Thursday, March 8, 2012

Үе үеийн Бурханы ариун охид, тэнгэрлэг бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.


Бурханы охинд бичсэн захидал 6

Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв (Эхлэл 1:27).

Сайн байна уу? Бурханы хайртай бумбаахай охин минь ээ. Таны аян зам амжилттай, амар амгалан байсныг, Эзэн дотор би харсан. Бас таныг, хувь заяаны шинэ танхим руу хүчтэй, зоригтойгоор алхан орсонд чин сэтгэлээсээ баярлаж байна.

Би таньтай анх, Эзэний Ариун өргөөнд хэрхэн танилцсанаа, яг л өчигдөр юм шиг санаж байна. Түүнээс хойш, нэг л мэдэхэд 4 н жил харавсан сум мэт өнгөрөн оджээ. Та бол тэнгэрээс, үнэхээр Эцэгийн зүрхнээс газар дэлхийд илгээгдсэн ариухан, цагаахан, булцайсан, жигүүр дээрээ дүүлэн нисэгч тэнгэр элч мөн.

Их Эзэн маань, өчүүхэн надад ямар их ивээлийг хайрлаа вэ? Таньтай учирч, үерхэж нөхөрлөн, хамтдаа Эзэн доторхи, итгэл нэгт ядуу чадуу, гачигдсан дутагдсан, өвдөж зовсон, хөгжлийн бэрхшээлтэй ахан дүүсийнхээ төлөө үйлчилж, зүтгэж явсан маань гайхалтай дотно дурсагдаж байна. Одоо хэн надтай хамт ядарсан, гачигдсан, өвдсөн зовсон ахан дүүстээ зориулж Христмасын бэлэг цуглуулж, хоол унд бэлтгэж, мөнгө төгрөг илүүчилж, зориулалт золиослол гарган гүйх вэ?

Та бол үнэхээр Амьд Бурханы агуу охин мөн. Таниас би агуу лут, алдар цуутай сүмийн зэрэгтэн, шашны зүтгэлтнүүдээс олж хараагүй, тэнгэрлэг үнэт зан чанар, дүр төрхийг олж харсан. Эгэл даруу, үнэнч тууштай, уян зөөлөн, ууч энэрэнгүй, хүлээцтэй тэвчээртэй, мэргэн ухаантай, өгөөмөр нинжин, чин сэтгэлтэй, хэзээ ч өөрийгөө өргөмжлөн мандуулж, алдаршуулан илэрхийлж, хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэхийг оролддоггүй, хүсдэггүй, үргэлж ард нуугдаж, нууцаар дэмжиж, даруугаар үйлчилдэг тань үнэхээр гайхалтай. Яаж энэ бүгд нэг хүний дотор хамт байж болдог байна аа. Таны дотор эдгээрийг цогцлоосон бидний Бурхан, Есүс Эзэн алдаршиг.

Таниас л би Христийн дүр төрх, мөн чанарыг бодитойгоор олж харсан. Та бол үнэхээр газрын давс мөн. Та бол үнэхээр дэлхийн гэрэл мөн. Та явсан газар болгоноо гэрэлтүүлж, амталж, өөрчилж явсаныг тань одоо эргэн санахад бахдалтай байна. Таны Бурхан таниар бахархаж, бас эрхэмлэн нандигнаж, халуунаар хайрлан хамгаалдагыг би мэднэ. Та бол Түүний бас миний зүрхэн дэх хурц тод од билээ.

Өнгө мөнгө эд баялаг, нэр алдар байр суурь, эрх мэдэл зэрэг цол, наргиан цэнгэл шунал тачаал, өрсөлдөөн тэмцэл үзэн ядалт зэрэг нь таны дотор огт байхгүйг би хаана ч бахархалтай хэлнэ. Та, эдгээрээр дүүрэн энэ ертөнцийх биш. Тэдгээрийг ялсан Өөрийн ялалтыг таны дотор бодитойгоор тавьсан бидний Бурханыг бас дахин магтая.

Та бол тэнгэрийн дагина, Бурханы охин мөн. Таньтай хамт хувь заяаны тодорхой мөчлөгт, хүн төрөлхтөний аврал, сайн сайхны төлөө, Эзэний мөнхийн Хаанчлалын төлөө мөр зэрэгцэн үйлчилж, нөхөрлөж явсан маань, миний хувьд асар их зол завшаан, нэр төрийн хэрэг байлаа.

Тиймээ Эзэний товлосон цаг болж, та надаас явж, хувь заяаны шинэ танхим руу орлоо. Энэ танхимыг таны төлөө бэлдэж, бас товлосон цагтаа хаалгыг нь нээж, гараас тань хөтлөн оруулж буй бидний Эзэн алдаршиг. Энэхүү шинэ хувь заяа дотор та улам агуугаар ашиглагдаж, хаа явсан газраа гэрэлтсээр, босгон байгуулсаар, амталсаар, өөрчлөлт шинэчлэлтийг авчирсаар байх болтугай.

Та үнэхээр бурханлаг, төгс гэргий болно. Бас та үнэхээр бурханлаг, төгс ээж болж чадна гэдгийг би мэдэж байна. Эрнест бол Бурханы хайртай хүү гэдгийг ч би бас мэднэ. Та нар маань үнэхээр Эзэний хайрласан, бас барьж байгуулсан ариун гэр бүл болно гэдгийг ч би бас мэднэ. Энэ бүгдийг бидний Эзэн надад илчилсэн юм. Та хоёроор дамжуулан бяцхан, булбарай, булцайсан тэнгэр элч нар (үрс) газар дэлхийд, Эзэний агуу зорилгыг хэрэгжүүлэхээр ирэх болно гэдгийг ч надад мэдүүлсэн.

Есүсийн ариун, толбогүй цус цохилох зүрхээр нь шахагдаж, лугших судасаар нь урсдаг, Түүний Ариун Сүнс баяр хөөртэйгөөр, бахдалтайгаар дотор нь амьдардаг, ертөнцийг Бүтээгчийн дүр төрх, бие оршихуй нь болсон та нар шиг хүмүүс байгаа учраас л, Мөнхийн Эцэг маань нүгэлт хүн төрөлхтөний эсрэг уур хилэнгээ татаж, мөхөл сүйрлийг хойшлуулж байдаг нь маргашгүй үнэн билээ.

Бид хэдийгээр хэсэгхэн хугацаанд орон зайн хувьд алслагдсан ч, Үүрд Мөнхийн Христийн Ариун Гэр бүлийн гишүүд, Бурханы үрс тул Есүсийн хайр, Ариун Сүнс дотор үргэлж хамт байж, хамтдаа харанхуйг ялж, дэлхийг гэрэлтүүлэх болно.

Бурханы хайртай охин минь ээ, та жигүүртэй, цав цагаахан, баяр хөөртэй, булцгархан тэнгэр элчийн дүрээр миний зүрхэнд үүрд хоногшжээ. Таныг салан явсанд гуниглах боловч, бас хамтдаа үүрд мөнхийн Ариун газар, Христийн зүрхэнд амьдрах нь няцаашгүй үнэн, асар их бахархал, халгисан баяр хөөр тул би тайвширдаг. Таныгаа чанга тэврэн үнсэе. Биднийг Өөрийн агуу зүрхэндээ хамтад нь багтаасан, бас нэгтгэсэн, бидний Эзэн Бурхан, Есүс Христ алдарших болтугай.

GOD bless YOU. JESUS loves YOU.

2011 оны 10-р сарын 20 н Улаанбаатар хот.

Жич: Б.Есүгэн нь төвийн хэвлэл мэдээлэлийн албанд сэтгүүлч, төрийн өмчит нэгэн дээд сургуульд гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш зэрэг ажил хийж байсан. Англи, герман хэлтэй. 2008 оноос 2011 он хүртэл харааны бэрхшээлтэй итгэгчдийн "Силоам" Христийн цуглаанд итгэмжтэйгээр үйлчилж байсан.

Jesusenkh-ийн хувийн архиваас...