Thursday, December 4, 2008

1 Иохан Хэлэлцүүлгийн асуудал



• Иохан захидлын хамгийн гол, чухал гэж бодож буй 3 үгийг бичээд, яагаад гол үг болгон сонгож авснаа тайлбарлана уу.

1. Хайр. /1Иохан. 3:16/-д Хайрын талаархи хамгийн дээд үнэлэмж, стандартыг заасан байна. Нэг үгээр хайр бол золиослол, зориулалт юм. Бурханаас гадуурх хүн, ингэж хайрын золиослол, зориулалт гаргаж чаддаггүй. /1Иохан. 4:8,16/… Бурхан бол хайр.
Жич: 3-р асуултанд илүү тодорхой, дэлгэрэнгүй бичсэн.

2. Итгэл. /1Иохан. 5:1/… Есүс бол Христ мөн… гэсэн итгэл нь Бурханаар төрсний шинж. Энэ итгэлээр /1Иохан. 5:4,5/ бид ертөнцийг ялдаг.

3. Нөхөрлөл. /1Иохан. 1:3/ Бидний сайн мэдээний гэрчлэл дээр тогтсон нөхөрлөл нь, Бурхан ба Хүү Есүстэй нөхөрлөх нөхөрлөл юм. Харин нүгэл дээр тогтсон нөхөрлөл нь Бурхантай нөхөрлүүлдэггүй. Тиймээс /1Иохан. 1:7-9/ Бид юу хийж байгаагаа мэдэж, нүгэл үйлдвэл гэмших нь Түүнтэй нөхөрлөх нөхөрлөлийг улам бат болгодог.
Жич: 2-р асуултанд илүү тодорхой дэлгэрэнгүй бичсэн.

• Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд юу хэрэгтэй вэ? Түүнтэй байнга нөхөрлөж, харилцаатай байхын тулд яах хэрэгтэй вэ?

/1Иохан. 1:7/… Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж … гэсэн нь гэрэл дотор аливаа үйлс ил тод байдаг бөгөөд бид юу хийж байгаагаа мэдэх боломжтой гэсэн үг. Ингэснээрээ бид бие биеэ илүү сайн таньж, бас Бурхантай дотно нөхөрлөх боломжтой гэсэн үг юм.
/1Иохан. 1:9/… Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүхий л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ … Энэ нь бид гэрэл дотор алдаа зөрчилөө тод харж, улмаар гэмшиж чадсанаар Түүнтэй байнга нөхөрлөж байх бололцоотой болох юм.

• 1Иохан захидалд, итгэгч хүмүүс бие биенээ хайрлах нь хамгийн чухал гэж гардаг. Яагаад?

Учир нь /1Иохан. 4:7,8/ хайрладаг хүн нь Бурханаас төрсөн, Түүнийг мэддэг. Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. /1Иохан. 4:16/ Бурхан биднийг хайрладаг. Түүнийг нь бид мэдэж итгэдэг. Бурхан бол Хайр мөн. Ийнхүү Бурхан /1Иохан. 3:16/ биднийг хайрласан тул, бид бие биеэ хайрлах ёстой. Үүнд ямар ч сонголт байхгүй. Учир нь энэ бол /1Иохан. 3:23,24/ тушаал юм.
/1Иохан. 2:5/… Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгааг мэднэ… Нэг үгээр бие биеэ хайрлах нь Түүний дотор байгаагийн гэрчлэл юм.

• Таны хувийн амьдралд, гэр бүлд, цуглаанд бие биеэ хайрлахаас илүү чухал зүйл гэж байдаг уу?

Бие биеэ хайрлахаас илүү чухал зүйл бидний амьдралд байх ёсгүйг бид мэддэг. Тэгээд өнгөцхөн бодох юм бол үнэхээр байхгүй ч юм шиг. Гэхдээ сайтар тунгаан бодвол зарим нэг зүйл бий. Бид заримдаа зүрхэндээ элдэв дүрэм журам, ёс жаяг бодож олоод (хууль тогтоогоод), түүндээ бусдыг тааруулах гэж оролдох, “хуулийнхаа” нүдээр бусдыг харж, шүүх гээд байдаг тал бий. Мөн хэн нэгэнд туслах шаардлагатай болоод, тэгэхийн тулд өөрөөсөө зориулалт, золиослол гаргах хэрэгтэй бол өөрийнхөө боломж, бололцоог эхлээд тооцдог. (Тэгэж цаг гаргах завтай бил үү? Санхүүгийн боломж надад юу билээ? Түүнд тусалсны дараа би өөрөө яах билээ… г.м) Дараа нь тухайн хүнээ (хэр ач холбогдолтой хүн билээ, хэр их итгэлтэй хүн билээ, ирээдүйд үр жимс гаргаж чадах болов уу… г.м) элдвээр үнэлж дүгнэж, шүүн тунгаадаг.
Энэ нь хариу нэхдэггүй хайрын халуун сэтгэл дутуугаас, бас Бурхан биднийг ямар ч үед бусадтай хуваалцах баялгаар бялхаадаг гэсэн үнэнд итгэл султайгаас болдог. Мөн удаах нь бардам зангаас (хууль тогтооно, бусдыг шүүнэ гэдэг нь бардамнал юм.) болдог.

• “Бие биенээ хайрла” хэмээн Бурханы өгсөн тушаалыг яавал амьдрал, гэр бүл, цуглаандаа үр нөлөөтэй хэрэгжүүлж болох вэ?

а. Эхлээд дээрх (болон бусад…) гэмүүдээ хүлээн зөвшөөрч гэмших хэрэгтэй.
б. Өөрийн хүчээр хэрэгжүүлж чадахгүйгээ, сул доройгоо хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсний хүчийг гуйх хэрэгтэй.
в. Маш даруу байж залбиран, бусдыг болон амьдралыг хардаг гэмт хэвшмэл сэтгэлгээгээ (цайз, хана хэрмээ) Ариун Сүнсний хүчээр нураах хэрэгтэй.
г. Бусдаас шаарддаг өндөр шаардлагаа (ө.х бусдаас төгс хүнийг харахыг хүсдэг өөрийн хүслээ) өөрчлөх хэрэгтэй.
д. Шаардлагатай үед өөрийгөө бүрэн зориулж чадах хүчийг Ариун Сүнснээс гуйх хэрэгтэй.
е. Эдгээрийг хичээл зүтгэл гарган, амьдралдаа хэвшүүлэхээр чармайх нь зүйтэй.





Шалгасан Багш: И Жэ Шин UBTC
"1, 2, 3 Иохан ном" хичээлийн гэрийн даалгавар
1-р курс 2007 оны 06 сарын 08