Сэтгэлийн хөдлөл бол оюун санааг шинэчлэх үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг. Сэтгэлийн хөдлөл тань бодол санааны тань илэрхийлэл, мэдрэхүйн тань толь юм. Таны хэрхэн тунгаан бодож, ухаарч байгаа эсэх, гэмшиж даруусан өөрчлөгдөж буй эсэх, оюун санаа тань шинэчлэгдэж байгаа эсэх, зүрхэнд тань гэрэл, хайр цутгаж буй эсэх, Эзэний үгээс амьд бодитой, хүчтэй нөлөөг авч ариусаж байгаа эсэх тань сэтгэлийн хөдөлгөөнөөр тань илэрч харагддаг.
“Түүний хилэнгийн саваанаас болж зовлон үзсэн хүн нь би байна. Тэр намайг тууж гэрэлд биш харанхуйд алхуулсан. Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн турш дахин дахин мутараа эргүүлсэн. Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн. Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов. Он удаан үхэгсэдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.
Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив. Тэрээр гинжийг минь хүнд болгов. Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан. Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж, миний жимийг тахир болгов. Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт, далд газруудад байх арслан мэт юм.”(Иер. гаш. 3:1-10) гэж нэгэн эш үзүүлэгч Сударт гашуудан, шаналан байж сэтгэл хөдлөлөө илэн далангуй илэрхийлсэн байдаг.
Мэдээж, Бурхан түүнд тохиолдсон гай зовлонгийн учир шалтгаан байгаагүй. Бурхан түүнийг харанхуйн замд оруулаагүй. Бурхан хүмүүсийг зажлахгүй залгих араатан биш. Хэдийгээр тухайн нөхцөл байдалд Иеремиа зовж шаналах үедээ Бурханы талаар буруу төсөөлөлтэй байж, Түүнийг буруутгах өнгө аяс бүхий гомдол цөхрөлийг хашхирсан ч, энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө нуулгүйгээр, илэн далангуйгаар илчилсэн нь түүнд эмчилгээ болж, Эзэний өмнө ч худал хуурмаг бус үнэн төрхөөрөө байсны улмаас зөвтөд тооцогдож сэргэлт ивээлийг авсан нь дараагийн шүлэглэлээс харагддаг.
“Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач. Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий. Эзэний хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. Эзэн бол миний хувь юм гэж сэтгэл минь хэлж байна. Тийм учраас би Түүнд найддаг.” (Иер. гаш. 3:19-24) гэсэн байдаг.
Шүлэгч маань бүрмөсөн эргэсэн байгаа биз. Тэгэхлээр Бурхан өөрчлөгдсөн гэсэн үг үү? Аль эсвэл Иеримиаг тойрон хүрээлж байсан хүнд бэрх нөхцөл байдал сайжрав уу? Аль нь ч биш. Гагцхүү Бурханы талаархи ойлголт, мэдрэмж нь өөрчлөгдөж дагаад бас сэтгэл хөдлөл нь сайн тал руугаа өөрчлөгдөж байна.
Танд үнэндээ хүрээлэн байгаа орчин нөхцөл, үйл явдалын өрнөл нөлөөлхөөс илүүтэй, тэдгээрийг та хэрхэн тусгаж, хүлээн авч байгаа тань хүчтэй нөлөөлдөг. Амьдралд тань тохиолдож буй болгон таны хэн бэ гэдгийг тань тодорхойлохгүй. Харин та ямархуу хариу үйлдэл үзүүлж байгаа тань л таны хэн болохыг тодорхойлно.
Үнэн хэрэгтээ бид сэтгэл хөдлөлөө маш бага хянадаг. Харин бид бодол санаагаа илүүтэй хянаснаас болоод, ухамсартай бодол санааны үр дүн болсон хуурамч илэрхийллүүд, бидний чин сэтгэлийн сэтгэл хөдлөл, хариу үйлдэлийг гажуудуулж, хуурамч дүрийг эсгэдэг.
Тиймээс ч оюун санаандаа Бурханы талаархи зөв мэдлэг, мэдээллийг гүн бат суулгах нь маш чухал. Тэгээд амьдрал, хувь заяагаа Түүний л байр суурь, хараагаар харж амьдрах хэрэгтэй. Тэгвэл таны, үйл явдал өрнөлийг, орчин нөхцөлийг буруугаар хүлээн авч, бас буруу сэтгэлийн хөдөлгөөнөөр буруу хариу үйлдэл үзүүлдэг дотоод мөн чанар тань шинэчлэгдэнэ.
Үнэн зөв, эрүүл, тэнгэрлэг сэтгэл хөдлөл нь, хариу үйлдэл нь байнгын залбирал гуйлт, дасгалжуулалт, Үгийн мэдлэг болон Эзэнтэй нөхөрлөсөн хувийн дотно нөхөрлөл, танин мэдэхүйгээс дүр төрхөө олдог. Христ дотор сайтар төлөвшөөгүй сэтгэл хөдлөлдөө автвал, амьдрал тань бас л тийм тогтворгүй, найдваргүй болно.
Сэтгэл хөдлөлийнхөө анхааруулсан дохиог хэрэгсэхгүй байж болохгүй. Жирийн эрүүл ямар ч хүн өвдөлтөнд дургүйцэн ханддаг. Харин та өвдөлт мэдрэхгүй байвал ямар нэгэн гэмтэл эсвэл халдвар авч, нэг зүйл доголдсоны шинж. Сэтгэл хөдлөл бол таны дотор юу болж буйг дохиологч Бурханы луужин юм. Тэдгээр нь сайн муу аль нь ч бай, тэр ч бүү хэл ёс журамгүй ч бай, таны хувь чанарын нэг хэсэг юм.
Хэрвээ та өршөөл хайр, үзэн ядалт, баяр баясал, уйтгар гуниг, урам зориг, дарамт шаналал, амар тайван, эсвэл сандрал түгшүүр гэхчилэн сэтгэл хөдлөлд хойрго, удаан, мэдрэмжгүй байвал, таны зүрх хаалттай, хатуурч байгаа юм биш биз? Эзэнд хандаарай. Ухамсартай бодол санааны зүгээс сэтгэл хөдлөлд хариу өгөх хэд хэдэн арга байдаг.
Сэтгэл хөдлөлөө хорих арга: Дотоодод нь юу болж буй нь үл мэдэгдэх, гадаад нөлөөлөлд ямар хандлагаар хариу үйлдэл үзүүлж буй нь нууцлагдмал хүмүүс ихэнхдээ дүр эсгэгчид бөгөөд, “цагаанаар будсан булш” байх магадлалтай. Тийм хүмүүс сэтгэл хөдлөлөө дарж булшлан, үүссэн асуудлыг шийдхээс үргэлж хойш суудаг. Есүс Эзэн хэзээ ч сэтгэл хөдлөлөө нуун дарж байгаагүй.
Тэрээр Лазарыг үхсэнийг сонсоод уйлж, сүм дотор худалдаа хийгсэдийг зэмлэж, дагалдагчдынхаа бүтэлгүйтэлд дургүйцэж, эмэгтэйгийн тослолтонд талархаж, цовдлогдохынхоо өмнөх шаналгааг ч ил тодоор гаргаж байсан. Сэтгэлийн хөдөлгөөнөө бүү дар. Энэ нь танд болон эргэн тойрныхонд тань далдуур, урт хугацааны хорон нөлөөг үзүүлдэг. Хамгийн гол нь Бурханы ажилд зүрх сэтгэл тань хаалттай байж, Бурхан та хоёрын харилцаанд хана хэрэм болсоор байдаг.
Сэтгэл хөдлөлөө дэлбэлэх арга: Өөр бас нэг зөв бус арга бол, тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж эмзэглэлээ ямар ч бодлогогүйгээр, хэнд ч хамаагүй гаргах нь юм. Энэ нь таны хувьд, дотооддоо тайвшран чөлөөлөгдөх мэт зарим талаар ашигтай юм шиг байвч, таны эргэн тойрны хүмүүст тань тун ч таагүйгээр хүлээн авагдаж байдаг. Дараа нь та бодлогогүйгээр хэлсэн үг, гаргасан зан аашийнхаа муу үр дагаварыг цайруулах гэж нилээн хүндрэлтэй тулгарна.
“Уурласан ч нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.” (Еф. 4:26) гэсэн нь уурлаж болох боловч, харин уураа илэрхийлэн гаргахдаа бодолтой байхыг сануулж байна. “Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго бай. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм.” (Иак. 1:19, 20) гэсэн нь, дэлбэлэх арга бол өөрт тань болон Эзэнд тааламжтай биш ба Бурханыг алдаршуулахгүйг зааж байна.
Бидний уурыг бадрааж, хилэнг өдөөдөг олон тохиолдол учирдаг. Уурласан мөртөө гэм үйлдэхгүй байхыг хүсвэл, Христийг дуурай. Өөрөөр хэлбэл хүнд нь бус гэм нүгэлд нь уураа гарга. Наймаачдыг бус ширээг нь хөмөрчих.
Сэтгэлийн хөдөлгөөнөө итгэмжит хүмүүстээ учирлан нээх арга: Та ууртай, сэтгэлийн шаналгаатай, гомдолтой шархтай байгаа мөртөө амаараа сайн сайхан, болж бүтэж байгаа мэт Бурханд хандан залбирч, бусадтай ярилцан инээвэл Бурханд тааламжтай болов уу? Эсвэл Тэр таны дүр эсгэж байгааг мэдэхгүй өнгөрөх болов уу?
Фарисайчууд зүрх сэтгэлээ үргэлж далдлан гаднаа зөв зохистой, болж бүтэж буй мэт дүр эсгэдэг байсан. Тэд Бурханы өмнө шударга байж чадаагүй. “Та нарын зөвт байдал, фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй бол та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Мт. 5:20) гэж Эзэн хэлдэг. Түүний өмнө та үнэн сэтгэлээсээ байхгүй л юм бол, та зөвт бус байх болно.
Та хэн хүний өмнө догдлоод, бухимдаад байж болохгүй. Харин цөөн тооны итгэмжтэй хүрээлэлтэй байх нь, тэдэндээ бүхнийг илчилдэг байх нь Библийн арга юм. Есүс хүнд дарамттай, шаналгаатай байх үедээ Гетсэмани цэцэрлэгт Петр, Иохан, Иаков гуравт сэтгэлээ нээж, зовлонг нь хуваалцахыг хүссэн.
Элч Паул, Барнаб, Силас, Тимот нарыг түшиж тулж явсан. Танд, иймэрхүү үнэнч, таныг ойлгож зовлонг тань үүрэлцэж, баяр хөөрийг тань өөрийн мэт хүлээн авдаг ядаж нэг хүн, бүр Библийн дагуу гурван хүн байдаг бол та ямар ивээлтэй вэ? Гэхдээ хамгийн итгэмжит нэгдүгээр хүн тань Есүс Эзэн байгаасай гэж зөвлөе. Түүнд хандан бүхий л сэтгэлээ үнэн зөвөөр илэрхийлж, нээж, Түүний өмнө үнэн төрхөөрөө байж сураарай.
За тэгээд сайтар төлөвшөөгүй хүний сэтгэл хөдлөлд өлсгөлөн ходоод, бие махбодийн ядрал, элдэв өвчлөлүүд, сексийн хүсэл, агаарын хэм, жирэмсэний үе, сарын тэмдэгийн үе гэхчилэн олон гадны болон бие махбодийн хүчин зүйлсүүд нөлөөж байдаг ба энэ бүгдэд хамгийн сайн Туслагч, Багш, Удирдагч, Тайвшруулагч бол Есүс Эзэн билээ.
Неил Т. Андерсоны "Харанхуйг гэтлэхүй" номын 10-р бүлгээс хийсэн товчлол...
3 months ago