Friday, July 13, 2012

9. Ярианы дүрслэлүүд


Энэ нь үгчилсэн бодит утгаасаа өөр зүйлийг дамжуулахад хэрэглэгддэг үг, эсвэл хэлц юм. Жиш: “Би үхтэлээ гижигдүүлсэн” гэж хэлбэл, та намайг тарчилж зовоогүй харин хөгжилтэй байжээ гэдэг утгыг хүлээн авах тул, санаа тань зовохгүй. Хүмүүсийн ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг тэдгээр дүрслэл нь үгчилсэн утгаараа үнэн биш боловч, илүү хурц, сонирхолтойгоор үнэнийг илэрхийлдэг. Бидний оюун бодол ямар ч эрэгцүүлэлгүй тэдгээрийг хөрвүүлэн хүлээн авдаг.

Гэтэл Библийн үеийн ийм хэлцүүд одоо цагт огт ойлгогдохгүй, эсвэл шал өөр утгаар хүлээн авагдхаар хувирсан байх нь бий. Шинэчлэлийн 2 удирдагч Мартин Лютер, Ульрих Звингли нар “Ариун зоог”-ын талаар Христийн хэлсэн “Энэ бол Миний бие, ... бас цус” гэсэн тухайд санал зөрөлдсөн байдаг. Ромын католик чуулган, ёслолын үед хэрэглэж буй талх, дарс нь үнэхээр Христийн бие, цус болдог гэж зааж байсан.

Звингли үүнийг “зүйрлэл” гэж үзээд, талх дарс нь бие, цус болохгүй, харин хүндэтгэлийн энэ онцгой ёслолын үед Христ Сүнсээрээ хамт байдаг гэсэн. Гэтэл Лютер католикчууд шиг шууд утгаар нь ойлгох нь зүйтэй, гэхдээ улам илүү гүн хүндэтгэлтэй хандах ёстой, гэж үзсэн. Учир нь католикчууд ёслолоос үлдсэн талх дарсыг газарт булдаг, асгадаг байсанд нь Лютер эмзэглэдэг байжээ.

Энэ нь одоог хүртэл нэг мөр шийдэгдээгүй асуудал юм. Тиймээс ч Библийн зарим бүрхэг тодорхойгүй багцлал, ишлэл нь зүйрлэл үү, эсвэл ярианы дүрслэл хэлц үү, гэдгийг судалж мэдэх нь нилээн чухал. Сударт ярианы хэлний олон төрлийн дүрслэлүүдийг хэрэглэдэг.

Үүнд:                      1.   Зүйрлэл нь үндсэндээ огт холбоогүй 2 зүйлийг хооронд нь уялдуулан харьцуулдаг. Жишээ нь, “Би бол өт”, “зөвт хүн бол урсгал усны дэргэдэх мод адил”, “Тэр намайг баяр хөөрөөр бүсэлсэн”, “Бурхан бол хад”, гэх мэт. Яагаад баяр хөөрийг бүстэй адилтгав? Баяр хөөрийг бүсэлж болох уу? Бүс нь хувцасыг биетэй барьж, хүнийг чөлөөтэй хөдөлж, ажиллах боломж өгдөг. Түүнчлэн баяр хөөр ч сүнсэнд хүч болж, айдас дарамтнаас чөлөөлдөг.

2.   Харьцуулалт нь зүйрлэлтэй нилээн төстэй боловч, “шиг, мэт” гэх үгсийг хэрэглэн бодитоор илэрхийлэгддэгээрээ ялгаатай. (Хос. 6:4) т “Та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.” гэсэн. Энэ нь итгэмжит бус, хувирамтгай хайрыг дүрсэлсэн байна. Гэтэл бас (Хос. 14:5) д “Би Израильд шүүдэр шиг байх болно.” гэж хэлсэн. Энэ нь амьдралыг дэмжин ургуулагч ус чийг, шүүдэртэй Өөрийн итгэмжит, хувиршгүй хайрын хүч нөлөөг харьцуулсан. Эндээс нэг харьцуулалт нөгөө хэсэгт ашиглагдахдаа яг адил байх албагүйг харж болно. Утгыг нь хам сэдэвтэй нь холбон тайлах ёстой.

3.   Төлөөлөлийн аргыг Сударт бас ашигласан. (Илч. 3:7) д “Давидын түлхүүр” гэсэн нь эрх мэдлийг түлхүүрээр төлөөлүүлж байна. (2 Кор. 3:15) д “Мосэг унших бүрд” гэж Хуучин гэрээний хуулийн номыг зохиогчоор нь төлөөлүүлсэн. (Иер. 25:29) д “Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэснээрээ илдээр бүхий л уур хилэн, шийтгэлийг төлөөлүүлсэн.

4.   Амилуулах дүрслэлийн арга нь амьгүй юмс үзэгдлийг амьтай мэт дуудаж, үүгээрээ цаана нь хэн нэгнийг төлөөлүүлэх арга юм. (Дуу. 68:16) д “Олон өндөр оргилтой уулс аа, ...Та нар юунд атаархан харна вэ?” гэж уулсыг амилуулж бичсэний цаана, Бурханы Чуулганд атаархах бусад тогтолцоог зүйрлүүлэн дүрсэлсэн.

5.   Хүншүүлэн дүрслэх аргыг нилээн өргөн ашигладаг. (Дуу. 98:8) д “Гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул” гэж хүншүүлэн асар их баяр хөөрийг зүйрлүүлсэн. (Дуу. 19:2) т “Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж” гэснээрээ Бурханы бүхэл бүтээлүүд, Түүний оршин буйг, Түүний хязгааргүй сүр жавхланг гэрчилж алдаршуулдагыг зүйрлэсэн.

6.    Хэтрүүлэлийн арга нь хэлэх гэсэн зүйлдээ онцгойлон анхаарал татахын тулд, санаатайгаар дэгсдүүлдэг хэлбэр юм. (Ле. 26:36) д ”Хатсан навчны сэрчигнээн тэднийг үлдэн хөөх бөгөөд...” гэж хэлсэн нь, хэн ч навчны сэрчигнээнээс айхгүй нь тодорхой боловч, Бурхандаа итгэмжгүй байвал асар сул дорой, мөхөс болж, зовж зүдрэх болно гэдгийг зүйрлэн хэлсэн.

7.    Байцаалтын аргыг бас Сударт нилээн ашигласан байдаг. (Ез. 18:25) д “Гэсэн ч та нар Эзэний зам нь зөв бус юм, хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун Израилийн гэрээ. Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?” гэж байцаан асууж зэмлэсэн. (Ез.18:31, 32) т “...Израилийн гэрээ яагаад чи үхнэ вэ? Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй. ...Тиймээс гэмшиж, амьдар.” гэж байцаагдах асуугдах болсон шалтгаан нь өөрсдөд чинь байна, гэдгийг хэлдэг.

8.    Ёгтлол дүрслэл нь утгаасаа эсрэг зүйлийг ярьдаг тул бусад дүрслэлүүдээс өөр юм. Ярилцах үед ёгтлол нь дууны өнгөөр танигддаг бол, Библид бичмэл хэлбэртэй ёгтлол нь танигдахдаа бэрхшээлтэй байж болно. (2 Сам. 6:20) д “Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров” гэсэн нь Михал Давидыг шившигтэй, ичгүүртэй байдалтай байлаа, гэж егөөдөж буй хэрэг болохыг дараагын өгүүлэмжүүдээс харж болно.


 "Библийг ойлгох нь" номын 13-р бүлгээс хийсэн товчлол...