Wednesday, July 2, 2008

Ц.Энхболдын гэрчлэл 1

Мухар сүсгийн хүлээснээс Христ намайг чөлөөлсөн

Гандан, эсвэл ямар нэгэн шарын шашны сүм хийдээр очиж, ном тарни уншуулан, гүрэм засал хийлгэж, рашаан утлага хүртэж үзээгүй монгол хүн бараг байхгүй биз. Би ч мөн адил. Амьдралын минь олон асуудлыг баримал, зурмал, цутгамал, хатгамал, янз бүрийн нэр устай элдэв шүтээнүүд шийдэж, надад амжилт ололт, эд мөнгөний хангалуун байдлыг өгөх юм шиг л боддог байлаа.

Гэм нүглийн талаар ч бүдүүлэг болхи ойлголттой, архи ууддаггүй, тамхи татдаггүй, овилгогүй танхай, замбараагүй амьдрахгүй л бол болж байна, гэж боддог байлаа. Амьдрахын эрхээр Солонгост очиж хүнд хүчир хөдөлмөрт зүтгэж байхдаа ч мэргэч төлөгчид итгэдэг байсан. Харин оюун сэтгэлгээ маань өөр зүйлээр дутагдаж байсан.

XXI зууны, өөрийгөө үнэлдэг, соёл боловсролтой хүний хувьд дэлхийн 3-н том шашны талаар зохих мэдлэгтэй байх нь зүйтэй гэж үзсэний дүнд Христийн цуглаанд анх очиж билээ. Тэнд “Цорын ганц үнэн Бурхан, Амьд Эзэн, цорын ганц Аврагч” гэх мэт үгсийг огтхон ч тусгаж эргэцүүлэн хүлээн авдаггүй байсан. Харин ч “энэрэн нигүүлсэх сэтгэл, зөв зохистой ухаалаг амьдралыг сурталчилдаг нь манай шашинтай адил юм…” гэх маягийн юм боддог байв.

Гэтэл цочир сонин нэгэн гайхамшигт учрал миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. 2003 оны 11-р сарын 02-ны шөнө би гэртээ ирээд (23.00 цагийн орчим) унтахаар дөнгөж хэвтмэгц, таазнаас шал хүртэл тойрог цагаан гэрэл гэнэт бий болсон.
Түүн дотор бүх биенээсээ сүүн цагаан гэрэл сацруулсан, тун чиг танил дотно зүс бүхий нэгэн зогсож байлаа. Тэр шаланд хүрсэн урт цагаан хувцастай, гартаа таяг барьсан, гайхам амгалан, ялдам мишээлээр мишээж байлаа.

Маш их гайхаж алмайрсан би, Түүнийг Есүс болохыг шууд л танисан. Юу бодож эргэцүүлсэнээ огт санадаггүй боловч, цээж дүүрэн маш их баяр баясал ундарч байгааг мэдээд гайхширч байснаа санадаг.
Есүс надад хандан ямар нэг зүйл өгүүлж буйг амных нь хөдөлгөөнөөр мэдсэн боловч, юу ч сонсоогүй эсвэл ойлгоогүй, магад гайхаж цочирдсондоо (шоконд) сааталд орсон ч байсан байх. Тэгээд маш хүнд нойронд дарагдан буйгаа мэдээд, нүдээ анихгүй юмсан гэж хичээж байснаа санадаг.

Маргааш өглөө нь бие бялдар, зүрх сэтгэл маш цовоо сэргэлэн, хөнгөн шингэн ухасхийн боссон бөгөөд, баяр хөөрөөр дүүрэн байлаа. Урьд нь цуглаан дээр заагдаж, тунхаглагддаг байсан бүх Үгс, Зүрх сэтгэлд амилан бужигнаж байлаа. Ийнхүү амьдралыг цоо шинээр харж, нээж, Түүнийг таньж, харьцаж дотносох, гуйн залбирах гэхчилэн гайхамшигт шинэ ажилтай болсон нь, миний амьдралын салшгүй чухал хэсэг болж байна.

Өдөр ирэх бүр шинэ шинэ ойлголт ухаарлыг авч, махан биенд төрсөн хүнийг шүтэж бишрэх, үс засуулах, хумсаа авах, аянд явах, наймаа хийх гэхчилэн олон зүйлийг өдөр сонгон хийх зэрэг мухар сүсгийн бүхий л хүлээснээс ангижирсан. Мөн миний гэмт сэтгэлгээ, зан чанарыг шашин огтхон ч өөрчилж чадахгүй болохыг ойлгосон.

Энэ талаар Библи дээр “…хүний сургааль ба тушаалуудын дагуух шашин болоод хуурамч даруу байдал нь, биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм” гэсэн байдаг.
Одоо би, ийм мухар сүсэгт хүлэгдсэн олон хүнд Христийг гэрчлэн, харанхуй төөрөгдөлөөсөө ангижирахад нь тус болдогтоо баярладаг.





“Илтгэл номлолын үндэс” хичээл гэрийн даалгавар
Шалгасан багш: Пүрэвдорж “UBTC”