Monday, June 30, 2008

“Мэргэн ухааны бичээс болон Зөнчдийн номнууд” хичээлийн судалгааны ажил


1. Сэдэв:  Иона

2. Уг номыг сонгох болсон шалтгаан:

Энэхүү ном нь олон талаараа сонирхол татсан, адал явдал гайхамшигт үйлсээр дүүрэн ном юм.
Их Эзэн Есүс, Өөрийгөө эш үзүүлэгч Ионатай харьцуулсан байдаг. Ионагийн загасны ходоодонд 3 хоносон гайхамшигт үзэгдэл нь, Их Эзэний, хүн төрөлхтөний гэмийн өмнөөс үхээд, булшинд 3 хонох, авралын гайхамшигт үйлсийнх нь урьдчилсан билэгдэл, зөгнөл (Мт.12:39-41) юм, гэсэн байдаг.
Энэ нь уг номыг сонирхон сонгох шалтгаан болсон.

3. Хэрэв цуглаанаас чинь, таныг Хуучин Гэрээний номуудаас хичээл заана уу гэвэл, аль номыг сонгох вэ? Шалтгааныг нь тайлбарлана уу?

Өмнөх семестрт “Эхлэл” номоор судалгааны ажил бичиж байсан. Мөн уг асуултанд, “Эхлэл” номоор хүмүүст хичээл заахдаа урамтай, дуртай байх болно гэж хариулсан. Энэ удаа “Иона” номыг сонгож байна.  Шалтгаан нь
а) Дээр (2-р асуултанд) дурьдсаны дагуу теологийн учир шалтгаанаас
б) Янз бүрийн зан чанартай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийн хувь шинжийг нь үл харгалзан, ялгаварлалгүйгээр Бурхан Эцэг маань хайрладаг, бас Өөртөө үйлчлүүлэхээр дууддаг болохыг эндээс харж болно. Мөн эн тэнцүү, эгэл жирийн харилцаанд байж, сурган хүмүүжүүлдэг, бас тэднийг сонсож, Өөрийн хүслийг мэдүүлж харилцан ярилцдагийг, Эзэн Иона хоёрын харилцаа харуулдаг.
в) Бас биднийг сонгон дуудсан нь, Бурхангүй хүмүүсийг гэмшил, ухаарал, авралд дуудах сайн мэдээний төлөө юм, гэдэг зарчимын Хуучин Гэрээн дэх зөн болдог.
г) Эзэн зөвхөн Шинэ Гэрээний үед л бүх үндэстнийг Өөртөө дуудаагүй юм. Энэ нь бүр Хуучин Гэрээний үеэс эхлэлтэй, амлагдсан (Эх.12:1-3), бас Ионагаар дамжуулан, харь үндэстэн Ниневе хотынхонд хэрэгжиж байсан, түүхэн гэрчлэл жишээ юм.
д) Мөн хувь хүний итгэлийн амьдралд, Бурхантай харилцах харилцаанд мэдэх, сурах ёстой (Эзэний хүсэл, дуулгавартай байдал, Эзэнээс ирдэг сахилгажуулалт, гэмшил, Эзэний өршөөл нийгүүлслийн талаар...гэх мэт) олон зүйлийг илчлэн, өвөрмөцөөр харуулдаг.
Эдгээр нь энэ номоор бусдад хичээл заах сонирхолыг төрүүлдэг.

4. Номонд гарч буй түүхэн үйл явдал хэзээ болсон бэ?

Уг номонд гарч буй үйл явдалууд нь, үнэн, бодит, түүхэн явдал болохыг Их Эзэн гэрчилсэн (Мт.12:39-41) байдаг. Номонд олон гайхамшигт үйлсүүд гардагийн оргил нь, Ионагийн тунхагыг сонсоод, хаанаасаа харц ардаа хүртэл, бүгд гэмшиж буй Ниневе хотынхны үйлс юм. Ертөнцийн Эзэнийг мэддэггүй, хуурамч шүтээн шүтдэг, догшин түрэмгий Ассиричууд хэрхэн яаж Ионагийн тунхагыг сонсоод, дуулгавартай, даруугаар хүлээн авч, хурдан шуурхай гэмшин хэрэгжүүлсэн нь үнэхээр гайхамшиг юм.

Ассирийн хаан III Аширданыг (МЭӨ 783-755) хаанчилж байх үед, тэр ард түмний дээр ирсэн өвчин тахал, бослого хөдөлгөөн, бас нар хиртэлт нь энэхүү гайхамшиг болохын урьдчилсан нөхцөл болсон гэж үздэг. МЭӨ 765 онд Ассири даяар аймшигт тахал тархсан.
МЭӨ 763 онд Асурийн хотод бослого гарсан.
МЭӨ 763 онд нар хиртэлт болсон.
МЭӨ 760-761 онд Аррафагийн хотод бослого гарч.
МЭӨ 759 онд бас нэг аймшигт тахал гарсаныг, Бурханы шийтгэл гэж айн сүрдэн хүлээн авсан байдаг.
Ийнхүү бэлтгэгдсэн Ассиричууд МЭӨ 758 онд Ионаг сонсож, гэмшиж даруу болсоноор Эзэн шийтгэлээ буулгаагүй юм.

5. Номын агуулга болон дамжуулж буй үгс.

А. Бурхан Ионаг анх дуудсан нь (Ионаг 1:1-2:10)

I. Ниневе рүү явах Ионагийн дуудлага: (1:1-2) Ниневе нь Ассирийн нийслэл байсан. Ассири нь харгис, түрэмгий, дайнч улс байсан. Израил нь Ассирийг жигшин, асар их аюул занал гэж үздэг байв. Бурхан гэм нүглийнх нь улмаас Ниневег шийтгэх гэж буйгаа тунхаглуулахаар Ионаг дуудсан.
II. Иона зугтсан нь: (1:3)
Ниневечүүд гэмшээд, шийтгэлээс мултарчихвий, гэж Иона айсан учир эсрэг зүг рүү нь зугтсан. Бурхан харь үндэстэнд, тэр дундаа Ассирт өршөөлөө үзүүлэхийг Иона хүсээгүй. Христ мөн адил биднийг сайн мэдээ тунхаглуулахаар дуудсан боловч, заримдаа бид өөрсдийн ахуй амьдралд л ач холбогдол өгч илгээлтэнд явахаас цааргалдаг.
III. Ионагийн дуулгаваргүй байдлын үр дагавар (1:4-17). Бурхан Өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд, тэнгист хүчит салхи илгээсэн. Ионагаас болж олон хүний амь нас аюулд учирсан. Харин Иона гүн нойронд автсан. Өнөөдөр эргэн тойрны маань олон хүн сүнслэг үхэлд ороод байхад, бид унтаа байдалд байх нь бий. Далайчид шавга татахад, Эзэн гэм буруутныг илрүүлсэн. Ямартаа ч Бурханы хүн бусдын төлөө, өөрийгөө золих зүрх сэтгэлтэй байсан нь сайшаалтай. Бурхан, биднийг идэвхгүй, сул дорой, унтаа байхад ч ажлаа хийсээр, Өөрийгөө алдаршуулсаар л байдаг. Далайчид бүгд Эзэнд мөргөж, харин дуулгаваргүй Иона загасны ходоодонд заларсан. Эзэний төгс эрх мэдлийг эндээс харж болно.
IV. Эзэн сонсож, Ионаг аврав. (2:10)
Эзэн үргэлж биднийг анхааран ажиглаж, хүнд нөхцөлд хаядаггүй бөгөөд, гуйлтыг маань сонсож, мутараа сунган тусалдаг билээ.

Б. Бурхан Ионаг хоёрдах удаагаа дуудсан нь (Иона 3:1-4:11)

I. Ниневе рүү явах Ионагийн хоёрдах дуудлага (3:1-2) Иона хоёрдах удаагаа мөхөл болон шүүлтийн талаар тунхаглахаар дуудагдав. Эзэн хэзээ ч өөрчлөгддөггүй бөгөөд, тэр тусмаа биднийг дуудсан зорилго нь ч хувиршгүй юм. Бид сайн мэдээг өөрийн тааламжаар, мөн сонсогчдод тааруулан өөрчилөх ёсгүй. Христийн гайхамшигт аврал болон, Түүний дотор хаях, золиослох, өөрчлөх ёстой зүйлсийг ч, мөн итгэхгүй бол ирэх шүүлтийн талаар ч тунхаглах нь зүйтэй.
II. Иона дуудлагаа дуулгавартай биелүүлсэн нь (3:3,4) Иона загасны гэдсэнд гэмшсэн гэмшилдээ үнэнч байсан. Гэмшил нь үйлсээр харагдаж байж төгс болдог. Бас Эзэний Үгийг тунхаглахад, өөрийн зүгээс золиослол, зориулалт шаардлагатай. Иона ч үүнчлэн үйлдэн, дайсандаа гэмшилийг тунхагласан.
III. Ионагийн дуулгавартай үйлчлэлийн үр дүн. (3:5-10)
Харь үндэстэн Ассирчууд Ионагийн тунхаглалыг сонсоод, нийгмийн бүх давхаргаараа гэмшсэн нь, өөрсдийгөө даруу болгосон нь үнэхээр гайхамшиг юм. Ниневечүүд гэмшсэн учир, Эзэн Өөрийн шийтгэлийг хойш татсан. Бурханы зорилго бол яллан шийтгэх биш, уучлан өршөөх нь юм. Тэр хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй. Харин гэмшил, уучлал, мөнх амь руу ирээсэй гэж дууддаг. (2Петр.3:9)

В. Ионагийн гоморхол (Иона 4:1-11)

I. Эзэний нийгүүлсэлд Иона уурласан нь (4:1-4) Бурхан Ниневе хотыг хэлтрүүлсэн нь Ионад таашаагдсангүй. Тэрээр Бурханыг Израилын дайсанд өршөөл үзүүлсэнд нь уурлаж байлаа. Иона ийм юм болж магадгүй гэж урьдаас мэдэж байсан. Эзэн бол “нийгүүлсэнгүй” (өөрөөр хэлбэл, Тэр хариу харалгүй тусалдаг), “өрөвч” (ө.х, Тэр зовж буй нэгний зовлонг ойлгон хуваалцдаг.), “уурлахдаа удаан” (ө.х, гэмтнийг яллан буруутгахаа зорилгоо болгодоггүй), “хайр энэрэлээр бялхам” (ө.х, Тэр эелдэг, уучлахад хэзээ ч бэлэн байдаг), “гай гамшгийг зөөлрүүлэгч” (ө.х, Тэр хүмүүсийн гэмийн үр дагаварыг сайнаар эргүүлэгч) юм.
Библи тэр чигтээ, Бурханы эдгээр зан чанарыг товойлгосон байдаг. Ионагийн урам хугарч, сэтгэлээр маш их унасан байдаг тул, үхсэн нь дээр гэж үзсэн. Бурхан дайсанд нь өршөөл үзүүлсэнээр, өөрөөс нь болон ард түмнээс нь нүүр буурууллаа, гэж бодсон.
Иона Бурханы хүсэлд өөрийгөө эн тэргүүнд зориулахын оронд, Израилын улс төрийн нөхцөл байдалд илүү анхаарч байсан нь гол дутагдал нь юм.
Өнөөгийн бид ч чуулганы амжилтанд алив зүйлээ зориулдаг боловч, Бурханы хүсэл зорилго болон ариун жишгүүдэд өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулдаггүй байж болох юм.
II. Эзэн Ионаг зэмлэж сургамжилсан нь (4:4-11)
Гэмтнүүд гэмшин, бузар муугаас эргэж, Бурханы өршөөлийг хүртэнэ гэдэг бол гайхамшиг бөгөөд, үүнд уурлана гэдэг бол Бурханы хүнд байж болшгүй зүйл юм.
Харин Иона уурласан. Гэвч Бурхан түүнийг хайрлан сургамжилсан. Ургамал ургуулаад, дараа нь хатааж устгасан үйлдлээрээ, аливаа бүтээлийг хөгжүүлж цэцэглүүлэх, устгаж үгүй хийх нь, Бурханы эрх мэдлийн асуудал юм, гэдгийг харуулсан. Нэг үгээр Ассири үндэстнийг бий болгож, Ниневе хотыг босгон байгуулсан нь Эзэн бөгөөд, устган сөнөөх, уучлан өршөөх нь Түүний л хүслээр байх болно. Энэ үйлсэд ямар ч үүрэг оролцоогүй Ионагийн хувьд, уурлах нь мунхаг хэрэг юм. Эзэн бол өрөвч, нийгүүлсэнгүй юм, гэдгийг харуулсан.

6. Номын хэлж буй үг нь Бурханы өнөөгийн хүмүүст ч мөн адил өгөгдсөн эсэх.

Хүн төрөлхтөний төлөөх Бурханы хайр нь, Өөрийнх нь ард түмэн, чуулганаас халин, газар дэлхийн төөрсөн хүмүүс рүү (итгэгч хүний амьдралаас халин, эргэн тойрных нь хүмүүст) хандсан байдаг. Энэхүү үнэн нь, Есүс Эзэн дагалдагчиддаа “...дэлхийн хязгаар хүртэл явж, авралын сайн мэдээг тунхаглан, бүх үндэстнийг дагалдагч болгохоор...” тушаасан (Мт.28:18-20) явдлаас харагддаг юм. Үүнийг хэрэгжүүлэх нь өнөөгийн чуулганы, итгэлийн хүмүүсийн үүрэг юм.

7. Номын гол сэдэв:

Агуу салхи (1:4), агуу шуурга (1:12), агуу загасыг (1:17) ашиглан дуулгаваргүй Ионаг, агуу хот Ниневе рүү илгээсэн. Ингэснээр Ниневе гэмшин аврагдсан. Үүгээр Агуу Бурханы, аврал өршөөлийн цар хүрээ хир агуу уудам болох нь харагддаг.

8. Номын бичигч.

Амиттаин хүү Иона (1:1), II Иеробамын хаанчлалын үед (МЭӨ 793-753) хойд Израилд эш үзүүлэгч байсан тухай (2Ха.14.25)-д өгүүлдэг. Түүний еврей нэр нь “Yonah” бөгөөд “тагтаа” гэсэн утгатай. Тэрээр Галилын Назараас хойш 3 миль (бээр) зайтай орших Гатхебер гэдэг жижиг тосгоноос гаралтай. Иона бол Бурханаас зугтах гэж оролдсон цорын ганц эш үзүүлэгч. Түүний эш үзүүлэгчийн үйчлэл нь Елишагийн дөнгөж дараахан болсон ба Амосынхтай (Амос 1:1) давхцдаг. Уг номонд бичээчийн талаар дурдаагүй ч, тухайн үед өөрийгөө 3-р биеийн хэлбэрээр өгүүлэн бичих нь нийтлэг байснаас үзвэл, Иона л бичээч байх магадлал их юм.

9. Номын зорилго

Энэ ном нь дараах таван зорилгын дагуу бичигдсэн.
I. Бурханы хайрыг харь үндэстнүүдэд болон Израилд үзүүлэх. Мөн тэдний дунд хийж буй Бурханы ажлыг дүрсэлсэн.
II. Хуучин Гэрээний үеийн харь үндэстний төлөөх авралын хэрэгцээ шаардлагыг үзүүлсэн
III. Ионагийн жишээгээр дамжуулан Израилын жинхэнэ зорилгыг харуулсан
IV. Сүүлчийн өдрүүдэд Еврейчүүдийн үлдсэн хүмүүсийн гэрчлэлийн ердийн зураглалыг үзүүлсэн.
V. Бурхан дуулгаваргүй зарцад арга хэмжээ авдагийг харуулсан

10. Та энэ номноос юу сурсан бэ?

Энэхүү номыг судалснаар олон зүйлийг шинээр харж, сурч ойлголоо. Үүнд:
I. Бурханы миний амьдралаар харуулахыг хүссэн тэр үйлсийг, бүхий л чадлаараа дуулгавартай хэрэгжүүлэх нь зохистойг ухаарлаа.
II. Бид хэчнээн сул дорой болж, муу хүсэл, бардам сэтгэлдээ хөтлөгдсөн ч, Эзэн биднийг хайрлан сургамжилдаг болохыг ойлголоо.
III. Бидний нүдээр харахад засрах, аврагдах ямар ч найдлагагүй мэт хүмүүс ч гэмшин эргэснээр, Эзэний өршөөлийг хүртдэг болох нь харагдлаа.
IV. Хэн нэгнийг аврах эсвэл шүүх эрх нь, зөвхөн түүнийг бүтээсэн Эзэнд л байдагийг нотоллоо.
V. Эзэний хүслийн дагуух бидний дуулгавартай байдал ямар гайхамшигт үр дүнг авчирдаг болох нь харагдлаа…
Энэ мэт олон зүйл сурч, ухаарч болохыг тус хичээлийн “Lesson from Jonah” хэсэгт маш тодорхой жагсаасан буй.

11. Хэрэв Хуучин Гэрээний номуудыг огт сонирхдоггүй хүнтэй уулзвал, та хэрхэн Хуучин Гэрээг унших хүсэл төрүүлэх вэ?

Би Ионагийн түүхийг сонирхолтойгоор ярьж өгнө. Хэрхэн Эзэн үгээ айлдсан. Энэ нь Ионад таалагдахгүй. Тэр зугтсан ба Эзэн далайд хүчит шуурга дэгдээсэн. Далайчид шавга татаж Иона дээр таарсан. Түүнийг далайд хаямагц, шуурга номхорсон. Далайчид Эзэнд мөргөсөн. Иона загасанд залгиулаад, 3 хоног ходоодонд нь амьд байсан.
Тэндээс Иона Эзэнд залбирмагц, загас түүнийг далайн эрэг дээр бөөлжин гаргасан. Улмаар хоёрдах удаагаа Эзэний Үг ирж, Иона дуулгавартайгаар дагасан. Үр дүнд нь харь үндэстэн Ниневечүүд гэмшсэн.
Харин Иона дургүйцэн гомдоллосон боловч Бурхан түүнийг хайрлан сургамжилсан зэргийг ярьж өгөх болно.
Энэ түүхээс өнөөгийн бид юуг ойлгож ухаарах ёстойг ч “Lesson from Jonah”-с хэлэлцэн ярилцана. Бас Эзэн Есүс ч (Мт.12:39-41) Өөрийнхөө загалмайн авралын аугаа үйлсээ, Ионагийн түүхтэй харьцуулан сургасан байдгийг заана.

12. Ном зүй
I. “Ариун Библи” Монголын Библийн Орчуулгын Хороо. Улаанбаатар хот. 2000 он
II. “Мэргэн ухааны бичээс болон зөнчдийн номнууд” хичээлийн материал UBTC, багш: Петрус Хандоёо 2007 он
III. “Бялхам амь судлал Библи” Дональд С.Стамп Life Publishers International, Улаанбаатар хот. 2006 он
IV. “Библийн хураангуй толь бичиг” Zondervan Corporation, Улаанбаатар хот. 2004 он





Шалгасан багш: Петрус Хандоёо
"Мэргэн ухааны бичээс болон Зөнчдийн номууд" хичээлийн гэрийн даалгавар
2007 он 1-р курс