Эзэн Абрамд (Эх.12:1-3) амлалт, дуудлагийг өгөөд , 75-н настайд нь, төрсөн нутаг,төрөл садангуудаас нь салгаад явсанаас хойш нэг ч удаа түүнийг орхиогүй. Үргэлж хүнд байдал, аюултай нөхцөлд хамгаалж,айсан ганцаардсан үед нь тайвширлийг өгч, эрүүл мэнд хүч чадал, бас эд хөрөнгөөр ч ивээж , үнэхээр үнэнч анд найзын үүргээ бүрэн төгс, эцэст нь хүртэл сахисан юм. Абрам Эзэнийг анд найз гэж хэзээ ч дуудаж байгаагүй. Харин Эзэн өчүүхэн гэмт хүн түүнийг /Иса.41:8,Иак.2:23/ анд найз гэж өргөмжлөн, түүний амьдралын бүхий л өдрүүдэд, одоо ч Өөрийн хүү Есүсийн дотор түүнд амласан амлалтаа итгэмжтэйгээр хэрэгжүүлсээр байгаа билээ.
Анхны итгэгчдээс хойш 2000-гаад жилийн турш дэлхийн олон улс үндэстний тоо томшгүй, итгэгчид Абрахамыг “ итгэлийн эцэг” гэж дуудан, Бурхантай хамт амьдарсан, харилцсан бүхий л түүхээс нь суралцаж, ухаарал сургамжийг авч байдаг.
Газар нутгийг амласан нь
Эх.12:7-Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье...
Эх.13:15-Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө…
Эх.15:18-Египет мөрнөөс Евфрат мөрөн хүртэл чиний үр удмынханд өгсөн…
Эх.17:8-Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрд өгсөн…
Төрсөн нутгаасаа гараад харь газар ирээд сэтгэл санаа нь хүнд байх үед, дүү Лотоосоо салаад ганцаардан гуниглаж байх үед, тухай бүрт тогтсон газар нутаггүй нүүдэллэн хэцүү байх үед нь, газар нутгийг дахин дахин амлаж, сэтгэл санааг нь тайвшруулдаг байсан. Малчин ч бай , тариачин ч бай тэр үеийн хүмүүсийн оршин тогтнолын гол үндэс нь газар нутаг байсан.Бусдын газар үргэлж харийн хүн мэт амьдарч байсан, өндөр настай Абрахамын хувьд эдгээр амлалтууд маш чухал байсан. Бурхан 4 дараалан газар нутгийг хэн нэгэнд амласан тохиолдол огтхон ч байхгүй. Энэ бол Эзэн, Абрахамыг анд найзаа гэж хүндлэн үздэг байсны нэг илрэл юм. Хожим Иошуагаар удирдуулсан Израйлчууд амлагдсан нутгийг эзэлж, Соломон хааны үед бүрэн эзэмшсэн нь Эзэн амлалтаа хэрэгжүүлсэний гэрчлэл болдог.
Абрамыг ичгүүртэй байдлаас аварсан нь
Абрам итгэлээр сул дорой байж, айснаасаа болж, Египетийн Фараонд эхнэр Сараигаа булаалган алдсан үед
(Эх.12:17) Фараон хийгээд, түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулан буцааж авчирсан. Бас олон жилийн хойно дахин энэ алдаагаа давтан, Герарын хаан Абимелехт эхнэр Сарагаа алдах үед нь
Эх.20:3- Чи өөрийн авсан эмэгтэйгээс болж үхнэ…
Эх.20.7- Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа …гэж айлган сүрдүүлж, Абрахамын гэр бүлийг ичгүүрт байдлаас удаа дараалан аварсан юм. Жинхэнэ анд найз л, сул дорой найзынхаа айдас, сэтгэлийн шаналалыг ойлгон, түүний төлөө бат зогсон, хүнд байдлаас авардаг. Ийм тохиолдол Библид бас огт гардаггүй. Бурхан өөр хэнд ч ингэж үйлчлээгүй юм.
Гэр бүлийн асуудалд нь тусалсан нь
Абрам,Сара нар итгэл султайгаасаа болж, Эзэний амлалтыг өөрсдийн арга замаар хэрэгжүүлэхийг оролдосноор , зарц бүсгүй Хагар жирэмслэн, улмаар зугтаахад нь
(Эх.16:9) Чи эзэгтэйдээ буцаж очоод гарын дор нь дуулгавартай бай…гэж буцаасан. Бас Сара, Хагар нарын маргаанаас болж Ишмаелийн хувь заяаны төлөө Абрахамын санаа нь зовоход
(Эх.21:13)-Зарц бүсгүйн хүү ч чиний үр учир, Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно… гэж амлаад, Хагар, Ишмаел нарын хувь заяаны төлөө үүрэг хариуцлагыг Өөртөө авсан. Хэдийгээр энэ нь Өөрийнх нь хүслийн эсрэг төрсөн үр ч гэсэн, жинхэнэ анд найзын зүрх сэтгэл гарган Абрахамд тусалсан.
Абрахамтай зөвлөсөн нь
Эх.18 дугаар бүлэг. Ертөнцийн Эзэн, Бүтээгч Төгс Бурханд, бүтээл болсон хүмүүс нь гэмтэй бузар бол, устган шийтгэх бүх эрх мэдэл байдаг.
Эзэн гэмтэнийг шийтгэхдээ хэнээс ч асуудаггүй. Гэвч Содом, Гоморра хотынхны бузар гэмийг шийтгэхээр бууж ирээд, Абрахамын ятгалгыг сонсож, 10 зөвт хүний төлөө устгахгүй гэж амлаж байв. Үнэхээр тэнд зөвт 10 хүн байсан бол Эзэн шийтгэхгүй л байх байсан. Гэмтэнийг шийтгэхдээ, гэмшээгүй байхад нь, хөндлөнгийн хүний гуйснаар өршөөнө гэж амалсан тохиолдол Библид огт байхгүй. Тэгээд (Эх.19:29) Абрахамыг дурсан санаж Лотыг шийтгэлээс зайлуулсан. Энэ бол агуу Бурханы хувьд Абрахамд үзүүлж байсан гайхамшигтай хүндлэл юм.
Хүү өгсөн нь
Эх.12:2а Би чамайг агуу их үндэстэн болгоно…
Эх.13:16 Би чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт олон болгоно…
Эх.15:5 Чиний үр хүүхдүүдийг тэнгэрийн од мэт олон болгоно…
Эх.17:6 Чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно… гэж олон дахин амласан бөгөөд, 99 настай байхад нь (Эх.18:14) дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна, гэж амлаад хүүд нь Исаак гэж нэр өгсөн байдаг.
Мөн (Эх.22:17, 18 ) чиний үрс дайснуудынхаа хаалгыг эзлэн авах болно,… чиний үрсээр дамжуулан дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно гэсэн нь, (Мт.1:1) Аврагч Христийн дотор бүрэн хэрэгжиж байгаагийн илрэл нь бид юм.
Эд хөрөнгө, эрүүл мэндээр ивээсэн нь
Эх.13:2 Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ…
Эх.23:16 Абрахам эхнэр Сарагаа оршуулахын тулд хэсэг газрын үнэ 400 шекел мөнгийг (тэр үедээ дэндүү үнэтэй) төлсөн…
Эх.24:22 Хүү Исаакдаа бэр гуйхдаа хагас шекелийн жинтэй алтан ээмэг, 10 шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг… (Эх.24:52) алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж Ребекад өгөөд, түүний ах болон ээжид бас үнэт зүйлс барьжээ.
Эх.24:1б Эзэн бүхий л талаар түүнийг ерөөв, гэснээс харахад Эзэн Абрахамын ахуй хангамжийг юугаар ч дутаахгүй ивээж байжээ. Бас эрүүл мэндээр ч ивээсэн нь 140 орчим насандаа (Эх.25:1,2) дахин эхнэр авч, 6 хүүхэд төрүүлсэн ба 175 настайдаа өөд болсон юм.
Зоог барьсан нь
(Дуу.50:12,13) Би өлссөн байсан ч бухнуудын махыг идэж, хуцнуудын цусыг уух гэж үү?...
(Иса.40:28) Мөнхийн Бурхан болох Эзэн, дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм… гэдэг Эзэн, тэнгэр элч нартайгаа Абрахамынд ирээд (Эх.18:4) та нар хөлөө угааж түр амрана уу!? (Эх.18:5) та нар түр амсхийж тэнхээ орно уу, гэж урихад нь, хүлээн авч (Эх.18:8) ээдэм, сүү болон бярууны махаар дайлахад нь, зооглосон нь онцгой тохиолдол бөгөөд, Хуучин Гэрээнд үүнээс өөр тохиолдол байхгүй. Энэ нь Эзэн Абрахамыг хэр их хүндэлж, үнэлж байсны гэрч юм. Эзэн Христийн дотор дэлхийд ирээд, Өөрийн шавь нартайгаа хамт хооллож ундалдаг байсан бөгөөд, үхлээс амилсаныхаа дараа ч (Лук 24:43) хамт хоололсон байдаг. (Илч.3:20) Харагтун... зүрх сэтгэлээ Надад нээвэл бид хамтдаа хооллох болно, гэж амласан байдаг.
Эрх мэдэл хүч нөлөөгөөр ивээсэн нь
Абрахам газар нутагтай, ард түмэнтэй хаан, ноён, язгууртан байгаагүй боловч, Бурхан түүнтэй найз байсан учраас (Эх.12:20) Египетийн Фараон ч түүнд хор учруулаагүй, (Эх.14:14) түүний гэрт нь төрсөн, дайтахад бэлтгэгдсэн 318 хүчирхэг эрчүүд байсан гэдэг нь, тэдний цаана хөгшид хүүхэд, эмэгтэйчүүд, дор хаяж 1000 орчим хүн Абрахамаас хамааралтай амьдарч, мал сүргийг нь маллаж, хайр ивээлийг нь хүртэж байсан гэсэн үг.
(Эх. 14:17а) Дүү Лотынхоо төлөө Хедорлаомерийг хамсаатан хаадтай нь бут цохисон нь Эзэн түүнд ялалтыг өгсөнөөс юм.
(Эх 14:17б-21) Салемын хаан Мелхизедек түүнийг хүндлэн талх давсаар дайлж ерөөж байсан.
(Эх.20:14,15) Филистийн хаан Абимелех миний нутгийн дуртай газраа амьдар гэсэн, (Эх.21:22) Абимелех, түүний жанжин Фикол нар ивээл гуйж ирээд гэрээ байгуулж байсан.
(Эх23:6)Хитчүүдийн дунд харь хүн байсан боловч, тэд Абрахамыг,… та бол бидний дундах хүчирхэг ноён мөн, гэж хүлээн зөвшөөрч байсан. Энэ бүгдээс харахад тэр эрх мэдэлтэй, хүчтэй нөлөөтэй амьдарч, хаад ноёд түүнээс эмээдэг, хүндэлдэг байсан.
Мөнхийн гэрээ байгуулсан нь
Эцэст нь Эзэн, анх Абрахамд амласан амлалт нь хоосон зүйл биш, үнэхээр бодитой мөнхийн амлалт юм гэдгээ мэдүүлж
(Эх.17:4 )Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна…
(Эх.17:7) Би чамд болон чамаас хойшхи үр удмуудад чинь Бурхан болж…Мөнхийн гэрээ байгуулна, гэж амлан, хөвч хөндөх ёслолын тамгыг өгсөнөө сахин биелүүлж Есүс Христээр дамжуулан Ариун сүнсний хөвч хөндөлт болгон төгс хэрэгжүүлсээр байгаа билээ.
Абрахамд өгсөн бүхий л амлалт, ивээл нь( Еф.3:6) сайн мэдээгээр дамжуулан дэлхийн бүх Христэд итгэгчдэд одоо ч хамаатай билээ.
"Эхлэл ном" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Рожер Синиор