Sunday, May 6, 2012

6. Оюун санааныхаа зөрчил тэмцэлийг ялан дийлэх нь

Хүмүүс бид амьдралыг зөвөөр танин мэдэж, хувь заяагаа ухамсартайгаар хөтлөн удирдахыг хичээдэг. Харин Бурхантай хамт явахын гол шалгуур нь ухамсар биш, итгэл юм. Ихэнхдээ энэ хоёр нь харшилддаг. Гэхдээ энэ нь, Бурхан биднээс ухаж ойлгохгүй, бодож сэтгэхгүй, сохор итгэлийг шаардаж байдаг гэсэн үг биш. Харин ч эсэргээрээ Бурхан биднээс эрэгцүүлэн бодож, ухамсартайгаар шийдэж, хариуцлагатайгаар сонгохыг хүсэн хүлээж байдаг.

Бидний Эзэн бол асар ухаалаг, торгон мэдрэмжтэй Бурхан бөгөөд, бидний оюун санааны чадвар боломжийг харгалзан, итгэлд тулгуурлан ажлаа явуулдаг. Хүмүүний сэтгэлгээний чадвар боломж нь хязгаартай. “Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” (Иса. 55:9), гэсэн байдаг. Хүн төрөлхтөн өөрсдийн ухаан бодлоор, Бурханы бодол санааг танин мэдэх чадваргүй. Тиймээс ч Бурханы илчлэлтээс хамааралтай байдаг.

Танд, Бурханы зам, удирдамж нь хэзээд зөв байдаг гэдэгт итгэх таны итгэлээр болон тэдгээрт нь таны дуулгавартай захирагдах байдлаар тань тодорхойлогдох (А) төлөвлөгөө байна гэж үзье. Бас өөрийнхөө хязгаарлагдмал оюун санаагаараа удирдуулж, өөртөө найдсан байдлаар тань тодорхойлогдох (Б) төлөвлөгөө ч бас таны халаасанд байж байдаг. Нэгэн итгэгч бүсгүй “Би энэ гэрлэлт зөв эсэхийг мэдэхгүй байна. Бүтэлгүйтэж ч магад. Тиймээс ч цаашдынхаа амьдралыг одооноос бодож, тооцоолж байсан нь дээр...” гэсэн бодолтой байна. Энэ нь (Б) төлөвлөгөө юм.

Гэтэл Бурханы зүгээс, нөхөр эхнэр хоёр нь насан туршдаа үнэнчээр хамтдаа амьдрах нь зохистой, гэсэн зарчимыг илчилдэг. Энэ бол бүх эмэгтэйчүүдэд зориулсан (А) төлөвлөгөө юм. Хэрвээ бүсгүй хэдийгээр (А) төлөвлөгөөг мэддэг ч гэсэн, өөрийн халаасны (Б) төлөвлөгөөнд ач холбогдол өгөөд, нухацтай бодож эхэлбэл, (А) төлөвлөгөөгөөр дамжин өгөгдөх бүхий л сайн сайхан амлалт, ерөөлүүдээс нь хорогдоод эхэлнэ.

Ихэвчлэн хүмүүс (А) төлөвлөгөө л сайн гэж ярьдаг, мэддэг боловч, бүтэлгүйтвэл амиа авч гарах (Б) төлөвлөгөөг халаасандаа хадгалсаар л байдаг. Тэгээд (Б) төлөвлөгөөг эргүүлж тойруулан бодсоор, түүнийхээ дагуу алхам хийж эхэлдэг. Хүн амьдралаа хэрхэн авч явах талаархи өөрийнхөө төлөвлөгөөнд хэдий чинээ цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулна, төдий чинээ Бурханы төлөвлөгөөг олж харах, ашиг шимийг нь хүртэх боломжоо алдсаар байх болно. “Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.” (Иак. 1:8), гэж Сударт айлддаг. Та энэ хоёр замын хооронд гуйвж дайвах тусам таны сүнсний өсөлт зогсонги болж, өдөр тутмын амьдралдаа урамгүй, ялагдсан нэгэн болж хувирдаг.

(Б) төлөвлөгөө хаанаас бий болдог вэ?            1-рт: Ариун Сүнсээр дахин төрөхөөс өмнөх он жилүүдийн турш хэвшсэн, хуучин бодол санаанууд, дадал зуршилууд нь (Б) төлөвлөгөөний эх үүсвэр юм. Энэ нь Бурхангүйгээр бүх зүйлийг шийдэж, хийж сурсан нэгэн хувь (хүн) оршигч гэж үзэж болно. Тэр (хүн) оршигч бол та биш. Харин Сүнсээр дахин төрсөн нэгэн нь Бурханаас төрж, тэнгэрээс бууж ирсэн цоо шинэ хүн бөгөөд, жинхэнэ та мөн.

Харамсалтай нь олон хүн тэрхүү хуучин оршигчийг өөрийгөө гэж бодож, итгэж, шаардасныг нь дуулгавартай дагадаг. Тэр оршигч бол таныг дээрээс төрөх үед үхчихсэн нэгэн шүү дээ. Тэгэхлээр та үхсэн нэгэнд хөтлөгдөн явдаг гэсэн үг. Харин шинэхэн, амьд, жинхэнэ хүн чинь (А) төлөвлөгөөний дагуу, Бурханаас хамааралтай амьдрахыг шаардаад байдаг.

2-рт: Бүр Эден цэцэрлэгийн үес л Бурханы ажлыг эсэргүүцэгч нэгэн нь, энэ дэлхий дээр идэвхийлэн ажиллаж байдаг. Сатан болон түүний албат болсон муу ёрын сүнснүүд, таны бодол санааг өөрсдийн атгаг хорон бодлын мессежээр үймүүлж, итгэлээс тань унагахыг байнга оролддог. Тэд санаа бодолд тань сөрөг муу зүйлсийг шившиж, эргээд дэлхийн амьдрал руу чангаадаг. Үнэндээ (А) болон (Б) төлөвлөгөөний хоорондын сөргөлдөөнд хэн нь ялахыг шийдэх эрх танд л байдаг.

Оюун санаанд тань болж буй тэмцэл тулааны тухай таны зайлшгүй мэдэж байх ёстой зүйл бол, энэ нь хүн төрөлхтөний арга ухаан, ур чадвар, мэдлэг боловсролын талбар дээрхи тэмцэл тулаан огт биш юм. Та өөрийнхөө хүчээр, арга залиар, овжин сэргэлэн байдлаар хуучин оршигч болон, муу сүнснүүдийг дийлж чадахгүй. Хэрэв та ялахыг хүсч байвал “агуу хүч чадал”-аар зэвсэглэх ёстой.

Сударт, “Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.” (2 Кор. 10:3-5), гэж маш оновчтой томъёолсон байдаг.

Тэгэхлээр бидний устгах ёстой гол бай бол, “бат цайз”-ууд байх нь. Эдгээр нь он жилүүдийн турш хатуурч хэвшсэн, эсвэл нэг удаагийн онцгой хямралын улмаас бий болсон, бидний оюун санаанд шингэсэн сөрөг эсвэл бүр “эерэг” бодлууд юм. Энэ дэлхий дээрхи хүмүүсийн үнэлгээний дагуух муу, муухай гэгддэг зүйлсээс гадна бас сайн сайхан гэгддэг олон зүйлс, тэнгэрээс бидний Эзэний буулгаж өгдөг шинэ амьтай зөрчилддөг.

Хүн дахин төрөөгүй байх үедээ, энэ дэлхийн амьдралд тэсч үлдэх, асуудлыг хэрхэн давж гарах зэрэгт өөрийн гэсэн, Бурханаас ангид философитой болчихсон байдаг. Хэдийгээр дахин төрж шинэ хүн болсон ч эргэн тойронд тань, ахуй амьдралд тань бурханлаг бус нөлөөллүүд байсаар л байдаг.  Асар олон төрлийн цайзууд бат бэхээр бидний зүрхэнд авташгүй мэт сүндэрлэж байдаг.

Гэвч тэдгээр нь таны чин сэтгэлийн залбирал гуйлт, Эзэний үгийн хүч чадал, эрх мэдлийн өмнө, загалмай дээр урссан Христийн ариун цус, үхлийг ялсан ялалтын өмнө цаасан байшин адил юм. “Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.” (Ром 12:2) гэж цайзуудыг нураах аргыг Судар заадаг.

Дайсагнал гэсэн цайз байдаг.    Хэрвээ та аливаа маргаантай асуудалд омголон ширүүн хандаж, хүчээр, хэрүүл тэмцэлээр асуудлыг шийдэх дуртай бол, ийм л замаар асуудлыг давж сурсантай холбоотой. Харин Эзэн, дайснаа хүртэл хайрла, гэж сургадаг.

Өөрийгөө дорд үзэх нь ч бас цайз юм.    Энэ нь олон жилийн басамжлал, хувийн бүтэлгүйтэл зэргээс үүсэлтэй юм. Харин Сударт, таныг Бурханы үр юм гээд, хэн ч таныг дорд бүү үзэг, гэсэн байдаг.

Элдэв башир, булхай аргаар бусдыг өөртөө ашигтайгаар хөдөлгөх нь, ижил хүйстнүүдийн гаж харилцаа нь, хоолны дуршил багасах буюу ихсэх нь ч, шавьжнаас, замын хөдөлгөөнөөс, хоол унднаас гэхчилэн олон зүйлээс айж сэжиглэх нь, зэрэг маш олон цайзууд байдаг. Эдгээр цайзууд нь Бурханы мэдлэгийн эсрэг бодлуудыг улам лавшруулдаг тул, Бурхан бол хайрын Эцэг, би Түүний хайртай хүүхэд гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрхөөс эхлэн тэмцэлийн гараагаа эхлүүлэх хэрэгтэй.

“Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ рүү хандсан цэвэр, энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.” (2 Кор. 11:3), “Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий, гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.” (2 Кор. 21:1) гэх зэрэг сэрэмжлүүлэгээс харах юм бол Бурханы болон бидний дайсан бодит нэгэн байдгыг өгүүлж байна.

Сатан таны тархинд ямар нэгэн бодол санааг оруулж дөнгөх л юм бол, түүнийг таны өөрийн чинь бодол гэж итгүүлж хуурах нь тийм ч хэцүү биш. “...Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.” (Иох. 8:44), гэж Эзэн сатаны мөн чанарыг тодорхойлсон. Бидний бодол бүр Христэд дуулгавартай олзлуулахгүй бол тэр хэмжээгээр сатанд боломж өгдөг бөгөөд, ингэж хуурахаас өөрөөр түүнд биднийг захирах ямарч хүч байхгүй. Нэгэнт л түүний гол зэвсэг нь худал хуурмаг, заль мэх юм бол бидний сөргүүлэн барих зэвсэг нь үнэн юм.

Энэ тулаан нь мэдлэг болон туршлага, эсвэл авъяас чадварын тулаан биш үнэнээр үзэлцэх, үнэнийг дээдлэх тэмцэл юм. Үнэнийг илчлэн ярьж, гэмээ улайж, бас хамгийн гол нь Эзэний үгийг хичээнгүйгээр нухацтай судлан, зүрхэндээ үргэлж тунгаан бясалгаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь шинэ хүнийг тань бүрэн хүчирхэгжүүлдэг бөгөөд ялалтыг баталгаажуулдаг.

“Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил, тэд бас ертөнцийнх биш. Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.” (Иох. 17:15-17), гэж Есүс бидний төлөө залбирдаг.


Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 9-р бүлгээс хийсэн товчлол...