Monday, July 14, 2008

“Хуучин Гэрээний Түүх” хичээлийн судалгааны ажил... Эхлэл


1. Сэдэв: Эхлэл

2. Уг номыг сонгох болсон учир шалтгаан:

Оршин буй бүх зүйлийн Анхдагч учир шалтгаан болсон, Аугаа сүр хүчит Бурхан, хэрхэн зах хязгааргүй орчлон ертөнцийг болон амьдрал гээч гайхамшигтай үзэгдлийг цогцлоосон нь нэн сонирхолтой ба, уншиж судлах тутам улам олон, шинэ шинэ илэрхийлэл, илчлэлт нууцууд нээгддэг нь гайхмаар юм. Аливаа ажил үйлсийн эхлэл сайн бол цаашдын өрнөл хөгжил нь ч бас сайн байдаг. Загалмайн золилтоор дамжуулан, Христийн дотор шинэ бүтээл болсон бидний сүнслэг өсөлт хөгжилтөнд зайлшгүй шаардлагатай мэдэх, суралцах ёстой олон түүхүүд байдаг.

Бурхан хүнийг бүтээсэн ба хоорондын харилцааны түүх нь нэн сургамжтай юм. Энэ номноос сурсан мэдсэн болгон сайн мэдээ тунхаглах үйлсэд ч, шинэ итгэгчидийг Эзэний замаар дагуулахад ч, өөрийн сүнсний амьдрал, тэмцэлд ч нэн чухал суурь болж өгдөг. Ирээдүйд энэ номыг улам сайн судалж, бусдад зааж сургахыг хүсдэг. Эхлэл ном байхгүй байсан бол Библи байхгүй байх байсан. Учир нь энэ ном, бусад бүх номын эхлэл, бүх хүний түүхийн эхлэл, ирээдүйн эхлэл юм.

3. Хэзээ, ямар цаг үед, тухайн үйл явдал болсон байна вэ?

Эхлэл ном нь, Библийн бусад номуудын өгүүлдэг түүхээс илүү их, асар өргөн цаг хугацааны тухай бидэнд мэдээлдэг. Ялангуяа (Эх.1:1)-ээс (Эх.2:3) хүртэл хэсэгт дурдагдаж буй бүтээлийн түүхийн долоон хоног нь, бидний мэддэг цаг хугацааны, хоногийн 24 цагийн хүрээнд авч үзэх аргагүй зүйл. (Сургаалт үгс 8:23) Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан, (2Петр 3:8)... Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт...гэж бичигдсэнээс харахад, Мөнхөд Оршигч Тэнгэр Эцэгийн хувьд, хүмүүсийн цаг хугацааны ойлголтоор хэмжигдэхгүй Нэгэн гэдэг нь тодорхой байдаг.

Бүх орчлонгийн хаана нь ч нэгэн зэрэг оршиж чаддаг Түүнд, өглөө нь нар мандаад, орой нь нар шингээд нэг өдөр өнгөрдөг хүнтэй огт адилгүй нь тодорхой.
Библийн эхний 7-н өдрийн түүхийг анхааралтай унших юм бол, нэг өдөрт ямарваа нэгэн ажлыг бүрэн дуусгаж байгааг харж болно.
Эндээс дүгнэхэд, Эзэн бол аливаа ажлыг хийхээр шийдээд, бүрэн төгс гүйцэтгэж дуусах нь, Түүний хувьд нэг өдөр болдог ба тэр нь хүний хувьд хэдий хэрийн хугацаа болох нь (10.000 жил, 1.000.000 жил) тодорхойгүй юм.
Тиймээс энэ цаг үеийг, Эзэний доторхи нууцлагдмал цаг үе гэж нэрлэж болох юм.

Эхлэл номын цаг хугацааны хүснэгт


Орчлон ертөнцийн үүсэл
ба Амьдралын органик
хэлбэрийг бүтээсэн үе
Хүний үүсэл ба хүн
төрөлхтөний түүхийн эхлэл,
нийгмийн хувьсал өөрчлөлт
Бурханы сонгогдсон
ард түмний үүсэл
МЭӨ 4000 орчим жилээс
урагшаа хязгааргүй
МЭӨ 4000 орчимоос
2200 орчим жилийн үе
МЭӨ 2200 орчимоос
1804 он хүртэлх үе

Энэ үед хүрэл зэвсгийн дунд үе байсан. Египетэд пирамид, Месопотаимд зиккурат баригдаж байв. МЭӨ 2000-1800 оны үе нь хуучин Вавилоны үе юм. Вавилоны хаан Хаммураби “хууль” бичсэн. Вавилончууд цагийн 60 минутыг бий болгосон.
Кретийн Минион, Кноссосын ордон баригдаж, дотоод угаалгын өрөө анх бүтээгдсэн. Хаммурабын үхлийн дараа Хитчүүд Вавилоныг дээрэмдэн тоносон. Ассири хүчирхэгжсэн.   

4. Номын утга санаа, буюу мессеж яг юу хэлэх вэ?
Эхлэл ном нь, бүхий л үзэгдэл юмсын Анхдагч учир шалтгаан, оршин тогтнолын үндэсийн Үндэс бол Бурхан юм. Тэр бол гайхалтай үзэсгэлэнтэй, бүх талаараа өв тэгш орчлонг, тэр дундаа хүн таныг ч бүтээсэн Бүтээгч юм. Түүний бүтээсэн хүмүүний амьдрал гээч гайхамшигтай үзэгдэл нь (Эх.2:17) хууль дээр үндэслэгддэг ба тэрхүү хуулийг тогтоогч нь Бурхан юм, гэдгийг өгүүлдэг.
Тэгээд өнөөгийн дэлхий ертөнц (хүний нийгэм) дэх бузар булай болгоны үндэс нь (Эх.3:1-7) энэхүү хуулийг зөрчиснөөс эхэлснийг харуулдаг. Гэвч Бурхан хуулиас өмнө (Эх.1:28) хүнийг ерөөсөн ба хэрхэн итгэмжтэйгээр гэмд унасан хүн төрөлхтөнийг дахин (Эх.12:1-3) ерөөж эхэлснийг илчилдэг.
Орчлон ертөнц ба хүмүүний амьдралыг бүтээгч, хөтлөн удирдагч цорын ганц Бүтээгч Эзэн байдаг ба Түүнээс ангид орших, ямар нэгэн өөр бүтээгч байхгүйг энэ ном тодорхой гэрчилдэг юм.

5. Тухайн утга санаа, өнөөгийн Бурханы хүмүүст ч мөн зориулагдсан уу?

Хүн өөрийгөө тохиолдлоор, адгууснаас бий болоогүй гэдгээ мэдсэнээр, өөрийгөө болон бусдыг эрхэмлэн үзэж хүндлэн, үнэ цэнээ мэдэрч эхэлдэг. Өөрийг нь болон хүн төрөлхтөнийг хайрласан Ертөнцийн Эзэний хайр нийгүүлсэл, өнө эртнээс нарийн төлөвлөгдсөний дагуу, баттайгаар хэрэгжиж буйг мэдээд, итгэлийн амьдралдаа урам зоригтой болдог.
(Эх.12:1-3) ... чи ерөөлийн үндэс болно.
Чамайг ерөөгчдийг Би ерөөж,
Чамайг хараагч Нэгнийг Би хараана.
Газар дэлхий дээрхи бүх үндэстэн
чамаар дамжуулан ерөөгдөнө
...
гэсэн амлалт нь амьд мөнхийнх бөгөөд, өнөөдөр ч надаар дамжин олон үндэстнүүдэд биелэлээ олох болно, гэдгийг Бурханы хүн болгон мэддэг билээ.

6. Номын гол сэдэв

Номын хамгийн эхэнд байдаг “bereshith” буюу “эхэнд” гэдэг үгээр ном нэрлэгдсэн байна. Эхлэл ном нь, бүх зүйлийн эх үндэс, үүсэл гарлын тухай ном юм. Бүх бүтээлийн эхлэл (Эх.1:1-1:31), амралтын өдрийн эхлэл (Эх.2:2), хүний үүсэл (Эх.1:27, 2:7), эмэгтэй хүний гарал (Эх.2:22), хуулийн эхлэл (Эх.2:17), (Эх.3:6) гэм нүглийн эхлэл, амлалтын эхлэл (Эх.3:15), гэр бүлийн үүсэл (Эх.2:24), анхны хувцас (Эх.3:7, 21), анхны хүүхэд (Эх.4:1), анхны өргөл (Эх.4:3,4), анхны сануулга (Эх.4:6,7), анхны аллага (Эх.4:8), анхны шийтгэл (Эх.3:14,15), шашны үүсэл (Эх.4:26), үхлийг ялсан анхны ялалт (Эх.5:22-24), анхны гэрээ (Эх.9:9-11), анхны засаглал, эрх мэдэл (Эх.10:8-12), хотын үүсэл (Эх.4:17), дэлхийн соёл иргэншилийн үүсэл (Эх.4:21,22), үндэстнүүдийн үүсэл (Эх.11:8,9), Бурханы ард түмэн Израиль үндэстний үүсэл (Эх.12:1-3) гэхчилэн маш олон зүйл, тогтоц бүтэц, үзэгдэл юмсын эхлэлийн тухай өгүүлдэг.

7. Зохиогч

Эхлэл номыг бичигч өөрийнхөө тухай тус номонд ердөө ч дурдаагүй. Мосе, Хуучин Гэрээний эхний таван номыг (Пентатухыг) бичсэнийг, Хуучин Гэрээний болон Шинэ Гэрээний олон номонд батлан бичсэн байдаг. Үүнд (Малахи 4:4) “Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана” гэсэн байдаг бол, (Марк 12:26)... Мосегийн номны бутны тухай хэсэгт, Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан” гэж айлдсаныг та нар уншаагүй юу?, гэж Эзэн айлдсан байдаг.
Эхлэл номыг болон бусад хуулийн дөрвөн номыг Мосе бичсэнийг (Ех.17:14, 24:4, 34:27, Лев.1:1-2, Тоол.33:2 Deu.1:1, 31:19, 1Ха.2:3, 2Ха.14:6, Езр.6:18, Нех.13:1, Дан.9:11-13) гэх мэт Хуучин Гэрээний хэсэгт батлан бичсэн байдаг. (Мк.12:26, Лк.16:29,31, Иох.7:19-23, Иох.5:46, Үйлс.7:22, 26:22, 1Кр.9:9, 2Кр.3:15) гэх мэт Шинэ Гэрээний хэсэгт нотолдог юм.
Мосе гэдэг нь еврей “Mosehen” “гаргаж ирсэн нь, татаж авсан нь”, египетээр “mes” “усны хүү” гэсэн утгатай нэр.

Мосе МЭӨ 1526 оны орчим (зарим мэдээнд 1520 оны орчим гэдэг) Израиль эцэг эхээс төрсөн. Дээрээ нэг эгч (Ех.2:4,7; 15:20) Мириам, нэг ах (Ех.4:14) Аарон бас эцэг эхтэйгээ 3 сар амьдарсан боловч, Фараоны зарлигаас болж (Ех.1:22) Нил мөрний усанд тавигдсан.
Түүнийг Фараоны охин (Ех.2:6) олж, улмаар тэр ордонд 40 жил амьдарч, Египетийн бүх эрдэмд боловсрон, Библийн эхний 5 ном Пентатухыг бичихэд бэлтгэгдсэн.
Мосе Израиль хүнийг өмөөрч, египет хүнийг алсанаас болж Мидиан руу зугтсан бөгөөд, тахилч Иетрогийн охин Зиппоратай (Ех.2:21) сууж, мал маллан 40 жилийг өнгөрөөсөн.
Тэр бутан дунд гал шатах үзэгдэлтэй тулгаран (Ех.3:2) улмаар өөрийн ард түмнийг чөлөөлөх Бурханы аугаа үйлсэд дуудагдан үйлчилсэн.
Тэр хүний түүхэн дэх Бурханы хүмүүсээс хамгийн цуутай нэгэн бөгөөд, Израилийн гайхалтай удирдагч мөн. Тэр Эзэнд 40 жил үйлчилээд, МЭӨ 1405, 1406 оны орчим (Deu.34:1,6), Моабын талд орших Небо ууланд, 120 настайдаа нас барсан.

8. Номын зорилго


Энэ номын анхны хүлээн авагчид нь 400 жил Египетийн дарлалд нухлуулж, боолын сэтгэлгээ, боол маягийн амьдралын хэв маягт дассан, итгэл үнэмшил, урам зориггүй, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлж, харж чадахгүй байгаа Израилчууд байсан. Дөнгөж чөлөөлөгдсөн тэдэнд, чөлөөлөгч болсон Бурхан Эзэн нь хэн бэ, гэдгийг товойлгон үзүүлэхийн тулд бичигдсэн. Бүх юмс үзэгдлийн эх үндэс, тэр дундаа Израил үндэстний эх гарал үүсэл нь ч Бурхан юм гэдгийг харуулах зорилготой байсан. Энэхүү чөлөөлөлт нь нэн эртнээс төлөвлөгдсөн, амлагдсан амлалтын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд, ирээдүйд ч их өвөг дээдсүүдэд амласан амлалтын (Абрахам, Эх.12:1-3; 17:1-5; 22:17,18; Исаак, Эх.26:24; Иаков, Эх.28:13-15; 35:9-12; 46:3,4) дагуу, энэ ард түмнийг сэргэлт, хөгжил цэцэглэлт хүлээж байгааг мэдүүлэн, итгэл найдвар өгөх зорилгоор бичигдсэн.


9. Номын бичлэгийн бүтэц ба агуулгын товч тойм

А.Эхлэлүүд (Эх.1:1-11:26)

1. Бүтээл (Эх.1:1-2:25)


Энэ нь бодит түүх үү?, зохиол уу?, билэгдэлийн бичээс үү?, шинжлэх ухааны ном уу? Хүмүүс янз янзаар ханддаг, тайлбарладаг. Харин хамгийн гол, итгэлээр хүлээн авч ойлгох ёстой зүйл нь, энэ орчлонг хэмжээлшгүй эрх мэдэлтэй Нэгэн нь, Өөрийн Үг, тушаалаараа бүтээсэн тухай юм.Хүний уналтаас өмнө, Түүний бүх бүтээл эмх цэгцтэй, замбараатай байсан. Гэрлийг харанхуйгаас, өдрийг шөнөөс, хуурай газрыг далай тэнгисээс ялгаж заагласан. Бүх сүнслэг, материаллаг зүйлс эмх цэгцтэй боловч 2 төрөлд л хуваагдаж байсан бол (Эх.1:11) нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь улмаар усны болон жигүүртэн, хуурай газрын аливаа амьтадыг төрөл төрлөөр нь бүтээсэн. Эдгээр нь Бурханы аугаа ур чадвар, хязгааргүй төгс бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл болдог. Энд “сайхан” гэдэг үг 6 удаа хэлэгдсэн байдаг.

Мөн, ганцхан хүнийг л Бурхан, Өөрсдийн дүр төрхөөр бүтээснийг эндээс хардаг. Энэ нь 6-н янзын ойлголтоос бүрдэж болох юм.
а) Бүтээлч оюун сэтгэлгээ; Зөвхөн хүн л ухамсартайгаар, зорилготойгоор бүтээдэг.
b) Зүрх сэтгэл ба ухаарал; Ганцхан хүн л “би оршдог” гэдгээ ухамсарладаг, бурууг үйлдвэл гэмшдэг.
с) Захирах эрх мэдэл, байр суурь; Хайрлан арчлан, ухамсартайгаар захиран зарцуулах, хамгаалах, ашиглах эрх мэдэл хүнд л байдаг.  
d) Сайн ба мууг ялгах чадвар; 
е) Бурханы алдар; Үл үзэгдэгч Бурханы, үзэгдэх дүр төрх нь байх үүрэг хариуцлага зөвхөн хүнд л байдаг.
f) Бурхантай болон бусадтай харилцах онцгой хайрын, ухамсартай харилцаа зэрэг нь байж болно.

2. Уналт ба түүний үр дагавар (Эх.3:1-5:32)


а. Уналт (3:1-24): Олон хүн өнөөгийн ертөнцийн бүх асуудлууд, нийгмийн муу орчиноос болдог гэж үздэг. Харин Библи, анхны гэм төгс ахуй орчинд бий болж, тэгснээрээ хүн хүнтэйгээ, хүн Бурхантай харьцах харьцаа гажуудаж, бүх бузар зүйлс бий болсоныг гэрчилдэг. Эндээс гэм нь үргэлж хүний сэтгэлийг татдаг боловч, үр дүн нь маш гашуун байдгийг харж болно.Бас хүн гэмд унаад, хариуцлага хүлээн гэмшиж чаддаг байх ёстойг, эс бөгөөс шийтгэл ирдэгийг мэдэж болно.Хүн хэдийгээр гэмшиж ч мэдэхгүй унасан боловч Бурханы хайр хувиршгүй байж, (Эх.3:15), итгэл найдварын амлалтыг өгсөн нь энд тодорхой бичигдсэн байдаг.

b. Каин ба Абел (4:1-26): Эзэнд хүндэтгэл, мөргөл, гуйлт залбирал өргөөд хүлээн авагдах, авагдахгүйн гол учир нь, хүнд өөрт нь байдгийг эндээс харж болно. Бурханд ойшоогдохгүй байгаагийн бурууг бусдаас хайж болохгүй, харин өөрөө гэмших ёстой.

с. Адамаас Ноа хүртэл ургийн бичиг (5:1-32) (Эх.5:3) Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн, гэмт хүний дүр төрхтэйгөөр төрөх болсон. (Эх.5:18-24) Бурханы тааллыг олж, үхэл үзэлгүй өргөгдөн одсон хүний (Ёнох) тухай онцгойлон мэдээлсэн нь бидэнд урам зоригыг өгдөг.

3.Үер (Эх.6:1-9:29)

а. Хүн төрөлхтөний гэм нүгэл (6:1-8): Олонхи хүн гэм нүгэл гэхлээр биеэрээ үйлдсэн гэмт үйлдэл мэт боддог бол, Библид (Эх.6:5)...хүний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон нь, шийтгүүлэх зохистой гэм, гэж анхааруулдаг.

b. Хөвөгч онгоц барьсан нь (6:9-7:10): Бурхан амлалтандаа итгэмжтэй байж, ерөөлийг үргэлжлүүлэх нэгнийг сонгосон. Ноа дуулгавартай байж усан онгоц урласан нь, залуургүй, далбаагүй, сэлүүргүй байсан нь, зөвхөн Эзэний хүслээр л их усан дээр хөтлөгдсөн гэсэн үг. Бидний амьдрал ч, бидний хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээр биш, Эзэнээр удирдуулах нь зохистой юм.

с. Үер (7:11-8:14): Жирийн нэгэн аадар борооны үер биш, онцгой гайхамшигтай үйл явдал болж, газрын гүнээс ч ус оргилон, 150 хоногийн турш хальж байсан. Эзэн онгоцны хаалгыг хаасан нь, авралыг төгс хэрэгжүүлдэгийн баталгаа юм.
Бүх хүн төрөлхтөн, бүх ан амьтан үхсэн гэдгийг 3 удаа онцолсон нь, маш том анхааруулга юм. (Эх.8:11) Ноагийн илгээсэн тагтаа нь чидуны шинэхэн нахиа зууж ирсэн нь, одоо ч хүн төрөлхтөнд энх тайвны, аугаа эвлэрлийн, уучлалын тэмдэг болдог.

d. Ноатай болон бүх бүтээлтэй хийсэн анхны гэрээ (8:15-9:17): Эзэн анхилуун үнэрийг таашаан соёрхсон (Эх.8:21), гэсэн нь Ноагийн даруу зангаар, гэмшилтэйгээр, талархалтайгаар, эмээнгүйгээр хандсан зүрх сэтгэлийн хандлага үйлдэл нь Түүний зүрхийг хөндсөн.
Тэр усаар дахиж шүүхгүй гээд, мөнхийн амлалтаа өгч, баталгаа болгон солонгыг томилсон нь, Христийн золилтоор хэрэгжсэн, Шинэ Гэрээний тамга Ариун Сүнсний билэгдэл юм.

е. Хүний гэм нүгэл үргэлжилсэн нь (9:18-29): Ноагийн согтуурлыг үнэнээр бичиж үлдээсэн нь, Библи зөвхөн үнэнийг хэлдэгийн гэрч юм. Үерээс хойш ч хүний гэмт чанар өөрчлөгдөөгүйг Эзэн мэдэж байсан. Хамгийн гол алдаа нь, эцгийнхээ нүцгэн байгааг харсандаа биш, гадуур тунхаглан шоолсонд байгаа болов уу?! Бид заримдаа бусдын алдаа гэмэнд баярладаг. Эзэн, Ноатай санал нэг байсан нь хожмын түүхээс тодорхой байдаг.

4. Үндэстнүүдийн тархалт (Эх.10:1-11:26)

а. Ноагийн үр удам (10:1-32): Хүмүүс нэгэнт мөс чанараараа эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, даруу дуулгавартай амьдарч чадахгүй нь тодорхой болсон тул, тэдэнд тохирсон дарангуй засаглал хэрэгтэй болсон. (Эх.10:8-12) Газар дэлхийн анхны хаанчлалыг Нимрод тэргүүлсэн юм.

b. Бабелийн цамхаг (11:1-9): Бурханы хүмүүсийг бүтээсэн зорилго нь (Эх.1:28),... өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн эзэмшүүлэх, Бурханыг алдаршуулах нь юм. Харин гэмт хүмүүс, өөрсдийн алдарын төлөө, Эзэний хүслийн эсрэг хот байгуулан, бөөгнөрөн суухыг хүссэн. Гэвч Бурхан төгс эрх мэдлээрээ энэ бүгдийг зогсоосон нь, -- хүмүүс ялзран завхрахгүйн тулд, --газар дэлхийд тархан суухын тулд, --өөрсдийн биш, Бурханы алдарыг хайгаасай гэсэндээ, юм.
Бурхан хүмүүсийн хэлийг самууруулж, үндэстнүүдийг бий болгон бүх дэлхийд тараагаагүй бол, нэг хэлтэй (хэвшмэл нэг сэтгэлгээтэй), нэг гэмт санаатай хүмүүс ялзран, Содом, Гоммора шиг болох байсан биз.
с. Шемээс Абрам хүртэлх ургийн бичиг: (11:10-26):

 

В. Их өвөг дээдсүүд (Эх.11:27-50:26)

1. Абрахам ба Исаак (Эх.11:27-25:18)

а. Абрам дуудагдсан нь (11:27-12:9):
Эхлэл номын гол фокус Аврагчийн удам, нэг гэр бүл дээр таарч эхэлдэг. МЭӨ 2100-2000 оны хооронд Ур хотоос гарч явсан болов уу гэж үздэг. Абрам 75-тай, Сара 65-тай боловч хүүхэдгүй байлаа. (Эх.12:1-3).....Миний чамд зааж өгөх газар уруу яв. ....Тэгээд чи ерөөлийн үндэс болно. ....бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө, гэсэн Бурханы дуудлагын биелэлт нь, зөвхөн Бурханаас шалтгаалах нь тодорхой байлаа.

b. Итгэлд тулгарсан бэрхшээлүүд (12:10-14:24): Абрам амлагдсан газар очтол бөөн асуудлууд угтсан. Эзэний хүслийг дагаж эхэлмэгц, сатан бидэн рүү довтолдог. Абрам залбиралгүй, өөрийн дураар шийдвэр гаргаж, улмаар ичгүүртэй байдалд орсон. Гэвч ямар ч үед Эзэн, Өөрийн хүмүүсийг орхидоггүйг эндээс харж болно. Энэхүү сургамжаас ухаарсан, итгэлээр өссөн Абрам, газар нутаг сонгохдоо дүүдээ боломжийг олгон, өөрийгөө дорд болгон, бас олзлогдон явахад нь чөлөөлөн авсан.

с. Абрамтай хийсэн Бурханы гэрээ (15:1-18:5): Эзэний ивээлээр, Абрам улам өөрчлөгдөж, гэрээ байгуулах түвшинд очлоо. Гэвч тэвчээртэйгээр Эзэний товлосон цагийг хүлээлгүй, асуудлыг шийдэх гэж оролдосноос гэр бүлийн маргаан зөрчилийг бий болгосон нь, өнөөдрийн үндэстэн хоорондын гол асуудал болоод байна. Харин Бурхан амлалтандаа итгэмжтэй байж, Абрамыг (дээдлэгдсэн эцэг) Абрахам (үндэстнүүдийн эцэг) болгон, гэрээний баталгаа (тамга) болгон хөвч хөндөх ёслолыг өгсөн. Бид Эзэн Есүсийн золилтоор шинэ гэрээнд нэгдсэний тэмдэг, зүрх сэтгэлийн хөвч хөндөлт (гэмшил) хийх ёстой билээ.

d. Гэрээн доторхи амьдрал, тэмцэл (16:26-22:19): Гэрээний харилцагчийн хувиар Эзэн үүргээ итгэмжтэйгээр хэрэгжүүлэн, гэмтнийг шийтгэхдээ ч Абрахамтай зөвлөсөн нь агуу хүндлэл, өргөмжлөл байлаа. Абрахам ч Эзэний хүсэн хүлээсэн хариу үйлдэл болсон, зөвт хүний төлөө залбирсан.
Эзэн, гэмт хотыг галаар шийтгэсэн нь 1.Бурхан гэмийг заавал шийтгэдэг. 2. Усаар шийтгэхгүй гэж амласан ч, гал Түүний нөөцөнд байгаагийн, илчлэлт болдог юм.
Абимелехийг Абрахам хуурч, бас дахин ичгүүрт байдалд орсон боловч Бурхан дахин ивээлийн мутраа сунгасан нь, хүн сул дорой бөгөөд, гэрээн дотор ч Эзэний л хүчээр зогсдогийг харуулдаг. Товлосон цагтаа Эзэн амлалтаа биелүүлж хүүг өгсөн нь, гэмт хүмүүсийн төлөө өгсөн Бурханы Хүүгийн билэгдэл юм. Мөн хүүгээ Исаакаа Надад өргө нь гэсэн нь, Есүсийн загалмайн тахилын билэгдэл, эш үзүүллэг байсан.
е. Хөвгүүд ба талбайтай болсон нь (22:20-23:20):
f. Исаакт эхнэр авч өгсөн нь (24:1-67)
g. Абрахам ба Ишмаел нарын үхэл (25:1-18)

 

2. Иаков (Эх.25:19-36:43)
 

а. Иаков Есав нар төрсөн нь: (25:19-34):
b. Исаак ба Абимелех (26:1-35):
с. Исаак Иаковыг ерөөсөн нь (27:1-40)
d. Иаков Лабан руу зугтсан нь (27:41-30:43):
Ирээдүй нь тодорхойгүй, айдас шаналал, ганцаардал дунд явсан Иаковд Бурхан үзэгдэн, Абрахамд, Исаакт өгсөн амлалтуудаа батлан, түүнийг ерөөсөн нь, Эзэний итгэмжтэй хувиршгүйн баталгаа болдог. Харин Иаков хариуд нь 10-ны нэгээ амласан нь, Бурханы үнэлж баршгүй хэмжээлшгүй, ивээл ерөөлийн дэргэд юу ч биш боловч, зүрх сэтгэлийн хандлага нь Эзэнд үнэтэй байлаа.

е. Иаков гэртээ эргэж ирсэн нь (31:1-35:29): Иаков (мэхлэгч) Бурхантай барилдан, улмаар түүний амьдрал, хувь заяа зөвхөн Эзэнээс хамаардагийг ойлгон ухаарч, ерөөлийг гуйн зуурч, Израиль (Ялагч) болсон нь, хожим Бурханаар сонгогдсон бүх хүнийг нэрлэдэг нэр болсон юм.
f. Есавын үр удам. (36:1-43)


3. Иосеф (Эх.37:1-50:26):

Эцэг Иаков аа 90 настай байхад нь, Падданарамд төрсөн. Рахелын ууган хүү Иосеф, эцэгтээ онцгойгоор хайрлагдсан бөгөөд, түүнийг өв залгамжлагчаа болгохоор шийдсэн Иаковын шийдвэрээс болж ах нар нь түүнд таагүй хандах болсон. Мөн Бурханы өгсөн илчлэлтийг, гэнэн цайлганаар ярьсан нь түүний хувь заяанд онцгой эргэлтийг буй болгосон. Гэвч энэ бүгдийн цаана төгс хүчит Бурхан, хэмжээлшгүй эрх мэдлээр удирдаж байлаа.
Иосеф бол дөлгөөн, уужуу тайвуу зан, ажил хэрэгтээ чин үнэнчээр хандах хандлага, өршөөнгүй нийгүүлсэнгүй сэтгэлээрээ үнэхээр онцгой нэгэн байсан ба тэгснээрээ эрхэмсэг, тэнгэрлэг амьдралын үлгэр жишээ болон, Хуучин Гэрээний Христ гэж нэрлэгддэг нэгэн юм.

а. Иосеф ба түүний ах нар Канаанд (37:1—36)
b. Иуда ба Тамар (38:1-30)
c. Египет дэх Иосефийн амьдрал, тэмцэл ба дэвшсэн нь (39:1-41:57):
d. Ах нартайгаа уулзсан нь (42:1-45:15):
е. Иаков Египет рүү нүүсэн нь (45:16-50:26):
f. Иаков хөвгүүдээ ерөөсөн нь (49:1-28)
g. Иаков Иосеф нарын үхэл (49:29-50:26)



10. Та уг номноос юу сурсан бэ?

Энэ номыг уншснаараа, орчлон ертөнцийн үүсэл гарал, оршин байгаагийн утга учир, зорилгынх нь талаар үнэн зөв мэдлэгтэй болж, цорын ганц Бүтээгч Эзэний сүр хүч, цог жавхлан, эрх мэдлийг бахдан харж урам зоригыг авдаг. Мөн Түүний оргил бүтээл хүн болон, тэдний хоорондын харилцааны талаар, итгэлийн амьдралд маань сургамжтай олон зүйлийг олж мэддэг.
Хамгийн гол нь ертөнцийн сууриас өмнө биднийг хайрлаад, нэн эртнээс үүнийгээ илчлэн, итгэмжтэйгээр харуулсан, биднийг ерөөсөн Эзэнтэй улам илүү ойр дотно танилцдаг билээ.


11. Хуучин Гэрээг огт сонирхдоггүй хэн нэгэнтэй уулзвал, та хэрхэн зөв аргаар дүрслэн тайлбарлаж, түүнд Хуучин Гэрээг унших сэдлийг төрүүлэх вэ?

Суурьгүй байшин хэврэг байдаг шиг, өөрийнхөө гарал үүслийг, хамгийн үнэн зөвөөр мэдэхгүй бол, Христийн доторхи шинэ амьдралдаа, амжилт ололтонд өсөж чадахгүй юм. Хүн та өөрийгөө, ертөнцийг Бүтээгч Эзэний хамгийн гайхамшигтай эрхэм нандин, бурханлаг бүтээл гэдгээ, мөн өнөөгийн гэмт мөн чанарынхаа эх үүсвэрийг ч мэдсэнээр Есүсийн хайр, зориулалт, золиослолыг жинхэнэ утгаар үнэлж, хүндэлж, зүрх сэтгэлээ улам илүүгээр нээх болно гэдгийг, Эхлэлийн олон гайхамшигтай түүхүүдээс жишээ аван ярьж өгөх болно.


Ном зүй
“Ариун Библи” Монголын Библийн орчуулгын Хороо. 2000 он
“Библийн хураангуй толь бичиг” Zondervan Corporation1989 он
“Бялхам амь судлал Библи” Дональд С.Стамп., Life Publishers International 2006 он
“Хуучин Гэрээг танилцуулахуйд” Жон Дрэйн. Lion Hudson publishing. 2000 он






"Хуучин гэрээний түүх" хичээлийн гэрийн даалгавар UBTC
Шалгасан багш: Петрус Хандоёо 2006 он