Wednesday, March 7, 2012

Бурханы охинд бичсэн захидал 5


“Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.” (Иохан 15:12).

Ертөнцийг бүтээсэн Агуу Бурханы ариухан, эрхэмсэг тэнгэрлэг охин Б.Есүгэн танд бидний Эзэн Бурхан, Аврагч Есүс Христийн мэндэлсний тэмдэглэлт баярын мэндийг, эхэлж буй шинэхэн 2011 оны баярын мэндтэй хамтатган хүргэхийн ялдамд, таны өгөөмөр нинжин, бурханлаг үйлсэд тань талархан энэхүү талархалын захидлыг тэрлэж байна.

Энэ цаг үе нь их сорилтын цаг үе бөгөөд, өнгөтэй мөнгөтэй, аргатай чаргатай, эрдэмтэй чадалтай, эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй нь эгэл олноос онцгойрон тасарч, эрх ямба тансаглал баярхал нь улам халгиж, зугаа цэнгэл зуурдын жаргал нь улам цалгиж байхад, энгийн даруу шударга журамтай, тэр тусмаа өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, илэрхийлэх тал дээр чадвар боломж мөхөс, дутуу дулимаг сул дорой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд идэж уух, өмсөж зүүхээр гачигдан, амьжиргааны түвшин нь дундаж олныхоос ч хол ард орхигдон хаягдаж, мартагдан гээгдэж буй байдал жирийн үзэгдэл, тогтсон хэв шинж болж байна.

Тэдний төлөө санаа тавьдаг, зориулалт золиослол гаргадаг, өгдөг хуваалцдаг, хүнд байдлыг нь ойлгон тусалдаг, энэрэн нийгүүлсдэг хувь хүн, хамт олон ховор бөгөөд, хаяа нэг аливаа чадвар боломж, эрх мэдэлтэй нэгнээс туслалцаа үзүүлэхдээ, хариуд нь өөрсдийнх нь төлөө санал дэмжлэг өгөхийг шаардах, үзүүлсэн тусламжаараа өөрсдийгөө алдаршуулан шоудах хандлагатай байдаг нь үнэн байдал билээ.

Харин бидний Эзэн “... Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж хариу барина. Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. Тэд танд хариу барьж чадахгүй тул та ерөөгдөх болно. Учир нь гэвэл зөвт хүмүүсийн амилалт дээр хариуг тань нөхөн төлөх болно...” (Лук 14:12-14), гэж айлдасны дагуу хариу нэхээгүй, алдар магтаал горилоогүй, хэдийгээр өөрийн тань амьдрал ахуй, асуудал бэрхшээлд хэрэгцээтэй, шаардлагатай байсан ч, жинхэнэ утгаараа зориулалт золиослол гарган, сул дорой ах дүүстээ, бидний Эзэн Есүс Христийн мэндэлсний баярын хэрэгцээнд нь зориулан 50 000 н төгрөгийн, мөн 2010 оны турш талархалын болон 10-ны 1-ийн өргөл болгон өргөсөн 481 800 төгрөгийн (нийт 531 800 төг.) өргөл хандив тань, тэнгэрт Эзэний оршихуйд таны төлөөх баялаг болон хураагдсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэхүү өгөөмөр өглөг хандив тань, “Силоам” Христийн Чуулганы үйл ажиллагаа 2010 оны турш тасралтгүйгээр, бүрэн дүүрэн явагдахад асар том, үндсэн дэмжлэг болж байсан бөгөөд, тус Чуулганаас “VISION” илгээлтийн сургуульд илгээгдэн суралцсан оюутан Ц. Сарагийн сургалтын төлбөр болон төгсөөд Хятад улс руу богино хугацааны илгээлтээр явахад нь зардал тусламж болох, үйлчлэгч Jesusenkh-ийн үйлчлэл, амьжиргаанд тусламж, урамшуулал болох зэрэгээр зарцуулагдаж, ашиглагдсаныг талархалтайгаар дурсан, мэдээлэхдээ баяртай байна.

Үүгээр ч зогсохгүй таны чин зүрхний өгөөмөр өглөг, тусламж цаашаа ч үргэлжлэн, тус Чуулганаас "UBTC" Библийн сургуульд оюутан болон дахин илгээгдсэн Ц.Сарагийн эхний хагас жилийн төлбөр болох 360 000 төгрөгийг ч, Эзэний хайраар ивээл болгон өгсөн нь нэн чухал, цагаа олсон дэмжлэг болсон билээ. Түүнчлэн энд дурдаагүй санхүүгийн болон эд материалын, залбирлын болон сэтгэл санааны, шууд гар бие оролцоо үйлчлэлийн олон олон тусламж дэмжлэг, зориулалт золиослол нь таны зүрх сэтгэл дэх, бидний Бурханы мөнхийн агуу Хайрын илрэл байсныг халуун дотноор тэмдэглэх нь зүйтэй санагдана.

Бүх дэлхий дээрхи Их Эзэний Ариун Нэрээр дуудагддаг, Түүний сонгосон ариун хүмүүс нь нэгэн бие, нэгэн гэр бүл бөгөөд, бурхангүй ертөнцөөс ялгаатай нь, энэ хамт олны дотор хүчтэй нь хүчгүйгээ боолчлон эрхшээж, ноёлон дарангуйлдаг ширэнгэн ойн харгис, хатуу ширүүн зүй тогтол биш, харин ч хайрлан энэрч, тусалж дэмжин, өгч хуваалцан, үүрч дүүрэн хамтдаа алхдаг хайрын халуун дулаан уур амьсгал, тэнгэрлэг мөнхийн зарчим үйлчилдэг билээ.

Энэхүү үнэнийг үйлс өглөгөөрөө гэрчлэн харуулсан таныг, хайртай ойр дотныхныг тань, ажил үйлс хичээл сургуулийг тань, эрүүл мэнд сэтгэл санааг тань, сүнслэг төлөвшил дэвшил хөгжлийг тань эхэлж буй шинэ 2011 н онд, бидний Мөнхийн Тэнгэрлэг Эцэг, Аврагч Эзэн Есүс урьд оныхоос 7 дахин илүүгээр ерөөж, инээд баясал, амар амгалан, мэргэн ухаан, эд баялагын элбэг хангалуунаар бялхаах болно.

Хонгорхон Бурханы охин минь ээ, хүчтэй зоригтойгоор үнэний замаар тууштай алхсаар байгтун. Чанга үнсэе.

GOD bless YOU. JESUS loves YOU.


Жич: Ийм захидлыг 2010 оны 12-р сарын 25 нд Бурханы хайртай охидууд болох Оюунсайхан, Отгонсүрэн, Тэгшэрдэнэ зэрэг тэнгэрлэг, ариун бүсгүйчүүд бас хүлээн авсан билээ.

Jesusenkh-ийн хувийн архиваас...