Sunday, December 13, 2015

ХРИСТИЙН ЗОВЛОН 10



     Г. Христийн зовлон бусад зовлонгоос юугаараа онцлог вэ?

Би Христийн зовлонгийн талаархи судалгааныхаа явцад нэгэн сонирхолтой материалтай танилцсан юм. Энэ нь, дэлхийн 2-р дайны үед фашистын бөөнөөр хорих лагеруудад хоригдон, зовон тарчилсан ­еврейчүүдийн түүхийг, Христийн загалмайн зовлонтой харьцуулан дүгнэлт гаргах гэсэн оролдлого бүхий ном байлаа.
“Шөнө” гэдэг энэхүү номын зохиогч нь Элли Вейс гэж еврей хүн юм. Тэрээр арав гаруйхан насандаа Освеньцим, Буна, Бухенвальд зэрэг үй олноор хорих газрыг дамжин явж, еврейчүүдийг аймаглан устгах харгис түүхийн бодит гэрч болсон байна.
Фашистууд хороох хүнээ хоригдлуудын дундуур удаан явж, сайтар нягтлан сонголт хийж хайдаг байсан нь, асар их айдас дарамтыг хоригдлуудын сэтгэл зүйд үүсгэдэг байжээ. Тэгээд сул доройчуудыг (настай, өвчтэй, бэртсэн, хэтэрхий эцэнхий туранхай гэх мэт) сонгон алаад, шатаах зууханд шатаадаг байсан байна.
Вейс олон аймшигтай дурсамжуудаа номондоо бичээд, төгсгөлд нь Иудейчүүдийн аймшигт зовлон зүдгүүрийн учир шалтгаан нь юу байв? Үүнийг тайлбарлах арга зам бий юу? Энийг Христийн зовлонтой холбож тайлбарлаж болох уу? Христийн зовлон Освеньцим руу удирдсан уу? эсвэл  Освеньцим нь Христийн зовлонг ойлгуулах гэсэн оролдлого уу? Гавалын газар болон Освеньцимын хооронд нууцлаг холбоос бий юу? гэх зэрэг асуултуудыг дэвшүүлэн гаргаж, түүхэн дүгнэлт хийх гэж оролдсон байна.
Тэрээр “Би Христийн зовлонг еврейчүүдийн зовлонтой холбож, Гавалын газарыг бөөнөөр хорих лагерьтай холбох гэж оролдож байгаа анхны хүн биш ээ!” гэсэн байдаг. Энэ зүйлийг уншаад Библийн үнэнтэй энэ хүний дэвшүүлсэн “түүхэн дүгнэлт” зөрчилдөж байгааг анзаарсан юм.
Нэг үндэстэн нөгөө үндэстнээ аймаглан усгах гэсэн оролдлого хүний түүхийн турш олонтоо давтагдаж байсан нь, гэмт хүний ертөнцийн нэгээхэн аймшигт харанхуй үйл билээ. Мэдээж бас фашистуудын еврейчүүд болон бусад ард түмэнд хийсэн харгислал нь гэмт хэрэгтнүүдийн хувьд гутамшигтай бурангуй, хохирогчдын хувьд харамсалтай, гашуун эмгэнэлт тохиолдолуудын нэг мөн.
Гэхдээ энэхүү түүхийн хар толбыг Христийн загалмайн зовлонтой хүчээр хамааруулж, ямар нэг уялдаа холбоо гаргах гэж оролдох нь огт бүтэшгүй мунхаг хэрэг юм. Тэр тусмаа хүн төрөлхтөний нэн шинэ түүх иймэрхүү олон арван гамшиг зовлонгын баримтаар дүүрэн ба зөвхөн еврейчүүд төдийгүй өөр олон ард түмэн үүний хохирогч, гэрч болсон байхад шүү.  
Есүс нүгэлгүй Ариун Нэгэн байсан бол, еврейчүүдийг нүгэлгүй ариун байсан гэж хэн баталж байгаа юм бэ? Христийн үхэл зовлон үй олны аврал болсон ба болсоор байгаа бол, еврейчүүдийн зовлон хэний аврал болсон гэж? Еврейчүүдийн зовлонгийн талаархи мэдээ баримтууд нь “Сайн Мэдээ” болоод л, түүнийг сонссон хэн нэгэн нь гэмийн хүчээс, сатаны эрхшээлээс чөлөөлөгдөж, ухаарч гэмшин, дахин төрж байгаа гэж үү?
Бүр цаашлан Есүс загалмай дээр зовсоныхоо хариуг еврейчүүдээс авсан хэрэг үү? Тэгвэл фашистууд биш бидний Эзэн, Хайрын Бурхан, хүн төрөлхтөнийг Аврагч Есүс бөөнөөр хорих газарын зовлонд буруутай байх нээ? гэх мэт олон сөргүүлсэн асуултууд яалт ч үгүй миний зүрхэнд үүссэн юм.
Яг үүн шиг олон итгэгчид, махан биеийнхээ дорой хүслүүд болон ертөнцийн уруу татлагад унан бүдэрчихээд, улмаар үүсэн бий болсон хүндрэл бэрхшээлийг “загалмайгаа үүрч байна” гэж сайрхаад байгаа, эсвэл гомдоллоод байгаа нь тодорхойгүй ярьж, дүгнэж явдаг дүр зураг элбэг байдагийг харьцуулан олж харсан.
Энэ нь бидний Эзэний хиргүй, тунгалаг, гэгээн тэнгэрлэг ариун гавьяаг (зовлонг) бохирлон гутааж буй, нэн зохисгүй зүйл гэж үзсэн учир, Христийн загалмайн зовлонгийн онцгой ялгарах шинжийн талаар заавал тусгайлан ярих шаардлагатай юм байна, гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Бидний Аврагчийн зовлон бол ариун бөгөөд нандин, цорын ганц ба үй олны авралын “Сайн мэдээ” юм. Түүний зовлонгийн утга агуулга, шалтгаан ба зорилго, үр дагавар ба ашиг тус нь хэний ч, ямар ч зовлонтой зүйрлүүлэшгүй тэнгэрлэг, бас төгс юм. Өөр ямар ч зовлон хэнд ч, хэзээ ч “Сайн мэдээ” болсон тухай түүхэн ямар ч гэрчлэл баримт үгүй билээ.    

1) Есүс Ариун байсан боловч зовлон амссанаараа.
2) Бурхантай хамт байсан ч Түүгээр хаягдсанаараа
3) Бурханы хүслийг биелүүлэхийн тулд зовсоноороо
4) Түүний энэхүү зовлон нь үй олны аврал (Сайн Мэдээ) болсоноороо    (Харин ертөнцийн дагуу зовогсодын зовлон нь өөрт нь болон бусдад үр өгөөж, ашиг тус нэмэргүй юм.)

5)Түүний зовлонгийн үр дүн санаанд оромгүйгээр эргэж, үхлийг ялсан ялалтаар төгссөнөөрөө





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/