Хүмүүс өөрсдийнхөө үнэлэмжээр, “хамгийн хайртай, дуртай” гэсэн зүйлсээ таашаан дээдэлж, бусад зүйлсийг зэрэглэл тогтоон гадуурхаж, гоочилдог тийм уур амьсгал бүхий нийгмийг бүрдүүлж амьдарцгаадаг. Тиймээс ч бүх хүн, ямар нэг байдлаар өссөн орчиноосоо, тойрон хүрээллээсээ гадуурхагдах, басамжлагдах, дорд үзэгдэх, үл анзаарагдах, хаягдах байдлыг амсаж, дарамт шаналлыг мэдэрч үзсэн байдаг.
Биднийг үргэлж зовоож шаналгаж байдаг шоовдорлолоос төрсөн аливаа сөрөг бодол санаа, мэдрэмжүүдтэй зөв харьцаж сурахгүй бол, Христ доторхи сүнслэг төлөвшилд маш том саад болдог. Харамсалтай нь бид бүгд, иймэрхүү хандлага харьцаанд тэвчээртэй, эелдэг зөөлөн хандаж, эерэг хариу үйлдэл үзүүлхийн оронд, ямар нэгэн хамгаалах эсвэл сөргөлдөх хариу барьж сурсан байдаг. “Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.” (Ром 12:17) гэж Библи сургадаг.
Үзүүлээд өгье: Бусдын дээр гарахаар улайран зүтгэж, өрсөлдөн тэмцэлддэг хүмүүсийн ихэнх нь шоовдорлогдохоос л үхтэлээ айж, өөрсдийгөө хамгаалж байгаа нь тэр юм. Бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд л нэр алдар хөөцөлдөн, бүр заримдаа элдэв хорон мууг сэдэж нөхцөл байдлыг хутган үймүүлдэг. Бүхий л чадлаараа оргил руу тэмүүлэн, аливаа амжилт хожилд хүрэх нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, шоовдорлогдохгүй байх баталгаа гэж сэтгэдэг. Тэд бүхнийг төгс гүйцэлдүүлэхийг эрмэлзэж, улмаар сэтгэлийнхээ гүнд үргэлжийн түгшүүр, дарамттай явж, ядаргаа стрэссийн (сэтгэл хямралын) үүр болцгоодог.
Тэд бүхий л зүйлд зөвхөн өөрсөддөө найдацгааж, эсвэл өөрсдөөс нь илүү авъяаслаг, мэдлэгтэй хүмүүсийг л түшиглэдэг ба Бурханд найдаж, Түүний өмнө сул доройгоо хүлээн зөвшөөрхөөс үргэлж татгалздаг тул, Бурхантай харилцах харилцаа нь үнэхээр гажуудсан байдаг. Тэд сайндаа л өөрсдийнхөө л хараа, зорилго төлөвлөгөө нь бүтэлтэй болоход ашиглах, туслуулах үүднээс л Түүнд ханддаг.
Иймэрхүү хүмүүс аливаа нөхцөл байдал болон тойрон хүрээлсэн хүмүүсээ өөрийнхөөрөө байлгах гэж, зохицуулж хянах гээд л зүтгээд байдаг тул, Бурханаар өөрийгөө хянуулж, Түүний захиргаанд (хаанчлалд) орно гэж бараг үгүй. Тэд хаа газар (тэр ч бүү хэл Эзэний цуглаан дотор ч) ямагт тэргүүнд байж эрх мэдэл, алдар хүндийг өөрсөддөө шаардаж, төвлөрүүлхийг эрмэлздэг. Тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь хамт олон доторхи байр сууриас нь асар гүнзгий хамааралтай байдаг. Тиймээс ч тэд бусдад Бурханыг харуулах биш өөрсдийгөө л харуулж, бусдыг босгон байгуулах биш эвдэж нураах нь элбэг.
Тэд Бурханд болон өөртөө хамгийн итгэлгүй хүмүүс юм. Хэдийгээр тэд өндөр албан тушаал, сэнтийд залрах боловч ямар нэг “сайн сайхан” зорилгын цаана нуугдацгааж, аливаа хувийн хариуцлага, үүрэг ролиос зугтаж булзах хэв шинжтэй. Энэ нь яг өөрт нь хандсан шүүмжлэл, хувийн хариуцлагын тооцооноос үргэлж зугтааж, эсвэл эрс дургүйцэн сөргөлдөх байдлаар илэрдэг. Тэд эр зоригтойгоор хувийн хариуцлагаа ухамсарлаж, алдаа зөрчилөө гэмших чадваргүй байдаг.
“Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.”(Мт. 20:26, 27), гэж Эзэн айлдсан нь яг үүний эсрэг тэнгэрлэг зүй тогтол юм.
Харамсалтай нь шоовдорлогдхоос айж бултах энэхүү арга нь, аливаа шоовдорлогдолтоос түр зуур л бултуулж хойшлуулдаг ба бүр цаашилбал улам хүчтэй, эргэлт буцалтгүй яллалт буруутгал, шоовдорлолтын үндэс, шалтгаан болдогыг түүхэн дэх олон “агуу хүмүүс”-ийн гунигт төгсгөлөөс харж болно. Судалгаанаас харахад өндөр эрх мэдэлтэй байсан хүмүүс сэнтийнээсээ бууснаас хойш дунджаар есөн сар амьдардаг гэсэн тооцоо бий. Тэд бусдыг хянаж, захирч чадахгүй болсноос болоод удалгүй насан өөд болдог байна.
Буугаад өгье: Бурханы хаанчлалаас гадуурхи дэлхийн тогтолцоо нь “хамгийн шилдэг, хамгийн хүчтэй, хамгийн авъяаслаг, хамгийн мэдлэг чадвартай, хамгийн үзэсгэлэнтэй”-г хүлээн зөвшөөрдөг. Харин эдгээр “хамгийн...” гэсэн үнэлгээг хангаж чадахгүй олонхи болсон хүмүүс нь гадуурхагдаж (хэн бүхнээс илүүтэй өөрөө өөрсдийгөө голж гадуурхан), нийгмийн энэхүү буруу үнэлгээнд бууж өгцгөөдөг.
Тэд сайн сайхан зорилго төлөвлөгөөнөөсөө ухарч, өөртөө итгэлгүй байж, хүч чадлаа бүрэн дүүрэн ашиглахаас үргэлж хойш суун, ялих шалихгүй, гарын үзүүрийн зүйлсээр сэтгэлээ зогоохыг оролдож, өөрсдийгөө гологдмол, хайрлагдах нэгэн биш гэж сэтгэцгээдэг. Тэдэнд үнэ цэнэ үнэлэмж байхгүй, эрхэмлэх дээдлэх зүйл үгүй учраас хямдхан, хялбар, аливаа гэм нүгэл, уруу татлаганд нээлттэй, хүчирхийлэлд амархан автамтгай байдаг.
Уг нь бол, хүн болгонд Бурханаас өгсөн (нэр төр, бие махбодийн болон бэлгийн цэвэр ариун байдал, хувийн ариун цэвэр, хувийн сахилга бат, Эзэн Бурхандаа болон хань нөхөддөө, бас өөртөө үнэнч хувиршгүй байх, зорилго тэмүүлэл, дуудлага алсын хараа, итгэл үнэмшилдээ тууштай байж өөрсдийгөө бүхий л талаар зориулах зэрэг) үнэт зүйлс байдаг боловч, тэдгээрийгээ мэдэрч, үнэлж, өөрийн болгон, улмаар цэвэр ариунаар баттай сахиж, эрхэмлэн дээдэлж, нандигнаж чаддаггүй ба үргэлж бохирлон гутаах хандлагатай.
Тэр ч бүү хэл нандин чанарууд, үнэт зүйлсээ аливаа уруу татлага, хорон муугаас эр зоригтой хамгаалж, авташгүйгээр сөрөн зогсох нь битгий хэл, энэ дэлхийн завхарсан үхмэл тогтолцоо, үзэл баримтлал, бузар сүнслэг орчиноос ашиг олж авахын тулд, мөн шалихгүй дур хүсэл, цаг зуурын тачаалаа хангахын төлөө бодох юмгүй арилжиж, эргэлтэнд оруулах нь нэн элбэг.
Тэдний хувьд эрхэмсэг, тэнгэрлэг, халдашгүй, тууштай байна гэвэл бүр бүтэшгүй.
Тиймээс ч тэд Христийн сайн мэдээ байж, гэрэл давс болох биш, харин ч үл итгэгчдийн өмнө Эзэнийхээ ариун Нэрийг унагааж бохирлож байдаг. Тэд өөрсдийн “муу муухай хувь тавилан”-даа Бурханыг буруутгах нь элбэг тул, Түүнд зүрхээ нээж, зөвт сайхан харилцаатай болход тун бэрх. Энэ цаг үеийн хэвшмэл үнэлгээнд бууж өгсөн эдгээр хүмүүс үргэлжийн шоовдор амьдарлаар амьдарч, улам л шоовдорлогдох хэв шинжтэй.
Тэрслэе: Зарим хүмүүс “шүдийг шүдээр, нүдийг нүдээр”, гэсэн зарчимыг тууштай баримталдаг. Ийм төрлийн хүмүүс дотороо хүлээн авагдахыг маш их хүсдэг ч, “та надад хэрэггүй, таны хайр ч хэрэггүй...” гэж гөжүүдэлцгээдэг. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээгээ үргэлж үгүйсгэн, гадагшаа ил болгохоос үхтэлээ айж байдаг. Тэд олон нийтийн дунд зохимжгүй эвгүй ааш авир гарган, этгээд гаж хувцаслан, гажуудаар онцгойрох гэж оролдоцгоон тэрслэлээ илэрхийлдэг.
Хариуцлага, сахилга бат, эмх журам, хүндлэл гэдгийг тэд мэддэггүй ба бага хэмжээгээр мэдсэн ч албаар тэрслэн үгүйсгэж, эсэргүүцэж байдаг. Тэдний хувьд Бурхан, хүмүүсийг чадвараар нь шүүслэн дарамтлагч мэт харагддаг тул бас л Түүний хайр, өршөөл уучлалд хаалттай байж, зөвт харилцаанд ордоггүй.
Чуулган доторхи иймэрхүү хүмүүс, удирдлагаа болон бусдыгаа үргэлж өөлж гоочлох нь үнэхээр засаж сайжруулах үүднээс биш, ердөө л өөрсдийн тэрслэлээ илэрхийлэх үүднээс байдаг. Энэхүү тэрсэлсэн хандлага харилцаа нь хүссэн үр дүнг нь өгдөггүйгээр барахгүй, харин ч улам их эсэргүүцэл, шоовдорлолтыг нийгмээс амсахад нөлөөлж, дайран довтолж буй тогтолцоог нь улам бэхжүүлж байдаг.
Аливаа шоовдорлох хандлага, дайралт доромжлолын (зөөлнөөр хэлбэл шүүмжлэлийн) эсрэг, та өөрийгөө өмөөрөн хамгаалах ямарч шаардлагагүй юм. Ингэх хэд хэдэн шалтгаан бий.
1-рт: "Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир... Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ. Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ...
Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун.” (Лк. 6:27-36).
“Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.” (Ром 12:21) гэж Сударт заадаг. Тиймээс Бурханы зөвт ариун байдал, хувиршгүй хайр дотор төлөвшихийн тулд, бас Эзэн Бурхандаа дуулгавартай байх үүднээс дээрхи тушаалуудыг сахигтун.
2-рт: “Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь “Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө”, гэж Эзэн айлдав, гэж бичигджээ.”(Ром 12:19), гэсний дагуу та үнэхээр шударга бусаар гадуурхагдаж, шоовдорлогдож буй бол Бурхан таны төлөө ажиллана.
3-рт: Хэрэв та буруу ярьж, буруу зүйлсийг үйлдэж, бусдыг гомдоосныхоо төлөө дайралт, шүүмжлэлд өртсөн бол өөрийгөө хамгаалах гэж үндэслэлгүйгээр өөрийгөө зөвтгөж, бүр эсвэл худлаа ярьж алдаа зөрчилөө улам нэмэгдүүлнэ. Үүний оронд “Тиймээ, таны зөв. Би буруу хийжээ.” гэвэл өөрийн бардам занг ялсан асар том ялалт болох ба алдаагаа засаж, харилцаагаа сэргээх, нэр төр тань ч цэвэр байж, бүр илүү хүндлэгдэх нигууртай.
“Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ. Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.” (1Иох. 1:8-10).
4-рт: Үнэхээр таны зөв байж, үндэслэлгүйгээр дайралтанд өртсөнч өөрийгөө хамгаалах хэрэггүй. Учир нь бид энэ ертөнцийнх биш бөгөөд энд бид бусадтай аливаа зүйлсийг булаацалдан маргаж, байр суурь, эрх мэдэлийн өрсөлдөөнд оролцох шаардлагагүй юм. Харин ч бид энэ дэлхийн бүхий л мунхаглал, шударга бусыг чимээгүй тэвчиж, хайрлан уучилснаар Эзэний загалмайг үүрэлцэж буй хэрэг юм.
“...Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы тааллыг олдог. Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулхын тулд та нарт үлгэр дууриаллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй. Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.” (1Пт. 2:20-23).
Ингэхэд та зөвхөн шоовдорлогдон гадуурхагдах биш, бүр өөрөө шоовдорлон гадуурхагч болчихсон юм биш биз? Тэгэхгүйн тулд яах вэ?
Юуны түрүүнд эрхээ эдлэхээ аль болох хойш тавьж, үүрэг хариуцлагаа л итгэмжтэй биелүүлж, хэрэгжүүлхэд анхаар. Бид Христийн авралд багтсанаар онцгой давуу, тэнгэрлэг эрхийг өвлөгчид болсон. Бидний дуу хоолой Тэнгэрт сонсогдож, бидний асуудлуудад Эцэг оролцож, Түүний сүр хүч биднийг хамгаалж байдаг.
Гэхдээ энэ болгоны цаана бас онцгой өндөр үүрэг хариуцлага бий. Энэ бол өөрийн эрх ашиг, дур сонирхолыг огоорон, бусдын эрх ашиг, авралын төлөө зүтгэх, бусдын сул дорой, мөхөс байдлыг ойлгон хуваалцах нь, Христийг гэрчлэх болон Түүний агуу хайрыг үг хэл үйлдэлээрээ харуулж амьдрах нь юм.
Яллан буруутгахыг биш анхааруулан зэмлэхийг урьтал болго. Анхааруулан зэмлэх нь хүний алдаа зөрчилийг дүгнэсэн дүгнэлтээс үүдэлтэй бол, яллалт буруутгал нь хүний хувь чанар, зан байдал руу нь довтлох үзэгдэл юм. Мэдээж бид яллан буруутгах эрхгүй. Бас анхааруулан зэмлэхдээ ч маш болгоомжтой байж, гарцаагүй баталгаа нотолгоог үндэслэх нь чухал. Бид хүмүүсийн алдаатай үйлдэлд хариуцлага тооцож болох ч, энэхүү алдаанаас нь болж өөрийг нь хэзээ ч хараар будаж болохгүй. Тэр тусмаа түүний гэм нүгэл Христийн цусаар угаагдсан байхад шүү...
Таны хайрлагдах, хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх, халамжлуулах зэрэг олон хэрэгцээг тань Эзэн эргэн тойрныхноор тань дамжуулан хангадаг. Тиймээс ч эргэн тойрныхноосоо юуг, ямар харилцааг хүсэж буйгаа, тэдний өмнө тавьж буй өөрийн шалгуур шаардлагаа эгэл энгийн байдлаар, цаг бүр, өдөр бүр чөлөөтэйгөөр, эвтэйхэн илэрхийлж сур. Таны зөв, эерэг байдлаар байнга илэрхийлдэг, хүсдэг, шаарддаг зүйлсийг бусад тань ч элдэв хүндрэлгүй хүлээн авч, зохих хүссэн хариу үйлдлийг тань үзүүлнэ.
Энэ бүгдээс илүүтэй “Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд...” (Мт. 7:12) гэсэн зарчимыг дуулгавартай хэрэгжүүлж сурвал бас гайхамшигтай үр дүнтэй.
Неил Т.Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 12-р бүлгээс хийсэн товчлол
3 months ago