Monday, June 23, 2008

Илчлэлт номлол гэж юу вэ



(эссэ)
Дээхнэ үед бидний цөөхөн монголчууд атгасан шагай мэт эв нэгдэлтэйгээр, социализмын “гэрэлт эрин”-д амьдарч ахуйд, албан газруудаар явж, шинжлэх ухааны коммунизмын онол, Маркс, Энгельс, Ленин багшийн сургаалыг сурталчилдаг “лектор” гэдэг цол хэргэмтэнгүүд байж билээ. Зарим нь их л уран цэцэн, гоё сайхан ярьж, өчүүхэн сүнсэнд гүн сэтгэгдэл төрүүлж чаддаг байсан санагдана.

Гэхдээ одоо цаг дор, тэдний ярьдаг хэлдэг, сургадаг номлодогоос, өчүүхэн сүнс Монголхүүгийн санаанд үлдсэн нь огтгүй. Социализм ч нуран унаж, монголчууд ч цацсан шагай мэт бутарснаас, Монголхүү л лав Гуулин улс руу шидэгдэн одвой.

Мань хүн тэнд манаргаж яваад Их Эзэн гээч ивээл ерөөлтэй Нэгэнтэй учирч, өршөөл нигүүлслийг нь хүртэж, төрөл арилжих нь тэрээ. Шинэ төрөлд дэвшин өөдлөхөд нь Эзэний үг сургаалыг нүдэнд нь үзэгдэж, аманд нь амтлагдаж, зүрхэнд нь гэрэлттэл ярьдаг, олон луглагар муксанимуудын (пасторуудын) үзүүлсэн ач тусыг, мань хүн талархалтайгаар одоо ч дурсдаг ажгуу.

Гэвч, өөрөө тийнхүү үйлдэн явах хувь төөрөгтэйгөөр дуудагдсанаа яахин мэдэх билээ. Хөөрхий минь, нэг л их хөөрсөн, дэвсэн амьтан л нисэж явдаг байсансанж. Төдхөнөө, чуулганых нь лут гаруудаас нэгэн лүндэн ирсэн нь, олон монгол чуулганы нэгдсэн хүндэтгэл дээр гэрчлэл хийх тухай юм.

Урьд нь олны өмнө гарч овойж оцойж яваагүй Монголхүүд гэнэт тасхийтэл газардах мэт санагдажахуй. Юугаа ярьж хуйхаа маажих вэ л гэдэг болж, өдөр шөнөгүй сууж өчнөөн цаас ноороглосон ажгуу. Эцэст нь, товлосон өдөр болоход, ар өвөргүй эрээчсэн хоёр ч хуудастай болоодохов.

Түүнийгээ хуйлж бариад л, саунд суугаа амьтан мэт хамаг хөлс нь цувьчихсан, заалны буланд бөөвийтөл сууж байлаа. Магтан дууны цаг дуусч, сургаал номлол айлдаж, янзтай юм болж байвч, яаж өөрийнхөө үйлт цагийг амьтан хүний элэг доог, амны зугаа болохгүйхэн шиг өнгөрөөхийг бодон, дэн дун суувай. Эхний хүн ч гэрчлээд эхэллээ. Мань хүн 3 дахь нь.

Гэнэт залбиръя гэсэн бодол харван орж ирлээ. Эзэний нэрийг дуудан,…энэ хүнд цагт надад туслаач гэлээ. Харин Эзэн чимээгүй л…Хоёр дахь хүн дуусаад, өөрийнх нь алдарыг дуудан, тайзан дээр урих нь, бүүр түүрхэн тэртээ алсаас сонсогдоно.

Зүүдэлж буй мэт алгуур босож, хөлөө дааж ядан зөөж байснаа санадаг. Гэнэт хэн нэгэн нь хажуугаас нь ойртон ирээд, бие цогцос руу нь уусах мэт шингэн орох нь тэрээ. Тэгээд л нүдэнд нь гал цахилах мэт болоод л яасан нь тодорхойгүй…

Нэг л их зориг зүрх, тав тэв алхлан тайз руу гарч байснаа санадаг. Нэг мэдсэн, нөгөө хуйлаастай цаасаа барьсан гараараа занган, хилэнтэйгээр шарын шашныг яллаж байх юм. Хоёр мэдэхэд, заалыг залбиралд уриалан, эх орныхоо төлөө хангинатал залбирч байсан юм даг.

Гэтэл үнэндээ, мань гайхал чинь эсийн бүлэг дээрээ, хоолны ч залбирал хийж үзээгүй амьтан байлаа шүү дээ! Нижигнэсэн алга ташилтаар өргөгдөн, толгой өндөр индэрээс бууж байснаа мэддэг. Хүмүүс гүйн ирж гар бариад л, бахдсан, биширсэн харцаар хараад л…

Түүнээс хойш Эзэний ивээлээр, олон цөөн хүнтэй, их бага олон чуулганы өмнө, зүрхнийхээ галд хөтлөгдөн, загнаж нэг, ятгаж нэг, уйлж нэг, дуулж нэг, айлгаж нэг, аргадаж нэг Үг сургаал номлох боловоо?! Зөв буруу, зохистой зохисгүйг ч бүү мэд. Эзэнээсээ гуйж залбираад л, Судараас нь иш татаад л авч өгдөг байвай.

Нэгэнтээ мань хүний өчүүхэн хичээл зүтгэлийг Эзэн таашаан соёрхож, номлол сургаалийн үйлчлэлд мэргэжсэн нэгнээс суралцуулахаар илгээв. Тэнд өөрийгөө “алегори” гэдэг архаг хууч өвчтэйгээ мэдэх нь тэрээ. Энэ нь монголчилбол “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэгтэй агаар нэгэн ажгуу.

Тэгээд жинхэнэ номлол гэдэг нь, өөрөө биш, бас өөр хэн нэгэн ч биш, харин агуу, төгс Эцэг бүхий л сүр жавхлангаараа, Өөрийн хүслийг тунхаглаж буйг мэдрэн, гал цогтойгоор бүх заалыг байлдан дагуулж, зүрх сэтгэлүүдийг хөвсөлзүүлж, гэмшил ухааралд хөтөлж, шийдвэр гарган, нударга зангидан бостол нь үйлчилнэ гэсэн үг болохыг ойлгожухай.

Хүмүүний цогцос агаар амьсгалахгүйгээр 2 минутаас илүү тэсэхгүйтэй адил, Мөнхийн Эзэний Үгээр амьсгалан, тэнгэрлэг зарчмуудаар амьдрах нь “илчлэлт номлол” ажээ. Усанд унаад бүтэж, ухаан алдсан нэгэнд аман амьсгал өгч сэхээдэгтэй эгээ адил, өөрийнхөө амьдралын амин амьсгал болсон Есүсээр бусдад амин амьсгал өгч цоо шинэ амьдралд босгохыг хэлдэг байх нь.

Гэрэл гэж юу болохыг мэдэхгүй “сохор” нэгэнд, зүрхэнд нь гал халуун хайр шатаад, хавь ойрыг гэрэлтүүлтэл, өөрөө хайраар шатахыг “илчлэлт номлол” гэдгийг ухааржухай. Гагцхүү энэ галыг, өөрөө биш Ариун Сүнс асаах ажгуу.




“Илтгэл номлолын үндэс” хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш:Пүрэвдорж UBTC

Зургийн тайлбар: "The Nomad Jesus"
Artist: Badamragchaa Batjargal
Acrylic on canvas - 74cm x 49cm
Ulaanbaatar, Mongolia
Зургийг татаж авсан эх сурвалж: http://www.miat.org/jesuslaughing.2.html