3 months ago
Thursday, December 4, 2008
Эхлэл 1- 8-р бүлэг дэх Бурханы зан чанаруудаас
(Эх. 1:1-ээс 2:15) хүртэл Бурханы бүтээлүүдийнх нь төгс гоо үзэсгэлэнтэй, баян тансаг болох тухай, ажил үйлсийнх нь цар хүрээ, бүтээлч хүч чадлын тухай өгүүлж байна. (Ром 1:20)… Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байна… гэдэг. Нэг үгээр Түүний бүтээлүүд нь, Түүнийг ямар агуу их хүчтэй, цэцэн ухаантай болохыг харуулдаг. Түүний бүтээлүүдийн эмх цэгц зохион байгуулалт, харилцан уялдаатай маш олон төрөл зүйл байгаа нь, Түүний оюун сэтгэлгээний хязгааргүйг, агуу их хүч чадалтайн нотолгоо болдог.
Сайн сайхан хүсэл мөрөөдөлтэй, тодорхой зорилготой, биелүүлэх арга замаа ч хамгийн сайнаар үнэн зөв төлөвлөж чаддаг, түүнийхээ дагуу тууштай ажиллаж үр дүнд хүрч чаддаг зан чанаруудыг эндээс олж харж болно.
Ажил хөдөлмөрийнхөө үр шимийг амсан, сайн сайхныг нь харж (Эх. 1:4, 10, 12, 21, 25, 31) сэтгэлийн таашаал авч байгаа нь Бурханы зүрх сэтгэлийн гоо сайхныг ч бидэнд илчилдэг.
Тэрээр бүх бүтээлдээ хайраа шингээсэн байдаг. Тэвчээргүй, худалч хуурамч, бузар муу нэгэнд сайн сайхан хүсэл мөрөөдөл, бүтээлч хүч, сэтгэлийн тэнхээ огт байдаггүй.
Бузар муу нэгэн нь үр дүнтэй амьдрах чадваргүй ба бүтээл ч бүтээж чадахгүй, аливаа сайн сайхныг нь харах гоо сайхны мэдрэмж ч түүнд байхгүй юм.
Бурхан бүх орчлонг захирдаг боловч, Өөрийн бүтээл болсон хүнтэй эрх мэдэл хуваалцан (Эх. 1:27) газар дэлхийг, бүх бүтээлийг захирах эрх мэдлийг соёрхсон нь өгөөмөр нийгүүлсэнгүй, даруу зангийн илрэл юм.
Улмаар гэмд унасан хүнийг Өөрийн Хүү Есүс Христийн дотор уучлан, өв залгамжлагчаараа өргөмжилж, нэр алдараа ч харамгүйгээр хуваалцан (Илчлэлт 3:12… Өөрийн Бурханы нэр, Өөрийн шинэ нэр, Өөрийн Бурханы хотын нэрээ бичнэ), орчлонгийн Хаан суудлаа ч (Илчлэлт 3:21… Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.) хуваалцана гэж амладаг.
Агуу их хайр дотор л ийм гайхамшигтай, өгөөмөр нийгүүлсэнгүй зан чанар байж болдог.
Атгаг харамч, бардам нэгэн нь өөрийн хийснийг өөрөө л өмчлөн, бусад хэн нэгэнтэй хамтран эзэмших, эрх мэдэл хуваалцан захиран зарцуулахыг үл тэвчдэг.
Хайрласан нэгэн нь (Адам) Бурханаас урван тэрслэхэд ч, Тэр тэвчээртэй шударга байж шийтгэхээр яараагүй.
Шударга байна гэдэг нь үргэлж яллана, шийтгэнэ гэсэн үг биш. Харин гэмшилд дуудна, боломж олгоно гэсэн үг юм.
Тэр бүхнийг мэддэг тул, Адам гэм хийгээд Өөрөөс нь нуугдаж байгааг ч мэдэж байсан.
Чи хаана байна вэ? (Эх. 3:9) гэсэн нь… би Таны тушаалыг зөрчөөд ичсэндээ (эсвэл эмээсэндээ) нуугдаж байна… гэж хэлээсэй гэсэндээ юм. Харин Адам гэм хийсэндээ биш, нүцгэн (Эх. 3:10) байгаадаа ичсэн гэсэн.
Эзэн маш их харамссан байх. Бид одоо ч мөн адил, бусдыг хайрладаггүй, хувиа хичээдэг, харамч, хоёр нүүрт гэмт зан чанараасаа биш, харин бие эрхтэнээсээ, царай зүснээсээ, өмссөн хувцаснаасаа, нийгэмд эзэлж буй байр сууриасаа ичдэг.
Тэр ч бүү хэл зарим нь цуглаанд явдаг гэж бусдад ярихаасаа ч ичдэг байх нь бий. Бурхан дахиад Адамд боломж олгон (Эх. 3:11)… бүү ид гэсэн модны жимснээс идсэн үү? гэж асуусан.
Мэдээгүйдээ биш, харин… тиймээ, би идсэн тул намайг уучлаач… гэхийг хүссэн болов уу.
Харин Адам, өөрийн яс махны тасархай (Эх. 2:23), нэгэн бие болсон Еваг огтхон ч хайрлаагүй. (Иох. 13:34) Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил, та нар мөн бие биеэ хайрлагтун гэж шинэ тушаал өгч байна, гэж Есүс айлддаг.
Бүр Бурханыг ч буруутган, өөрийгөө зөвтгөх гэж оролдсон. Бид ч бас адил, гэм үйлдсэн үедээ буруугаа шударгаар хүлээх зориг дутаж, хажуудхаа үргэлж буруутган, бусдад л бурууг тохохыг оролддог.
Эзэн яагаад намайг сорив, яагаад туслахгүй байна, эдгээхгүй байна гэх мэтээр, Түүнийг энэ дэлхийн бузар булайд буруутгахыг оролддог. (1Иох. 1:9) Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл, Тэрээр итгэмжит зөвт бөгөөд, бидний нүглийг уучилж, бүхий л зөвт бусаас биднийг цэвэрлэнэ.
Хайртай учраас л гэм нүгэл, урвалтыг тэвчин гэмших боломж олгодог. Хайргүй нэгэн нь үргэлж өө сэв хайж, буруутган харгисаар шийтгэж байдаг.
Ева ч буруугаа (Эх. 3:13) могойд тохсон. Одоо ч олон итгэгчид, сатан намайг сориод, би уналтанд ороод гэж гомдоллодог. Гэтэл үнэндээ (1Петр 2:8)… үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг… Бүх гэмийн үндэс болсон могойноос эхлээд, Эзэн гэмтнүүдэд таарсан тохирсон шийтгэлийг нь оноосон. (Эх. 2:17)… Тушаал зөрчвөл үхэх болно… гэсний дагуу үхнэ (Эх. 3:19) гэдгийг нь ч хүнд хэлсэн.
Бид заримдаа бусдыг, үр хүүхдээ гэм буруутай үйлдлийнх нь төлөө шийтгэхээр сүрдүүлдэг боловч, хэрэгжүүлхээс хойш сууж, айдаг.
Тиймээс ч бидний үг үнэ цэнэгүй, хүчгүй байдаг. Харин Эзэн хэлсэн л бол, хэлсэнээ хийдэг. Тэр хүнийг шийтгэсэн боловч хараагаагүй.
Харин газарт, хүний амьдрах орчинд нь хараал хүрсэн. Харамсалтай нь дүүгээ хайрлан хамгаалах, хүндлэх ахын үүргээ умартан, амийг нь хөнөөсөн Каинд, Эзэн гэмших боломж (Эх. 4:9) олгосон боловч гэмшээгүйгээс, хараагдсан удмынхан бий болсон.
Хүмүүс хичнээн бузар муу болж, урван тэрсэлж (Эх. 6:11, 12), үүрэг хариуцлагаа умартсан ч, Өөрийн зүгээс итгэмжтэйгээр үүргээ биелүүлж, ерөөлөө үргэлжлүүлэхээр зөвт нэгнийг (Эх. 7:1) сонгодог Бурхан бол бидний Эзэн билээ.
Гэмт хүмүүсийг шийтгэхдээ ч зөвт нэгнийг аврах аргаа мэддэг. (1Иох. 2:2) Тэр, Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд, зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ. Тэр анхнаасаа л хүнийг ерөөсөн нь (Эх. 1:28) агуу хайрынх нь илэрхийлэл юм. (Еф. 1:3) Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.
Харин хайргүй нэгэн нь хараадаг юм. Хайр эрх чөлөөг өгдөг бол хайргүй нэгэн нь үргэлж боолчлон дарангуйлахыг хүсдэг. (Гал. 5:1)… Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. (Иох. 8:32)Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө.
Гэмийн асуудлыг шийдэх хоёр арга байдгийг бид эндээс харж болно. Уучлах, шийтгэх. Уучлахдаа гэмшсэн тохиолдолд л уучлах нь шударга юм. Огт гэмшээгүй тохиолдолд уучлах нь гэм нүгэлтэй эвлэрсэн хэрэг болно.
Ингэх нь Бурханы шударга мөн чанартай зөрчилдөнө. Гэмшээгүй тохиолдолд заавал шийтгэл ирнэ.
Учир нь гэмийг шийтгэхгүй бол шударга бус юм. Шударга зан чанар нь мөн л хайраас эхтэй. (Илч. 3:19) Би хайрласан хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.
Сахилгажуулна, шийтгэнэ гэдэг нь ч гэмшилд уриалж, аврахыг хүссэн хайрын уриалга юм. Тэр газар дэлхийг дахин хэзээ ч устгахгүй (Эх. 8:21), эмэгтэйн үр хүүхэд могойн толгойг няц гишгэнэ (Эх. 3:15), гэж амласнаа, Өөрийн Хүү Есүс Христийн дотор төгс хэрэгжүүлсэн итгэмжит Бурхан билээ.
Мөн (Эх. 6:2) Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов, гэснийг олонхи хүн Бурханы хөвгүүд нь хэн бэ гэдэг талаар л маргадаг.
Харин эндээс бид, махан биеийн хүслээр, үзэгдэх гоо сайхнаар Бурханыг алдаршуулдаггүй ба тэдгээр нь энэ ертөнцийн аврал ч биш гэдэг зарчимыг олж харан ухааран ойлгох ёстой болов уу.
Харин Бурханы алдрыг илэрхийлдэг нь Үг юм. (Иох 1:14) Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нийгүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.
Зөвхөн Үгэнд итгэсэнээр л бид аврагдах юм. (Иох. 1:12, 13) Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.
Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
Шалгасан багш: Рожер Синиор
"Эхлэл ном" хичээлийн гэрийн даалгавар