Thursday, July 19, 2012

11. Төрөл зүйлүүд


Төрөл зүйл нь чухал элемент бөгөөд Библийн нилээд төвөгтэй хэсэг юм. Энэ асуудал дээр Библи судлаачдын санал тэр бүр нийлээд байдаггүй. Гэсэн ч энэ нь бидний мэдүүштэй Судрын үнэний тухай ойлголтуудыг авчирдаг нь гайхамшигтай.

Төрөл зүйл нь дотроо, хүмүүс (Адам, Мосе, Елиа, Мелхизедек), үйл явдал (хүрэл могой цутгаж дээш өргөсөн үйл явдал), бодит юмс (тахилын ширээний өргөл, хурга, утлага), тогтсон заншил (дээгүүр өнгөрөх баяр болон бусад баярууд), газар орон (Канаан нутаг, Иерусалим), албан тушаал (эш үзүүллэгч, ахлах тахилч), зэрэг олон янз байдаг.

1. Төрөл зүйл нь тэнгэрлэг зорилгуудыг илчилдэг. Бурхан юмсын зүй зохилдолгоогоор Өөрийн далд санаа зорилгыг илчилдэг болохыг Библи бидэнд хэлдэг. Жиш: Эр хүн эхнэртэйгээ нийлэн нэгэн бие болохыг, Шинэ гэрээнд Христ Чуулгантай нэгдэж нийлэх зорилгын далд хэлэмж гэж тайлсан байдаг.

2. Зөн билгийн төрөл зүйл нь ирээдүйн биелэлтийн “сүүдэр” юм. Цөлд Израильчуудын барьсан майхан сүм нь тухайн үедээ бодит зүйл байсан боловч, ирээдүйн Ариун Сүнсний сүм болох итгэгч хүний билэгдэл юм. Есүс 2 шавьдаа, Хуучин гэрээний Судрууд бүгд Өөрийнх нь талаархи зүйлс гэдгийг тайлбарласан. Энэ нь Хуучин гэрээн дэх бүх зүйл бол шууд зөн билгийн агуулгатай юм, гэсэн зүйлийг батлаагүй. Харин Хуучин гэрээ бол Христийн дүүрэн байдлыг тодотгохын тулд юм гэдгийг л харуулдаг.

(Эхлэл 22)-р бүлэгт гардаг Абрахам хүү Исаак аа Мориа уулан дээр тахил болгохоор өргөсөн үйл явдал, Шинэ гэрээний (Еврей 11:17-19) хэсэгт Абрахам соригдон, итгэлээрээ Исаакыг өргөсөн гэж байдаг. Бурхан амласан хүүгээ үхэгсэдээс буцаан амилуулж чадна гэж итгэсэн ба ёгт утгаар нь ойлговол, тэр Исаакаа дахин амилалтаар буцаан авчээ. (Иаков 2:21, 22) т Абрахам Исаакыг өргөхөд бэлэн байснаараа зөвтгөгдөн, итгэлийнхээ үйлсээр төгс болгогдсон, гэсэн байдаг.

Ийнхүү Библийн зөн билгүүдийг үнэн зөв ойлгож, илчлэлтийг авахын тулд дараахи зүйлсийг анхаарах ёстой. А. Цөөхөн үзэгдлүүдийг эс тооцвол зөн билэгдэлүүд түүхэн дэх бодит юмс, үйл явдалууд бөгөөд түүхэн маргашгүй үнэн юм. Б. Зөн билэгдэлүүд нь сүнслэг бодит үнэнийг урьдчилан харуулдаг бодит дүрслэлүүд юм. В. Хожимын биелэлт нь үргэлж зөн билэгээсээ өндөр түвшинд байдаг.

Г. Зөн билэгдэлийг болон хожимын биелэлтийг харьцуулахад төвд нь ямагт ганхашгүй үнэн байдаг. Цөөхөн тохиолдолд хоёрдогч туслах зүйлс байдаг. Д. Өнгө, тоо, материал, хэлбэр дүрс гэх мэт зүйлсэд зөн билгийг хамруулан тайлал хийх гэж бүү оролд. Е. Шинэ гэрээнд тодорхой дурдаагүй л бол явцуу, өрөөсгөл дүгнэлт хийхээс үргэлж зайлсхий.

Мөн зөн билэгдэл ба билэг тэмдэгүүд нь дараахи байдлаар ялгаатай. 1. Билэг тэмдэг нь бодит биш бол зөн билэгдэл нь бодитой үйл явдал, юмс үзэгдэл юм. 2. Хуучин гэрээний зөн билгийн тайлал, биелэлт нь Шинэ гэрээнд бий. Харин билэг тэмдэг нь харгалзах цаг хугацаагүй байдаг. 3. Зөн билэгдэл бол онцгой нэг юмс үзэгдэл, эсвэл үйл явдал. Харин билэг тэмдэг бол ерөнхий. 4. Зөн билэгдэл нь нарийвчилсан зүйлстэй байж болно, гэхдээ дандаа тийм биш. Билэг тэмдэг бол нэг зүйл юм. 5. Зөн билэгдэл нь нэг юм уу 2 билэг тэмдэгийг агуулж болно.


"Библийг ойлгох нь" номын 15-р бүлгээс хийсэн товчлол...

Sunday, July 15, 2012

10. Билэг тэмдэгүүд


Билэг тэмдэг нь энгийн утганд нэмэлт санаа өгдөг зүйл юм. Энэ нь тагтаа шиг төрөлх зүйл, эсвэл загалмай шиг хүний гараар хийгдсэн зүйл ч байж болно. Хүмүүс ололт амжилтыг нь, гавъяа шагналыг нь төлөөлөн харуулсан энгэрийн тэмдэгүүдийг зүүдэг. Мөн үс засалт, хувцаслалт, шивээс зэрэг зүйлсээр өөрсдийн сонирхол, хандлагуудыг билэгдэн харуулдаг. Тагнуулчид, тусгай онцгой үүрэг биелүүлэгчид нь зөвхөн өөрсдийн явцуу хүрээнд л танигдах онцгой утгатай билэг тэмдэгийг өргөн ашигладаг.

Библид ч билэг тэмдгүүдийг олонтоо хэрэглэдэг. Тэдгээр нь байгалын, бодитоор оршдог зүйлс эсвэл гайхамшигын чанартай, зөвхөн үзэгдэлээр л харагдсан зүйл байж магад. Тэд бодит юмс (давс, гэрэл), үйлдэл (талх идэх, хот барих), тушаал захирамж (баптисм, дээгүүр өнгөрөх баяр г.м), материал (нарийн нэхсэн маалинга), тоо, өнгө, нэр (Содом, Египет, 144 000 хүн, хүрэн улаан нүгэл), метал (алт, хүрэл), үнэт зүйлс (сувд, маргад эрдэнэ), амьд бүтээл (арслан, тагтаа г.м) болон бусад зүйлс байж болно.

Билэг тэмдгүүдийг үнэнийг илчлэх болон нууцлахын аль алинд хэрэглэдэг. Тэдгээр нь, зөвхөн бодит зүйлсийг л харж, сүнслэг зүйлсийг үл тоомсорлодог, билэгдэлийн утгыг ойлгодоггүй хүмүүсээс үнэнийг нууцалдаг. Библи ихэнхдээ билэг тэмдгүүдийн цаад нууцыг илчлэлгүй, утгыг нь уншигчид эрж хайгаад олж мэдэг, хэмээн орхисон байдаг. Тиймээс бид тэдгээрийг үгүйсгэлгүй, бас орхигдуулалгүй маш болгоомжтой судлах ёстой.

Нэг зүйл хэд хэдэн зүйлийн билэгдэл болж болдог.         Жиш:   Ус нь цэвэршүүлэлтийн ба сүйрлийн аль алиныг нь билэгддэг. Нэг газар байгаа билэгдэл бусад газар ч адилхан утгыг илэрхийлдэг гэж бодож болохгүй. “Улаан” өнгийг ерөнхийд нь Христийн цус ба эвлэрүүллийн билэгдэл гэж үздэг. Гэтэл өөр олон газар, олон янзын зүйлд билэгдэл болгон ашигласан байдаг. (Иса. 63:2) т шүүлттэй, (Иса. 1:18) д гэм нүгэлтэй, холбоотой гардаг бол, (Сур. 23:31) д дарсыг улаан гээд, (Мт. 16:2) т тэнгэрийг, (Нах. 2:3) т цэргүүдийг тус тус билэгдэн илэрхийлдэг.

Мөн Илчлэлт ном тэр чигээрээ билэг тэмдэг, нууцлалаар дүүрэн бөгөөд тэдгээрийг Өөрийн товлосон цагтаа Эзэн лацыг нь нээж хүн төрөлхтөнд жинхэнэ утгыг нь мэдүүлэх нь дамжиггүй.
Библи хэдэн онцгой тоог маш өргөнөөр билэгдэл болгон ашигладаг. 1-ийн тоо нь цорын ганц Эзэн Бурхан болон нэг хүний алдаа зөрчил, эсвэл зөвт байдалтай, 3-ын тоо нь ариун байдал болон Бурханы товлосон цаг хугацаатай, 12-ийн тоо нь Бурханы сонгогдсон хүмүүстэй, 24-ийн тоо нь дээд эрх мэдэл болон зөвлөлтэй, 40-ийн тоо нь ихэнхдээ сорилт, шалгууртай, 70-ийн тоо нь цөллөг шийтгэлтэй, 144 000 нь нийт Бурханы сонгогдсон хүмүүстэй гэх мэтчилэн холбогдсон байдаг.

Хамгийн ихээр ашигладдаг тоо бол 7 юм. Энэ тоо нь билэгдэл юм, гэсэн тайлбар байдаггүй ч, үүнтэй холбоотой 600 гаруй ишлэлүүдийн ихэнхийнх нь цаана далд утга байгааг харж болно. Ихэнхдээ энэ тоогоор бүрэн дүүрэн хүч, төгс байдал, цогц нэгдмэл байдлыг билэгдсэн. Гэхдээ тоо болгон билэгдэл гэж үзэж болохгүй. Тэгвэл Иовын нас барсан 7 н хөвгүүн нь төгс байдлыг, 3 н охин нь ариун байдлыг билэгдсэн хэрэг болно.


"Библийг ойлгох нь" номын 14-р бүлгээс хийсэн товчлол...

Friday, July 13, 2012

9. Ярианы дүрслэлүүд


Энэ нь үгчилсэн бодит утгаасаа өөр зүйлийг дамжуулахад хэрэглэгддэг үг, эсвэл хэлц юм. Жиш: “Би үхтэлээ гижигдүүлсэн” гэж хэлбэл, та намайг тарчилж зовоогүй харин хөгжилтэй байжээ гэдэг утгыг хүлээн авах тул, санаа тань зовохгүй. Хүмүүсийн ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг тэдгээр дүрслэл нь үгчилсэн утгаараа үнэн биш боловч, илүү хурц, сонирхолтойгоор үнэнийг илэрхийлдэг. Бидний оюун бодол ямар ч эрэгцүүлэлгүй тэдгээрийг хөрвүүлэн хүлээн авдаг.

Гэтэл Библийн үеийн ийм хэлцүүд одоо цагт огт ойлгогдохгүй, эсвэл шал өөр утгаар хүлээн авагдхаар хувирсан байх нь бий. Шинэчлэлийн 2 удирдагч Мартин Лютер, Ульрих Звингли нар “Ариун зоог”-ын талаар Христийн хэлсэн “Энэ бол Миний бие, ... бас цус” гэсэн тухайд санал зөрөлдсөн байдаг. Ромын католик чуулган, ёслолын үед хэрэглэж буй талх, дарс нь үнэхээр Христийн бие, цус болдог гэж зааж байсан.

Звингли үүнийг “зүйрлэл” гэж үзээд, талх дарс нь бие, цус болохгүй, харин хүндэтгэлийн энэ онцгой ёслолын үед Христ Сүнсээрээ хамт байдаг гэсэн. Гэтэл Лютер католикчууд шиг шууд утгаар нь ойлгох нь зүйтэй, гэхдээ улам илүү гүн хүндэтгэлтэй хандах ёстой, гэж үзсэн. Учир нь католикчууд ёслолоос үлдсэн талх дарсыг газарт булдаг, асгадаг байсанд нь Лютер эмзэглэдэг байжээ.

Энэ нь одоог хүртэл нэг мөр шийдэгдээгүй асуудал юм. Тиймээс ч Библийн зарим бүрхэг тодорхойгүй багцлал, ишлэл нь зүйрлэл үү, эсвэл ярианы дүрслэл хэлц үү, гэдгийг судалж мэдэх нь нилээн чухал. Сударт ярианы хэлний олон төрлийн дүрслэлүүдийг хэрэглэдэг.

Үүнд:                      1.   Зүйрлэл нь үндсэндээ огт холбоогүй 2 зүйлийг хооронд нь уялдуулан харьцуулдаг. Жишээ нь, “Би бол өт”, “зөвт хүн бол урсгал усны дэргэдэх мод адил”, “Тэр намайг баяр хөөрөөр бүсэлсэн”, “Бурхан бол хад”, гэх мэт. Яагаад баяр хөөрийг бүстэй адилтгав? Баяр хөөрийг бүсэлж болох уу? Бүс нь хувцасыг биетэй барьж, хүнийг чөлөөтэй хөдөлж, ажиллах боломж өгдөг. Түүнчлэн баяр хөөр ч сүнсэнд хүч болж, айдас дарамтнаас чөлөөлдөг.

2.   Харьцуулалт нь зүйрлэлтэй нилээн төстэй боловч, “шиг, мэт” гэх үгсийг хэрэглэн бодитоор илэрхийлэгддэгээрээ ялгаатай. (Хос. 6:4) т “Та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.” гэсэн. Энэ нь итгэмжит бус, хувирамтгай хайрыг дүрсэлсэн байна. Гэтэл бас (Хос. 14:5) д “Би Израильд шүүдэр шиг байх болно.” гэж хэлсэн. Энэ нь амьдралыг дэмжин ургуулагч ус чийг, шүүдэртэй Өөрийн итгэмжит, хувиршгүй хайрын хүч нөлөөг харьцуулсан. Эндээс нэг харьцуулалт нөгөө хэсэгт ашиглагдахдаа яг адил байх албагүйг харж болно. Утгыг нь хам сэдэвтэй нь холбон тайлах ёстой.

3.   Төлөөлөлийн аргыг Сударт бас ашигласан. (Илч. 3:7) д “Давидын түлхүүр” гэсэн нь эрх мэдлийг түлхүүрээр төлөөлүүлж байна. (2 Кор. 3:15) д “Мосэг унших бүрд” гэж Хуучин гэрээний хуулийн номыг зохиогчоор нь төлөөлүүлсэн. (Иер. 25:29) д “Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэснээрээ илдээр бүхий л уур хилэн, шийтгэлийг төлөөлүүлсэн.

4.   Амилуулах дүрслэлийн арга нь амьгүй юмс үзэгдлийг амьтай мэт дуудаж, үүгээрээ цаана нь хэн нэгнийг төлөөлүүлэх арга юм. (Дуу. 68:16) д “Олон өндөр оргилтой уулс аа, ...Та нар юунд атаархан харна вэ?” гэж уулсыг амилуулж бичсэний цаана, Бурханы Чуулганд атаархах бусад тогтолцоог зүйрлүүлэн дүрсэлсэн.

5.   Хүншүүлэн дүрслэх аргыг нилээн өргөн ашигладаг. (Дуу. 98:8) д “Гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул” гэж хүншүүлэн асар их баяр хөөрийг зүйрлүүлсэн. (Дуу. 19:2) т “Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж” гэснээрээ Бурханы бүхэл бүтээлүүд, Түүний оршин буйг, Түүний хязгааргүй сүр жавхланг гэрчилж алдаршуулдагыг зүйрлэсэн.

6.    Хэтрүүлэлийн арга нь хэлэх гэсэн зүйлдээ онцгойлон анхаарал татахын тулд, санаатайгаар дэгсдүүлдэг хэлбэр юм. (Ле. 26:36) д ”Хатсан навчны сэрчигнээн тэднийг үлдэн хөөх бөгөөд...” гэж хэлсэн нь, хэн ч навчны сэрчигнээнээс айхгүй нь тодорхой боловч, Бурхандаа итгэмжгүй байвал асар сул дорой, мөхөс болж, зовж зүдрэх болно гэдгийг зүйрлэн хэлсэн.

7.    Байцаалтын аргыг бас Сударт нилээн ашигласан байдаг. (Ез. 18:25) д “Гэсэн ч та нар Эзэний зам нь зөв бус юм, хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун Израилийн гэрээ. Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?” гэж байцаан асууж зэмлэсэн. (Ез.18:31, 32) т “...Израилийн гэрээ яагаад чи үхнэ вэ? Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй. ...Тиймээс гэмшиж, амьдар.” гэж байцаагдах асуугдах болсон шалтгаан нь өөрсдөд чинь байна, гэдгийг хэлдэг.

8.    Ёгтлол дүрслэл нь утгаасаа эсрэг зүйлийг ярьдаг тул бусад дүрслэлүүдээс өөр юм. Ярилцах үед ёгтлол нь дууны өнгөөр танигддаг бол, Библид бичмэл хэлбэртэй ёгтлол нь танигдахдаа бэрхшээлтэй байж болно. (2 Сам. 6:20) д “Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров” гэсэн нь Михал Давидыг шившигтэй, ичгүүртэй байдалтай байлаа, гэж егөөдөж буй хэрэг болохыг дараагын өгүүлэмжүүдээс харж болно.


 "Библийг ойлгох нь" номын 13-р бүлгээс хийсэн товчлол...

Sunday, July 8, 2012

8. Судрыг Судраар тайлах нь

Библи нь Бурханы талаар хоорондоо зөрчилддөггүй нэг л мэдээг өгдөг онцгой илчлэлт юм. Хэрвээ та өмнөх аргуудыг ашиглан тайлал хийсэн боловч үр дүнд нь Библийн бусад сургаальтай зөрчилдсөн ойлголтонд хүрсэн бол, таны тайлал асуудалтай байна. Тэгэхлээр Библийн хэлдэг ерөнхий сургаальтай таацуулан тухайн багцлалаа тайлахыг энэхүү 6 дахь зарчим шаарддаг.

Библи бүхэлдээ тухайн багцлалын шилдэг хам сэдэв юм. Судалж буй багцлалд чинь тусгагдсан санааг, Библийн бусад хэсэг дэх адил төстэй агуулга бүхий багцлалуудтай, мөн Библийн ерөнхий санаатай  жишин судлахгүй бол тэс өөр утга гаргаж аваад төөрч болзошгүй. Тиймээс ч Библийг бүхэлд нь мэдэх нь төөрөгдлөөс сэргийлнэ.

(Еф. 3:14) т “Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж” хэмээн Паулын хэлсэнийг уншаад, залбирахдаа заавал өвдөг сөгдөх ёстой гэж Библи хэллээ, гэж дүгнэж болох юм. Гэтэл ямар ч байдалтай, тэр ч бүү хэл загасны ходоодноос ч Эзэнд залбирч болох бөгөөд, байрлал биш чин зүрхний даруу хандлага л Бурханд таалагддаг гэсэн бусад сургаальтай зөрчилдсөн хэрэг болно.

Тэрслүү ба хуурамч гаж сургааль нь Библийн тодорхой хэсгийг нь онцгойлон, бусад хэсгийг үл ойшоодог хэв шинжтэй. Библийн бүхэл сургаальд таацуулан хянах хүртэлээ тухайн багцлалын утга агуулгын талаар яаран дүгнэлт хийхгүй байх даруу хандлагаар судалгаагаа хийх ёстой.

Зарим номлол зөвхөн Хуучин гэрээний олон хуулиудад түлхүү ач холбогдол өгч, Христ доторхи итгэлийн зөвтгөлийн хүчийг сааруулдаг бол, зарим нь зөвхөн Шинэ гэрээн дотор л итгэгчдийн мэдэх шаардлагатай бүх зүйл байгаа гэж туйлширдаг. Дахин хэлхэд, Библи бол нэг цогц, салгагдашгүй нэгдмэл Бурханы илчлэлт бөгөөд нэг хэсгийг нь бүхэл ухагдхууных нь хүрээнд ойлгон судлах ёстой.

Нэг л зүйлийн тухай ярьдаг Библийн өөр өөр хэсгүүд дэх ишлэлүүдийг параллел багцлалууд гэдэг. Тэдгээрийг сайтар судалснаар тухайн сэдвээр Библи бүхэлдээ юу хэлэх гээд байгааг гаргаж ирж болно.

Параллелуудыг авч үзэхдээ 1-рт, Параллел нь нэг л үнэнийг баталдаг. Санаа нь илэрхий төстэй байх ёстой. Заримдаа адилхан үг 2 ишлэлд гарсан ч параллел биш байж болохыг анхаар.
2-рт , Адил төстэй байдал ба ялгаануудыг анхааралтай харж, бичиж тэмдэглэ. Ялгаанууд нь утгад хэрхэн нөлөөлж байгааг онцлон судал. Ишлэл бүрийг хам сэдвээр нь судал.

Жиш: (Мт.10:34) т Есүс “Би энхтайвныг бус, илд авчирхаар ирсэн” гэж хэлдэг. Үүнийг шууд утгаар нь ойлгох нь зөв үү? Хам сэдвийг нь унших юм бол энд байр суурь, зэрэг зиндааны талаархи тэмцэлийн тухай өгүүлдэг. (Лк.12:51) бол үүний параллел багцлал юм. Өгүүлбэр бараг бүхэлдээ адил боловч “илд”-ийг “хагарал” гэж өөрчилсөн байна.

Өмнөх болон эндэх хам сэдвүүдийн аль аль нь, итгэлээрээ хуваагдсан гэр бүлүүдийн тухай байна. Тэгэхлээр энд жинхэнэ илд мэс, дайн дажины тухай бус, харин Христэд итгэгч нь чин сэтгэлээсээ Есүсийг дагаж, Түүнийг өөрийн амьдралд 1-рт тавьбал, тэр хүн болон гэр бүлийнх нь хооронд хагарал, зөрчил үүсэх тухай байна.


"Библийг ойлгох нь" номын 12-р бүлгээс хийсэн товчлол...