Thursday, June 26, 2008

Еврей ном - асуулт, хариулт



Еврей 2:1-4
А.  Энэ хэсэг дээрээс “Аврал”-ыг хэрхэн ойлгох вэ? 1-р бүлэгтэй хэрхэн холбогдож байна вэ?

-- Энэ хэсэг нь уншигчдыг 1-р бүлэг рүү хандуулж байна. 1-р бүлэгт, Есүс бол эш үзүүлэгчдээс зөгнөгдсөн (1:1) ирэх ёстой байсан Нэгэн ба Бурханы Хүү (1:2,3а) юм. Тэр тэнгэр элч нараас давуу (1:4,6), анхнаасаа ертөнцийг Бүтээгч (1:10), мөнхөд Оршигч (1:11), үеийн үед Хаанчлагч (1:8), нүглүүдийн ариусгалыг Гүйцээгч (Аврагч) (1:3б) бөгөөд, тиймээс Түүгээр илчлэгдсэн, хэлэгдсэн (1:2а) аврал нь үнэхээр аугаа бөгөөд баттай юм.

Үүнийг сонссон хүмүүс (2:3б) болон Бурхан Өөрөө тэмдэг, гайхамшиг, хүчит үйлсээр, Ариун Сүнсний бэлгүүдээр (2:4) гэрчлэн баталж байна. (Хуулинд 2 буюу түүнээс олон гэрчийн гэрчлэл баттай (Дх.19:15) гэсэн байдаг.) Тиймээс энэхүү авралын сайн мэдээнд хайнга дуулгаваргүй хандвал, аврагдах боломжоо алдах (2:1) ба эцэг өвгөд шиг шийтгэл хүртэх болно (2:2) гэж уншигчдад сануулж байна.

В.  Хуучин Гэрээнд гарч буй гэмийн завхрал түр хугацаагаар үргэлжлэх үү эсвэл мөнхөд байх уу?

-- Хуучин Гэрээнд гарч буй гэмийн завхрал нь түр зуурынх бөгөөд Есүс гэмтнүүдийн төлөө амиа өргөж (Ев.9:28) (Мт.20:28) тэднийг гэмийн боолчлолоос чөлөөлсөн юм. Мөн сайн мэдээг үл тоомсорлон, Бурханы Хайрыг хүлээн аваагүй гэмт хүмүүс эцсийн шүүлтийн өдөр (Илч.20:11-15) диавол болон түүний тэнгэр элч нарын хамт, галт нуурт хаягдан хоёр дахь үхлээр төгсөснөөр бүх бузар муу нь устгагдана.

С.  Итгэгч хүмүүс эцсийн үед хийсэн гэмийнхээ төлөө энэ амьдралдаа дуулгаваргүй байсан байдлынхаа төлөө тэд шүүгдэх үү?

-- Бүх итгэгчид “Христийн шүүхийн сэнтийн” (2Кор.5:10) өмнө зогсож шүүгдэх болно. (1Пт.4:17) (1Кор.3:12-15). Нэгэнт л шүүлт болох учраас яллалт (Кол.3:25) (Мт.7:21) явагдаж, ичгүүрт орох (1Иох.2:28), хохирол, алдагдал амсах (2Иох.1:8), бүх насных нь ажил шатах (1Кор.3:13-15) ба бас шагнал өргөмжлөл ч (1Кор.3:14) (1Петр1:7) зэрэг явагдах болно.


Еврей 3:7-4:13
 А.  Дуулал 95-д гардаг Израйлийн гэмд ямар хүмүүс оролцсон бэ? Тэдний хувьд дуулгаваргүй байдал нь ямар утгатай байсан бэ? Үүний үр дүн нь юу вэ?

-- (Дуулал 95)-д гардаг Израйлийн гэмд (Ех.17:1-7) Мосегоор удирдуулан Египетийн боолчлолоос гарсан, Бурханы аугаа гайхамшигт авралын үйлсийг нүдээрээ харж, биеэрээ амссан, насанд хүрсэн бүх Израилчууд оролцсон. Тэд (Тоол.11:1-6) хоол хүнсээ голж гомдоллосон. Эзэний амласан (Тоол.14:1-12) нутагт очихоос айж, Египет рүү буцахаар гомдоллосон, (Тоол.16:25-35) Эзэний томилсон удирдагчдынхаа эсрэг гомдоллосон.

Масса ба Мерибад (Ех.17:1-7) Эзэнийг сорьсон шиг (Тоол.20:2-13) уух уснаас болж бас л Бурханы эсрэг итгэлгүй ба талархах сэтгэлгүй хандсан. Эдгээрийг “Еврей” номын зохиогч “итгэлгүй бузар зүрх” гэж тодорхойлоод, уншигчдыг болгоомжлуулан, амьд Бурханаас салж болзошгүйг анхааруулсан. Дуулгаваргүй Израилчууд Эзэний амлагдсан нутагт орж чадалгүй, Иошуа, Калеб хоёроос бусад нь цөлд унасан. (Тоол.14:29,30)

В.  Цөл газарт тэнүүчилсэн хүмүүсээс нэг нь ч амлагдсан газар ороогүй тэгвэл бид тэднийг жинхэнэ итгэгчид байсан гэж дүгнэх үү?

-- Тооллого ч, Еврей ном ч харь үндэстнүүдэд (итгэгч бус хүмүүст) биш харин Бурханы ард түмэнд (итгэгчдэд) зориулж бичигдсэн. Еврей номыг зохиогч (бид ч бас) цөлд унасан дуулгаваргүй хүмүүсийг (Ев.3:19) (Ев.4:2) итгэлгүй хүмүүс байсан, гэж дүгнэсэн.

С.  Амралт гэж юу вэ? Хэзээ амрах ёстой вэ?

-- (Д.х.12:9-11)-т Эзэн ард түмэндээ газар нутаг амлаж байна. Энэхүү амласан нутаг нь Есүс Христ ба (Ев.4:1) амралт юм. Энэ Амралтанд (Ев.4:3б), итгэж дуулгавартай байгсад л орно. Бурханы Амралт руу (Есүс Христийн дотор) орсон хүн, (Ев.4:10) өөрийн ажлуудаас амардаг.

D.  Хэрвээ хэн нэгэн хүн гэмд унасан эсвэл дуулгаваргүй байвал тэр Бурханы амралтыг алдах уу эсвэл тухайн үедээ өв эзэмших эрхээ алдах уу?
-- (Ев.4:3а) Энд бас сайн мэдээг эсэргүүцэгчид Амралтанд огт орохгүй гэж ойлгогдож байна. (Ев.4:6)-д сайн мэдээг сонгосон боловч дуулгаваргүй байгсад Амралт руу орж чадаагүй, гэж байна. Зохиогч энд ямар ч өв эзэмшилийн тухай дурдаагүй ба гомдоллон, Христийн хайр, золиослолыг үнэлэхгүй, амлалтыг нь үл тоомсорлох нь Бурханы Амралтанд (Христийн дотор) орох боломжийг алдан, цөлд унах аюултайг сануулсан.

E.  Дуулал 95 дээр ямар итгэлийг хэлж байна вэ? Энэ нь авралын итгэл мөн үү?

-- (Дуулал 95)-д гарч буй итгэл нь (Ев.3:19) Есүс миний төлөө үхсэн, бас дахин амилсан гэдэгт итгэх авралын (ерөнхий) итгэлээс огт өөр итгэлийн тухай ярьж байна. Бид итгэлийн амьдралдаа Бурханы агуу гайхамшигуудыг үзэж, мэдэрч, сэтгэл хөдөлж байдаг ч, замд тохиолддог жижиг саад, шалихгүй бэрхшээлд гомдоллож, Эзэнийг сорьж эхэлдэг. Тэгээд унаж итгэлээс алдагддаг. Гэм нь жижиг зүйлээс эхэлдэг ба ахисаар бидний зүрхийг хатууруулдаг. Бидний итгэл нь тасралтгүй үргэлжлэн хөгжсөн итгэл байх ёстой.

Еврей 5:11-6:20
А.  “Төлөвшилт”-ын тухай өгүүлсэн хэсэг нь анхааруулганд хэн багтаж байгаа тухай ойлголтонд маань нөлөөлөх үү? Өөрөөр хэлбэл төлөвшөөгүй байгаа байдлыг нь зэмлэх ба гэмшихгүй байгаа байдлаас ирэх аюулын хооронд ямар холбоо байна вэ?
-- Энэ хэсгийг уншаад “төлөвшилт” гэж юу болохыг ойлгосондоо баяртай байна. Төлөвшөөгүй, сүүгээр амьдрагч хүн нь хэдийнээ багш болохоор хугацаанд (5:12) чуулганы дотор амьдравч, зөвт байдлын үгийг (5:13) соснсохдоо хойрго (5:11), сайн мууг ялгах чадваргүй (5:14), Христийн тухай анхдагч ойлголт, сургаальд (6:1) сэтгэл нь ханадаг байна.

Тэд уналтанд орж (6:6а), улмаар дахин гэмшиж сэргээгдэх боломжгүй байдалд (6:6б) хүрч, цаашилбал зүрх сэтгэл нь бузар муу болж, Эзэний шийтгэлд (6:8) өртөн мөхөх аюулд ойрхон байдаг байна. Зохиогч ийнхүү хатуу сануулаад, хойрго байлгүй үлгэр жишээч хүмүүсийг дуурайн (6:12) (Жишээ нь: Абрахам (6:13-15)), бидний найдвар болсон Бурханы амлалт (6:17), бидэнд бодит жишээ болж хөтлөн дагуулагч Есүс (6:20)-т итгэцгээе, гэж уриалжээ.

В.  4-р ишлэлээс авахуулаад итгэгчдийг үү эсвэл итгэдэггүй хүмүүсийг дүрсэлсэн үү?

-- Угаасаа “Еврей” ном нь үл итгэгчдэд бус итгэгч хүмүүст хандан бичсэн захидал юм. Энд загалмайн үнэнийг сонсож (6:4а), Ариун Сүнсээр тослогдсон, эсвэл билэг авъяасыг авсан (6:4б), сургаал номлол сонсон (6:5а), эдгэрэл, чөлөөлөлтийг (6:5б) мэдэрсэн, нэг үгээр итгэгч хүмүүсийн талаар яригдаж байна.

С.  “Доош унасан” гэсэн үг нь өмнөх ишлэлтэй холбоотой юу?

-- (Ев.6:6)-д дурдагдаж буй “…унасан” гэсэн үг нь өмнөх ишлэлтэй шууд холбоотой. Учир нь зогсож буй хүн л “унадаг” ба угаасаа босгогдоогүй (итгээгүй) хэвтэж байгаа хүнд уналтын талаархи ойлголт хамаагүй юм.

D.  “Шатаагдаж” гэсэн үг нь мөнхийн тамын галыг илэрхийлж байна уу? Энэхүү дүрслэлээр юуг илэрхийлж байна вэ?

--Зохиогч энэхүү “…шатаагдаж төгсдөг” гэж (Ев.6:8) бичихдээ, Мосе Аарон нарын эсрэг гомдоллон маргаж, утлага уугиулж байгаад Эзэнээр шатаагдан нас барсан (Тоол.16:35) 250-н дуулгаваргүй хүмүүсийг бодож байсан болов уу?! Эсвэл бузар муу хотууд болох Содом, Гоморрагийн (Эх.19:24,25) сүйрлийг ч бодож байсан байж болно. Бүр эсвэл Исаиа зөнчөөр дамжуулан “Усан үзмийн талбайгаа (Израйлийг) шатаан цэвэрлэнэ", гэж сануулж буй цэцэрлэгч (Эзэний)-ийн сануулгыг ч (Ис.5:5) (Ис.27:4) уншигчиддаа дахин сануулсан байж болно.”

Е.  Итгэгч хүн үнэ цэнэгүй гэж дүрслэгдэж болох уу?

--Хэдийгээр Ертөнцийн Эзэн амьд оршдог. Түүний хүү Есүс бол Аврагч, бидний төлөө цовдлогдогч, дахин амилаад Эцгийн баруун талд заларсан, гэдэгт итгэсэн байлаа ч, тэр ч бүү хэл чөтгөрүүдийг хөөх, өвчтөнүүдийг эдгээх, гайхамшигуудыг үйлдэх үйлчлэлийг Эзэний нэрээр хийдэг ч байсан бай, эцсийн цагт (Мт.7:21-23) үнэ цэнэгүй, гэж тооцогдон хөөгдөж болох юм.

Еврей 10:19-39
А.  ”Санаатайгаар нүгэл үйлдэнэ” гэдгээр зохиогч маань чухам юуг оюун санаандаа төсөөлж байсан болоо? /10:26/
-- (Ев.10:26)“санаатайгаар нүгэл үйлдвэл”, гэж зохиогч маань бичиж байхдаа, уншигчид нь анхлан итгээд гал халуунаар, аливаа гүтгэлэг, доромжлолыг тэвчиж (10:32), ад үзэгдсэн үлгэр жишээ итгэгчидтэй хамт зовж (10:33), тэр ч бүү хэл дээрэмдүүлэн тонуулж байхдаа ч баяр хөөртэй байсан үеийг дурсан санаж, Бурханаас амлагдсаныг хүлээж авахын тулд тэвчээр (10:36) хэрэгтэй ба одоо ч ухарч болохгүй (10:39) гэж анхааруулсан. Харин зовлон бэрхшээл, дарамт хавчлагыг тэвчихгүй итгэлээ хаях нь тэнгэр дэх аугаа шагналаасаа ухарсан (10:35) хэрэг юм гэж, оюун санаандаа төсөөлж байсан болов уу?!

В.  10:27-р ишлэлд гарч байгаа шүүлтийн тухай Хуучин Гэрээний ямар үндсэн иш таталтыг хэлж байна вэ? Энд ямар шүүлтийн тухайн хэлж байна вэ?
-- Зохиогч (Ев.10:27)-д аймшигт шүүлтийн талаар бичихдээ, (Тоол.16:35)-д Мосе, Аарон нарын эсрэг гомдоллоод, шатаагдсан, нэр нөлөө бүхий 250 удирдагч, (Лев.10:1,2)-т Эзэний тушаагаагүй ёс бус галыг өргөн шатаагдсан Аароны хөвгүүд Надаб, Абиху нар, (Эх.19:24,25)-т бузар муу хотууд Содом, Гоморрагийн шүүлт, (Хаад.дэд1:10,12)-т гардаг эш үзүүлэгч Елиагийн дуудаснаар тэнгэрээс буун ирж хоёр тавьтыг шатаасан галан шүүлт, зэргийг хэлсэн байх. Энд, одоо эцсийн цагт явагдах галт (2Пт,3:7,10,12) (Илч.14:10) (Илч.20:15) шийтгэлийг анхааруулан хэлж байна.

С.  Бурхан зарим жинхэнэ итгэгчдийг босгохын тулд хатуу шийтгэлийг оногдуулах уу? /10:29/ Энэ нь түр зуурынх уу эсвэл мөнхөд байх уу?
-- Энэ асуултын утганд тааруулж (Илч.3:19) Есүс Эзэн хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг ба энэ нь тухайн итгэгчийг гэмшилд дуудсан дуудлага ба гэмшин эргэсэн тохиолдолд хайраараа тэврэн авдаг, түр зуурын шийтгэл юм, гэж хариулж болж байна. Харин (Ев.10:29)-т дурдагдаж буй итгэгч нь, Есүсийн цусыг бузар гээд, Ариун Сүнсийг доромжилсон гэмтэй нэгэн байна. (Мт.12:32)-т Ариун Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй, гэсэн байдаг. Энэ хүн сахилгажуулагдаад гэмшин эргэж сэргээгдэх, эсвэл мөнхийн шийтгэлд орох эсэх нь Эзэний л эрх мэдлийн асуудал. Бид энд тодорхой хариулт өгөх аргагүй. Зохиогч ч асуугаад л хариултыг тодорхой хэлэлгүй үлдээжээ.

D.  30-р ишлэлийг хэрхэн орчуулах вэ? “Бурхан өөрийн хүмүүсийг шүүнэ” эсвэл “Бурхан өөрийн хүмүүсийг өмгөөлнө” Аль нь Хуучин Гэрээний агуулгатай тохирох вэ? Аль нь Шинэ Гэрээтэй тохирох вэ?
--“Шүүлт” гэдэг нь яллалт, буруутгал, шийтгэл гэсэн утгатай, гэж олонхидоо эмээдэг. Харин энэ нь үнэн худал, зөв бурууг ялгаж салгах гэсэн утгатай. Үнэн зөв шүүлт явагдсанаар, хэлмэгдсэн хохирсон хүмүүс цагаатгагдах, амжилт гаргасан нь шагнагдах, тэвчсэн нь өргөмжлөгдөх, алдсанд нь нөхөн олгох зэрэг олон үйл ажиллагаа өрнөх нь мэдээж. Хуучин гэрээ нь хуулийн хүрээнд байсан тул “Бурхан өөрийн хүмүүсийг шүүнэ” гэсэн нь, Шинэ гэрээ бол хуулиас чөлөөлөгдсөн нийгүүсэлийн гэрээ учир “Бурхан өөрийн хүмүүсийг өмгөөлнө” гэсэн нь тохирох болов уу?!

Еврей 12:12-29
А.  Синай уул /Хуучин Гэрээнд онцолдог/ Сион уул/Шинэ Гэрээнд онцолдог/ эсрэг тэсрэг болгож байгаагийн зохиолчийн гол санаа юу вэ?
-- (Ех.19:12,13) Синаи уулан дээр Бурхан бууж ирэх үед, болгоомжгүй ойртсон хүн амьтан хэн ч бай үхэх ёстой, гэсэн хатуу тушаалтайгаар, дүрэлзэх гал харанхуй, түнэр харанхуй, хуй салхи болон асар хүчтэй хүнгэнэх бүрээн дуун (Ех.19:16-19) дунд Эзэнийг буун ирж Үгээ айлдахад газар дэлхий (Ев.12:26а) доргин ганхаж байлаа. Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул, бүх Израил, бас Мосе хүртэл “айдаст автан чичирсэн” (Ев.12:21). Гэвч Израил дуулгаваргүй байсан тул шийтгүүлсэн. Харин бидний ойртон очдог Сион уул бол (Ев.12:22) шинэ гэрээний зууч Есүсийн цусаар (Ев.12:24) цэвэрлэгдсэн, дахин төрж зөвт болгогдсон хүмүүсийн чуулган (Ев.12:23) юм. Энэ нь Бурханы хаанчлал (Ев.12:28) ба эрт үед Синаи уулан дээр буун ирсэн Бурхан Хаан нь юм. Нэг л Бурханы хоёр янзаар илчлэгдсэнийг зохиолч сөргүүлэн тавьсан гол шалтгаан нь, Хүү Есүсийн дотор айлдсан аугаа нийгүүлсэлийн (авралын) Үгийг тоомсорлохгүй бол Мосегийн цаг үед дуулгаваргүй Израилчууд шийтгүүлснээс илүү хүнд шийтгэлийг дагуулах (Ев.12:25) болно гэж сануулах нь юм.

В.  Энэ нь зөвхөн нэг аргаар маргаад байна уу эсвэл аюулд өртөөд байгаа хүмүүсийн хувьд өөр байна уу? Хэрвээ тийм бол яагаад?
-- Энд огт өөр, шинэ, эцсийн түвшиний Аврал ба шийтгэлийн талаар яригдаад байна. Зарим хүн, Есүс Христийн загалмайн золилтыг мэдээгүйгээр нас барсан Хуучин Гэрээний үеийн хүмүүст ч, Есүс сайн мэдээг тунхагласан тул (1Пт.3:19) эцсийн шүүлтийн өдөр тэдэнд боломж бий, гэж үздэг. Харин энэхүү сайн мэдээ нь эцсийн боломж бөгөөд, энэ үеийнхэн үүнийг үл тоомсорловол, цаашдаа ямар ч боломжгүй бөгөөд, тэнгэр газарт (1Пт.4:17,18) (Ев.13:25-27) (Илч.20:11) байх газар олдохгүй гэдэг.

С.  Тэдний зугтахгүй байсны аюул нь юу вэ?
Махан биед хамаатай хуулийн илчлэлтээс хүмүүс зугтаж чадаагүй бөгөөд, дуулгаваргүй байсныхаа төлөө үхлийг амссан бол, амь сүнс болон махан биед аль алинд нь хамаатай, Есүс Христийн аврал нийгүүлсэлд үл итгэгч, үл тоомсорлогч нь, эцсийн шүүлтийн өдөр 2 дахь үхэл (Илч.20:14) (Илч.21:8) буюу галт тамаас ч зайлах аргагүй юм.





Шалгасан багш: Ариел Себаллос
"Еврей ном" хичээлийн гэрийн даалгавар 2-р курс