Friday, February 5, 2016

ХРИСТИЙН ЗОВЛОН 16



Б.  Христэд итгэгчдийн амьдралд загалмай үүрэх нь хэрхэн илэрдэг вэ?

1) Дотоод зүрх сэтгэлийн зөрчил тэмцэл байдлаар
2) Гэр бүлийн болон хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээлэл дунд
3) Нийгмийн бусад харилцаанд
4) Чуулганы үйлчлэлийн хүрээнд
1.                   
                  1)  Дотоод зүрх сэтгэлийн зөрчил тэмцэл байдлаар

          Дотоод зүрх сэтгэлдээ хоёр хуваагдаж, нэг талаас Ариун Сүнсний ятгалга, нөгөө талаас махан биеийн хүсэл ба ертөнцийн уруу татлагын зөрчил тэмцэлийг мэдэрч шаналж, тэмцэж үзээгүй итгэгч гэж байхгүй байх. Хэрвээ тэгж үзээгүй хүн байгаа бол дахин төрөөгүй буюу аврагдаагүй хүн гэхэд болно.

Үүнийг Есүс “...Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй,... махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой... чи дээрээс төрөх ёстой... Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хаашаа оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг ” (Иох.3:3-8), гэж тайлбарласан.

    Христэд итгэсэн хүн бүр хатуу ширүүн сүнслэг дайны талбарт тулалдах дайчны дуудлагыг авдаг. Энэ тулаан юуны түрүүнд итгэгчийн өөрийнх нь дотоод зүрх сэтгэл, оюун санааны талбарт өрнөдөг.

Олон хүн энэ тулааны хатуу ширүүнээс шантран зайлсхийдэг бол харин Библи “Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс” (Еф.4:21-24), гэж тушаадаг.

“Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой... махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм... Энэ нь Бурханы хуульд захирагддаггүй... Махан бие дотор байгсад Бурханд таалагдаж чадахгүй... Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна (Ром.8:6-9)

“Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдгийг бид мэднэ... бид өөрсдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядан хүлээдэг ( Ром.8:22-23)

“Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж, Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун”(Ром.12:2).
“Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг... та нараас би гуйя”   (1Пт.2:11) 

“Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм... Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр,энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм ” (Гал.5:16-23) 

“Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм” (1Тм.1:5)
“Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн” ( 2Тм.2:22)

“Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж... Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай” (Иак.1:14-15, 21) 

“Хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрлөхийнх бөгөөд чөтгөрийнх юм.. Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж”  (Иак.3:14-17) 

“Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун”  (1Пт.1:13-15) 

“Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог” (1Иох.2:15-17), гэх зэрэг Шинэ гэрээний бичээсүүд итгэгчдийн дотоод зүрх сэтгэл рүү өнгийж, тэрхүү орон зайд шүүлтийг явуулан бузар муугаас цэвэрлэдэг.

              Эдгээрээс, өөрийгөө өөрчлөх нь Христ доторхи бидний хамгийн нэн тэргүүний бас хамгийн чухал зорилго байх ёстойг Библи анхааруулж байгаа нь харагдана.  Гэхдээ энэхүү өөрчлөлт тийм ч таатай, бас амархан биш гэдгийг энэ замаар алхаж буй хүн бүр мэднэ. 

Тиймээс ч Эзэн “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно” (Иох.12:24-25), гэж тушаадаг.






UBTC Библийн сургуулийн оюутан С...-ийн бакалаврын зэрэг хамгаалсан дипломын ажилаас... /Үргэлжлэл бий/