Wednesday, January 27, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 15



1.                                                       3)   Бурханы Хаанчлалын төлөө 

           “Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм” (Мт.5:10).
“Баптисм хүртээгч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна. Хүчирхийлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг” (Мт.11:12).

“...Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино...”  (Лк.18:29)   
“Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой...” (Үйл.14:22)

“Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид... та нараар бахархдаг. Энэ нь Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд... юм. Бурханы хаанчлалын төлөө та нар үнэхээр зовж байгаа билээ” (2Тс.1:4-5). 

“Есүс доторх гай зовлон, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байв” (Илч.1:9)
“Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг болон... доромжлогддогийг чинь мэднэ... Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай... Үхэл хүртэл итгэмжтэй бай” (Илч.2:9-10)

“...Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ”(Илч.6:11), зэрэг бичээсүүд нь Бурханы хаанчлал иртэл Эзэний ариун хүмүүс зовлон хавчлагыг үүрэх ёстойг тодорхой заадаг. Энэ нь итгэгчдийн эдлэх ёстой зовлонгийн бас нэг шалтгаан ба зорилгыг тодорхойлж байна.  

2.                                 4)  Сайныг үйлдсэнийхээ төлөө

            “Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна” (Гал.6:9). “Харин ах дүү нараа та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ” (2Тс.3:13).
“Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн” (Еф.2:10).

“Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад... Бурханыг алдаршуулах болно” (1Пт.2:12). 
“... Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы таалалыг олдог” (1Пт.2:20).

“Харин та нар зөвт байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү зов” (1Пт.3:14), зэрэг бичээсүүд нь итгэгчдийг сайныг үйлдэх дуудлагатайг, мөн үүнийхээ төлөө зовох ёстойг  зааж байна. 
Хүн төрөлхтөн өөрсдийн алив “сайн үйлс”-ийг элдвээр сайшаан мандуулж, сурталчлан дэлгэрүүлэх мэт харагддаг ч, яг Христ доторх итгэгчдийн сайн үйлсийг үл ойшоон басамжлан доромжлох буюу бүр хааж боодог нь бас нэгэн хачирхалтай боловч бодит үнэн юм. 
3.                   
               5) Бидний өөрсдийн төлөвшил, ариуслын төлөө.

“Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ” (Ром.8:28).

“Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм. Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаана байна. Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд... биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ.
“Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм. Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь, энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг” (Евр.12:6-11).

“Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм” (1Пт.1:6-7).

“Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон” (1Пт.4:1).
“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш” (Илч.3:19),

"Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг" (Дуулал 119:67), зэрэг бичээсүүдээс харах юм бол итгэгчдийн амьдралд тохиолддог зовлон бэрхшээлүүд нь бидний өөрсдийн ариусал, төлөвшил, тэнгэрлэг шинэ дүр төрхийн төлөө болох нь харагдаж байна.   

Эцэст нь, “Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг мэдэгтүн... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно” (Иох.15:18, 20). “Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй” (Лк.14:27), гэж Эзэн Өөрөө сургасан зэргээс харахад, Христитгэлийн амьдрал асуудал бэрхшээлгүй дардан бус, харин ч зайлшгүй нүүрлэн ирдэг аливаа асуудал бэрхшээлийг сөрөн зогсож, хавчлага зовлонг даван туулах ёстойг Библид заадаг.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Thursday, January 21, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 14


1) Есүс Христийн нэрийн төлөө  
2) Загалмайн Сайн Мэдээний төлөө
3) Бурханы Хаанчлалын төлөө
4) Сайныг үйлдсэнийхээ төлөө
5) Бидний өөрсдийн төлөвшил, ариуслын төлөө гэх зэрэг учир шалтгаан ба зорилгыг Библи гаргаж тавьдаг.

1.                  
                                                                1)  Есүс Христийн нэрийн төлөө

“Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! (Мт.5:11).

“Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно”(Мт.16:25).

“Миний Нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно” (Мт.19:29).

“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! (Лк.6:22) гэж Эзэн Өөрийг нь дагагч хүмүүс, Өөрийнх нь Нэрийг үүрч амьдрах ёстойг, улмаар тэрхүү Нэрээсээ болж хавчигдан гадуурхагдах дуудлагатайг зөгнөсөн.
  
“Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг” (2Ко.12:10).
“Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов” (Флп.3:7).

“Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа”(Евр.11:26).
“Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий хаанд ч юмуу” (1Пт.2:13).

“Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ” (3Иох.1:7), гэж Христийн үнэнч дагалдагчид гэрчилсэн байдаг. Эндээс бид юуг ойлгох ёстой вэ? гэхлээр биднийг үнээр (Христийн цусаар) худалдан авсан, гэдгийг мэдэх хэрэгтэй.

Хүн төрөлхтөн өөрсдийн нэрээр бахархаж, тэрхүү нэрийнхээ төлөө зүтгэж, өөрийн нэрийг нандигнан амьдардаг. Монгол ардын үгэнд “Нэр хугархаар яс хугар...” гэдэг. Эндээс сэвтээгүй ариун нэр төр бол хүмүүний оршин тогтнолын маш чухал, үнэ цэнэтэй тулгуур болохыг харж болно.

Тэгвэл бид үүнээс ч илүүгээр биднийг Өөрийн цусаар худалдан авсан Христийн Ариун Нэрийг үүрч, Ариун байдлаар нь алдаршуулах тэнгэрлэг үүрэг хариуцлагатайгаа ойлгож, гүнээ ухамсарлах ёстой юм. Гэхдээ энэ тэнгэрлэг дуудлага маань биднийг хавчлага зовлон, саад бэрхшээл, харанхуйн хүчний хатуу ширүүн эсэргүүцэлийн бай болгодог.                     
2.                   
                          2) Загалмайн Сайн Мэдээний төлөө

“...Хэн Миний төлөө болон Сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино” (Мк.10:29).
“Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг,.. авралд хүргэх Бурханы хүч мөн”(Ром.1:16).

“...Христийн сайн мэдээнд ямарч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг”  (1Ко.9:12).
“Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог” (1Ко.9:16).

“Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг”(1Ко.9:23).
“Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун” (Флп.1:27).
“Харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм” (1Тс.2:4).

            Загалмайн Сайн Мэдээ нь хүн төрөлхтөний авралын цорын ганц гарц зам юм. Бид энэхүү Сайн Мэдээг бүх үндэстэнд тунхаглах үүрэгтэй. Хачирхалтай нь ийм тэнгэрлэг, төгс Сайн Мэдээг зарлан тунхаглах үйл явц асар их саад тотгор, эсэргүүцэлтэй тулж, энэхүү үйлчлэлийг хийгчдэд хавчлага зовлон, сорилт бэрхшээлийг учруулдаг нь Библийн болон түүхийн нэгэн үнэн юм.
            Бүх элч нар (Христийн 12 дагалдагч) Сайн Мэдээний төлөө хавчигдан зовж, 11 нь зүй бусаар алуулсан ба өөрийн үхлээр үхсэн Иохан ч цөлөгдөн зовж байлаа. Бас чуулганы түүхэн дэх бүхий л Сайн Мэдээний элч нар саад тотгоргүй, амар тайвнаар энэхүү үйлчлэлээ хэрэгжүүлсэн нэг ч тохиолдол одоогоор би олж уншаагүй.
            Энэ нь, хүний ертөнцийг одоохондоо захирч буй чөтгөрийн хүчний эсрэг, түүний эрхшээлд байгаа үй олны амийн төлөөх хатуу ширүүн тэнгэрлэг тулаан учир ийм их гарз хохирол, золиослолыг шаарддаг байна.





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/

Wednesday, January 13, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 13



1.                                       Бид Христийн зовлонг хэрхэн хуваалцах вэ?

       Зовж зүдэрч буй нэгнийг харахдаа хорон муу үйлийнхээ үрийг эдлэж буй, эсвэл хараагдсан, бүр эсвэл арчаагүй дорой, амьдрах чадваргүйн улмаас гэсэн нийтлэг хандлагаар шүүн дүгнэдэг нь хүн төрөлхтөний үндсэн шинж юм. Энэ нь бүхий л соёл иргэншил, ард түмний хувьд адилхан байдаг ба мөн бүхий л цаг үеүүдэд хүмүүс ингэж л шүүн дүгнэж ирсэн нь түүхийн нэг үнэн юм.

Үүнийг бас Библийн теологи ч баталдаг гэхэд болно. Библи дэх Израильчуудын түүхийн ихэнхи хэсгийг Бурханыхаа эсрэг тэрслэн, дуулгаваргүй байсныхаа улмаас элдэв зовлонг эдэлсэн гашуун түүх эзэлдэг. Гэхдээ түүхэн үнэн болон Библийн теологитой зөрчилдөх мэт харагддаг бас нэг тэнгэрлэг үнэн нь Бурханы ариун хүмүүсийн болон Христийн зовлонгийн түүх юм.

Нүгэлтэн нүглийнхээ шийтгэлийг эдлэж зовох нь шударга бөгөөд түүхээр болон Библиэр баталгаажсан юм бол, бас хажуугаар нь зөвт болон нүгэлгүй Ариун Нэгэн нь яахаараа зовж шаналах шаардлагатай болчихдог нь заавал судлах ёстой чухал асуудал юм. Эндээс хоёр төрлийн зовлон ертөнцөд байдгийг Библи бидэнд ялгаж зааглан, илчилж харуулдаг болохыг би өмнөх хэсгүүдэд харагдахуйцаар гаргаж ирэхийг оролдсон.

Ариун нэгний зовлонгийн нэг үндсэн шалтгаан нь нүгэлтнүүдийн дунд тэнгэрлэг мөн чанараараа эрс ялгардагаас үүдэлтэй.    
          
А. Библид зовлонгийн талаар хэрхэн сургаж номлодог вэ?

Сударын Хуучин гэрээний хэсэгт Бурханы ард түмний зовлонгийн талаар бичихдээ Эзэн Бурханыхаа үйлчлэлд итгэмжгүй байж, харь бурхдад мөргөж, Мосегийн хуулиудыг зөрчвөл үр дагаварт нь ирэх шийтгэл бол аймшигт олон төрлийн зовлонгууд байх болно гэсэн.
“Чи хэрвээ Эзэн Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ...” (Дх.28:15-68).

Эдгээр зөн болон сэрэмжлүүлэгүүдийг Израильчууд дэс дараалан өөрсдийн түүхээрээ ёсчлон харуулсан нь, Ертөнцийн Эзэний ариун бөгөөд алагчилдаггүй шударгаар шүүдэгийн баталгаа болдог.

Гэтэл Шинэ гэрээний сургааль номлолд Бурханыхаа эсрэг тэрслэх биш, харин ч Түүний хүсэлд нь захирагдан, үнэнчээр даган явах зам нь зовлон бэрхшээл, сорилтын, бүр цаашлан загалмайн (үхлийн) зам байх ёстой, гэж заадаг нь үнэхээр гайхалтай.
“Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ?!  Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?! Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ?! Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?! Эсвэл энэ нь Өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?! Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.” (Ром.11:33-36).

Тэгэхлээр Шинэ гэрээнд Бурханы ард түмний (итгэгчдийн) туулах зовлонгийн учир шалтгаан ба зорилгын талаар хэрхэн тайлбарлаж, номлосон нь сайтар судлах ёстой асуудал мөн.

1) Есүс Христийн нэрийн төлөө  
2) Загалмайн Сайн Мэдээний төлөө
3) Бурханы Хаанчлалын төлөө
4) Сайныг үйлдсэнийхээ төлөө
5) Бидний өөрсдийн төлөвшил, ариуслын төлөө гэх зэрэг учир шалтгаан ба зорилгыг Библи гаргаж тавьдаг.





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/