Сатаны зорилго нь, таны сүнсийг харанхуйн хүчин дор гинжилж, сэтгэл санааны хямралтай байлгаснаар таны итгэлийг будлиулж, самууруулах нь юм. Таныг Бурханы хүүхэд болох тэр үед л, тэр таныг үүрд алдсан юм. Гэвч тэр таны оюун санааг булингартуулж, итгэлийг тань сулруулж чадах аваас, Хаанчлалын төлөө хийж буй ажлын тань үр ашигыг бууруулж, өсөлт төлөвшилийн хувьд зогсонги нэгэн болгож чадна.
Бурхан биднийг амжилтаар дүүрэн, цэнгэл жаргалтай байлгахыг хүсдэг. Гэхдээ амжилт, ач холбогдол, бүрэн дүүрэн байдал, сэтгэл ханамжтай байдал, цэнгэл жаргал, баяр баясал, аюулгүй байдал, амар тайвны талаархи таны ойлголтууд гэмт дэлхийн дагуу бус, харин Бичээст үндэслэсэн байх нь, сүнсний тань төлөвшилтөнд маш чухал.
Амжилтын гол цөм нь зөв зорилго:
Амжилт зорилгоос шууд хамаарна. Хуучин хүний дагуух, дэлхийлэг гэмт хүсэл зорилгоо хаялгүйгээр Эзэнээр ерөөгдөнө гэж үгүй. Амжилтын талаархи таны хэвшмэл бодол санаа ч үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Бидэнд зориулсан Бурханы зорилгын талаар болон бурханлаг амжилтын тухай хамгийн зөв сайн дүгнэлтийг (2 Пт. 1:3-10)т өгүүлсэн байж болох юм.
“Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан, Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг соёрхсон. Эдгээрээр дамжуулан Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм.
Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг, сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Хэрэв та нарт эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь бидний Эзэн Есүс Христийг мэдэхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй.
Эдгээр чанаруудаар дутагддаг хүн бол урьдын нүглүүдээсээ цэвэршсэнээ мартсан, сохор эсвэл богино бодолтой нэгэн юм. Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан сонгосныг батагахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.”
Энд таны төлөө аль хэзээний хийчихсэн зүйл дээр үндэслэж Бурханы зорилго эхэлж байгааг анзаарна уу. Танд амьдрал болоод итгэл бишрэлийг өгсөн Христийн зөвтгөл аль хэзээний болоод өнгөрчихсөний дээр, ариусах явц ч мөн л аль хэдийнээ эхэлчихсэн шүү дээ. Та бурханлаг шинж байдлыг хуваалцагч бөгөөд, гэм нүгэл үхсэн ба та түүнийг даван туулчихсан. Хичнээн сайхан гараа вэ? Гэтэл хичнээн олон хүн энэхүү зөвтгөл, уучлалыг хайн үргүй хоосон бэдэрдэг гэж санана.
Харин одоо өндөр ёс суртахуун, өргөн мэдлэг, өөрийгөө захирдаг, тэвчээртэй, итгэл бишрэлтэй, ах дүүстээ элгэмсэг байх зэрэг бурханлаг зан чанарт хичээнгүй суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь таны нэн тэргүүний зорилго юм. Мөн эдгээр зан чанаруудыг байнгын хэрэглээ болгосноор, таны амьдрал үр дүнтэй, итгэлийн үр жимсээр дүүрэн байхаас гадна, хэзээ ч бүдрэхгүй гэж Судар амлаж байна. Энэ чинь л жинхэнэ амжилт шүү дээ.
Энэхүү жагсаалтанд авъяас билэг, ур чадвар, боловсрол мэдлэгийн талаар огт дурдаагүйг анзаарсан биз дээ. Тэдгээр нь таны гол зорилго биш, бас амжилт гэж тооцогдохгүй. Бас хүн бүрт тэгш заяагддаггүй. Харин Сүнсний (бурханлаг) зан чанарууд нь хүн болгонд харамгүйгээр тэгш хувиарлагдсан ба, хүлээн авагч хүний зүтгэлээс шалтгаалан их, бага байдаг.
Израилийг Канаан руу амжилттай удирдан оруулсан Иошуад Бурхан “Тууштай бөгөөд зоригтой байгтун. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтанд хүрнэ.” (Иош. 1:7, 8), гэж бас хэлсэн. Танд зориулсан Бурханы зорилгыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дага. Дуулгавартай байдлыг зорилгоо болговол амжилт улам баталгаатай байх болно.
Ач холбогдол нь цаг хугацаагаар тодорхойлогдоно:
Цаг хугацаа өнгөрхөд мартагдаж буй зүйл бол ач холбогдол багатай зүйл байсных. Харин үргэлж дурсан санагдаж буй зүйл нь агуу ач холбогдолтой зүйл юм. “Хэрэв хэн нэгний ажил эцсийн өдөрт үлдвэл, тэр хүн шагналаа хүлээн авна.” (1 Кор. 3:14). Бид мөнхийн баялагыг цуглуулах чухал ажил гүйцэтгэж буй хүмүүс. Есүсийн төлөө хийж буй ямар ч үг, ямар ч ажил одоохондоо онцын ач холбогдолгүй мэт харагдавч, үнэндээ үүрд мөнх үлдэх нигууртай.
Бүрэн дүүрэн байдлын гол нь, хамгийн чухал ажлаа барьж авах:
“Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ, Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.” (1 Пт. 4:10). Хэрэв та өөрт байгаа ганц ч болов билэг авъяасаа нээн, түүнийгээ сайн мэдээний үйлчлэл болгон ашиглаж, Эзэнийг алдаршуулах аваас амьдрал тань бүрэн дүүрэн байх болно. Бурхан хүн нэг бүрт үйлчлэлийн онцгой талбар бэлдсэн байдаг.
Таныг хэн ч орлож чадахгүй тэрхүү талбар болон үүргийг олж хараад, чин сэтгэлээсээ үүргээ биелүүлэх шаардлагатай. Та дэлхийн 7 н тэрбум хүний дунд давтагдашгүй цор ганц бөгөөд гэр бүлдээ нөхөр, аав, ээж, эхнэр, эцэг эх болон үр хүүхэд гээд таныг хэнээр ч орлуулшгүй юм. Бурханы үйлчлэлийг хийхээр онцгойлон дуудагдсан талбар бол гэр бүл тань шүү. Цаашилбал таны ажлын болон сургуулийн тань хамт олон дундаа та цор ганц бөгөөд тэндээс ургац хураах Бурханы ажилчин нь та мөн.
Сэтгэл ханамжийн цөм нь чанар чансаа:
Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун бус байх нь тухайн хүн, эсвэл үйлчилгээ, бараа бүтээгдхүүний чанар муутай холбоотой. Сэтгэл ханамж нь тоо хэмжээний тухай бус, чанарын тухай асуудал юм. Олон зүйлийг замбараагүй, хуумгай хийснээс цөөн зүйлийг чанартай сайн хийвэл, та сэтгэл хангалуун байх болно.
Хувь хүний сэтгэл хангалуун байдал нь эрх мэдэл, нөлөөлөлөө тэлэх нь биш, харин тодорхой зүйлийг чанартай хийхэд оршино. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд ч мөн адил. Өнгөц олон найзтай, олон танилтай байснаас, халуун дотно цөөн хэдэн найз үнэ цэнэтэй.
Цэнгэл жаргалын утга учир нь, хэн байгаадаа болон юутай байгаадаа талархалтай байх нь юм:
Цэнгэл жаргалын талаархи энэ дэлхийн хэвшмэл ойлголт бол хүсч буй бүхнээ олж эзэмших явдал юм. Харин Бурханыхаар бол, өөртөө байгаа зүйлээ хүсэмжилж байгаа хүн нь цэнгэл жаргалтай нэгэн юм. Хүн өөрт байхгүй зүйлдээ хэдий их тэмүүлнэ, төдий чинээ жаргалгүй байх болно.
Цэнгэл жаргалтай байлгах бүхий л зүйл өөрт тань байдаг. Өөрт тань өгөгдсөн зүйлсийн үнэ цэнийг нь мэдэж, эрхэмлэж, бас тэдгээрийнхээ төлөө талархаж сурвал, та жаргалтай хүн болно. Байхгүй зүйлдээ бүү шунан тэмүүл. “Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. Учир нь бид энэ ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бас эндээс юу ч авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно.” (1 Тим. 6:6-8)
Баяр баясгалангийн цөм нь эрх чөлөө:
Баяр баясгалан бол хүлэгдмэл байдлаас чөлөөлөгдсөнөөр аяндаа бий болдог зүйл. Баяр баясалын гол саад нь, нэр нүүрээ хадгалах гэж өөрийгөө хорьдог махан биеийн хандлага юм. Бид хэн нэгэнд илүү харагдах, бусдад дорой харагдах дургүй учраас, олон нийттэй нийцэх гэж хуурамч дүр эсгэн, биеэ их барьдаг.
“Учир нь би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол, би Христийн боол биш байх байсан.” (Гал. 1:10). Та хүмүүст таалагдах гэж хичээж байснаас Бурханд таалагдах гэж хичээвэл илүү их баяр хөөртэй амьдарна.
Аюулгүй байдалын цөм нь ганхашгүй найдвартай зүйлд түшиглэсэн байх:
Аюулгүй байдал зөвхөн мөнх зүйлээс л ирдэг. “Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.” (Иох. 10:28). “Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү?...” (Ром 8:35).
“Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонсосны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь Бурханы эзэмшилийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдарыг магтуулхын тулд өгөгдсөн юм.” (Еф. 1:13-14), гэж Судар айлдсан.
Үүнээс илүү баталгаатай аюулгүй байдлыг та хаанаас, хэрхэн олж авах вэ? Түр зуурын үнэлэмж ба харилцаа нь ихэнхдээ бүтэлгүй тул, та тиймэрхүү зүйлд итгэвэл үргэлж эрсдэлтэй, аюултай нөхцөлд байна гэсэн үг. Харин бурханлаг үнэлэмж ба харилцаанаас гардаг олон сайхан ашиг тус, үр дүнгүүдийн нэг бол жинхэнэ аюулгүй байдал ба энэ нь мөнх байна.
Амар тайван байдлын гол цөм нь дотоод зөрчлийн төгс сайн шийдэл юм:
Бурханы амар тайван нь танд аль хэдийнээ өгөгдчихсөн зүйл. “Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид, бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ” (Ром 5:1). Үүнийг ямар нэгэн хичээл зүтгэлээр олж авдаг юм биш, харин дахин төрөх үедээ та хүлээн авсан. Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл тань аль хэдийнээ өнгөрсөн бөгөөд, таны дотоод ертөнц Бурханы амар тайвантай үүрд хамт байх болно.
Гадаад ертөнцийн ширүүн шуурган дунд өдөр тутам, цаг мөч бүр дотоод ертөнцдөө хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй зүйл бол Бурханы амар тайван юм. Гадаад ертөнцийн эмх замбараагүй бужигнааныг та тэр бүр хянан зохицуулж чадахгүй. Харин Бурханы амар амгалангаар зүрх сэтгэлээ удирдуулж чадвал, та өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд, бодол санаагаа хянан зохицуулж, хорон муу нөлөөнд авташгүй, ганхашгүй байж чадна.
Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 8-р бүлгээс хийсэн товчлол...
3 months ago