийн нөхцөл байдалд буулган бодож тунгааж, бас мэдээж Эзэнээс Өөрөөс нь байнга асууж залбирах нь, итгэлийг тань мэдэгдэхүйц өсгөнө. Итгэлээр өсөхөд хязгаар гэж үгүй. Үүнээс гадна, Бурхан хүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Түүний Библи дээрхи амлалтууд нь бүгд Түүний нийгүүлсэл, хайрынх нь л илрэл юм. Хичнээн уран цэцэн залбираад, Бурхан хийж, гүйцэлдүүлж өгнө гэвэл эндүүрэл. Хэрвээ Тэр хариулж буй бол, таны өмнөх үүргээ биелүүлж буй бус, зүгээр л хайрлан ивээж буй хэрэг.
Таны гуйлт хариулагдах албагүй. Таны хүслээр үйл явдал өрнөх албагүй. Харин бүх зүйл Түүний хамгийн сайн хүсэл, үнэмлэхүй эрх мэдлээр, хяналтан дотор нь явагдаж, өрнөж байгаад бид итгэх ёстой. Тэгээд даруугаар өөрийн хүслийг мэдүүлж гуй. Өөрийн бодож буй учир шалтгаануудыг Түүнд энгийнээр хүүрнэ. Ямар нэгэн зүйл Бурханаар “ҮНЭН” гэж хэлэгдсэн л бол түүнд нь өчиггүй итгэ, тэгээд түүгээр нь амьдар. Бурхан ингэж хэлээгүй л бол, энэ дэлхийн хамгийн агуу итгэл ч Түүний хувьд ямар ч үнэ цэнэгүй, таны хувьд хоосон, ашиггүй.
Үгийн мэдлэг тань үйлс болох ёстой
Итгэл бол үйлдэл болохоос идэвхигүй байдал биш. Бид итгэлээр зогсдог, итгэлээр хөдөлдөг, итгэлээр ярьдаг. Өндөр итгэлтэй гэж ярьсан хирнээ юу ч хийдэггүй, сүнсний хувьд хогийн ургамал мэт болсон Христчин гэгдэх хүмүүс цөөнгүй байдаг. Үйлсгүй итгэл бол үнэндээ итгэл биш. Тиймээс ч үхмэл, ямар ч утга учиргүй харагддаг (Иак. 2:17, 18). Эзэнд болон Түүний Үгэнд итгэж л байгаа бол, хэлснийг нь заавал биелүүлэх л ёстой. “Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн, хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.” (Мт. 7:24). Хэрвээ та Түүний хэлсний дагуу үйлдэхгүй байгаа бол, үнэндээ та Түүнд итгэхгүй байгаа хэрэг. Итгэл ба үйлдэл (үйлс) нь салшгүй холбоотой.
Харамсалтай нь, үйлс багатайхан, хоосон хийрхүү, сүм цуглаан дотроо л цамнасан, гадагшаа бол өөр дүр төрх, өөр үйлс амьдралтай хуурамч хүмүүс өнөөгийн сүм цуглааны олонхи болж, нийтлэг саарал төрхийг хэвшүүлж байна. Харанхуй дэлхийг гэрэлтүүлэх биш, харин ч дагаад бүүдийчихсэн, цаг зуурын дэлхийн юмсаар сэтгэлээ зогоож, өөрсдийгөө хуурсан, Эзэний ивээлийг ашиггүй, өнгөрөн одох зүйлсээр л үнэлж дүгнэн хэмжсэн, мөнхийн зүйлсийг барьж авах биш, хүршгүй мэт сэтгэн хоосон мөрөөдсөн байдал дэндүү газар авсан. Өөрийгөө Бурханд итгэдэг гэж хэлэх амархан. Гэхдээ Түүний тэнгэрлэг үйл хэрэгт идэвхтэй оролцдоггүй бол, үл итгэгчээс юуны ялгаатай гэж.
Бидний жинхэнэ зорилго бол, махан биеийн таашаалын дагуух зүйлсийг л гуйж гувшин авчихаад, итгэлтэйгээ гайхан бардамнах биш юм. Харин бүхий л мөнхийн тэнгэрлэг зүйлсийг гэрчлэн мандуулж, Христийн байр суурин дээр бат зогсон, дэлхийн хорон муу хандлага, урсгалыг сөрж, улмаар чигийг нь өөрчлөх нь юм. Христчин хүний итгэл нь агуулга (Христ) шигээ амьд бөгөөд, Бурханы Үг (Библи) шигээ хүчин төгөлдөр, ганхашгүй зүйл юм.
Мөн Христчин хүн үнэн зөв, эерэг итгэлийнхээ ачаар өөрийгөө хурц тодоор илэрхийлж, асар их амжилт ололтонд хүрч болох боломжтой ч энэ нь туйлын зорилго бас л биш. Харин өөрийн итгэлээрээ Бурханы төгс хайрыг танин мэдэж, эзэмдэн авах нь л гол нь болой. “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь, чи хөршөө өөрийн адил хайрла, гэсэнтэй адил юм.” (Мт. 22: 37-39). Таныг хайрлах Бурханы хайр бол агуу бөгөөд мөнх. Таны өдөр тутмын үйлс амьдрал тууштай бус, ганхаж байхад ч Түүний хайр өөрчлөгддөггүй.
Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 6-р бүлгээс хийсэн товчлол...
3 months ago