Wednesday, July 2, 2008

Ц.Энхболдын гэрчлэл 2



Есүс Христ, миний амьдралын утга учир


Хүн болгон “…миний амьдралын утга учир юу вэ? Би яах гэж амьдарна вэ?, Ямар ирээдүй өмнө минь хүлээнэ вэ?...” гэхчилэн, өөрсдөөсөө асуух үе тохиолддог биз. Би ч эдгээр асуултуудыг нилээн хожуухан бодох болсон. Бүгдийн л адил дунд сургууль төгсөж, улмаар ЗХУ-д барилгын сургуульд суралцсан. Ирээд мэргэжлээрээ ажиллаж бас армид ч алба хаалаа. Нийгмийн өөрчлөлт дөнгөж эхлэх цагт бусдыг дуурайн наймаа арилжаанд мордсон. Эхэндээ одтой байсан ч, хойно нь олон дараалан дампуурсаар, бүр Солонгост хууль бус цагаач хөдөлмөр эрхлэх болтлоо “уруудсан”.

Яах гэж ингэж утга учиргүй, нааш цааш шидэгдсэн амьдралаар амьдарч байгаагаа ойлгохыг оролдон, эргэцүүлдэг л байв. Тэгээд амьдралын минь утга учир бол эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө золих нь юмаа гэдгийг ойлгосон. Тэгэхийн тулд надад эд хөрөнгө, эрх мэдэл хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Бүр эрх мэдлийн өндөрлөгт хүрэх тодорхой төлөвлөгөө ч боловсруулсан. Тэгээд зорилготой болсон хүн чинь бие хайргүй зүтгэдэг юм билээ. Өвдөж зовж, ядарч туйлдан гансрах үе зөндөө.
Тэр үед бүтэх эсэх нь баталгаагүй хоосон зүйлийн төлөө зүтгэж байж өвчний үүр, эсвэл үхдэл болох вий гэж айдаг байлаа.

Ганцаардсан, тус дэм үгүйлсэн, бас ч үгүй бардам “Христийн шашныг” судлах, мэдэх гэх мэт шалтгаанаар анх цуглаанд очиж билээ. Тэнд миний мэддэг архичин, хулгайч, худалч, завхай, залхуу, ашигч Монголчуудаас огт өөр Монголчууд намайг угтаж авсан. Тэдний эвтэй, тусч, хүмүүжилтэй, илэн далангүй нөхөрсөг байдал нь намайг соронзон мэт татаж байлаа. Юм л бол сүм рүү гүйдэг болсноо өөрөө ч мэдээгүй. Гэхдээ гол зүйл болох Эзэн Есүс бол амьд Бурхан, Аврагч минь гэдгийг ойлгоогүй л байлаа.

Харин цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт гайхамшигт учрал тохиож, би ганц шөнийн дотор цоо шинэ хүн болсон юм. Энэ нь 2003 оны 11-р сарын 02-ны бүтэн сайны үдэш. Би гэртээ оройтож ирээд дөнгөж орондоо ормогц, бяцхан өрөөг минь сүүн цагаан гэрлээр гэрэлтүүлсэн тойрог доторхи Есүс гэнэт бий болсон юм. Түүнээс цацрах амар амгалан, хайр нигүүлсэл бүх биенд минь уусан нэвчих мэт. Гайхаж алмайрсан надад хандан, ямар нэгэн зүйлийг Тэр өгүүлэх боловч, харин миний зовхи чулуу мэт хүндэрч тасарсан байлаа.
Өглөө нь босоод бяцхан харуусал төрсөн боловч баяр хөөр, хүч чадал бялхам оргилж байж билээ.

Ажил руугаа, харанхуй гудмаар метро руу алхаж явахдаа, зөрөн өнгөрөх хүмүүсийг, ер нь амьдралыг ямар их хайрлаж нандигнаж, хэзээ ч байгаагүй эрхэмээр үнэлж байгаагаа мэдэрээд гайхаж билээ. Утга учиртай, зорилготой, жинхэнэ бүтээлч үр дүнтэй амьдархад эд хөрөнгө, нэр алдар шиг хэрэггүй зүйл байхгүйг ойлгосон.

Эх орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхэд эрх мэдэл ч чухал бишийг ухаарсан.
“Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн…” гэж Библид бичигдсэн, Мөнхийн Эзэн Есүс, өчүүхэн намайг гололгүй, бүх дэлхийг өөрчлөх аугаа үйлсдээ дуудсан нь, миний амьдралын зорилго, утга учир болсон юм. Хэрвээ та дээрхи асуултуудыг өөртөө тавьж байгаагүй бол, эртхэн тавиад, хариултыг нь Есүсээс асуугаарай. Бурхан та бүгдийг ивээг!





 “Илтгэл номлолын үндэс” хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Пүрэвдорж UBTC