Thursday, December 4, 2008

Элч Паулын үйлчлэл, амьдрал дахь залбирлын үүрэг



Хүмүүний амьдралд олон чухал хэрэгцээ, шаардлага байдаг. Тэдгээр дундаас хамгийн чухал нь юу вэ? Хүн хоол идэхгүйгээр сар гаруй амьд байж чадна. Ус уухгүйгээр хоёр долоо хоног тэснэ.

Харин агаар амьсгалахгүйгээр хоёр минутаас илүү байж чадахгүй. Энэ бол амьдралын органик (махан биеийн) хэлбэрийг оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хэрэгцээ юм.
Гэтэл ухамсарт амьдрал зөвхөн органик үйл хөдлөл, хэрэгцээ шаардлагаар хангагддаггүй. Нэгэнт л би “оршигч” гэдгээ мэддэг, ухамсарладаг бол, тухайн оршихуйд өөр олон чухал хэрэгцээ шаардлагатай болдог.

Үүнд: Оршихуйгаа улам л найдвартай, бат тогтвортой суурилсан байхыг мэдрэхэд шаардлагатай итгэх бишрэх, хүндлэх хүндлүүлэх, хайрлах хайрлуулах, сурах мэдэх, аюулгүй амар тайван байх, нөмөр нөөлөг, хамгаалалтыг үргэлж мэдрэх гэх мэт.
Эдгээр нь ямар нэг байдлаар доголдох үед л амьдрал болохгүй, бүтэхгүй болж, гашуун зовлонтой болдог.

Харин хүмүүнийг хайрлан, түүнд Өөрийгөө зориулсан Нэгэний ачаар бид ертөнцөд жинхэнэ байр сууриа мэдэж, хэрэгцээ шаардлагаа хангуулж, мөнхийн аз жаргал руу итгэлтэйгээр урагшлан зүтгэж эхэлдэг билээ.

Энэхүү сүнсний мөнхийн амьдралын амин амьсгал нь залбирал билээ. Залбирал нь яг л агаар амьсгалах мэт энгийн, амар хялбар, бас нэн чухал шаардлагатай байнгын хэрэгцээ байх ёстой.
Энд хэрхэн шашинлаг хэнээтэн Саул, бурханлаг дайчин Паул болон өөрчлөгдөхөд, тэрээр үр дүнтэйгээр Эзэнд үйлчлэн, амжилтанд хүрэхэд залбирал хэрхэн нөлөөлснийг бяцхан судалснаа чадан ядан эвлүүлэн бичлээ.

-- Саул бол еврейчүүдийн хэт шашинлаг, Фарисай бүлгийн хүн бөгөөд (Үйлс 22:6), шашны эрдэм мэдлэгт сайтар боловсорсон нэгэн байлаа.
Тэр, Христийн золилтоор бидэнд ирсэн Авралын итгэлийг Иерусалемд дөнгөж цэцэглэж байхад нь улайран хавчигч байсан.

Мэдээж тэр энэ үед ч гэсэн залбирдаг л байсан байж таарна. (Мт. 23:14) Эзэн Хоёр нүүрт Фарисайчууд та нар золгүй еэ, … бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа, удаан залбирах дүр эсгэдэг тул, илүү хүнд шийтгэл хүлээнэ.” гэсэн байдаг.

Христийн чуулган нь гаж, хортой урсгал гэдэгт тэр бат итгэж, үүнийг нухчин дарах нь Эзэний таалалд нийцнэ гэдэгт итгэдэг (Үйлс 26:9) байжээ.
Харин Эзэн бол, үйлс үйлдлээс илүүгээр зүрх сэтгэлийн хандлагыг хардгийг эндээс харж болно. Түүнийг Эзэнд хандан чуулганы эсрэг гомдоллон залбирч, ялан дийлэх хүчийг гуйж байхад, үүрэг хариуцлагандаа хэр их чин сэтгэл, үнэн бат итгэлтэйгээр зүтгэж байгааг мэдэж, харж байсан нь тодорхой.

Эзэн түүнийг нэн эртнээс Өөрийн алдрын төлөө бэлтгэсэн байсан товлосон цаг болж, тэр Дамаск руу “Эзэний алдрын төлөөх” хатуу ширүүн шүүлтийг гүйцэтгэхээр явж байлаа.
Эзэн түүнд Өөрийгөө илчлэн, хэдхэн хормын дотор эрс өөрчилсөн юм. Ертөнцийн гэрлийг харах нүдийг нь хаасан Эзэн, гурав хоногийн турш сүнсний нүдээр, өнгөрсөн амьдралаа болон ирээдүйгээ, мөн амьдралын утга учрыг, өөрийн оршихуйн мөн чанарыг, Эзэний сүр хүч, цог жавхлан, илчлэлт, илэрхийлэлт болгоныг бодож тунгааж, гэмшин залбирах боломжийг олгосон болов уу?!

Мэдээж тэр чин сэтгэлээсээ гэмшин ухаарч, дахин шинээр төрсөн нь цаашдынх нь амьдралынх нь өрнөлөөс харагддаг.
Ийнхүү махан биеийн шашинлаг Саул, сүнсний бурханлаг Паул болох гараагаа эхэлсэн. Шинэ өнө мөнхийн амьдралд нь нэн чухал шаардлагатай нэгэн зүйл байсан нь залбирал байсан нь тодорхой.

Гурав хоногийн дараа, тэр хараа орсон даруйдаа, баптизм хүртэж, улмаар Дамаскд “Есүс бол Бурханы Хүү мөн“ гэж тунхаглаж эхэлсэн нь гайхалтай.
Тэр улам их хүчийг олж, тэр ч бүү хэл шавь дагалдагчидтай ч болсон нь (Үйлс 9:25), түүнийг ариун сүнсний галаар шатаж байсныг гэрчилдэг.

Хэн нэгэн нь залбирахгүйгээр Эзэнээс халуун хүсэл тэмүүлэл, алсын хараа, түүнийгээ хэрэгжүүлэх, гүйцэлдүүлэх арга зам, үр дүнтэйгээр үйлчлэх хүчийг авч яагаад ч чадахгүйг, судар болон бидний итгэлийн амьдралын туршлага нотолдог.
Тэр тусмаа хуучин амьдралынхаа хүрээнд, хичээнгүй зүтгэлтэйгээрээ нэртэй байсан нэгэнд, тэр хуучин бүгдийнхээ эсрэг довтлон, үгүйсгэн зүтгэнэ гэдэг бол барагтай хүний санаанд орохгүй хүч чадал, шийдэмгий зориг шаардагдах нь тодорхой.

Тэр үнэхээр гайхамшигтай залбирагч байсныг түүний амьдрал, тэмцлээс гэрчлэн бичсэн бусдын гэрчлэл (Үйлс ном), өөрийнх нь захидлууд болон хийж гүйцэтгэсэн ажил үйлс нь нотолдог.
Тэр Эзэн Есүстэй амьд, зүрх сэтгэлийн нандин харьцаатай байж, Түүний хүслийн дагуу шинэчлэгдэн, Түүний төлөө амьдарч, Түүнийг алдаршуулж чадсан нэгэн юм. Техник технологи, зам харилцаа өндөр хөгжсөн, итгэл үнэмшлийн харьцангуй эрх чөлөөтэй, хүний эрх тодорхой хэмжээнд дээдлэгддэг, хамгаалагддаг болсон, Эзэний сүр, суу алдар улам өргөжин тэлж буй өнөөгийн өндөрлөгөөс харахад, тэр харанхуй цаг үед яаж чадсан юм бэ? гэмээр асар их ажил үйлчлэл амжуулсан нь үнэхээр бахадмаар.

Түүний бичсэн Христ итгэлийн суурь онолууд болсон захидлууд өнөөдөр ч бидний итгэлийн амьдралыг чиглүүлдэг нь Ариун Сүнсний удирдлагаар бичигдсэнийг гэрчилдэг. (Үйлс 23:11) Түүнийг шоронд байхад нь зоригжуулахаар, үүрэг даалгавар өгөхөөр Эзэн биечлэн ирж уулзсан тухай ч Сударт байдаг.

Энэ бүхэн зөвхөн залбирлын хүчээр боломжтой юм. Тэр энэ ертөнцөд ямар байр суурь, эрх мэдэлтэйгээ мэддэг нэгэн байжээ. (1 Тимот 2:1) “Тиймд юуны өмнө би гуйя. Гуйлт, залбирал, хүсэлт болон талархалаа бүх хүмүүсийн төлөө үйлд. Хаадын төлөө, эрх мэдлийг баригч бүх хүний төлөө үйлд.” гэснээс нь харахад тэр өөрөө ч үүнчлэн залбирдаг, хариуг нь авдаг байсныг харж болно.
Тэр хаад ноёдын, эрх мэдэлтнүүдийн өмнө буруутгагдан шүүгдэж байхдаа ч аймшиггүйгээр өөрийн Бурханыг гэрчлэн тунхаглаж, өөрийн хүслийг тулган (Үйлс 25:1-12), зохих шийдвэр гаргуулж чаддаг байсан нь бахадмаар.

Тэр эрх мэдэлтэй, богинохон залбирлаараа (Үйлс 13:10,11) үйлчлэлд нь саад болсон, шидтэн Баресүс гээчийг номхруулан, замаасаа зайлуулж байлаа. Тэрч бүү хэл үхлийн дараах сүнсний ертөнцөд ч хүчтэй, эрх мэдэлтэй байсныг судлаачид тодорхойлон бичсэн байдаг.
Ефест нэгэн иудей тахилчийн долоон хүү байсан бөгөөд, тэд Паулыг дуурайх гэж оролджээ. “Паулын хэлээд байгаа Есүсийн нэрээр бид чамд тушааж байна. Зайл” гэхэд сатан өөдөөс нь “Би Есүсийг мэднэ, Паулыг ч танина. Харин та нар чинь хэн билээ?” хэмээн айж зугтах нь бүү хэл, харин ч элэглэн шоолсон байдаг. Эндээс бид Паул тамд ч алдартай байсныг харж болно. Үнэндээ бол энэ дэлхий дээр алдарших нь юу ч биш. Тамд хүртэл алдарших хэрэгтэй. Паул тамынхныг ёстой л “тамладаг” байв. Тэр эрх мэдлээ бүрэн хэрэглэж чаддаг байжээ. Тэр халхалж хамгаалдаг биш, харин дайрч довтолдог, дайсныхаа хамгаалалт, хаалгыг эвдэн, харанхуйн хаанчлалыг нурааж, Бурханы хаанчлалыг тэлэн, Эзэний хүслийг гүйцэлдүүлдэг байлаа. Тэр нэг ч удаа айж түгшиж байсангүй.
Харин ч сатан түүнээс айдаг байжээ. Паул бол тамынхны хар дансанд бүртгэлтэй хүн байсан юм. 1*

Тэр Эзэнд үйлчлэн, Түүний чуулганыг босгохдоо ч, үр дүнтэйгээр залбирдаг залбирлын багийг бүрдүүлэн, хамтран ажилладаг тухай “Филиппой дахь сүм нь, гуйлтын группээс эхэлсэн юм. Их Эзэнтэй ярихын тулд голын эрэг дээр уулзалдаж байсан хэсэг эмэгтэйчүүдийг Паул, Силас хоёр олж харсан юм. Тэдний дунд байсан Христэд итгэгч Лудиа гэгч эмэгтэй тэр хоёрыг Филиппойд байх хугацаанд нь туслах зорилгоор гэртээ байрлуулав.
Эмэгтэйчүүдийн гуйлтын цуглаанаас үүдэн олон гайхамшигт зүйлс тохиолддог билээ. 2* гэсэн байдаг.

Тэр зөвхөн чуулган тариад л орхиод явдаггүй, үргэлж үр хүүхдээсээ хол байгаа эцэг хүний сэтгэлээр хичээнгүйгээр залбиран байдгаа (Фил. 1:4) “Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгээр залбирлаа өргөдөг.” гэж бичсэн байдаг. Тэр Есүсийн зориулалт, золиослолын загалмайн үхэл, мөн дахин амилалтын утга учир, үнэ цэнийг маш сайн мэддэг, бас бусдад эмх цэгцтэй ойлгомжтойгоор тунхаглан зааж, номлож чаддаг байсан ба үүнийгээ ч, залбирлын үр дүнд Ариун Сүнсний илчлэлтээр хийдэг байснаа (Еф. 6:19) “Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир.” гэж даруугаар хүссэн байдаг.

Залбирал бол үйлчлэлийн үндэс, амжилтын түлхүүр гэдгийг хамгийн сайн мэддэг нэгэн тул бусдыг ч хичээнгүйлэн залбирахыг уриалан (1 Тес. 5:17) “Тасралтгүй залбир.” гэж заадаг байсан.
(2 Кор. 3:5,6)-д залбиралгүй сургаал номлох нь аюултайг Паул онцлон дурдсан байдаг. “…харин бидний чадвар Бурханаас гардаг юм. Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.” 3* Тэр залбирлын бүхий л төрөл зүйлийг ашигладаг байсныг “Бид Паул, Силас нарын туршлагаас магтаалын залбирлын хүч чадлын тухай нэг жишээг харж болно. Тэд Филиппой дахь шоронд Бурханыг магтахад гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болжээ. (Үйлс 16:19-26) Тэр даруйд шоронгийн бүх хаалга онгойж, хүн бүрийн гав гинж нь мултарчээ. Үүнчлэн магтаалаар бидний бие болон амьдралд маань Бурханы агуу гайхамшигт түүх биелэгддэг юм.” 4* гэж нэгэнтээ бичигджээ.

Түүнд ч бас зовлон зүдгүүр, хүндрэл бэрхшээл тоо томшгүй тохиолддог байсан бөгөөд тэр бүгдэд Эзэний хүчийг залбиран гуйгаад даван туулдаг байсан.

Гэхдээ нэгэнтээ “Ажлаа хийхэд түүнд хараа маш чухал байсан боловч тэр нүдний өвчтэй байлаа. Гэвч Ертөнцийн Эзэн энэхүү согогыг түүнээс зайлуулж өгсөнгүй. Тэрээр өөрийгөө Түүнд зориулан “Тиймээ” гэж хэлэхийг нь хамгаас түрүүнд хүсч байсан юм. Тэр өөрийнхөө “зовлон”-г хүлээн зөвшөөрөх нь Эзэний хувьд хамгаас чухал байсан бөгөөд Паулын ажлаа гүйцэтгэхэд эрүүл мэндээс нь ч илүү ач холбогдолтой байлаа. Ийнхүү асар их гарз хохирлын дараа өөрийнхөө хүслээс татгалзсан нь түүнд ажлаа хийх асар их хүч чадал өгсөн явдал болсон юм.” 5*

Эцэст нь дүгнэхэд элч Паул үнэхээр гайхалтай залбирлын баатар, Сүнсний дайчин бөгөөд түүний өмнө олон хаалга нээгдэж, олон цайз нуран унаж, тэр өөрийн шантаршгүй итгэлийн гал халуун залбирлаараа бүх дэлхийг өөрчлөх Христийн агуу чуулганы суурийг тавилцсан юм. Тэр, хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, амьдрал тэмцлийн замыг Бурханы хүссэн зүгт залахад итгэмжтэй зүтгэн, түүхэнд нэрээ үлдээсэн (Дан. 12:3) Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно гэж зөгнөгдөгсдийн нэг мөн.

--------------------------------------------------------------------------------
1* Хун Сон-Гонь “Бурханы хайж байгаа хүн” Хуудас 169
YWAM Mongolia 2004
2* Ж. Роберт Ашкрофт “Их Эзэнтэй ярих үед” Хуудас 99
ICI Univercity 1994
3* Лөүл Ландстром “Хэрхэн хүчтэйгээр залбиран гуйж хариугаа авах вэ?” Хуудас130
4* Dr. David Yonggi Cho “Хэрхэн залбирах вэ?” Хуудас 66
2005 он УБ
5* М. Басилиа Шлинк “Залбирал бол бидний амьдралын зам” Хуудас 35
Evangelical Sisterhood of Mary, Darmstadt-Eberstadt 1996






"Залбирал ба сүнслэг тэмцэл" хичээлийн даалгавар
Шалгасан багш: Мөнх-Эрдэнэ