Sunday, August 8, 2010

Харьд буй дүү нартаа бичсэн захидал

2010.08.01 Архангай аймгийн Шинэ Идэр сум
Гэрэл зургийг Есүгэн

Сайн байцгаана уу?
Хайрт дүү нар минь. Өнөөдөр л e-mail аа шалгаж байна. Удахгүй Христмасын баяр болох гээд бэлтгэл ажил ихтэй л байна. "......" цуглааныхантайгаа боломжийн элбэг дэлбэг баярыг тэмдэглэхийн тулд, барилга дээр түр зуур ажиллаж байна. Бас төв сүм дээр маань ч засварын ажил гараад гар бие оролцохгүй бол болохгүй, гэхчилэн ажил амьдрал буцалж байна.

Саяхан гэрээр нь орж аав ээж хоёртой нь хэсэг ярьж суусан. Биесүүд нь болон сэтгэл санаанууд нь сайн байцгаана лээ. Хамтдаа та нарынхаа төлөө залбирцгаасан. Бас тус тусдаа үргэлж залбирцгааж байгаа. Та нарт минь тохиолдсон хүндрэл бэрхшээлүүдийн талаар Эзэнээс асуусан.

Орчлон дээр өнөө цагт 6-н тэрбум гаруй хүн амьдарч байна. Тэдний цөөхөн нь Бурханы гэр бүлд хамаатай хүмүүс (Түүний хүүхдүүд), бас цөөнх нь сатаны албатууд (чөтгөрийн хүүхдүүд) байдаг. Харин олонх нь юугаа ч мэдэхгүй, салхины үлээсэн чигт хийсдэг навч адил, урсгалын дагуу хөвдөг зомгол адил хүмүүс байдаг. Тэд маш өрөвдмөөр өчүүхэн хязгаар дотор сэтгэж, мэдэрч, шаналж, хоёр туйлын хооронд савлаж амьдардаг.

Хэн тэдэнд амар хялбар хөнгөн амьдрал, бэлэн зэлэн хоол, хүндрэл бэрхшээлгүй олдох эд агуурс, ашиг хонжоо, тавлаг тухлаг ахуй нөхцөл амлана, түүнийг бурханчлан шүтэж, өргөмжлөн дээдэлж, даган баясах ба харин өнөөх нь санаатайгаар ч бай, эсвэл үнэхээр амьдралын сүр хүчний өмнө хүчин мөхөсдөөд ч бай амласнаа биелүүлж чадахгүй тохиолдолд, түүнийг хайр найргүй үзэн ядаж, өөрсдийн амьдралын бүхий л болохгүй бүтэхгүйг чихдэг хогын сав болгон буруутгаж, яллаж, сөнөөж байж санаа амарцгаадаг гаж араншинтай.

Энэхүү хүн сүргийн дотор ширэнгэн ойн харгис, хатуу ширүүн хууль үйлчилдэг. Энэ нь хүчтэй нь хүчгүйгээ ашиглаж завшдаг, шулан мөлждөг, дарангуйлан дээрэлхдэг, боолчлон эрхшээдэг, эцэст нь сөнөөн устгадаг зүй тогтолтой. Тэгээд энэхүү бузар булай, ой гутмаар байдлаа үнэн дүрээр нь харж, гэмшин ухаарч, өөрчлөгдөн шинэчлэгдэх ямар ч чадваргүй байдаг ба хэсэгхэн хугацаанд мэдэрлээ ч гэсэн, “чадаж байгаа юманд арга байхгүй” гэх юмуу, эсвэл “нийтээрээ л ийм байхад би одоо яахав дээ”, мөн “сохорын газар сохороор, доголонгын газар доголонгоор”, гэхчилэн цэцэрхэж, мунхаг харанхуй, харгис бурангуйгаа хаацайлан сэтгэлээ тайвшруулцгаадаг.

Тэд харж сонсож, үнэрлэж амталж, тэмтэрч байгаагынхаа л хэмжээнд бодож сэтгэн, эргэж хөрвөн шаналах ба энэхүү махан биеийн мэдрэмжүүдээсээ гүнзгий хамааралтай байж, элдэв муу сүнсний хорон муу салхи болсон тачаал, шунал, өсөрхөл, хонзогнол, бардамнал зэрэгт боолчлогдон амьдардаг.

Гэвч хорон муу энэхүү хүн сүргийг тэнгэрлэг Эцэг маань хайрлан, тэдний төлөө цорын ганц Хүү Есүсийг загалмай дээр үхүүлсэн юм. Есүс Өөрийн үхлээрээ бидний гэмийг цагаатгаад зогсохгүй, бас дахин амилж тэнгэр газрын Хаан болоод, одоо Өөрийн сонгосон хүмүүсийн дотор Ариун Сүнсээрээ амьдарч, тэднийг Мөнхийн Бүтээгч Бурханы хүүхдүүд болгодог.

Ариун Сүнс тэднийг Христийн дүр төрхөөр өдрөөс өдөрт шинэчилж, тэдний даруу дуулгавартай, ажилсаг бүтээлч, хайрлан энэрэгч, өршөөн нийгүүлсэгч, өгөөмөр нинжин, шударга үнэнч, сэтгэлийн тэнхээтэй, баяр хөөртэй зан хандлага, амьдрах хэв маягийг нь нөгөөх сохор харанхуй, бурангуй олонхид үлгэр дууриал, жишиг загвар болгон харуулж, тэнгэрлэг үнэний зам руугаа дууддаг.

Ийнхүү сонгогдсон, Бурханы хүүхэд болсон нэгэн нь, энэ дэлхийн “бодит” гэгддэг амьдралын үйлс өрнөлийн цаана далд явагддаг, хүн төрөлхтөний амьдрал сэргэлт, авралын төлөөх Гэрэлийн, үхэл мөхөл, сүйрлийн төлөөх Харанхуйн хар хүчний үл үзэгдэх, хатуу ширүүн тэмцэл тулааны эргүүлэгт татагдан ордог. Тэгээд эд баялаг, идэх хоол, өмсөх хувцасныхаа л төлөө амьдардаг, тэдгээрийнхээ төлөө хэнийг ч худалдах, мөн хэнийг ч тахин шүтэхэд бэлэн сул дорой, бас ч үгүй бардам ихэрхэг нөгөө хүн сүргээс, жинхэнэ бодит амьдрал болох, зах хязгааргүй сүнсний ертөнцөд үүрэг хариуцлагаа ухамсарладаг, байр сууриа мэддэг, Хэний талд зогсож, Хэнтэй хамт юуны төлөө, хаашаа яваагаа гүнээ ухаарсан, эцэст нь ялан дийлэхээ ч мэдэж, итгэдгээрээ ялгардаг. Учир нь тэдний Эзэн Бурхан нь (Есүс Христ) ялсан Бурхан юм.

Тэд идэх хоол, өмсөх хувцас, амьдрах ахуй орчиноос үл шалтгаалан, зорилго тэмцэл, итгэл үнэмшил, Эзэн Бурхандаа үнэнч байж, аливаа хорон муугын салхи, урсгалд автахгүй сөрөн зогсож, хага яран хана хэрэм болж, тэр ч бүү хэл чигийг нь өөрчлөн зөв сайн зүгрүү удирдан залах сүр хүч, эрх мэдэл, сэтгэлийн тэнхээг эзэмшсэн байдаг. Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хүүхдүүдийг ийм болгон хүмүүжүүлхийн тулд эрхийг биш, харин ч бэрхийг сургадаг.

Бидний хийсэн бүтээсэн ололт, сурсан мэдсэн мэдлэг, хүрсэн эзэмшсэн амжилт болгон маань Тэнгэр Эцэгийн маань бидний дотор хийсэн ажлын илрэл ба, эдгээр нь бидний Бурхан биднээр дамжуулан Өөрийгөө илчилж алдаршуулахын төлөө, үй олныг авралд дуудахын төлөөх ажлын үр дүн байдаг. Харин бид заримдаа эдгээрийг нь, “миний авъяастай, чадвартай, ухаалаг байсны улмаас...”, гэж бодож төөрөлддөг.

Бурхан маань бидэнд үнэхээр хайртай учир, энэхүү төөрөгдлийг маань бардамнал, ихэрхэл болохоос нь өмнө, бага дээр нь ухааруулан гэмшүүлхээр, эгэл даруу болгохоор ажиллаж, сахилгажуулан засаж залруулдаг. Энэ нь бардамнал ихэрхэлийн оргилд хүрээд, Эцэгийн уур хилэн, шийтгэлийг хүртэн тамд унахаас сэргийлж буй хэрэг юм.

Бас нөгөөтээгүүр гэмт хүний ертөнцийн өнгө мөнгө, эрээн мяраан алагласан хуурамч орчинд нүд нь гялбан, зүрх нь татагдан бузар мууд бүү автаасай, гял цал байдлаар дүрээ хувирган ирдэг муу нэгнээс болгоомжлон, үргэлж сэргэг байгаасай гэсэн зорилго ч бий. Мөн Эзэн Бурханаа л үргэлж санан дурсаж, хүндэлж хайрлан нөхөрлөдөг, Түүнийхээ тус дэм, нөмөр нөөлөг, хамгаалалтыг үргэлж мэдэрдэг байгаасай гэж сэрээж цочироож байдаг. Эдгээр олон шалтгааны улмаас та нарт маань уг зүйл тохиолдсон.

Тиймээс дүү нар минь, ялангуяа Амгаа минь, чи одоо ээж аавын эрх танхи, нялх балчир охин биш. Харь газар хил давж, хатуу ширүүн амьдралд хөл тавьсан насанд хүрсэн хүн болсоны хувьд, гэнэн хонгор өнгөц сэтгэлгээ, зан чанараа хаяж, хэрсүү ухаалгаар, нээлттэй нүдээр орчин тойрноо харж, нухацтайгаар амьдралд хандах цаг чинь болсон. Гэхдээ энэ нь егзөр хахир, өмхий санаатай бол гэсэн үг биш. Харин Эзэн Бурхантайгаа нөхөрлөж тэнгэрлэгээр төлөвш, Түүний өмнө дорд даруу бол, Түүнд түшиглэж сур гэсэн үг. Энэ чинь л та нарын маань амьдралын зорилго юм шүү дээ.

Тэрнээс биш диплом, зэрэг цол, албан тушаал, ахуй хангамж, цалин мөнгө зэрэг нь юу ч биш. Нэг салхиар авагдаж болно. Нэг салхиар өгөгдөж болно. Хичнээн нэр алдартай, эрдэм мэдлэгтэй ч, үзэгдэх ертөнцийн цаадахь үл үзэгдэх учир шалтгааныг харж мэддэггүй, мухар сохороор, мунхаг харанхуйгаар алхдаг нэгэн нь заавал нүхэнд ойчно. Тэр өдөр чамтай, тэрхүү аваар осолын тохиолдол дайралдсан нь их учиртай. Хэрвээ Эзэн тэрхүү мотороллерийг чинь зайлуулаагүй байсан бол, чамд ч тийм гай гамшиг нүүрлэх байсан.

Материаллаг өчүүхэн хохиролд харамсаж, Эзэн Бурхандаа ялархаж, гомдоллоогүй байх аа, гэж бодож байна. Хэрвээ тэгсэн бол нэн даруй гэмшиж, Түүний өмнө өвдөг сөгдөж, уучлал гуйгаарай. “Бодит” гэгддэг, үзэгдэх ертөнцөд тохиолддог хэцүү бэрх ч юм шиг, зовиур шаналгаатай ч юм шиг асуудал болгон гай барцад, хорон муу зүйл биш. Түүгээр дамжуулан хүн ухаажиж, төлөвшиж, бас илүү хорон муу, жинхэнэ гай гамшигаас аврагдаж байх нь олонтоо. Мөн яг үүний эсэргээр, сайн сайхан, зол завшаантай, зугаатай, ашигтай, бүтэлтэй ч юм шиг тохиолдол болгон жинхэнэдээ тийм биш байх нь олонтоо ба араасаа хорон муу, нууцлагдсан гай гамшиг, сорилтыг дагуулах нь бий.

Ихэнхдээ биднийг юу ч мэдэхгүй амар амгалан, өнгө мөнгөнд хууртан алхаж байхад, хар хүч энэхүү гэнэн мунхаг байдлыг маань ашиглан үнэт амийг маань авлахыг хүсдэг. Харин хайрт Бурхан маань үргэлж, бидний эрүүл энх, сайн сайхны төлөөх манаанд нүд цавчилгүй зогсдог учраас л, бид энэхүү хатуу ширүүн ертөнцөд амьд мэнд алхаж байдаг. Тиймээс Эзэн Есүсийн ариун нэрийг дуудан, үргэлж талархалтайгаар залбирч бай.

Үй олон хүн буун сум, өвчин зовлон, өлсгөлөн гачигдалын дор амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн амьдарч байна. Үй олон охид хөвгүүд хүүхэд насны жаргал, элэг бүтэн амьдарлыг мэдэхгүй өсөж, амь зогоохын төлөө хар нялхаасаа хүнд хүчир хөдөлмөрт зүтгэж, бас биеэ үнэлж байна. Бас үй олон үе тэнгийнхэн чинь сэтгэлгээний, итгэл үнэмшилийн эрх чөлөөгүй, харанхуй бурангуй ертөнцөд байна. Харин та нарт маань Бурхан Эцэг маань ямар сайхан элэг бүтэн, элбэг дэлбэг, сурч боловсрох нөхцөл хангагдсан сайн сайхан хувь заяа хайрлаа вэ. Энэ нь асар их үнээр, Бурханы Хүүгийн амиар өгөгдсөн юм шүү.

За ингээд энэ удаа өндөрлөе. Библиэ сайн унш. Нөхцөл байдал ямарч байсан Бурхандаа хэзээ ч бүү гоморх. Тэр үргэлж бидэнд сайныг санаж, сайныг л хийдэг. Тэр нь дүрээ хувиргасан, хүндрэл бэрхшээлтэй мэт байдлаар ч илэрдэг. Гэхдээ ард нь даваад гарчихаад, эргээд харахад маш их зүйл сурч, хатуужиж, хүчирхэгжсэн байдаг.

Бүх зүйл Түүний хатуу хяналт дор явагддаг тул, юунд ч бүү санаа зов. Түүнд итгэ. Бүх зүйлийг Бурхантайгаа зөвлөж, Түүний туслалцаа, оролцоог урьж бай. Түүнтэй л хамааралтай нэгэн гэдгээ үргэлж сана. Түүний дургүй зүйлсэд гар бие, сэтгэл санаагаа бүү эзэмдүүл, бүү оролц. Та нартаа хайртай шүү. Чанга тэврэн үнсэе.

GOD bless YOU. JESUS loves YOU.

Энх-Амгалангын хувийн архиваас...