Tuesday, June 24, 2008

Текст: Иохан 9:35-41 Шүүлтийн төлөө ирсэн Эзэн



7-р алхам: Номлол: Сайн байцгаана уу? Өнөөдөр, энэ мөчид, Эзэний аугаа Чуулганы өмнө зогсоод, Түүний амьд Үгнээс хуваалцах болсон нь мөхөс миний хувьд үнэхээр их нэр төрийн хэрэг юм. Энэхүү боломжийг олгосон Есүс Эзэндээ талархаж байна. За бүгдээрээ Эзэний Үгийн төлөө, энэ эрхэм цагийн төлөө залбирцгаая!

Тэнгэрлэг аугаа Их Эцэг минь! Таньдаа үнэхээр их талархаж байна. Сул дорой бидний төлөө цорын ганц Хүүгээ илгээсэнд, Түүний золилтоор бидний гэм нүглийг уучилсанд баярлалаа. Энэ мөчид бидэнтэй хамт байж, Таны Үгийн нууцуудыг илчлээч гэж гуйж байна. Үнэнээр болон сүнсээр Үгийг тань ойлгон ухаарч, хүлээн авах нээлттэй зүрх сэтгэлийг зөвшөөрнө үү?! Энэ Ертөнцийн, бас энэ цагийн Эзэн нь та билээ. Бүхнийг Таньдаа даатган, Их Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амээн.

Оршил: Би хоёр америк бүсгүйг таньдаг юм. Тэр хоёр Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвд хүүхдийн эмчээр ажиллацгаадаг. Бас тэд яармагт хашаа байшинтай. Тэндээ “Итгэл нөхөрлөл” гэдэг ТББ байгуулаад хариуцан ажиллуулдаг. Тэр байгууллага нь хаягдсан, орхигдсон, өнчирсөн балчир хүүхдүүдийг асран халамжилж өсгөх зорилготойгоор байгуулагдсан.

Манайхны амьдрал ядуу тарчиг, хүнд хүчирээс, дээрээс нь бас оюуны хоосрол болон бусад олон шалтгаанаар, эхчүүд хүүхдээ төрүүлээд хаядаг, эмнэлэг дээр орхиод зугтаадаг тохиолдол нилээн элбэг болоод байгаа юм байна. Тиймэрхүү хүүхдүүдийг цуглуулснаар, миний хамгийн сүүлд сонссоноор, 25 орчим нялх нялзрай, 0-4 насны хүүхдүүд байгаа сурагтай. Тэдний дунд бүр хогийн савнаас олдсон хүүхэд ч байдаг гэнэлээ.

Тэдний хоол хүнс, сүү тэжээл, солих даавуу, памперс, өлгий болон хувцас хунар, бас арчлагч асрагч, туслах ажилтан хөлслөх, тэдний цалин мөнгө, хоол унд, бүр цаашилбал гэрэл цахилгаан, түлээ нүүрс, усны, хогны мөнгө зардал гэхчилэн маш олон зүйлийг өөрсдөөсөө золиос гарган хариуцаж байдаг. Тэгээд ч зогсохгүй Рита нь 3-н монгол хүүхэд, Маржи нь 1 монгол хүүхэд өөрсдөө үрчлэн аваад өсгөж хүмүүжүүлж байдаг.
Би тэднээр үнэхээр бахархдаг.

Эзэний хайраар гэрэлтэж, ариун Нэрийг нь өндөрт өргөж байгаагийнх нь төлөө. Мөн тэр алс холын орноос ирээд миний ард түмнийг хайрлаж, өөрсдийгөө золиослон зориулж байгаагийнх нь төлөө бахархдаг, бас баярладаг. Нөгөөтэйгүүр би ичдэг. Би өөрөөсөө ичдэг….(хэсэг чимээгүй байна…)

За бүгдээрээ Ариун Судараас уншицгаая! Шинэ Гэрээний “Иохан” номын 9-р бүлгийн 35-41-р ишлэлийг гаргая. (Шинэ Гэрээний 152-р хуудсанд байна) За би уншиж өгөе! Та бүхэн анхааралтай тулган харж, тунгаан бясалгана уу?

Библийн багцлалыг уншина…
Бага оршил: Бид,…Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, ….Таны хаанчлал ирэх болтугай!.... гэж залбирцгаадаг. Нууцгүй хэлэхэд зарим маань бүр, юу гуйж залбирч байгаагаа ч мэддэг эсэх нь эргэлзээтэй. Маань мэгзэм аятай, эсвэл цээжилсэн шүлгээ цэцэрлэгийн хүүхдүүд багшдаа (аав ээждээ) уншиж шалгуулж байгаа ч юм шиг, амны уншлага болгосон нь анзаарагддаг.

Аливаа засаглал, эрхмэдэл гэдэг нь цаад утгаараа яллалт буруутгал, бас өмгөөлөл хамгаалалт гэсэн тулгуур ухагдахууныг агуулдаг. Засаглал бидний гэм бурууд ял зэмлэл, шийтгэлийг онооно. Бас засаглал биднийг элдэв дайралт, гэмт халдлага, заль мэх, бузар булайгаас хамгаална. Нэг үгээр шүүлтийг хэрэгжүүлэгч гэсэн үг.

Гэтэл, Тэнгэрлэг Эцгийн маань төгс Хаанчлал гэдэг нь, хамгийн сонгодог, төгс засаглал юм. Тэнд ямар ч зөвшилцөл, найраа, мэтгэлцээн буюу ямар ч ардчилал байхгүй. Аугаа сүр хүч, цог жавхлан, Ариун байдлаараа Эзэн л бүрэн эрх мэдэлтэйгээр бүхнийг захирна.

Түүний Ариун Ариун Ариун Төгс оршихуйн дэргэд ямар ч бузар муу нь хамт байх аргагүй. Хуйхлагч ариун гал бүх бузрыг шатаан устгадаг. Өөрөөр хэлбэл Бурханы Хаанчлал ирэхэд төгс шүүлт явагдаж, төгс өргөмжлөл шагнал, (ариун хүмүүст…), төгс яллалт шийтгэл (гэмт бузар хүмүүст) ирнэ гэсэн үг. Хаанчлал ирэх болтугай гэж гуйгаад байгаа та бид, үүнд бэлэн байна уу?!...

Танд оноосон үүрэг даалгавар хэрэгжсэн үү?!... Та хангалттай өөрчлөгдөж, ариуссан уу?!... Таны ойр дотныхон чинь, хайрладаг хүмүүс чинь, бүгд Христ рүү ирсэн үү?!.... Та өөрийн талантыг өсгөж арвижуулсан уу?! эсвэл газар булчихсан уу?!...

Бие: Тэгэхлээр Судараас, Есүс энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэнээ тунхагласныг уншлаа. Гэтэл бас сонирхолтой, эргэлзээтэй зүйл байна. Бүгдээрээ 159-р хуудсыг гаргаад “Иохан” номын 12-р бүлгийн 47-р ишлэлийг уншицгаая! Уншина….

Энд Есүс огт өөр зүйл,… Би ертөнцийг шүүхийн тулд бус аврахын тулд ирсэн юм, гэж байна. Энэ нь ямар учиртай юм бол оо?!..... Ер нь Библи үргэлж хоёр туйлыг сөргүүлэн тавьж, бидний оюун бодолд, зүрх сэтгэлд бодролыг, асуултыг асааж байдаг. Та тэгэж хардаг уу?!

Гэрэл ба харанхуй, ариун ба бузар, бардамнал ба дорд даруу байдал, хоосон ба дүүрэн, өршөөл уучлал ба үзэн ядалт, хайр энэрэл ба уур хилэн, амь ба үхэл… гэх мэтээр. Энд бас л 2 туйл яригдаж байна. Эзэн тэгээд шүүлтийн төлөө юу? авралын төлөө юу?.... Хүн ингэж Эзэнээс болон өөрөөсөө асууж, гайхаж эргэлзэн, тунгаан бясалгаж, хариултыг нь хайж эрэлхийлэх ёстой юм болов уу? Тэгснээрээ Эзэнтэй улам ойр дотно, амьд харьцаатай болох ёстой юм болов уу? Энэ нь ч Библийн зорилго юм болов уу даа! гэж би заримдаа боддог юм…

Ер нь шүүлт гэдэг нь ямар утга, ойлголт, ухагдахуун цаана агуулж байдаг юм бол оо?!... Энэ нь Библийн нэг онцгой түлхүүр үг юм. Энэ үгтэй холбоотой 186-н ишлэл Библьд байдаг юм билээ. Олонхидоо бид энэ үгийг сонсмогц зүрхэнд маань сэрдхийсэн айдас болгоомжлол босдог. Тэгээд, араас нь яллалт, буруутгал, шийтгэл гэдэг утгууд бодол оюунд маань эргэлдэж эхэлдэг. Тэгээд л шууд л өөрийгөө хамгаалах төрөлх гэмт зөн үйлчлэн, гарц барьц хайн тэмтчинэ.

Библийг шүүгдэж буй хүний айдсын нүдээр унших юм бол, эхнээсээ эцэс хүртэл аймшигтай, эрс шийдэмгий, эргэлт буцалтгүй шүүлт байдаг. Ерөөсөө шүүлтийн ном….Эзэн бүх талаараа үзэсгэлэнтэй гайхалтай орчлон ертөнцийг бүтээсэн бөгөөд, эцэст нь Өөрийн дүр төрхөөр хүмүүнийг амьд болгосон. Түүний бүтээсэн Эден, үнэхээр гайхалтай төгс орчлон байлаа. Тэнд ямар ч бузар муу нь байсангүй.

Гэвч энэ л төгс төгөлдөр газар, анхны гэм үйлдэгдэж, улмаар түүний үр дагавар болсон анхны шүүлт хэрэгжсэн юм. Гэмтнүүд Эденээс хөөгдөж, эргэж буцах зам хамгаалагдсан. Гэмтнүүдээс гэмтэн төрж, төрсөн дүүгээ алсан түүхийг бид мэднэ. Ийнхүү гэм үргэлжлэн цэцэглэж, “…дүүгээ алсан би үхэх ёстой….” гэж байсан Каины удам Ламех, бүр гэмт үйлсээрээ бахархан бардамнаж, өөрийгөө хаацайлан хамгаалах аргаа болгосон байдаг.

Хүн Бурханы хайрыг хамгийн их хүртэж, бусад бүх бүтээлээс илүү өндөр байр сууринд заларч байсан. Гэвч тэдний бузар гэм нь үлэмж их болж, хүсэл бодол нь ямагт муухай болсонд Эзэн зүрхэндээ гашуудсан. Боддоо,…хүмүүст хичнээн сайныг хүсэвч, хичнээн их халамжлавч, ач буян санаж байгаа нь, талархал магтаал өргөж байгаа нь нэг 2-оос хэтрэхгүй байлаа.

Хүмүүс зуу зуун жил насалдаг байсан. Ямар их хайр вэ? Тэр үед өвчлөл, өлсгөлөн, ган зуд огт байгаагүй болоод тэр байх даа. Өнөөгийн хүнд хүчир, хатуу ширүүн амьдралтай зүйрлэх аргагүй таатай сайхан нөхцөл байсан болов уу?, гэж бодогддог юм. Тэр бүхнийг Эзэн л бүрдүүлдэг байсан байж таараа. Бурханыг харахад махтай цустай болгоны үйлс нь эвдрэн завхарчээ, гэж бичсэн байдаг. Хайрыг даагаагүй нүгэлт хүн төрөлхтөний дээр аугаа шүүлт ирсэнийг бид мэднэ.

Эзэн зүрхнээсээ уйлсан болов уу, гэж надад заримдаа бодогддог юм. Түүний нулимс хүмүүсийг живүүлсэн байх гэж төсөөлдөг. Та нар энэ түүхийг хэр их эргэцүүлдэг юм бүү мэд. Би л хувьдаа их л эргэцүүлэн тунгаадаг. Тэгээд надад лав тэр хүмүүсийг өрөвдөх сэтгэл төрдөггүй. Харин Бурханыг өрөвддөг.

Бүхнээ зориулж, хайрлаж, итгэснийхээ хариуд, хүйтэн хөндий харьцаа, хямсгар зан, урван тэрслэлт, доромжлолыг хүртээд маш их гомдож шархалж, уйлж үзсэн хүн байна уу? Байгаа байхаа… Эзэний замаар явахад юу эс тохиолдох билээ. Мэдээж Бурханы хүмүүст зориулсан хайр, зориулалт, мөн хариуд нь хүмүүсийн барьдаг урвалт, тэрслэл, бузар муутай зүйрлэхгүй ч тэрүүхэндээ тэгэж шаналж явсан минь заримдаа санагдаад, харьцуулан төсөөлдөг юм. Эзэний ариун, төгс, гайхалтай цэвэр сэтгэлийг бодоод би л хувьдаа тэгэж боддог. За жаахан хадуурчихлаа.

Тэгээд цааш нь, Хуучин Гэрээний бидэнд илчилдэг бүх түүхүүдийг, нэг үгээр шүүлтүүдийг бид мэднэ шүү дээ…. Бабелийн цамхаг босгон, өөрсдийн алдарыг хайгсдыг шүүж, газар дэлхийгээр тараасан. Бурхангүй бузар завхай байдлын үлгэр жишээ болсон Содом, Гоморраг ч шүүсэн. Мөн Абрахамд,… Би чиний үр удмыг зарцлах үндэстэнг шүүнэ…., гэж амласныхаа дагуу Египетийг 10-н гамшигаар шүүж, эцэст нь Улаан тэнгист Фараоны армийг живүүлсэн билээ.

Нэгэнтээ Абрахам….газар дэлхийн шударга Шүүгч Та үнэн зөвийг баримтлахгүй гэж үү?!... гэж дуу алдсан байдаг. Үнэхээр ч Ертөнцийг Шүүгч Эзэн үнэхээр төгс шударга бөгөөд Өөрийн ард түмнийг ч гэм нүглийнх нь төлөө шүүсэн. Синаин цөлд Израилийн бүхэл бүтэн нэг үеийнхэн тэр чигээрээ нойрссон юм. Мөн амлагдсан нутагт ч Эзэний хуулинд дуулгаваргүй байсныхаа төлөө олонтаа шийтгүүлсэн. Тэд дэлхийн аль ч ард түмнээс илүүтэйгээр Эзэний хайр, нигүүлсэлийг хүртсэн боловч, итгэлгүй байдал гарган завхайрч, шүүгдсээр л байсан.

Эзэн нүгэлт хүн төрөлхтөнийг, Өөрийн ард түмнийг ч мөн адил үерээр, өвчин тахалаар, мөн байгалийн элдэв гамшигаар, мөндөр, царцааны нүүдэл, ган гачиг, өлсгөлөнгөөр, дайн дажинаар тэр ч бүү хэл галт могойгоор болон тэнгэрээс гал буулган шүүж байсан. Тэр түүхийн эхнээс шүүсэн. Одоо ч гэмт хүн төрөлхтөний дээр шүүлт хэрэгжсээр.

Ямар цаг үед амьдарч байгаагаа бид бүгд л мэднэ. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгалийн элдэв гамшигт үзэгдлүүдийн эрин үе. Эрдэмтэд ерөнхийдөө санал 2 хуваагдаад байгаа. Нэг хэсэг нь, энэ нь хүний буруу үйл ажиллагааны, байгалтайгаа хайр гамгүй харьцасны үр дүн гэж байхад, нөгөө хэсэг нь 10.000 жилд нэг тохиодог, эрс дулаарлын үе. Эрт дээр үед бас 10.000-ны тэртээ ийм юм болж олон нуур тэнгис ширгэж, бас олон хуурай газар усан дор орж, мөн олон газар цөлжсөн гэдэг….

Харин Бурханы хүмүүс бидний хувьд, гэмт хүн төрөлхтөний дээрхи Эзэний шүүлтийн цаг үе, гэдгийг маргалгүйгээр хүлээн зөвшөөрөх байхаа гэж бодож байна. Өөрсдийг нь бүтээсэн, амь амьсгалыг өгсөн, амьд Бурханыг хайж эрэлхийлж, Түүнийг дээдлэн хүндлэн амьдрах ёстой хүмүүс, бурхан биш зүйлсийн араас улайран хөөцөлдөж, шуналтан хурааж, түүгээрээ бахархан бардамнадаг. Хүмүүсийн итгэл найдвараа тавьдаг, хайрладаг, эрхэмлэдэг болгоныг нь хоромхон хугацаанд арчин хаяж, тэдний шүтдэг биширдэг болгон нь бурхан эсэх талаархи шүүлтийг энэ цаг үед ч хэрэгжүүлсээр л байна.

Дамжуулга: Олон хүн боддог, ярьдаг… Христийн золилтоор дамжуулан бид шүүлтээс аврагдсан. Харин эцсийн шүүлт нь харь үндэстнүүд дээр, өөрөөр хэлбэл үл итгэгчид дээр хэрэгжинэ гэцгээдэг. Ямар ч шүүлт байхгүй итгэлээр аврагдсан… Шүүлтийн талаар, авралаас алдагдаж болзошгүй талаар ярихлээр учиргүй эмзэглэнэ. Ум хумгүй үгүйсгэнэ….

Гэтэл Библи огт өөр зүйл заадаг. Бүх итгэгчид шүүгдэнэ. Шүүлтээс ангид хүн байхгүй. Их Эзэнтэй хамт өлсөж, цангаж, ядарч бас баярлан хөөрч, хамт унтаж, хамт хооллож явсан анхны дагалдагчид…. Түүгээр зэмлүүлж, сургагдан, гэмшин ухаарч бас урамшуулагдан зоригжиж, хайр энэрлийг нь хүртэж, хөлөө хүртэл угаалгаж явсан тэр л хүмүүс….

Түүнийг хүндлэгдэн өргөмжлөгдөж байхад, хажууд нь додигорхон алхаж, гүтгүүлэн доромжлогдож, тамлуулан алуулж байхад гашуунаар уйлцгааж байсан тэр эрчүүд…. Дахин амилсан Есүсийг хараад итгэж ядан баярлан хөөрөгсөд… Пентекостын өдөр анхны Ариун Сүнсний тосолгоо хүртэж, сайн мэдээгээр шатаж явсан тэрхүү цуутай элч нар бүгд санал нэгтэйгээр шүүлтээс ангид хүн үгүй гэдэг. (1 Петр 4:17)-д элч Петр…. шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ гэсэн байдаг бол, (Ром 14:10)-т элч Паул… та юунд ах дүүгээ шүүнэ вэ?... Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно гэсэн байдаг.

Бурханы гэр бүл хаана байна? - Чуулган биш үү!
Гэр бүлийн ах дүүс нь хэн юм? – Та бид биш үү!

Эзэн Есүс ч (Мт.7:21)-т… Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон Миний Хаанчлалд орохгүй. (Иох.15:2)-т… Би бол усан үзмийн жинхэнэ мод. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна, гэсэн байдаг.
Чи Есүсийг Эзэн гэж хүлээн зөвшөөрч байна уу?
Чамд Ариун Сүнс байна
Чи Эзэний өдрийг ариунаар сахиж, цуглаандаа таслахгүй ирж байна уу?
Чи ерөөгдсөн
Чи 10-ны 1-ээ итгэмжтэй өгч байна уу?
Чи ивээгдсэн

Сайхан сонсогдож байна. Амархан ч юм. Харин энэ нь махан биеийн дагуух үнэлэмж юм. (Иох.7:24)-т Есүс,та нар гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү, гэсэн байдаг. Мэдээж, Есүс бол миний Эзэн…, гэж дуудах нь буруу юм биш! Харин та, үнэхээр Түүгээр удирдуулж, Түүнд дуулгавартай байна уу?! Та үнэхээр Түүний нэрийг өндөрт өргөж, таныг Эзэн Бурханы чинь нэрээр цоллож байна уу?!

Эзэний өдрийг ариунаар сахиж, сүм цуглаандаа ирэлгүй л яахав. Харин та зөвхөн хэн нэгэн хэргэмтэн, зэрэгтэнд л үзэгдэх гэж, цагаа бүртгүүлэх гэж ирдэг, тэгээд эндээс гараад л ертөнцийн амьдралд умбаж, сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор явдаг юм биш биз?!

Гэмт сэтгэлгээ, гэмт хүсэл сонирхол, гэмт зуршил, зан чанартайгаа огтхон ч тэмцэхгүй, бүрэн эвлэрчихсэн, санаа амар гэлдэрч яваагүй биз!?

10-ны нэгээ өргөлгүй л яахав! Гэхдээ та, өгөх ёстой юмаа л өгч байна. Надад байгаа амь амьдрал, ажил алба, эрүүл мэнд, үр хүүхэд, хань ижил, орон сууц, ах дүүс….эцэст нь мөнхийн амь, бүгд Түүнээс юм. Энэ орж ирсэн мөнгө цалин, орлого ашиг ч Эзэнээс юм. Би өгөх ёстой юмаа л өгч байна гэсэн зөв даруу хандлагаар өгч байна уу?! Эсвэл хариуд нь 10, 20, 100 дахин үржүүлж өгөөрэй, гэсэн шуналын сэтгэл, хонжоо ашиг араас нь зүүж, цээжний тооцоо бодож байна уу?!

Шуналын аливаа хэлбэрээс болгоомжил, гэснийг зөндөө л сонсож, уншдаг биш үү! Олох долох, ашиглаж завших, хурааж хумих, өрсөлдөн тэмцэх энэ ертөнцийн галзуурсан эргүүлэгт ханцуй шамлан ороод, энэхүү бузар үйлсдээ Ариун Эзэнээ ашиглачих санаатай бодож, залбирч явдаг байх вий дээ! Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн гэж Библи хэлдэг.

Тэр сохор байгаад хараа орсон хүнийг харъя! Тэр төрөлхийн сохор нэгэн байсан. Хэний ч зүс царайг харж байгаагүй. Эдгэрлийг авахдаа ч Түүнийг хараагүй. Учир нь тэр цөөрөмд очоод нүдээ угаах үед Есүс дэргэд нь байгаагүй. Яг хэн байсныг нь мэдээгүй ч, тэр Түүнийг гэрчилсэн. Эрх мэдэлтнүүдээс ч айлгүйгээр, хараалгуулан загнуулан байж гэрчилсэн. Тэр ч бүү хэл гүтгэлэг доромжлолоос хамгаалсан. Тэгээд хөөгдсөн, ад үзэгдсэн, гадуурхагдсан. Тэр сохор хүн шүүлт болсон юм. Түүний эдгэрсэн гайхамшигийг хараад иудейчүүд, шашны хэргэмтэнгүүд ухаарах ёстой байсан. Бурханы сүр хүч, хайр энэрлийн өмнө өвдөг сөгдөх ёстой байсан.

Та ч гэсэн, гэм нүглээр дүүрэн энэ ертөнцөд шүүлт болох ёстой юм. Таны өөрчлөгдсөнийг хараад, танаас Христийн гэрлийг хараад, гэмтнүүд гэмшин, бузар муу замаасаа эргэж, таны Бурханыг хүндлэн биширч, Түүн рүү ирэх ёстой юм. Та гадуурхагдсан ч бай, хавчигдсан ч бай, бүхий л үйлс, үг хэлээрээ Эзэнийг алдаршуулах аваас шагнагддагийг эндээс харж болно.

Бас ад үзэгдсэн, хөөгдсөн Өөрийн сонгосон нэгнээ Эзэн урамшуулан босгодог болох нь ч харагдаж байна. Тэр иудейчүүдэд хөөгдсөн боловч, Эзэний алдарыг харж, ярилцаж, бүр зорилго төлөвлөгөөг нь ч сонсож байна. Эзэн таныг сонгон, ивээл ерөөлөө хайрлан, эдгэрэл чөлөөлөлт, өөрчлөлт шинэчлэлийг амьдралд чинь хэрэгжүүлсэн нь, Түүнийг харж чадахгүй байгаа олон хүмүүст, Өөрийгөө гэрчлэхийн тулд юм гэдэг нь эндээс харагдаж байна.

Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно гэж Эзэн үргэлж дууддаг.
Таны жинхэнэ ашиг, жинхэнэ шагнал бол Эзэний алдарыг харах нь юм. Түүний оршихуйд өргөмжлөгдөх нь юм…. Амээн.

Дамжуулга: Саяхан манай ангид 1, 2, 3 Иохан номоор хичээл заадаг багш маань, “1 Иохан номонд итгэгч хүмүүс бие биеэ хайрлах нь хамгийн чухал гэж гардаг. Яагаад вэ? Таны хувийн амьдралд, гэр бүлд, Чуулганы хамт олонд бие биеэ хайрлахаас илүү чухал зүйл гэж байдаг уу?” гэсэн асуултаар хэлэлцүүлэг явуулсан юм. Тэгээд бид бодоцгоолоо. Залбирцгаалаа. Ярилцацгаалаа.

Бид заримдаа Бурханыг бусдаас илүү таньчихсан, мэдчихсэн мэт аяглана. Сүм Чуулгандаа тогтоосон дэг журам, хэв маягийг нь ёсчилон сахиснаар, Эзэний ивээл нийгүүлсэл, авралыг хүртэх юм шиг бусдаас шаардана. Өөрсдөө ч тиймэрхүү, нэг хэв загварын амьдралд орж дассан байдаг.

Тэгээд эргэн тойронд юу болж буйг ч анзаардаггүй. Нийгмийн амьдралд юу болж байна. Залуучуудын асуудал, настангуудын асуудал, ядуус…..гэх мэт олон зүйлийг үл тоомсорлоно. Олон шударга бус зүйлийн хажуугаар надад падгүй, гэсэн байдлаар дуугүй өнгөрнө. Эргэн тойрон өрнөж буй бузар булайд харамсан гашуудаж, эмгэнэн залбирахын оронд нүдэн балай чихэн дүлий, эсвэл бурхангүй хүмүүсийн мунхаг харанхуйг “гайхаад” л “тавлаад” л өнгөрнө. Нөгөө дэлхийн гэрэл газрын давс болох ёстойгоо ч мартсан байдаг.

Нэгэн хэвийн шашинлаг саарал өдөр хоногуудыг өнгөрөөж, элдэв ном товхимол, курс семинараас ивээл ерөөл, сүнслэг хүчийг хайна. Мөн хэн нэгэнд туслах шаардлагатай бол, түүнийхээ төлөө зориулалт золиослол гаргах хэрэгтэй бол, өөрийнхөө боломж бололцоог эхлээд тооцно. Тэгэж цаг зав гаргах боломж юу билээ, санхүү түрийвч маань ямархуу билээ… гэх мэт. Мөн тухайн хүнийхээ талаар, хэр ач холбогдолтой нэгэн билээ, ирээдүйд үр жимс гаргах нэгэн үү?! гэх шиг элдвээр шүүн тунгаана.

Бусдын нүдэнд хэрхэн харагдах, яавал үнэлэгдэх хүндлэгдэх талаар санаа зовиноно. Библи судлал болон үйлчлэл маань шашинлаг хэв маягт автаж, бид Эзэнийг биш мэдлэгээ, чадвараа, байр сууриа бурхан болгосон байдаг. Эзэнтэй болон бусадтайгаа харьцах хайрын даруу, эгэл харьцааг мартаж, өөрийн тав тух, амар амгаланг л эрэлхийлнэ. Яг л нэг орчин үеийн Фарисай, хуулийн багш нар л гэсэн үг.

Тэр үеийн Израилд Хуучин Гэрээний хууль засаглаж байсан. Сүүлчийн эш үзүүлэгч Израилд гэмшилийг тунхагласнаас хойш 400-н жилийн чимээгүй эрин эхэлсэн. Эрх мэдлийг хуулийн багш нар, фарисайчууд, садукайчуудаас бүрдсэн сүмийн зөвлөл атгаж байсан. Дээрээс нь Ромчууд хатуу чангаар засаглаж байлаа.

Шашины зэрэгтнүүд хуулийг сайтар хичээнгүйлэн сахидгаараа бардамнан, хараахан тэгэж чаддаггүй сул дорой, ядуу зүдүү, өвчтэй зовлонтой хүмүүсийг гадуурхан шоовдорлож, шүүн буруутгаж, тэр ч бүү хэл чулуудаж алдаг байлаа. Ямар ч шударга ёс, хайр уучлал тэнд байгаагүй юм. Үнэхээр харанхуй, бурангуй цаг үе байсан. Шашинлаг ёс жаягаа хүнээс илүүд үзэж, ямар ч зүрх сэтгэлийн зэмлэлгүй, мэдрэмжгүйгээр хүн алахаар чулуу шүүрцгээдэг байлаа.

Харин Есүс,…. Би шүүлтийн төлөө ирсэн, гэснээрээ бүх засаглах, шүүх эрх мэдлийг авахаар ирсэнээ зарласан юм. Есүс, Өөрөө төгс шүүлт юм. Тэр тухайн үеийн Израилчуудын, одоо ч бас бидний, мөн хойшид ч ирээдүй бүх үеийнхний даган дуурайх ёстой үлгэр загвар, төгс стандарт, хэм хэмжээ юм. Тэр бидний нүглийг цусаараа зайлуулж, гэмт мөн чанар, бузар зүрхийг минь ариусгахаар, шүүж цэвэрлэхээр ирсэн юм.

Бид аливаа дэг жаяг, ёс журмаар түүнийг хүндлэх биш, амьд хайрын үйлчлэл, нийгүүлсэлийн амьдралаараа хүндлэл, мөргөлийг өргөх ёстой юм. Есүсийн хайр уучлалд өөрсдийгөө болон бусдыг жишиж шүүх ёстой юм. Рита, Маржи нарын үйлчлэлээс, би маш их урам зоригийг авдаг. Бас өөрөөсөө ичиж, гэмшин залбирдаг… Эзэн минь, Та надад, бас өөрийн олон олон хөвгүүд, охидод, үр дүнтэйгээр, эрх мэдэлтэйгээр, урам зоригтойгоор, Таны алдарын төлөө үйлчилэх, Таны хайрыг бусдад харуулах, Сүнсний хүч, чадвар боломжийг олгооч гэдэг!

Хэрэгжүүлэлт: Үнэхээр Эзэний хайрыг харуулж, гэрэлтэж буй нэгнээрээ бахархаж, тэднээс суралцацгаая! Мөн өөрсдөдөө дүгнэлт хийж, үргэлж даруу байн, хайрын үйлчлэлд зүтгэлтэй байцгаая! Сүнсэндээ ядуу хүн ерөөлтэйеэ, гэж Эзэн айлддаг. Хэн нэгний гайхалтай үйлчлэлийг хараад, өөрөөсөө ичиж, сул доройдоо гэмшиж байгаарай! Энэ нь зохистой хандлага юм.

Энэ нь Ариун Сүнсний зүрх сэтгэлд чинь шүүж буй шүүлтэнд дуулгавартай байгаа нь тэр юм. Бид Түүнээс хүч чадлыг гуйвал, Тэр бидэнд Ариун Сүнсний хүчийг өгч, өмнө маань хаалгыг нээх болно. Товлосон цаг нь болохоор миний ч, таны ч боломж ирж бид бүх дэлхийг өөрчлөх болно.

Дүгнэлт: Олонхидоо бид шүүлт гэдэг үгийг сонсмогц зүрхэнд маань сэрдхийсэн айдас болгоомжлол босдог. Тэгээд араас нь яллалт, буруутгал, шийтгэл гэсэн утгууд бодол оюунд маань, зүрх сэтгэлд маань эргэлдэж эхэлдэг. Гэтэл, энэ нь гэмт сэтгэлгээгээр, өрөөсгөлөөр аливааг тунгаадаг, мөхөс дорой зан чанарын улмаас юм.

Жинхэнэдээ, шүүлт гэдэг маань, үнэн зөв ба худал хуурмагыг ялгаж салгах гэсэн утгатай байна. Христийн дотор шүүлт гэдэг үг маань, зэмлэх, сануулах, сахилгажуулах, ухаарал гэмшилд дуудах, засаж залруулах гэсэн утгаар уншигддаг. Бүр цаашилбал цагаатгах, сэргээх, шагнан өргөмжлөх утга ч тодорч байна.

Тэгэхлээр Эзэн энд 39-р ишлэлд….Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм,… гэснээрээ, өөрийнхөө харахгүй, сул доройгоо хүлээн зөвшөөрсөн, сүнсээрээ ядуу нэгэнд ивээл хайраа өгч, Өөрийгөө илчилхээр, босгон байгуулахаар, харин Бурханыг хардаг, бусдад заадаг, шүүх эрхтэй гэж боддог бардамнагчдад сохор гэдгийг нь мэдрүүлэхээр ирсэнээ хэлсэн нь тэр юм.
Библийг хайрлагдсан, уучлагдсан, аврагдсан хүний, баяр баясалын нүдээр унших юм бол, эхнээсээ эцэс хүртэл Аугаа Хайрын Ариун Судар юм….Амээн.

Тунхаглал: Тиймээ Тэр авралын төлөө ирсэн юм. Эцсийн шүүлтээс аврахын тулд, энэ цаг дор зүрх сэтгэлд чинь шүүхээр ирсэн юм. Түүний шүүлт нь уур хилэн дээр биш, Хайр уучлал дээр тогтдог юм…
Уриалга: Та шүүгдэхдээ ялаасай! Халлелүяа.




"Илтгэл номлолын үндэс" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш:Пүрэвдорж 1-р курс“UBTC”