Thursday, January 7, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 12

          
3) Бурханы хүслийг биелүүлэхийн тулд зовсоноороо
           
        Хуучин гэрээнд эш үзүүлэгч Исаиа, Христ энэ дэлхийд ирээд Сүнсний болон махан биеийн зовлон болон гологдолыг амсана гэдгийг зөгнөсөн байдаг (Иса.53). Тэгээд тэр тусмаа Түүний зовлон нь Эзэний таалал, хүсэлийн улмаас байсан гэдгийг хэлдэг. “Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь Эзэний таалал байв” (Иса.53:10). “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иох.3:16).
           
        Есүс баригдахынхаа өмнө Гетсемани цэцэрлэгт залбирч байхдаа цусан хөлс дуслуулан залбирч байсан (Лк.22:44) нь ертөнцийн нүгэлийн өмнөөс үүрэх тэр их зовлонгийн хэр аймшигтай хүнд бэрх болохыг мэдэрч сэтгэлийн асар их тарчлал амсасныг гэрчилдэг. Тэрээр залбирахдаа “Эцэг минь хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр, биш харин Таны хүслээр болог...” (Мт.26:39), гэж Эцэг Бурханы хүслийг нэн тэргүүнд тавьсан байдаг.  
 “Есүс Гетсемани цэцэрлэгт зовж шаналсны тэмдэг нь цусан хөлс байсан (Лук 22:24)[1]. “Сэтгэл санааны асар хүнд дарамтанд ороход хялгасан судсууд цусаар ханаж, цустай хөлс гардгийг эртний хийгээд орчин үеийн анагаах ухаанд баталжээ.”[2]

             Бурхантай хамт байсан ч Бурханаар хаягдсан нь Түүний зовлонг бусад ертөнцийн зовлонгоос онцгой ялгаатай болгодог.  Магадгүй зарим нь Израильчууд ч Бурхантай хамт байгаад, дараа нь орхигдох зовлонг эдэлсэн гэж маргаж болох юм. Христийн зовлон энгийн нүгэлт хүмүүний зовлон байгаагүй. Тэр Бурханы хүслийн дагуу зовсон. Харин Израильчууд нь өөрсдийнхөө нүгэлт хүслүүдийнхээ араас явсанаараа Бурханаар орхигдож, нүгэлтний дагуу зовсон нь Библийн болон түүхэн үнэн юм.
            

4)  Түүний энэхүү зовлон нь үй олны аврал болсоноороо (Харин ертөнцийн дагуу зовогсодын зовлон нь өөрт нь болон бусдад үр өгөөж, ашиг тус нэмэргүй юм.)

            Семеон гэдэг Эзэнд маш итгэмжтэй үйлчилдэг нэгэн хүн Аврагч ирнэ гэдгийг итгэлтэйгээр хүлээж байсан юм. Тэрээр энэ итгэлийнхээ хариуд Эзэн Есүсийн мэндлэхийг харж, Эзэнд талархсан байдаг. “Семеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад Эзэн Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай. Учир нь Миний нүд Таны авралыг харлаа... Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой” (Лк.2:28-32).   

Мөн ”Есүс эмэгтэй Надад итгэ...Эцэгт мөргөх цаг ирж байна...аврал иудейчуудаас гарна...чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав” (Иох.21-26), гэж Самари эмэгтэйд Өөрийгөө гэрчилсэн юм.

            Заккай гэгч нэгэн татвар хураагч гэм нүглээсээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, Есүсийг хүлээн авсанаар тэр Түүний авралд багтаж чадсан юм. ”Заккай... Эзэн өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би...залилан авсан байвал...нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд өнөөдөр энэ айлд аврал ирлээ” (Лк.19:8-9) гэж тунхагласан.  

Хожим нь “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй...” (Үйл.4:12), гэж элч Петр гэрчилсэн байдаг.  


“...Тэнгэр газар дээрхи бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно...” (Мт.28:18-20),

            “Тэгээд би сэнтий болоод дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав...  Тэд шинэ дуу дуулж... учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ” (Илч.5:6-9), гэх зэрэг бичээсүүдээс харвал Христийн зовлонгийн ач холбогдол, үр дүн, хүч чадал, эрх мэдэл, үйлчлэх цар хүрээ зэрэг нь хязгааргүй бөгөөд мөнхийн болохыг мэдэж болно.  

            
            Энэ үнэнийг Христийн чуулганы 2000 жилийн ялгуусан түүх болон, мөн бид өөрсдийн Христтэй хамт алхсан итгэлийн амьдралын бодит баримтуудаар тодорхой гэрчилдэг билээ. Өөр ямар ч зовлон зүдгүүрийн талаархи түүхэн баримтууд ийм тэнгэрлэг эрх мэдэл, нөлөөлөх хүч чадалгүйг загалмайн авралаар дамжуулан дахин төрсөн хүн болгон батална. 


5) Түүний зовлонгийн үр дүн санаанд оромгүйгээр эргэж, үхлийг ялсан ялалтаар төгссөнөөрөө

“Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна... Үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудана... Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно... Би та нартай дахин уулзана... Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй” (Иох.16:16, 20, 22), гэж дагалдагчиддаа учир битүүлэг зөн айлдсан Тэрээр үдэш нь баригдаж, маргааш нь цовдлогдон нас барсан билээ.

            Гэтэл гурав дах өдөр нь учир битүүлэг зөн биеллээ олж, дахин амилсан Есүс дагалдагч нартайгаа уулзан “Амар амгалан нь та нарт байх болтугай...-- Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? Миний гар,Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна: Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм” (Лк.24:36-39) гээд зогсохгүй, эргэлзэж тээнэгэлзсэн Томаст “Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу руу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай” (Иох.20:26-27) гээд, мөн “... Тэр загасыг авч тэдний өмнө идэж...”  (Лк.24:42-43), гарцаагүй махан биеэрээ дахин амилсанаа батлан харуулсан юм.   

            Түүний зовлон нь ялгуулсан ялалтаар төгсөж, Тэрээр үхлийг ялж дахин амилсан нь загалмайн зовлонг өөр бусад ямар ч зовлонтой зүйрлүүлэшгүй онцлог ялгаатай болгодог.  Түүний ялалтын хүч болон мөнх амийнх нь тэнгэрлэг онгодоор (Ариун Сүнсээр) үе үеийн үй олон Христэд итгэгчид бялхаж амьдардаг билээ. Үхлийг ялсан бидний Эзэн алдарших болтугай. Халлелүяа...
    

[1]Дуглас Ж.Д ба Тенни Мерилл С. “Библийн хураангуй толь бичиг”(УБ:Мөнхийн үсэг, 2006он),797.
[2]Мөн тэнд, 797.





UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/