Sunday, June 22, 2008

Монголын Нууц Товчоон дах тэнгэрлэг үзэгдлийн талаарх бодрол оршвой


Энэхэн цаг дор нэгэн сүнс хүмүүний хорвоод амьд оршигч болон төрөөд 37-н эргэх цагийг элээн амьдарч байваа. Түүнийг Монголхүү гэе. Монголхүү энэхэн насандаа өөрийн биеэр туулсан, давсан нилээдгүй, элдвийг үзсэн ба бас ч үгүй уншсан, мэдсэн, дуулсан сонссон нилээн арвин хэмээн өөрийгөө үнэлэн, дотоод сэтгэлдээ өөрийгөө дөвийлгөн өргөмжлөгч бөлгөө.

Мөн ирэх цаг дор бас ч гэж ихийг хийж бүтээх санаа агуулавч, хүмүүний ертөнцийн ороо бусгаа, цагийн салхины тогтворгүй хуйсганасанд баахан итгэл алдарч, ирээдүй нь бүрхэг тодорхойгүйд жаахан гутран явдаг байв. Түүний шүтээн болсон “Монголын нууц товчоо” хэмээх цуутай судраас сүр хүч, цог жавхлант өвгөдийн агуу намтар түүхийг сүслэн уншиж, тэдний тэмцэж ялж, унаж босож явсан энэхүү түүх тэртээ алсад эргэн ирэхгүйгээр өнгөрөн одсоныг ухаарахуй дор мөхөс, шоовдор, даржин дорд, хоёр их хөршийн нүдний харц, гарын зангаагаар дальдчин, гэрэвшин явах өнөө цагийн хөөрхийлөлтэй Монголтойгоо харьцуулан, бачимдан гансарч, гунигладаг ажгуу.

Гэтэл цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт цочир сонин нэгэн үйл явдал тохиолдсоноор түүний амьдрал орвонгоороо хөрвөөв. Тэр нэгэн үдэш Монголхүү жижигхэн өрөөндөө унтахаар гэрлээ унтраан дөнгөж хэвтмэгц сүүн цагаан гэрэл бүх биенээсээ сацруулсан, машид амгалан, хязгааргүй энэрэнгүйг гайхамшигтай хослуулсан, бүүр түүрхэн танил зүс бүхий Нэгэн гэнэт дэргэд нь хаанаас ч юм гараад ирвэй.

Тэр Нэгэн амьд Оршигч шаланд хүрсэн урт нэлэмгэр хувцастай, гартаа таяг барьсан байх бөгөөд Монголхүүд хандан гайхам сайхнаар мишээн ямар нэгэн зүйл өгүүлсэн боловч, алмайрч гайхан цочирдсон мань хүн огт сонссонгүй, эсвэл ойлгосонгүй байтал, хоёр нүднийх нь аньсгыг маш хүнд нойр доош нь чангааж, “унтах нь дээ“ гэсэн бодол тархинд нь гялсхийгээд тасарвай.

Маргааш өглөө нь эрт, тэрээр маш цовоо сэргэлэн, ухаан санаа саруул, зүрх сэтгэл баяр баясал дүүрэн ухасхийн босов. Тэгмэгц өчигдөр оройны өрөөнд нь гэнэт бий болсон Нэгэний тухай санамагц, Түүний бүхий л зүс царай, биенээс нь сацарч байсан сүүн цагаан гэрэл хамаг дотрыг нь сүлээд хаях мэт болов.

Пээ… Тэнгэр минь! Тэр одоо болтол амьд оршдог байх нь! Тэр ер нь Хэн бэ? Түүнийг төрснөөс хойш яагаад хүний ертөнцийн он тооллыг шинээр тоолж эхэлсэн юм болоо? Хүн төрөлхтөний гуравны нэг нь Түүний нэрийн дор, Түүнд итгэж шүтэж амьдардаг нь учиртай байх нь. Түүний талаар би ер нь юу мэддэг билээ?

Тэр 2000 жилийн өмнө загалмайд тэлэгдэж, хадагдаж үхээгүй гэж үү?! Тэр яагаад над дээр ирэв ээ?! Ер нь амь амьдрал гэж юу вэ? Би хэн бэ? Би болон хүн төрөлхтөн хаанаас бий болсон, яах гэж амьдардаг вэ? Дараа нь хаачих вэ? Юу болох вэ? Бүх хэлтэн, үндэстэнгүүдийн бүх л түүхийнхээ туршид өөр өөрсдийн хэлээр дуудаж, аврал эрж, шүтэж мөргөж байдаг Ариун Дээд Нэгэн үнэхээр оршин байдаг уу? Байдаг бол хаана байдаг вэ? Тэр хүн төрөлхтөнтэй ямар хамаатай вэ? … гэхчилэн урьд нь огт бодож байгаагүй мянга түмэн асуултууд хаанаас ч юм гарч ирэн жижигхэн бөндгөрт нь багтаж ядан чихэлдэж, ам хамраар нь булталзаж, нүдийг нь бүлтэлзүүлж, чихийг нь дүнгэнүүлэн борхон зүрхийг нь булгилуулах ажээ.

Монголхүү элдэв асуултанд ээрэгдэн гайхширан санааширсаар ажилдаа явах замдаа гэнэт нэгэн зүйл анзаарсан нь, тэрээр хүмүүний ертөнцийг шал өөр нүдээр харж байгаагаа мэдрэв. Зүйрлэвэл маш их гаж нөлөөтэй толинд туссан тусгал харж байгаад гэнэт эргээд жинхэнэ дүрийг харах мэт сонин мэдрэмж төрөх ажээ. Түүний ажил төрөл индүүдсэн мэт бүтэмжтэй, өө сэвгүй байсан боловч яагаад ч юм өөрт нь огт сонирхолгүй байлаа.

Тэр боломжийн ирээдүйтэй, ашиг орлоготой ажил албаа орхин Тэр Нэгэн амьд Оршигчийн тухай болон орчлон ертөнцийн талаархи элдэв судар, ном товхимол олж аван, жижигхэн өрөөндөө уншин эргэцүүлж, бясалган суух болов оо?! Ийнхүү ухааран сэхээрэх явцад оршихуй, эс оршихуйн утга учрыг, хайрлахуй эсвэл үзэн ядахуйн зааг хязгаарыг даван, Мөнхийн Төгс амар амгалан, гэрэл гэгээ, цог залийн орны нууц хөшгийг нэвтлэн орвой.
Эзэн бол бидний Бурхан
Энэ дэлхийг энэрэн Хайрлагч
Эрхэмсэг оршихуй, тэнгэрлэг ухааных нь
Эрх чадал, сүр хүч хязгааргүй.
Алтан наран , мөнгөн саран, амьсгалах агаар , ундаалах ус
Од мичид, орон зай, цаг хугацаа, цаглашгүй түүх
Уул толгод, ой хөвч, тэнгис далай, тив дэлхий
Улс үндэстэн, отог овог, ургамал амьтан бүхий л бүтээл
Зөвхөн Түүний л Үг тушаалаар
Зөв зохистойгоор оршин тогтнодог
Эх орон, элбэрэлт түмэн, эцэг эх, эгч ах дүүс ч
Энхрий хань, үр хүүхэд ч, анд нөхөд, амраг садан ч
Эргэн тойрны бүхий л амьдрал
Эрхэт Эзэний хүсэл тааллаар
энэхэн биенд өгөгдсөн үнэнийг ч танин мэдэхүй дор, энэхүү нууц биш нууц илчлэлтийг ойлгон ухаарсан нь мөхөс түүний гавъяа, хүчин зүтгэлээр бус, харин Төгс Төгөлдөр хэмжээгүй эрхэт Нэгэний нигүүлсэн үзэж, золин авсны ачаар болохыг ч ухааржухай.

Тийнхүү Түүний дотор, Түүний мөн чанар лугаа сүлэлдэн нөхцөлдөж, суралцан өөрчлөгдөхүй дор, өнөөх хуучин сүсэглэл бишрэл, харуусал гансралынх нь үндэс болсон “МНТ”-гоо нүд нь нээлттэй, оюун нь онгорхой, зүрх нь гэрэлтэй нэгний байр суурь, сэтгэлгээгээр харах, тунгаах, үнэлэх хувь тохиосонд үнэхээр талархах ажээ.

Энд тэрбээр “МНТ”-ний утга уянга, яруу зохицолын талаарх болон түүхэн нөхцөл, агуулга санааных нь тухай, бүр эсвэл ач холбогдол, үр жимснийх нь өгөөжийн талаар ч юм уу, өчүүхэн эрэгцүүллээ тэрлэхийг зүрхэлсэнгүй. Учир юун хэмээвээс цуутай луглагар судлаачид, сартваахи нар олон он жилийн туршид оломгүй ихийг судлаж нээж, ойлгож ухаарч, тэрлэн үлдээсэнтэй мөхөс эрэлчин (оюутан) түүний бяцхан эрэгцүүлэл яахан зиндаархана хэмээн санасны тул болой.

Харин тэрбээр энэхүү агуу гайхамшигт, үе үеийн олон мэргэдийн судлахуй дор үл барагдах уурхай, илчлэхүй дор үл дуусах “нууцын” доторхи “үлгэр домог” гэгдэн олон хүнд үл анзаарагдах тэнгэрлэг үзэгдэл, сүнслэг үнэний талаарх өчүүхэн бодролоо хуваалцахыг зорьжухай.


Эргэх нэгэн цаг дор эгэл малчин, эсвэл эрэмгий баатар аль нь болох нь тодорхойгүй боловч дээд тэнгэрээс заяат төрснийг нь онцолсон Бөртэчино гэгч нэгэн эрхэм, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гаталж ирээд, Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутагласан талаар түүх эхэлжухай. Энэхүү бичээс нь үнэхээр үнэн түүх болохыг;

Тэргүүнд уул усны нэрийг чухалчлан дурдсанаас мэдэж болно. Аливаа "үлгэр домог" хэмээх утга зохиолын төрөл зүйл нь бусдад сургамж, ухаарал өгөх зорилгоор, бодит амьдралын үйлс явдал, өрнөл хөгжлөөс тэс өөрөөр, дэндүү хийсвэрлэл бүхий төсөөлөл зүйрлэлийг ашигласан байх бөгөөд гол онцлог нь газар орон, уул усны нэр алдар нь бүрхэг тодорхойгүй, эс бөгөөс ямар ч барьцгүй зохиомол болох нь (Сүн далай, Сүмбэр уул … г.м) ил баймой.

Харин энэхүү дурдагдсан Онон мөрөн ч он цагийг элээн одоог хүртэл мяралзан урссаар, нэр ус нь өөрчлөгдөн бүрхэг болсон боловч нууц түүхийн турш дурдагдсаар, гол баатар Чингис хааны амь насыг нь аварсан гэгдэн шүтэгдэж, онгологдож байгаа Бурхан халдун уул ч дүнхийсээр л байгаа нь бүхэнд ил бүлгээ.

Удаахи нь “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэсэн тодотгол болой. Энд ямар нэгэн ухаан санаанд багтамгүй хүчирхэг баатар (Жангар, Гэсэр … г.м), гэрийг нэвт гэрэлтдэг гоо бүсгүйн талаар, бүр эсвэл жигүүртэй гуурстай хүлэг морины тухай дурдагдсангүй.

Монголхүү бээр өөрөө хүмүүнийг харахад эгэл нэгэн боловч, Дээд Нэгэний сонголт, ивээлээр Ариун Сүнсээр нь тослогдон тамгалагдаж төрөл арилжин (дахин төрж), тэнгэрлэг оршихуй, сүнслэг үнэний ертөнцөд амьдрагч нэгэн тул энэхүү тодотголын цаана ямархуу мөн чанар, үнэн илчлэлт нуугдаж буйг гүнээ мэдэрмой.

Бүр магад өөрийнх нь адил Сүнсээр ч биш, харин махбодийн биеэрээ Алун-гуагаас мэндэлсэн үр ач нар шигээ Гэрлээс мэндэлсэн нэгэн байхыг ч үгүй гэх газаргүй юм. Энэ талаар илчлэгдсэн үнэний оргил болох Библи сударт зарим мэдээ баримт дурдаастай байдаг нь Адам, Ева нарын бүтээгдсэн болон Бурханы хөвгүүд хүний охидтой гэрлэн, хүчирхэг баатарлаг хөвгүүдийг төрүүлсэн тухай, бүр эсвэл бяцхан Есүсийн мэндэлсэн тэнгэрлэг гайхамшигт үйл явдал нь ч, хүн зөвхөн сексийн үр дүнд төрдөггүй болохыг гэрчилсэн гэрчлэл болдогтой агаар нэг юм.

Гутгаар нь Бөртэчино, Гуа-Марал нарын нэр болой. Оргүй юм гэж үгүй, оготногүй сүүл гэж үгүй гэж үг байх бөгөөд мөн орчлонгийн үнэний тухай Библийн сударт дурдагдах баатруудын нэрс ч аливаа утга агуулга, зорилгыг тодорхойлсон байх нь олонтаа. Жиш: Абрахам буюу үндэстнүүдийн эцэг, Исаак буюу инээмсэглэл, Израил буюу ялагч нэгэн, Петр буюу хад … г.м. Энд ч Бөртэчино гэсэн нь хувь хүний мөн чанар, зан байдлын төлөвшил, хувь заяаны оноолтыг илэрхийлсэн байх бүрэн боломжтой бөлгөө.

Монголхүү бээр энэхэн насандаа олон улс үндэстний хил хязгаарыг даван, олон цөөн жил сараар харь газар амьдарч үзэх явцдаа олон ч найз нөхөд бүхий нөхөрлөж дотносон, амьдрал ахуй, үзэл бодлыг нь ажиглан шинжиж явсан бөлгөө. Гэвч эгэл хэдэн монгол шиг нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой нь үгүй болохыг олонтаа анзааржухай. Эгэл даруу мэт боловч энэ ард түмний дотоодод ямархан нэгэн гал үргэлж асаатай, цог уугиастай, бөгөөд өөрийн дүрэлзэн бадамлах цагийг хүлээн тэсэн ядах мэт.

Хүчтэй, бие даасан, аливаа нөлөөнд амар автахгүй, даган хуйлрахгүй, өөрийн зүгээс үнэлэлт дүгнэлт, үзэл бодлоо часхийтэл ноён нуруутай өгчихдөг, амьдрах тэмцэх дасан зохицох онцгой чадвартай, шулуун шударга болон ов залийг гайхалтай хослуулсан өвөрмөц хувь чанар нь эгээ л эрийн сайнаар өл хоолоо залган, эрх дураар амьдрагч хийморлог нэгэн араатан лугаа дүйсэн нь гайхмаар. Гуа-Маралын хувьд ч адил. Эрх дураар ой тайгадаа дүүлэн явагч үзэсгэлэнт цэмцгэр, эрхэмсэг тэнгэрлэг нэгэн согоог үргэлж санагдуулна.

За ингээд угийн бичиг цаашилсаар Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн нарын үед ирвэй. Энд Дува сохор ах нь магнай дундаа ганц нүдтэй, гурван нүүдлийн газар харагч нэгэн болой. Хэдийгээр Эзэн хүмүүнийг хоёр нүдтэйгээр бүтээсэн боловч, магнай дээрээ ганц нүдэт нэгэн төрөлтний талаар эртний грек, түвдийн түүхэн сурвалж, утга зохиол урлагт дурдсан байдаг нь нэн хачирхалтай.

Баатар дайчин Одиссей аян дайнаас буцаж яваад, энгүй далайд төөрөн эгэл бус арал дээр ирсэн нь магнай дээрээ ганц нүдтэй аварга биет Циклопын эзэмшил байсан тухай эртний грек найраглалыг эрхэм уншигч та мэднэ буйзаа. Үнэхээр өнөө бидний үед Газрын Дундад Тэнгисийн нэгэн арлаас 3.5 м орчим өндөр биед л зохицох, духандаа ганц ухархай бүхий аварга гавлын яс олдсон нь эртний түүх, утга зохиол, домог үлгэрт хандах басамжлангуй, үл тоомсорлосон, хэт логик (шинжлэх ухаан ч) хэвшмэл сэтгэлгээг бут цохисон үйл явдал болсон юм.

Энэ талаар ч өнөөх л Библи дээр бас л зарим зүйл бий бөгөөд энэ нь хүн төрөлтнөөс өмнө аварга биет Нефилим төрөлтөн энэ ертөнцөд оршин амьдарч байсан тухай мэдээ баримтууд бөлгөө. Ер нь логик позитивизм (баримтыг голчилдог үзэл) ба эмперисизм (туршилгыг голчилдог үзэл) нь бидэнд харагдахгүй байгаа л бол тэр нь ямар ч ач холбогдолгүй гэж үздэг нь өнөө үед шинжлэх ухааныхны хүрээнд ч ямарч үр жимсгүй, үхмэл хандлага гэж үзэгдэх болсон нь эрхэм уншигчдад ил болов уу гэж бодмой.

Үнэндээ чухал ач холбогдол бүхий бодит байдал ихэнхдээ нүдэнд харагддаггүй болохыг Монголхүү бээр амьдралаараа ухаарсан болой. Хүмүүний таван мэдэрхүйгээр л мэдрэгдэх хязгаарлагдмал орчинд судалгаагаа өрнүүлдэг аливаа танин мэдэхүй нь (шинжлэх ухаан нь) тун хялбархан ямар ч хэрэггүй дэмий хоосон зүйлийн судалгаа хийдэг мухардмал салбар болон хувирдаг болохыг өнөөгийн шинжлэх ухааны өөрчлөлт шинэчлэлт, дэвшил хөгжил харуулсаар буй бөлгөө.

За ингээд цаашилбал зөвхөн “МНТ”–д ч бус бүх үеийн турших монгол сэтгэлгээ, зан үйл, ёс зүйн хүмүүжилд (орчинд) томоохон ач холбогдол бүхий байр суурь эзэлдэг Алун-гуа эхийн тухай өгүүлэмжид хүрлээ. Түүнийг бодит хүн байсан эсэх талаар одоо ч тодорхой шийдэлд, нэгдсэн үзэлд монголын өнөөгийн түүхчид хүрээгүй талаар сонсохдоо Монголхүү үнэхээр гуниглажухай.

Яаж ч бодоожоор бодит хүн болох талаар судар өөрөө гэрчлэн мэдээлж байна. Түүнийг “… Хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас, хорь түмдийн нутаг Ариг ус гэдэг газар төрсөн…” тухай хоёр дахин тодорхойгоор дурдсанаараа болон түүний эх Баргужин гуагийн үүсэл гаралыг хүртэл нарийн тодорхой өгүүлснээрээ “нууцыг тэрлэгч” маань өнөөх “лут” түүхчдэд өвөг дээдэстээ эргэлзэнгүй, сэжиглэнгүй хандах нь өөрийгөө үгүйсгэн доромжлох мунхаг гэм болохыг сургамжлах мэт.

Мөн түүнчлэн хэрхэн юунаас болж төрөлх нутгаасаа дайжин нүүж явсан учир шалтгааныг ч тодорхой өгүүлсэн нь, ямар ч хийсвэрлэл, зөгнөл үгүй бодит ахуй амьдралын үнэн байх бөлгөө. Улмаар Алун-гуа эхийн хэвлийд Гэрлээс олдон мэндэлсэн Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг нарын түүх нь нэн тэнгэрлэг гайхам, содон үзэгдлийн талаарх түүхэн баримт хэмээн Монголхүү бээр үзмой.

Тэрбээр өгүүлэмжийнхээ эхэнд л өөрт учирсан өндөр дээд эрхэмсэг, тэнгэрлэг үзэгдэл болон түүний үр дагаврыг тухайлан дурдсан нь чухамдаа энэхүү түүхэн гайхалтай үзэгдэл нь үнэн бодит болохыг л батлан гэрчлэхийн тулд болой. Хамгийн Дээд Нэгэн зорилгогүйгээр, утга учиргүйгээр, мөхөс гэмт хүн шиг цаг нөхцөөсөн, зугаа болгосон үйлийг хийдэггүй бөгөөд ертөнцийн сууриас өмнө юуг, хэрхэн яаж хийхээ нарийн төлөвлөсөн байдаг ба түүнийхээ л дагуу яв цав үйлдэн, хэрэгжүүлдэг болохыг Ариун Судар ч, Монголхүүгийн хувийн туршлага ч тодорхойгоор нотолдог билээ.

Хүмүүн төрөлхтөн үе үе өөрсдийн мөхөс сэтгэлгээнийхээ өчүүхэн ололтонд бардамнан, махан биеийн тав тух, таашаалын буулганд орж сэтгэл ханан, хөгжил цэцэглэлтийн мухардмал хүлээсэнд орж зогсдог ба энэ нь улмаар мөхлийн ирмэгт аваачдаг нь түүхийн нэгэн үнэн бөлгөө. Харин Ариун Дээд Нэгэн хайрлан энэрснийхээ улмаас, Өөрийн сүр хүч, эрх мэдлээрээ сэгсэрч хөдөлгөн, урагш түлхэн хөтөлдөг болохыг Бабелийн цамхагийн түүхээс бид мэдэх билээ.
Үнэхээр ерөөл ивээлийн үндэс, Ертөнцийн Дээд Бүтээгчийн оноосон товлосных нь дагуу, тэнгэрлэг Оршихуйнх нь хүч чадал, ариун төгсийг нь мэдэрсэн нэгэн нь л өнгөрсөн, одоо, ирээдүйн үнэн хэлхээ холбоосын утга учрыг ухаж, ухаан бодол нь тэнийх тул Алун-гуа эхийн, өөрт учирсан тэнгэрлэг үзэгдлийн хэтийн зорилгыг үнэн зөвөөр тайлан “…Түүнээс үзвэл, тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ…” гэж эш үзүүлсэн нь нэг их гайхмаар зүйл биш юм.

Тэрхүү эгэл малчин бүсгүйн өчүүхэн хөвүүддээ эв нэгдлийг чухалчлан захиж, хайрлан сургамжилж, зүйрлэн мэдрүүлж, сэргээн ухааруулсан нь ч Ариун Сүнсний л хүч онгодоор тослогдон ерөөгдсөний үр дүн бөгөөд тиймдээ ч он цагийг элээсэн амьд хүчирхэг сургаал болж, үе үеийн баатарлаг хөвгүүд, ухаант охидын ёс суртахуун, гоо зүйн хүмүүжлийн гол суурь байж чаджухай.

Үнэхээр Бодончар мунхагийн удмаас түүхэн гоц үзэгдэл болох "хамгийн хаан Чингис" мэндэлж, түүгээр дамжуулан шашны болон мухар сүсгийн, оюуны болон эдийн засгийн, улс төрийн болон анги давхаргын ялзрал, бурангуй харанхуйд түгжигдэн гацаж, дов довон дээрээ Бабелийн цамхаг босгосон байсан хүмүүний ертөнцийг сэгсрэн сэрээж, урагш түлхэн хөгжүүлсэн нь маргашгүй түүхэн үнэн билээ.

Энэхэн цаг дор хоёр хүчирхэг их үндэстний дунд дорд өчүүхэн Монгол өөрийн өвөрмөц байдлаараа ялгаран өдгөөг хүртэл уусч нэгдэлгүй хоцорсон нь ч хүмүүний логикоор тайлбарлагдахгүй бөгөөд зөвхөн тэнгэрлэг төлөвлөгөө, агуу зорилгынхоо улмаас Эрхэм Дээд Нэгэн энхрийлэн хаацайлснаар л тайлбарлаж болно.

Эдүгээ цаг дор энэ ертөнц дахиад л тэнгэрт тулам оройтой Бабелийн эрин үед амьдарч буй бөгөөд
Гэвч хүмүүний гэнэн оюун харалган
Гэрэл гэгээг харах зүрх нь харанхуй
Гэмт хүсэл, шунал тачаалд хүлээстэй
Гэтэж хулгайлж, өшиж хорсон амьдардаг.
Эд хөрөнгө, эрх мэдлээрээ бардамнагчид
Эрдэм боловсрол, нэр алдрыг шүтэгчид
Эзэнээс эмээх, хүндлэх, хайрлахыг үл тоомсорлон
Эрх дураар бузар мууг үйлдэцгээнэ.
Харин та нар үнэнийг мэдтүгэй
Хаанаас амьдрал үүсдгийг сонстугай
Аз жаргал, амар тайван
Амжилт ололт, хөгжил цэцэглэлт
Ашид мөнхийн гэгээн амьдрал
Аврагч Есүсийн л дотор байдаг юм.
Алтан дэлхийг уучлан энэрсэн
Агуу Хайр нь төгс хязгааргүй
Амийн үнэнийг хайж эрэлхийлэгчдэд
Алтан сургаал нь гэгээн ухаарал
Айж гэмшин эргэн амьдрагчда
д
Амьд Үг нь гэрэлтүүлэгч дэнлүү гэдгийг л тунхаглуулхаар, энэ л тэнгэрлэг эрхэм хувь заяа, онцгой зорилгын төлөө энэ үндэстний таригдсан бөгөөд услагдсан, ургуулагдсан бөгөөд ашиглагдсан, хайрлагдсан бөгөөд хадгалагдсаны учир оршдог гэдэгт Монголхүү бээр чин зүрхнээсээ итгэдэг болой.
Ингээд цаашилбал их зүйл яримаар байвч, өндөр дээд багшийн алтан цаг нь хайран тул бас энэхүү нууц биш нууц түүхийг тэрлэгчийн талаарх өчүүхэн бодролоо өргөснөөр энэхүү эсээгээ дуусгая. Түүний талаар “зохиогч” гэж ярих нь тийм ч ончтой биш. Учир юун хэмээвээс огтоос байхгүй, эсвэл болоогүй зүйлийг оюун санаандаа ургуулан төсөөлж, түүнийгээ хуудсанд буулган худалдахыг “зохиол бичих” гэнэ.

Харин түүх нь хэн нэгэн мөхөс хүмүүний зохиож бодсоноор, дэглэн найруулснаар өрнөөгүй байдаг ба хүмүүний түүхийн бүхий л хувь заяаг Хамгийн Дээд Нэгэн нь мутартаа атгаж, Өөрийн хүслээр удирдаж байдгийг бид мэдэх билээ. Тэрлэгч бээр өөрийн нэр алдар, албан тушаал, байр суурийг өчүүхэн ч дурдсан нь үгүйгээс гадна, энэхүү түүхийг ямар зорилгоор яахин ийнхүү тэрлэж буйгаа тодорхой өгүүлсэнгүй.

Өнөө цаг дор олон эрдэмтэн мэргэд, хэдийгээр эрдэм ухааны оёоргүй оргил руу мацахдаа амжилт ололт, мэдсэн дуулсан ихтэй, олон ардаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь олонтаа ч нэр алдар, ашиг сонирхол, шунал хүслийн хүлээснээс ангижраагүйгээс ч тэр үү, Ариун Нэгэний өмнө үүрэг хариуцлагатайгаа мэдэрдэггүй, ухаардаггүйгээс ч тэр үү, энгүй их түүхийг өөрөө зохиочихсон мэт ярьж, хэлж, бүр бичиж, цаашлаад өмчлөн маргаж, нэр алдар булаацалдан, ашиг орлого тооцож суух нь элбэг болжухай.

Ер нь бол ертөнцөд цорын ганц Дээд Үнэн (Христ) оршдог ба биднийг тойрон хүрээлж буй бусад бүх үнэн (бодит амьдрал) нь Түүнээс л эх сурвалжтай юм. Тэр дундаа хүмүүн төрөлхтөний бүхий л гарал үүсэл, түүх намтар нь He is story (History) болохыг оюун нь онгорхой, зүрх нь нээлттэй хэн бугай ч мэдэж, хүндэлж, биширч, эмээдэг билээ.

Иймдээ ч манай тэрлэгч маань Эзэний удирдан босгосон энэхүү агуу түүх нь, өөрөөс нь огт хамааралгүйгээр өрнөснийг ухварлаж, мөн Чингис хаан бол түүхэн онцгой содон үзэгдэл бөгөөд энэхүү үзэгдлийн түүхэн учир шалтгааныг хойч үеийнхэнд бичиж үлдээх нь зайлшгүй шаардлагатай болохыг ухаарсан нэгэн бөлгөө.

Өөрөөр өгүүлбээс тэрбээр Ариун Дээд Нэгэний өмнө болон Түүний ард түмний өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан, Түүний бүтээн туурвиж буй их түүхэнд орон зайгаа мэдэрсэн, эгэл мэт боловч эгэлгүй нэгэн ажгуу. Учир юун хэмээвээс, өнөөх суут (МНТ) судрын бичлэгийн бүтэц, эмх цэгц нь, мөн яруу уянгалаг хэллэг болон зохиомж бодрол нь яагаад ч эндүүрэх аргагүйгээр Ариун Судар лугаа агаар нэгэн ажгуу.

Бас нэгэн зүйл нь, мөнхүү тэрлэгч маань алдар суут, агуу баатар хаан Чингисийн хар бага наснаасх алдаа эндэл, буруу зөрүүг, ололт амжилт, мандал бадрал лугаа хамтад нь айж ичиж, эрээлж гэрэвшилгүй, үнэн мөнөөр нь өгүүлсэн нь эгээ л өнөөх алдарт Давид болон бусад цуутай Бурханы хүмүүсийн намтарыг санагдуулмой.

Эндээс тэрлэгчийн, тухайн түүхэнд ямархуу байр сууринаас хандаж, ямархуу үзэл бодол, оюун сэтгэлгээ, сүнсний өндөр төлөвшлөөс харж бичсэн нь анзаарагдахуй дор, Мөнхийн Эзэний Ариун Сүнсээр хөглүүлэн хөтлүүлэн, мөхөшгүй Үг сургаал, илчилсэн Үнэнийг нь тэрлэн бичиглэсэн өнөөх алдарт эш үзүүлэгчид, тахилчид, хаад дээдэс болон Эзэний алдарт элч нар лугаа эгээ адил нэгэн болох нь анзаарагддаг.

Түүний тэрлэсэн түүх нь (МНТ) эрт эдүгээгийн удам судар, угсаа гарал, эгэл хүмүүний логик ухаанд үл багтах тэнгэрлэг гайхамшиг, цөс хөөргөсөн сүрт тулаан, цус царцаасан аймшигт шүүлт, нүгэлт хүмүүсийн хилэнцэт үйлс, андын ачлал, нөхрийн тус, хаадын эвдрэлцэл, хамтрагчдын урвалт, тэнгэрлэг уучлал, өгөөмөр нигүүлсэл, уй гашуу, баяр хөөр, эгэл ахуй, энгийн амьдрал, засгийн бүтэц, зарлиг тушаал… г.м-ийг эгэл хэдэн үгээр нүдэнд үзэгдэж, сэтгэлд мэдрэгдэж, үйл явдалд уусан ортол өгүүлсэн нь бахтай.

Ариун Сүнсний онгодоор, Ачит Эзэний ивээлээр энэхүү (МНТ) нууцын лацыг нээх эрдэмт хөвгүүд, оюунт охид олноор төрж, эрхэт ардынхаа үүсэл гарал, үндэс угсааг үнэн зөвөөр шинэчлэн сэргээж, зааж сургаж, захиж мэдүүлж, хиймэл шүтээнээр мунхарсан олон ардын зүрхэн тольтыг баясгаж, мэлмий юуг нь нээх цаг ойрхон гэдэгт эгэл эрэлчин Монголхүү би итгэдэг гэдгийг гэрчилснээр энэхүү эсээгээ өндөрлөе.


 


Шалгасан багш: Болормаа UBTC
"Монголын түүх" хичээлийн гэрийн даалгавар N.2
17.12.2007