Monday, June 23, 2008

Элч Петрийн Ариун Сүнсний билэг авъяас бүхий үйлчлэл ба хандлага



''Эсээ''
Дагалдагч Петр нь, сайн мэдээний номуудад, халуун сэтгэл, цочмог түргэн зан, эр зоригоороо бусдаасаа ялгарсан нэгэн байсан гэж бичигдсэн. Тэр насаар ч ахмад бас итгэлийн хувьд ч арай (Мт.14:28,29) илүү (Мт.16:15-19) байж бусдадаа үлгэр жишээ болж байсан нь олонтоо дурьдагддаг. Тиймээс сатаны сорилтонд өртөн, Эзэнийг гурвантаа үгүйсгэн, хүний хичнээн мөхөс сул дорой, өөрсдийн хүчээр сорилтны өмнө зогсож чадахгүйн жишээ сургамж болдог. Тэр Эзэнээр сонгогдсон, хайрлагдсан итгэлийн хүний гайхамшигт дүр юм. Хожим нь бичигдсэн “Үйлс” номонд ч тодорхой үүрэг рольтойгоор Ариун Сүнсний үйлсэд хамтран зүтгэж байгаагаар бичигдсэн.

Ариун Сүнс дагалдагч Петрийг, элч Петр болгон өөрчлөж, түүгээр дамжуулан олон гайхамшигт ажлуудыг гүйцэтгэсэн байдаг. Үүнд: (Үйлс2:14-39) Анхны сайн мэдээний номлол нь гайхамшигтай. Энд Петр, Ариун Сүнсээр удирдуулан, эртний эш үзүүллэгээс иш татан номлосон ба номлолын гол утга санаа нь, Христийн золилтоор дамжуулан Ариун Сүнс бидэнд бэлэг болон ирсэн гэдгийг илчилсэн.

Олонхидоо өнөөгийн Чуулганууд нь шашинлаг аливаа үйлсийг авралд хамаатай юм шиг тунхагладаг. Олон багш, номлогч нар, өглөөний залбиралдаа, Эзэний өдрийн хүндэтгэл мөргөлдөө таслахгүй ирж, сүмдээ сайн үйлчлэх нь Ариун Сүнсийг авах гол шалгуур, эсвэл Ариун Сүнстэй байгаагийн шинж гэж заах нь бий.

(Үйлс2:38) Гэмших нь, усан баптизм хүртэх нь Ариун Сүнсээр дахин төрөхийн гол шалгуур гэж Петр номлосон. Итгэгч бид ч сайн мэдээ тунхаглахдаа гэмшилд уриалах нь битгий хэл, Есүс рүү ирвэл санхүүгээр, эрүүл мэндээр, ажил үйлсийн өөдрөг дэвшилээр ивээгдэнэ, гэж ятгах нь буруу юм. Тэр үеийн Иудейчүүд баптисм хүртэх нь, гэмшин өөрчлөгдөсний, зүрхэндээ шийдвэр гаргасны үр дүн гэж шууд ойлгодог байсан бол, өнөөдөр энэ талаар сайтар заах нь хомс байна.

(Үйлс3:1-26) Төрөлхийн хазгар нэгнийг, Есүс Христийн нэрээр эдгээсэн нь, элч нарын хийсэн хамгийн анхны эдгэрлийн үйлс байлаа. Энэ гайхамшигийг бахдан шагшисан олон түмэнд Петр номлохдоо, энэ нь хүний хүч, авъяас чадвараас биш Есүсийн нэрээр (Үйлс3:16), Түүнд итгэх итгэлээр дамжин ирсэн гэдгийг гэрчилээд, Эзэнд алдарыг өргөсөн нь гайхамшигтай юм.

Олонхи монгол Чуулган нь Ариун Сүнснээс өгдөг янз бүрийн билэг авъяасыг тунхаглаж, аливаа тиймэрхүү илрэлийг бишрэх хандлага их бий. Гадаадаас хэн нэгэн томоохон нэр нөлөөтэй зүтгэлтэн, авъяастанг ирэхэд маш их итгэл найдвараа тавих байдал ажиглагддаг.

Петр, гайхамшигт эдгэрэлийн дараахи номлолдоо (Үйлс3:23) Христийн авралд дуулгаваргүй, үл тоомсорлон хандвал ямар аюултай болохыг илчилж сэрэмжлүүлсэн. Бас Ариун Сүнс Петрээр дамжуулан, нэр алдарт шунан худал ярьсан Ананиа, Сапфир хоёрыг шийтгэснээр, бид Бурханы өмнө ямархуу цэвэр ариун, үнэнч байдалтайгаар явах ёстойг анхааруулсан.

Өнөөдөр бид, Есүс бол хайр уучлал юм, гэж зааж тунхаглаад, Түүний шударга, ариун, гэм нүгэлтэй эвлэрдэггүйг зааж сэрэмжлүүлэхээ орхидог. Бид Чуулганы цэвэр ариун байдалд онцгой анхаарч, залбиран гуйдаг, өөрсдөө ч үлгэр жишээ болдог байх ёстой. Гэтэл өнөөгийн монгол Чуулганд согтуурах, тамхи татах, худал ярих нь бараг л энгийн зүйл болсон. Хайрыг харуулах нэрээр, тэдгээрийг зэмлэн буруушааж, сахилгажуулж, хор холбогдолыг нь тайлбарлах талаар сул ажилладаг.

(Үйлс8:14-25) Тэр үеийн Иудейчүүдийн “бузар” гэж тооцон харьцдаггүй байсан Самарид ирж, Эзэний Үгийг гэрчилж, бас итгэгчидийн дээр гар тавин залбирч Ариун Сүнсийг дамжуулан байхдаа, Эзэний нигүүлсэлийг мөнгөөр худалдан авахыг санаархсан илбэчинг нэвт харж зэмлэн буруушааж гэмшилд хөтөлсөн нь бас урамтай.

Одоохондоо монгол Чуулганд мөнгөөр байр суурь, эрх мэдэлд хүрдэг байдал харагдахгүй байгаа боловч, үйлчлэлийг мөнгөөр хэмжих байдал их харагддаг. Авралын зар тараах, илгээлтийн ажилтан томилох, хорих байгууллагад үйлчилэх, өвчтэй ядарсан нэгэнд туслах зэрэг олон үйлс нь хийх ёстой зүйлс боловч, зөвхөн санхүү байвал л хийдэг. Хэн нэгэн санхүүгээр ивээгч олдохгүй бол үйлчилдэггүй байх нь бий. Христийн хайрыг зан хандлага, бурханлаг амьдралын хэв маягаар гэрчлэн харуулахаас илүүтэй, мөнгөөр л харуулах гэж хичээдэгээс болж, шинэхэн итгэгчид, Христийн Чуулган нь эд материалын дэмжлэг, бэлэг өгдөг гэж ойлгон, энэ л зорилгоор сүмд ирэх нь байдаг.

(Үйлс9:32) Петр Эзэний тушаасны дагуу (Иохан 21:15-17) өөрт нь хариуцуулсан газар нутаг, итгэгч хүмүүсийг тойрон явж, халамжийн үйлчлэл хийн, (Үйлс9:32-35) 8-н жил саа өвчтэй хэвтэрт байсан Айни гэгч хүнийг эдгээсэн. Бас (Үйлс9:39-43) Иоппад очиж, Табита гэгч сайхан сэтгэлтэй, тусч өгөөмөр итгэгч эмэгтэй нас барсан байсныг амилуулсан нь, Эзэнийг тэнгэр рүү өргөгдсөнөөс хойш, элч нарын үйлсээр дамжуулан үхсэн хүнийг амилуулсан анхны (Ариун Сүнсний ажил) тохиолдол байсан юм.

(Үйлс10:9-48) Иоппагаас Ариун Сүнсний удирдамжинд дуулгавартай байж, Кайсарид ирж, харь үндэстэн Корнел болон гэр бүлийнхэнд нь Эзэн Христийн авралыг тунхаглан, баптисм хүртээсэн нь анхны харь үндэстнүүдийн аврагдсан, Ариун Сүнсийг хүлээн авсан тохиолдол болсон юм. Петр, сонгогдсон ард түмэн Израил болон харь үндэстэн хүмүүсийн хооронд энх тайвныг тунхаглаад, энэ нь Эзэний хүсэл юм гэдгийг еврей Чуулганд (Үйлс11:1-18) анх удаа гэрчилсэн нь гайхалтай эр зориг байсан билээ.

(Үйлс4:8-13, 19, 20) Эзэн Есүсийг яллан цовдолсон тэр л шүүх, эрх мэдэлтнүүдийн өмнө, эр зоригтойгоор, Христийн дахин амилалт болон авралыг тунхагласан нь, тахиа донгодхоос өмнө Эзэнийг гурвантаа үгүйсгэсэн, хуучин Петр биш байсан юм. (Иохан 18:25-27)(Үйлс4:19, 5:29)-т хүний үгийг Бурханыхаас илүүд үзэх нь огт хүлээн авч болшгүй нөхцөл байна гэж, өөрийн итгэл үнэмшил, аврагч Эзэндээ үнэнч байсан нь бахархмаар.

Олонхи монгол Чуулган нь, өсөж сэргэж байгаа нэгнээсээ, эсвэл гадаадын Чуулганы хүндэтгэл мөргөлийн үйл ажиллагааг, үйлчилгээний арга замыг шүтэж хуулбарлан, сэргэлт ирнэ гэж хүлээдэг нь буруу юм. Харин бүх итгэл найдвараа Эзэнд тавьж, Түүний удирдамжинд дуулгавартай байх нь хамгийн зөв зам юм.




“Үйлс ном” хичээлийн гэрийн даалгавар 2-р курс
Шалгасан багш: Рожер Синиор