Sunday, August 29, 2010

Христийн талаархи онолын мэдлэгээс амьдралын шуурган дундуур...


(номлол)
Мэндчилгээ: Сайн байцгаана уу? Эзэний агуу Чуулганы өмнө зогсоод, Түүний Үг сургаалийг хуваалцах гэж байгаа нь, өчүүхэн миний хувьд асар их зол завшаан, нэр төрийн хэрэг болой. Бүгдээрээ энэ цагын төлөө залбирцгаая.

Мөнхийн тэнгэрлэг Эцэг минь, энэхүү эрхэм цагын төлөө талархаж байна. Энд болж буй бүх үйлс, арга хэмжээ, хүндэтгэл мөргөл нь зөвхөн Таны хүслээр, Таны алдарын төлөө байгаа билээ. Таны Ариун Сүнсээр мөхөшгүй Үг, сургааль тань тунхаглагдаж, бас Таны Ариун Сүнсээр бидний зүрхэнд хүлээн авагдахын төлөө Их Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.

Оршил: Бодоод байхад сонин юм зөндөө байх юм. Жишээ нь нэг зүйл. Тэр нь юу вэ гэвэл, бид аливаа шуурга, давалгаанд өртөхдөө өөрсдийгөө хяналтнаасаа алдчихдаг. Харин амьдрал бидний хүссэнээр өрнөх тусам, “бид хувь заяагаа хянаж байна” гэж боддог. Ер нь хүмүүс амьдралынхаа турш алив нэгэн хяналт, хүчний эрхшээл дор явахыг хичээдэг. Учир нь, энэ нь бидэнд ямарваа аюул осолгүй, хамгаалалт, нөмөр нөөлөг дотор явж буй мэт мэдрэмжийг өгдөг. Гэвч энэ нь хуурамч мэдрэмж юм.

Түүхээс харахад, хүн төрөлхтөн нь бүхий л оршин тогтнолынхоо турш, өөрсдийг нь хамгаалдаг ямар нэгэн хүчирхэг удирдагчийг, эсвэл найдвартай ажилладаг систем, тогтоц бүтэцийг эрэлхийлж, бас бий болгох гэж ур ухаанаа шавхаж, дайчилсаар ирсэн. Харамсалтай нь эргээд харахад, ямар ч лут удирдагч, эсвэл сайн гэсэн нийгмийн зохион байгуулалт нь хүмүүнд, хүсээд байдаг амар амгалан, аюулгүй даатгагдсан орчин, бүрэн дүүрэн хамгаалагдсан төлөв байдлыг нь бүрдүүлж өгч чадаагүй ба чадахгүй нь тодорхой болсон.

Харин ч тэдгээр нь хэсэг хугацаанд хуурамч тайвшралыг өгөөд, дараа нь эргээд л хүмүүнийг өөрийг нь хянаж, эрх чөлөөг нь боомилж, хүч хөдөлмөрийг нь завшиж, мөлжиж, хүсэл сонирхолоос нь гадуур өөртөө зүтгүүлж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд, хяналтын талаархи хоёр үнэнийг ойлгож мэдэх учиртай юм.

Нэгдүгээрт: Хяналт гэдэг нь зүгээр л хий хоосон үлгэр домог, зүүд зэрэглээ л гэсэн үг. Бидний хэн нь ч амьдралаа бүрэн дүүрнээр хянаж чадахгүй. Яаж ийм юм байх юм бэ? Хэн ингэж чаддаг вэ? Амьдралаа бүрэн дүүрнээр, жинхэнэ утгаар нь яаж хянах юм бэ? Ингэхийн тулд юу хийх ёстой вэ? Бид амьдралыг бүтээгээгүй шүү дээ.

Бид өөрсдийнхөө амьсгалын болон зүрх судасны, цусны эргэлтийн систем ээ, ходоод, хоол боловсруулах эрхтний системээ, дотоод эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг нь хянаж чадах уу? Эсвэл үр хүүхдүүд, бас хажуу дахь эхнэр ээ, эр нөхөр өө хянаж цагдаж чадах уу? Чадна гэж хэлэх хүн байна уу?... Мэдээж хэн ч чадахгүй. Чадах гэсэн оролдлого бүр гамшиг, гашуун зовлонг авчирдаг.

Гэтэл бүр сүм чуулганыхаа итгэгчдийг, Эзэний доторхи хамтран зүтгэгчдээ хянах гэж оролдох мунхаглал, “бурханлаг” удирдагчдын дундаас гарах юм. Эзэний Хаанчлалын төлөөх үйлчлэлээ бусдыг хайрлах, бусдад өөрийгөө зориулах боломж гэж биш, харин бусдыг хянах, эрхшээх, өөрийн хувийн сонирхол, хүсэл төлөвлөгөөг бусдад тулгах, хэрэгжүүлэх боломж гэж хардаг хүмүүс ямар золгүй вэ?!!

Загалмай үүрэх чадваргүй, эсвэл хүсэлгүй нэгэнд хүчээр, тулгалтаар загалмай үүрүүлэх үү? Эсвэл өөрөө тэдний өмнөөс загалмай үүрч, үлгэр дууриал болох уу? Эзэний хайрыг хяналтан дор, захиран тушааж буулган өгч болох уу? Эсвэл үг хэл, үйлс амьдрал, зан харьцаагаараа үлгэрлэн харуулах уу? Танд одоо ч ухаарах, гэмших, сонгох боломж байна... Тэр ч бүү хэл зарим хүмүүсийн гажууд зан хандлага хэтийдэж, Их Эзэний өөрсдийнх нь төлөөх зүрх сэтгэл, ажил үйлс, зорилго төлөвлөгөөг нь хянах гэсэн увайгүй санаархал ч цухалзуулдаг.

Хоёрдугаарт: Ертөнцийн Эзэн харин ч хяналтын эсрэг байдгийг мэдэх нь нэн чухал. Учир нь, хүмүүний аливааг хянах гэсэн оролдлого нь өөрийг нь боолчлол, айдас, сүйрэлд оруулдаг. Энэ мунхаг санаархал нь, Эзэнд итгэхгүй байгаагын хамгийн тод илэрхийлэл юм. Агуу нэгэн нь хянахыг биш хайрлахыг зорилгоо болгодог байтал, атгаг нэгэн нь хайрлахыг биш хянахыг зорилгоо болгодог. Эзэн “Та нарын дундаас агуу нь болохыг хүсэгч нь бусдынхаа боол нь, зарц нь бай” гэсэн.

Мэдээж тухайн хүн сайтар хичээвэл идэх хоол хүнс болон хооллолтоо, мөнгө санхүү болон ашиг орлогоо хэрхэн захиран зарцуулахыг, зан авир болон харилцаагаа, бас магадгүй өгөгдсөн цаг хугацаа, өдөр хоногуудаа хэрхэн зөв зохистой ашиглахаа хянахад тодорхой хэмжээнд суралцаж болдог. Гэхдээ л амьдралыг бүрэн дүүрнээр хянаж чадахгүй. Учир нь амьдрал бол хүмүүний бүтээл биш. Бүтээлийг Бүтээгч нь л бүрэн дүүрнээр хянах чадвартай, эрх мэдэлтэй.

Дахин хэлэхэд, бүх юм сайн сайхан, бүтэлтэй байхад амьдрал, хувь заяа маань хяналтанд маань байгаа мэт санагддаг. Харин гэнэт нэг шуурга бий болоход л бид хяналтаа бүрэн алдаж, хөөрхийлөлтэй байдалд ордог. Яг үүнийг Есүсийн дагалдагчид, Марк 4-р бүлэг дээр гардаг үйл явдалын үед бүрэн дүүрнээр мэдэрч, биеэрээ амссан.

Их бие: Одоо Марк 4:35-41
хэсгийг ажиглацгаая. Есүс дагалдагчид аа нуурын нөгөө эрэг рүү удирддаг. Тэд ч шулуухан л дагадаг. Энэ нь мэдээж маш сайн. Тэд “цагын байдлыг ажихад салхи үүсэж, давалгаа босож магадгүй байна. Тиймээс маргааш явъя”, гээгүй. Дуулгавартайгаар, зүгээр л Түүний хий гэснийг хийдэг. Энэ нь итгэлийн маш чухал шинж. Итгэж, найддаг нэгэн нь дуулгавартай захирагдаж чаддаг.

Бас айсандаа дуулгавартай байх хувилбар ч байдаг. Гэхдээ Эзэн дагалдагчидаа айлган дарамталсан тухай ямарч өгүүлэмж, тохиолдол бичигдээгүй ба бичигдэх ч үгүй нь тодорхой. Учир нь бидний Эзэн бол хайр энэрэл, өршөөл нийгүүлсэл, амар тайвны Бурхан. Тэр энэ ертөнцийн хамгийн эгэл даруу Нэгэн. Тэр айлган сүрдүүлж, хүчирхийллээр эрхшээдэг Нэгэн биш. Харин хязгааргүй хайр энэрлээрээ зүрх сэтгэлийг маань дүүргэн эзэмддэг Эзэн.

Хүчит салхи үүсэж, аварга давалгаанууд нөмөрхөд, дагалдагчид өөрсдийн аргаар тэмцэж, сөрж эхэлсэн. Харин Эзэн юу ч болоогүй юм шиг, санаа амар унтаж байдаг. Мэдээж Эзэнийг ямар нэгэн давалгаа, салхи ганхуулна гэж байхгүй л дээ. Дагалдагчдын дунд насаараа загасчилсан, иймэрхүү шуурганы үед яах ёстойгоо мэддэг хүмүүс цөөнгүй байсан. Тэгээд л сурсанаараа л тэмцэж, үүссэн асуудлыг зохицуулах гэж оролдоцгоож байлаа. Гэвч энэ удаа бүх л арга чарга нь барагдсан.

Бид ч бас амьдарлын аливаа асуудалд, Эзэнийг хажууд маань байсаар байтал асуух ч үгүйгээр, өөрсдийн сурснаар, дадаж хэвшиснээр хандаж, нөхцөл байдлыг хяналтандаа авах гэж оролдоцгоодоггүй гэж үү? Тэгээд, яг л тэдгээр дагалдагчид шиг асуудал бүр хүндрээд, дийлдэхээ болиод ирэхэд , айж бачимдсан, сандарсан үедээ л Түүнд ханддаг. Тэр ч бүү хэл Түүнийг буруутган яллахыг оролдоцгоодог. Хүн өөрийгөө биш харин бусдыг буруутгах дуртай байдаг. Бүтээгч, Аврагч, Ариун дээд Эзэнийг хүртэл шүү. Учир нь ингэж амьдрах нь амархан байдаг. Өөртөө дүгнэлт хийж, өөрөөсөө бурууг хайж, харин бусдыг хайрлаж, уучилж амьдрах хэцүү.

Учир нь, Тэр хэзээ ч унтдаггүй, Израилийн төлөө үргэлж сэрүүн байдаг Эзэн боловч, бидний хувьд унтаа, идэвхигүй, хэрэг болохгүй онолын мэдлэг төдий байдаг. Өөрөөр хэлбэл бид Түүнийг өөрсдийнхөө хувьд унтаа, хоосон онол болгодог гэсэн үг. Онолоор цэцэрхээд л, онолоор маргаад л, онолоор шалгалт өгөөд л, онолоор шалгалт аваад л...

Ер нь Библи хүмүүнийг Эзэний эрхшээл, хяналтан дор эргэн ирэхийг уриалдаг. Ганцхан Эзэн Есүсийн эрхшээл дор л жинхэнэ эрх чөлөө, амар амгалан байдаг. Бусдын эрхшээл нөлөө, бүрэн хяналтан дор, бусдаас бүрэн хамааралтай байхын сонгодог хэлбэр бол “боолчлогдох” нь юм. Судар бидний өмнө, “гэм нүгэлийн боол байх”, эсвэл “Христийн боол байх” гэсэн 2 төрлийн бүрэн хамаарлийг дэвшүүлэн гаргаж, 2 туйл болгон сөргүүлэн тавьж, сонголт хийхийг шаарддаг. Цуутай элч Паул, Ром болон Филиппой дахь чуулганд бичсэн захидалдаа, өөрийгөө “Христ Есүсийн боол...” гэж тодорхойлсон байдаг.

Библид дундуур нь, 2 нүүр гаргаад явахыг “завхайрах” гэж томъёолдог. Тэнгэр Эцэг биднийг “бүү завхайр” гэдэг. Тэгэхлээр бидэнд угтаа бол ямарч сонголт байхгүй.
Гэхдээ нөгөөтээгүүр, Эзэн хүмүүнийг ямарч эрх мэдэлгүй, эрэгцүүлэл тунгаалтгүй, сонголт хийж шийдвэр гаргах боломжгүй робот байдлаар бүтээгээгүй юм. Хүмүүнд өөрт нь асар их эрх мэдэл бий. Сонголт хийх эрх чөлөө бий.

Олон хүн гэм нүгэлд нухлуулан туйлдаад, Эзэн рүү ирчихээд “...намайг гарах гарцгүй, шахаанд оруулаад Өөртөө авсан” гэдэг. Олонхи тохиолдолд энэ нь худлаа. Хүмүүний ихэнхи зовлон, хүмүүний өөрийнх нь сонголт, шийдвэрийн үр дүн байдаг.

Ариун Сүнс хүмүүний дотор орж, тэнгэрлэг ухаарал ойлголт, мэдрэмжүүдийг өгөх үед, хүмүүний зүрх сэтгэл шийдвэр гаргах, сонголт хийх шаардлагатай болдог. Ариун Сүнс ятгадаг, нөгөө талаас дэлхий чангаадаг. Энэ үед танд өөрт тань л бүх эрх мэдэл бий.

Бидний олонхи нь, “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-хэн шиг, дундуур нь, өөрсдийн тааваар таваргах санаатай байдаг нь нууц биш. Илчлэлт 3:15,16-д “Би чиний үйлсийг хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.” гэдэг.

Болж өгвөл Христээр ч хянуулахгүй, захируулахгүйгээр, далдхан нууцлаг дур хүслүүдээ өөгшүүлэн дагасан шиг, өөрийгөө зугаацуулан “жаргаах” санаатай амьдардаг. Харин алив хүсэл төлөвлөгөө, зорилго нь бүтэх шинжгүй, аюул осол, эрсдэл заналхийлж буй үед, эсвэл гэнэтийн гай гамшиг, зовлон зүдгүүр өөрт нь тулгармагц Эзэнийгээ бамбай эсвэл бороохой болгон ашиглачих гээд л...

Юу нь гэм нүгэл, юу нь хориглогдсон, бас юу нь сайн, сайшаалтай, юу нь зөвшөөрөгдсөн талаар өөрийн дур хүсэл, сонирхолын дагуу зүрх сэтгэлдээ хэм хэмжүүр, хууль тогтоогоод, түүнийхээ дагуу өөрөө өөртөө маадгар, бүр цаашлан тэрхүү хуулиараа бусдыг шүүгээстэй алхдаг гээч. Тэгээд тэрхүү хатуурсан ойлголт, хэм хэмжүүр, цайз хэрмийг нь нураах гэсэн Эзэний ажил, сахилгажуулалт зэмлэлд нэн эмзэг, учир зүггүй өөрийгөө хаацайлан хамгаалж, өрвөлзөн уурлаж ханддаг. Ариун Дээд Түүнийг буруутган гомдоллодог.

Яг л тэдгээр дагалдагчид, Түүнийг хажууд нь байсаар байхад өөрсдийгөө авархаар, өөрсдийн арга замаар авархаар улайран зүтгэсэн шиг. Амихандаа л тохиолдсон шуургыг сөрж, ялж, даван туулахыг оролдоцгоодог. Түүнээс асуудаггүй, туслалцаа хүсдэггүй, бүр Түүнрүү уурладаг гээч. Хэрвээ яг ийм төлөв байдалд байгаа хүн байвал, яг одоо л энэ мунхаг төлөв байдлаа ухаар.

“Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн”, гэж Сургаалт үгс 9:10 т өгүүлдэг. Эзэн Есүсийг “миний Аврагч Бурхан, намайг Золигч” гэж итгэх чинь сайн боловч, энэ итгэл чинь Түүнд ялархдаг, гомдоллодог, алив алдаа уналтандаа Түүнийг буруутгадаг хэв шинжтэй байвал, та буруу төлөвшиж байна гэсэн үг.

Матай 7:21-д “Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” гэдэг. Эцэг биднийг Христийг хайрлан хүндлээсэй, эмээн бишрээсэй, даган дуурайгаасай гэж хүсдэг. Түүний хяналт, удирдлаган дор гэрэл, харанхуйгаа ялгаж салган ариусаасай, Түүнтэй уусан нэгдэж, дүр төрхийнх нь дагуу шинэчлэгдээсэй, гэж хүсдэг.

Шилжилт: Та бүхнээс нэг зүйл асууя. Библийн өөр хаана иймэрхүү хүчит салхи шуурга, аварга давалгаануудын тухай гардаг билээ?... Хаана гэнэ ээ?... Тиймээ, та зөв хэллээ. “Иона” номонд... Эш үзүүлэгч Иона, Эзэний дуудлага, тушаалыг эсэргүүцэн босож, “Яв” гэсэн зүгээс нь тэс өөр, эсрэг зүгрүү нь зугтаадаг. Харин Эзэн хүчит шуурга, аварга давалгаануудаар, түүний тэрслүү замыг хаадаг.

Тэгээд юу болсон талаар бүгдээрээ Судараас харцгаая. Иона 1:11-17 г уншицгаая. Оргодол тэрслүү Иона загасны ходоодонд заларч, бусад нь тэнгэрийн Бурханд алдарыг өргөцгөөв. Өнөөдөр ч хувь хүн таны өмнө, гэр бүл, хамт олны тань өмнө, Чуулганы тань өмнө, энэ ард түмний өмнө, нийт хүн төрөлхтөний өмнө жижиг том, их бага тоо томшгүй асуудал бэрхшээл, салхи шуурга, давалгаа донсолгоо босоод байна.

Бүгд л өөр өөрийн мэдлэг боловсрол, авъяас чадвар, туршлага дадлага, нөөц бололцоог ашиглан сөрөн зогсож, даван гарч, ялан дийлэхийг хүсэцгээж, нөхцөл байдлыг хянахыг оролдоцгоож, элдвээр цэцэрхэн онолдоцгоож байна. Тэрч бүү хэл шаналсандаа, айсандаа Эзэнийг буруутган яллаж, уурлан хилэгнэж, хараан зүхэцгээж байна.

Энэ цаг үеийн тухай Илчлэлт номонд тодорхой өгүүлдэг. Илч. 9:20,21. 16:8-11. 16:20,21 хэсгүүдийг харцгаая. Энд олон төрлийн шийтгэл, сахилгажуулалтыг Эзэн хүн төрөлхтөний дээр буулгаж байна. Харин тэд Ионагийн түүх дээр гардаг далайчид шиг, Ниневе хотынхон шиг гэмшсэнгүй. Бурханд алдарыг өргөсөнгүй. Бүр эсэргээрээ элдвээр доромжилцгоож байна.

Бид Сайн мэдээ тараах явцдаа, эсвэл зүгээр Христчин гэдгээ бусдад илчлээд хариуд нь басамжлал, доромжлол, тохуурхал, буруутгалыг зөндөө л амсдаг. Бурхангүй ертөнцийн бүхий л соёл урлаг, шоу цэнгээн, кино ертөнц бараг тэр чигтээ Бүтээгч Эзэнээ доромжилсон тохуурхсан үзэгдэл, санаа оноогоор дүүрэн. Бас элдэв явган шог, амны зугаандаа ч хүмүүс Эзэнийг басамжилж тохуурхацгаадаг. Зарим улс оронд “Христийн ардчилсан нам” ч гэдэг юм уу, элдэв улс төрийн, бизнесийн, ашиг хонжооны байгууллагууд, Эзэний Ариун Нэрийг ашигладаг.

Бурханаас хүн төрөлхтөнд өгдөг бүхий л давалгаа донсолгоо, салхи шуурга нь угтаа хүмүүнийг мөхөөх гэж биш, харин ч Эзэн Есүс рүү, Түүний загалмайн аврал руу хандуулах гэж, ухаарал гэмшилд хөтлөх гэж, Үнэнийг (Христийг) бүх зүрхээрээ хайгаасай гэж өгөгддөг. Хувь хүн танд, нийт хүн төрөлхтөнд Тэнгэр Эцэг маань Есүс Христийг аль хэзээний өгсөн.

Христ бол хүн төрөлхтөний бүх асуудал бэрхшээлд нь өгсөн Бурханы эцсийн ганц хариулт, төгс шийдэл юм. Энэ нь амьдралын аливаа асуудал бэрхшээлтэй тулгархад, Христийг урин оролцуулснаар, тэдгээр нь хамгийн зөв, сайн, өөрөөр ямраар ч байх аргагүйгээр шийдэгдэнэ, гэсэн үг. Бас нөгөөтээгүүр, ерөөсөө тэдгээр асуудлууд чинь чамайг зовоож шаналгах ямар ч хүчгүй, утгагүй, үнэ цэнэгүй болж хувирна, гэж ч ойлгож болно. Өөрөөр хэлбэл, чи асуудлуудаас дээгүүр дүүлэн нисэж амьдарна, гэсэн үг.

Хүмүүний ертөнцийн тоо томшгүй олон асуудлууд дундаас хамгийн том, хэзээ ч өөрсдийн хүчээр шийдэж чадахгүй асуудал бол Бүтээгч Бурханы тухай, Түүний бүтээл болсон орчлон ертөнцийн оршин байгаагын утга учирын тухай, амьдралыг үзэх үзэлийн тухай маргаан, санал зөрөлдөөн юм. Бүгд л Бурхан байдгыг зөнгөөрөө ч бай, ухамсартайгаар ч бай мэддэг, итгэдэг, эмээдэг, хүндэлдэг. Гэхдээ өөр өөрсдийнхөөрөө... Яагаав нөгөө, хараагүй хэдэн хүн зааны энд тэндээс нь барилж үзээд, янз янзаар тодорхойлж, дүрсэлсэн тухай, ярианд гардаг шиг.

Энэхүү маргаантай, үе үеийнхний санааг зовоож шаналгасан, шийдэж чадахгүй гацсан, улмаар үй олон бэрхшээл зовлонгийн үндэс болсон асуудлын хариулт бол Христ юм. Та нар бүү марга. Май энэ Хаан чинь (Өөрөөр хэлбэл захирагдах ёстой, эмээх ёстой, чамайг хамгаалагч Нэгэн чинь), Бурхан чинь (Хүндлэх ёстой, дээдлэх ёстой, үлгэр дууриал авах ёстой Нэгэн чинь), Эзэн чинь (Чамайг хянаж, эрхшээх ёстой, чиний үйлчлэх ёстой Нэгэн чинь) энэ байна.

Энэ хүнээр дамжуулан чиний гэм бузар арилж, Төгс Ариун Миний өмнө зогсох боломжтой болно. Энэ хүнээр дамжуулж, Миний чамд хандсан хүсэл, мөн чанарыг, Миний тухай үнэн зөв ойлголт, мэдлэгийг танин мэднэ. Энэ хүн амьдралын чинь бүх асуудалд төгс шийдлийг өгч, тэдгээрийг чиний өмнө номхотгож, чамайг явах ёстой замаар чинь удирдана. Тэр бол чиний төлөөх Миний хайр энэрэл, нийгүүлсэл, бүх ”яагаад”-ын чинь хариулт. Тэр бол Би, Би бол Тэр мөн, гэж Эзэн айлдаж байна.

Хүн төрөлхтөний цорын ганц итгэл найдвар, аврал бол Христ Есүс болой. Өөр ямарч зам, гарц, зөв шийдэл байхгүй. Хүмүүн нь түүхийнхээ турш бүгдийг нь туршиж, оролдож, барьж үзсэн. Бурхангүйгээр төгс төгөлдөрт хүрч, амар амгаланг олж авах гэж, үүрд мөнхийг бүтээн байгуулж, эзэмших гэж үзсэн. Бурханаас гадуур сайн сайханыг цогцлоож, хувь заяагаа хянаж, түүхийг (цаг хугацааг) захирч болох юм шиг санасан.

Яагаав,... өнөөх могой Адам, Ева нарыг уруу татахдаа “...Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно...” гэсэн мэхлэлтэнд итгээд л, түүний дагуу үзээд байгаа нь тэр шүү дээ. Гэвч могой худал хэлсэн нь, хүмүүний бүх оролдлого, хичээл зүтгэл, чармайлтууд нь нуран унаснаар батлагдаж байна. Нөгөө ...үхэхгүй, Бурхан шиг болно... энэ, тэр гээд байсан нь ч худлаа байсан. Түүхийнхээ турш хүн төрөлхтөн ялаа мэт үй олноороо үхэж үрэгдсээр л ирсэн. Одоо бүр, бүх нийтээрээ орших уу?, эс орших уу? гэсэн асуудалтай тулгарлаа...

Хүмүүний бүх үеийнхний хураасан хумьсан, олсон мэдсэн, хүрсэн эзэмшсэн болгон нь цаг зуурын, үр ашиггүй, хоосон зүйлс байж, зэрэглээ мэт замхран одохыг өнөө үеийнхэн харцгааж байна. Жинхэнэ гай гамшиг, зовлон сорилтууд, давалгаа донсолгоонууд нөмрөн ирэхэд, өнөөх олон шинжлэх ухааны ч бай, улс төрийн ч бай, гүн ухааны ч бай, хүмүүнлэгийн ч бай элдэв олон онол, мэдлэг, туршлагууд нь аль нь ч аврал болж чадахгүйг ухаарцгааж байна.

Тиймээ, тэрхүү шуургатай үед завин дээр Христтэй хамт байсан, Түүний дагалдагчид шиг зөвхөн Түүнийг л сэрээх, Түүнээс л зуурах, Түүнд л найдах үлдлээ. Өөр гарц, өөр аврал үгүй. “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй”(Үйлс 4:12) гэж нэгэнтээ Сударт өгүүлсэн байдаг.

Хүмүүс амьдралын элдэв бэрхшээл, асуудал хүндрэлүүдтэй учраад “...яагаад?, яагаад заавал би гэж?... яагаад надад энэ нь тохиолдов?...” гэцгээдэг. Тэгвэл Судар бидэнд хэлж байна. Яагаад гэвэл та Христийг амьдралдаа оруулдаггүйгээс, та Түүнийг онолын хувьд л мэддэгээс, тэгээд Түүнийг ”сэрээдэггүйгээс”, Түүнтэй нөхөрлөдөггүйгээс, Түүн шиг амьдардаггүйгээс, Түүгээр зүрх сэтгэл ээ, хувь заяагаа хянуулдаггүйгээс, та амьдрал, хувь заяагаа өөрөө хянах гэдгээс, Түүнтэй хамт бэрхшээл, зовлонг даван туулах гэж тэмцдэггүй, зориглодоггүйгээс... гэхчилэн хэлж байна.

Олон хүн Есүсийг онолын хувьд л мэддэг болохоос, амьдрал дээр Түүнтэй нөхөрлөж, Түүгээр удирдуулж, Түүнд өөрийгөө даатгаж, Түүний найдвартай, итгэмжтэйг биеэрээ үзэж мэдээгүй байдаг. Тэр тэдний хувьд зөвхөн онол л байсан. Өнөөдөр ч хүн төрөлхтөн, бүр Христийн Чуулган ч, Түүнийг өөрсдийнхөө хувьд онол болгосон хэвээрээ байна. Таны хувьд Христ хэн бэ? гэж Эзэн асууж байна. “Христ бол би. Би бол Тэр юм”, гэж хэлэх хүн байна уу?!!

Амьдралд тохиолддог аливаа шуурга, давалгаа нь бид амьдарлаа хяналтандаа авч явж чадахгүй гэдгийг, бидэнд нотолдог. Бид хувь заяагаа хянагчид биш. Тэдгээр дагалдагчид ч, Есүсийн агуу үйлсүүдийг нь, юу хийж, юу ярьж явсаныг нь хөндлөнгөөс ажиглаж л явснаас биш, өөрсдийгөө Түүний оронд тавьж, агуу үйлсэд нь бие, сэтгэлээрээ оролцож байгаагүй.

Хүмүүсийг Түүн шиг хайрлаж, Түүн шиг өөрсдийгөө зориулж, шаналж яваагүй байсан. Энэ нь биднийг өөрчлөгдөх шаардлагатайг харуулж байгаа юм. Олон хүн Түүнийг дагаж байгаадаа л сэтгэл ханадаг. Түүний ойрхон байгааг нь ямар нэг байдлаар мэдэрч байгаагаараа л сэтгэлээ зогоодог. Түүний оронд өөрийгөө тавьж, Түүнтэй адил үүрэг хариуцлага үүрч, бусдын төлөө шаналж, өөрийгөө золих талаар боддоггүй.

Гэтэл Тэр биднийг үзэгчийн байр сууринд байгаад байгаасай гэж хүсдэггүй. Биднийг Өөрийнх нь оронд өөрсдийгөө тавьж, хүн төрөлхтөний төлөөх Түүний зүрх сэтгэлийг мэдэрч, Түүнтэй адил үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өөрсдийн биш харин Түүний нэрээр, Түүнтэй адилыг үйлдэж амьдараасай гэж хүсдэг. Нэг үгээр өөрсдийгөө бүрэн дүүрнээр Өөрт нь өгч, Өөрөөр нь удирдуулаасай, Өөрийнх нь дүр төрх, төлөөлөл болоосой гэж хүсдэг.

Бүрэн дүүрэн хангалттайгаар, бахархалтайгаар “би болон Эзэн нэг юм. Би бол Тэр юм”, гэж хэлээсэй, үйлдээсэй гэж хүсдэг. Тэгэж чадах хэмжээнд хүртэл даруусан төлөвшөөсэй, гэж хүсдэг. Тэгэхийн тулд бид Түүний хяналтан дор бүрэн дүүрнээр орох ёстой.

"Надад тэнгэр газар дээрхи бүх эрх мэдлийг өгсөн" гэж хэлснээрээ, Би л бүх зүйлийг хянана, гэж байгаа хэрэг юм. Та ч тэнгэр газрын нэгээхэн өчүүхэн эд эс шүү дээ. Тиймээс ч Тэр таныг бас хянана гэсэн үг.

Христ бол хамгийн Дээд Үнэн. Бүх салхи, давалгаа донсолгоонууд цаг зуурынх, үеэ өнгөрөөдөг. Харин Христ мөнхөд оршдог. Хүмүүний, тэр тусмаа Христчин хүний амьдралд заавал даван туулах ёстой хүндрэл бэрхшээл, давалгаа донсолгоо, сорилтын үе байдаг. Хүн болгон л өөрсдийн хүнд бэрх үеийг туулдаг, давдаг. Гэхдээ энэ асуудал дунд чинь Эзэн та бидэнтэй хамт байна. Тиймээс ч хүчтэй зоригтойгоор бэрхшээл зовлонгуудтай нүүр тулагтун.

Асуудлын гол нь бид бэрхшээл хүндрэлүүдийг амжилттай даван туулахдаа ч биш юм. Харин тэдгээрээр дамжин Христийн дүр төрхөөр шинэчлэгдэж, Түүнийг өөрийнхөө хувьд дахин шинээр нээж, олж харж, Түүнд өөрийгөө даатган өргөх нь, хяналт захиргаан дор нь шилжин орох нь л чухал юм.

Тэр босоод л тушаахад бүх зүйл нам жим, амар тайван болсон. Энэ бол үнэхээр ер бусын гайхалтай үзэгдэл байлаа. Тэд үнэхээр сүрдэн алмайрсан. Тэд Есүсийг салхи шуургыг бүрмөсөн, нам зогсоочих нь гэж даан ч санаагүй байдаг. Үнэхээр бодол санаанд нь ч буугаагүй нь тодорхой. Бид ч бас л үүний адил байх нь олонтоо.

Бидний амьдрал Түүнээс хэр их хамааралтай байна. Эсвэл огт өөр зүйлсээс, хувийн туршлага, авъяас мэдлэгээс, мөнгө санхүүгээс, аливаа тогтоц бүтэц, ямар нэгэн системээс, эрх мэдэлтнүүд, удирдлагаас зэрэг олон зүйлсээс илүү гүнзгий хамааралтай байна уу?! Та яг одоо бодож эрэгцүүлээрэй.

Шуурганаас айсных нь төлөө Есүс дагалдагчидаа зэмлэдэг. Эзэн тэднээс яагаад айсныг нь асуусан. Айж хулчийсны шалтгааныг нь ч тодорхойлж өгсөн. “Итгэл байхгүйгээс...” Итгэл бол онол биш, мэдлэг биш. Итгэл бол хамтын амьдрал, нөхөрлөл, амьд харилцаа юм. Зэмлэх шалтгаан ч хангалттай байлаа. Тэд Түүний үгийг сонссон. Сургаалиудыг нь биширсэн. Гайхамшигт үйлсүүдийг нь ч харсан. Түүний үг сургааль, Түүний ажил үйлс, дагалдагчдынх нь амьдралд итгэлээр нь дамжин илэрч байх ёстой.

Эзэн одоо айлдаж байна. “Та нарт Миний үйлс ажил, үг сургааль ерөөсөө хамаагүй байдаг. Та нар Намайг онолоор л мэддэг. Харин Надтай нөхөрлөж, Надтай хамт үйлдэж, зүтгэж, Миний зорилгын төлөө өөрийгөө зориулахыг хүсдэггүй.” Одоо дагалдагчидын шуурганаас айх айдас нь, Түүний сүр хүч, эрх мэдэлд биширч, Ертөнцийн Эзэний оршихуйд байгаагаа мэдэрсэн айдсаар солигдсон.

Олон хүн эргэн тойрныхоо амьдралын өрнөл, үйлсийг хянаснаар амар тайван амьдарч, итгэлтэйгээр урагшаа алхана, гэж боддог. Тэгээд л алив байдлаар бүхнийг хянах гэж бүхий л талаар оролддог. Улмаар энэ нь даамжирч, өөрийн хүсэл, сонирхолд тааруулж, үйл явдал, өрнөлийг удирдан чиглүүлэх гэсэн увайгүй санаархал болдог.

Харин энэ нь асуудал бэрхшээл, зовлон зүдгүүр, маргаан зөрчил, тэмцэл сөргөлдөөнийг л араасаа дагуулдаг. Мэдээж амьдрал дэндүү агуу учир юу гэж хүмүүний хяналтанд орох вэ дээ. Бас хүмүүний хүслээр нь байна гэж бүр ч саналтгүй.

Гэхдээ хүмүүнийг амьдралын тав тух, тохилог ахуй хангамж, элбэг дэлбэг байдал, ажил хөдөлмөрийн бүтэмжтэй байдалын төлөө, технологийн дэвшил нээлтийн төлөө эрэл хайгуул бүү хий, амар амгалан, энх тайван, эв нэгдэлтэй байдлын төлөө бүү зүтгэ, тэдгээрийг бүү хүсэмжил, гэж байгаа юм биш.

Өнөөг хүртэлх хүн төрөлхтөний олсон мэдсэн, хүрсэн эзэмшсэн бүхий л ололт дэвшил, нээлт бүтээлүүд нь, хэдийгээр хүмүүс эдгээрийг ямар нэг хувь хүн, эсвэл үндэстэнд хамааруулж тайлбарлахыг оролддог боловч, бүгд л Эзэний хүмүүний төлөөх санаа тавилт, хайрын улмаас, эрэл хайгуул, хүсэл мөрөөдөлд нь хариулсан хариулт болон, Түүний хүчирхэг мутараас өгөгдсөн болой.

Гэвч хүн төрөлхтөн хамгийн гол зүйл болох Мөнх Амь буюу Эзэний нийгүүлсэл, тэдэнд хандсан хүсэл, төлөвлөгөөг олж нээж чадаагүй юм. Учир нь, энэ нь товлосон цаг болтол нууцлагдсан байсан. Тэгээд цаг нь болоход загалмай дээр илчлэгдэн, хүн төрөлхтөнд бэлэг болон өгөгджээ. Тиймээс сайн сайхны төлөөх бүх зүтгэл тэмүүлэл, хүсэл зорилго тань зөвхөн Түүний л оролцоотойгоор, Түүний л хяналтан дор, Түүгээр удирдагдан хэрэгжих болтугай.

Харанхуй бурангуй энэ ертөнцийн юу нь ч хүмүүнд мөнх амь, ариусал, авралыг өгдөггүй! Тиймээс ч бидний зорилго нь тэдгээрийн дунд амжилт олох гэж биш, амиа тээх гэж биш, хүлээн зөвшөөрөгдөх гэж биш юм. Харин тэдгээр бурангуй харанхуй элдэв ачаа дарамт, буулгыг эвдэн устгах гэж, хүн төрөлхтөнийг тэдгээрээс чөлөөлөх гэж, Мөнхийн Эзэнийхээ төгс ариуныг, Түүний загалмайн аврал, хайрыг гэрчлэн алдаршуулах гэж амьдрах нь бидний зорилго байх ёстой.

Бүх бүтээлийг Түүний ариун оршихуй дотор, Түүний хяналтан дор эргүүлэн оруулах нь л бидний туйлын зорилго билээ.
1 Коринт 15:24 т элч Паул “Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ.”, гэж эш үзүүлсэн байдаг.

Дүгнэлт. Эцэст нь дүгнээд хэлэхэд, орчлон ертөнцийг бүтээсэн, гэмт хүн төрөлхтөнийг хайрлан загалмай дээр нас барсан, дахин амилж Мөнх Амьдарлыг өгсөн, Ертөнцийн агуу Их Эзэн яг одоо бидэнтэй хамт байна. Тэр бидний амьдралд хайраараа, сүр хүчээрээ оролцсоор л байна. Тэр бүхнийг Бүтээгч. Тэр бүхний Эзэн. Тэр хамгийн Агуу Нэгэн. Тэр бүхнийг Хянагч. Тэр бидний амьдралыг хяналтандаа авч, биднийг амьдралын элдэв шуургануудаас аврахгүй гэж үү?! Тиймээс ч бид Түүний хяналтан дор байхыг хүсэж байна. Халлелүяа.

Уриалга. Тиймээс ч, ахан дүүс нараа. Бүгдээрээ бусдыг хянахын төлөө биш, харин хайрлахын төлөө, босгон байгуулахын төлөө амьдарцгаая.

Хүмүүний аливааг хянах гэсэн оролдлогын үр дүнд яллалт буруутгал, шүүлт бий болдог. Харин хайрласны үр дүнд уучлал өршөөл, нийгүүлсэл ундардаг.

Хайр эрх чөлөөг өгдөг бол хяналт боолчлол, дарангуйллыг авчирдаг.

Хяналт нь итгэхгүй байгаагын, хардаж сэрдэсний илрэл бол хайр нь итгэж найдсаны илрэл юм.

Ертөнцийн Эзэн бол хайрлахыг л зорилгоо болгодог.

Бид амьдралаа өөрсдөө хянах гэж, удирдах гэж оролддог хандлагаасаа, Түүнд найддаг, Түүгээр удирдуулдаг, Түүгээр хянуулдаг амьдрал руу шилжих ёстой.

Бид өөрсдийн амьдралаа хянах цорын ганц зөв арга бол, бидний амьдарлыг хянадаг Түүнд захирагдах явдал билээ.

Есүсийн тухай бидний онолын мэдлэг нь амьдарлын шуургаар дамжин, Түүнийг танин мэдсэн, Түүнд итгэж найдсан бодит амьдрал, үйлсээр солигдох ёстой. Амен.

Тайландын Бангкок хотноо 2003 оны 02 сарын 14 ны өдөр, "Кампус Крусайд фо Крайст" -ын Зүүн өмнөд Азийн удирдагчдын цугларалтан дээр, пастор Билл Лоуренцийн хэлсэн үгнээс үндсэн санааг авсан...