Wednesday, January 13, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 13



1.                                       Бид Христийн зовлонг хэрхэн хуваалцах вэ?

       Зовж зүдэрч буй нэгнийг харахдаа хорон муу үйлийнхээ үрийг эдлэж буй, эсвэл хараагдсан, бүр эсвэл арчаагүй дорой, амьдрах чадваргүйн улмаас гэсэн нийтлэг хандлагаар шүүн дүгнэдэг нь хүн төрөлхтөний үндсэн шинж юм. Энэ нь бүхий л соёл иргэншил, ард түмний хувьд адилхан байдаг ба мөн бүхий л цаг үеүүдэд хүмүүс ингэж л шүүн дүгнэж ирсэн нь түүхийн нэг үнэн юм.

Үүнийг бас Библийн теологи ч баталдаг гэхэд болно. Библи дэх Израильчуудын түүхийн ихэнхи хэсгийг Бурханыхаа эсрэг тэрслэн, дуулгаваргүй байсныхаа улмаас элдэв зовлонг эдэлсэн гашуун түүх эзэлдэг. Гэхдээ түүхэн үнэн болон Библийн теологитой зөрчилдөх мэт харагддаг бас нэг тэнгэрлэг үнэн нь Бурханы ариун хүмүүсийн болон Христийн зовлонгийн түүх юм.

Нүгэлтэн нүглийнхээ шийтгэлийг эдлэж зовох нь шударга бөгөөд түүхээр болон Библиэр баталгаажсан юм бол, бас хажуугаар нь зөвт болон нүгэлгүй Ариун Нэгэн нь яахаараа зовж шаналах шаардлагатай болчихдог нь заавал судлах ёстой чухал асуудал юм. Эндээс хоёр төрлийн зовлон ертөнцөд байдгийг Библи бидэнд ялгаж зааглан, илчилж харуулдаг болохыг би өмнөх хэсгүүдэд харагдахуйцаар гаргаж ирэхийг оролдсон.

Ариун нэгний зовлонгийн нэг үндсэн шалтгаан нь нүгэлтнүүдийн дунд тэнгэрлэг мөн чанараараа эрс ялгардагаас үүдэлтэй.    
          
А. Библид зовлонгийн талаар хэрхэн сургаж номлодог вэ?

Сударын Хуучин гэрээний хэсэгт Бурханы ард түмний зовлонгийн талаар бичихдээ Эзэн Бурханыхаа үйлчлэлд итгэмжгүй байж, харь бурхдад мөргөж, Мосегийн хуулиудыг зөрчвөл үр дагаварт нь ирэх шийтгэл бол аймшигт олон төрлийн зовлонгууд байх болно гэсэн.
“Чи хэрвээ Эзэн Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ...” (Дх.28:15-68).

Эдгээр зөн болон сэрэмжлүүлэгүүдийг Израильчууд дэс дараалан өөрсдийн түүхээрээ ёсчлон харуулсан нь, Ертөнцийн Эзэний ариун бөгөөд алагчилдаггүй шударгаар шүүдэгийн баталгаа болдог.

Гэтэл Шинэ гэрээний сургааль номлолд Бурханыхаа эсрэг тэрслэх биш, харин ч Түүний хүсэлд нь захирагдан, үнэнчээр даган явах зам нь зовлон бэрхшээл, сорилтын, бүр цаашлан загалмайн (үхлийн) зам байх ёстой, гэж заадаг нь үнэхээр гайхалтай.
“Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ?!  Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?! Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ?! Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?! Эсвэл энэ нь Өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?! Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.” (Ром.11:33-36).

Тэгэхлээр Шинэ гэрээнд Бурханы ард түмний (итгэгчдийн) туулах зовлонгийн учир шалтгаан ба зорилгын талаар хэрхэн тайлбарлаж, номлосон нь сайтар судлах ёстой асуудал мөн.

1) Есүс Христийн нэрийн төлөө  
2) Загалмайн Сайн Мэдээний төлөө
3) Бурханы Хаанчлалын төлөө
4) Сайныг үйлдсэнийхээ төлөө
5) Бидний өөрсдийн төлөвшил, ариуслын төлөө гэх зэрэг учир шалтгаан ба зорилгыг Библи гаргаж тавьдаг.





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/