Friday, June 20, 2008

Есүс. Хайр ба Ариун Сүнсний талаар хэлсэн нь


Эхэнд Үг байсан...Үг нь Бурхан байсан...Бүх юм Түүгээр бий болсон, гэж элч Иохан сайн мэдээний тунхагаа эхэлж байна. Үнэхээр, үгээр тодорхойлогддоггүй, оноосон нэргүй, нэг ч үзэгдэл юмс, оршихуйг энэ орчлонгоос хайгаад ч олохгүй. Тэр дундаа зүрх сэтгэлээс ундран гарах гайхамшигтай догдлол мэдрэмжийг тодорхойлон нэрлэдэг “Хайр” гэдэг үг нь орчлонгийн хамгийн ариун Үг юм.

Энэ нь Бүтээгч Эзэний мөн чанарын хамгийн гол тодорхойлолт. Хайрлагч нь бүтээж, арчилж, нандигнан хамгаалж байдаг бол, үзэн ядагч, хорсон занагч нь эвдлэн нурааж, устган сүйтгэж байдаг. Үзэгдэхгүй, сонсогдохгүй, үнэргүй, амтгүй, биегүй мэт боловч, үнэхээр оршин байгаа нь бүхий л үйлс бүтээлээрээ мэдрэгдэж байдаг хайрыг нэг л хоромд бүх хүний зүрх сэтгэлээс авчихлаа гэж бодъё.
Төсөөлөх аргагүй аймшиг бий болж, үзэн ядалт, хорсол занал хаанчилж, тэр даруй амьдрал мөхөх биз. Харин “Амьдрал хайр дээр тогтдог”, гэж нэлээн нэртэй нийтийн дуунд өгүүлдэгчлэн Ертөнцийн Эзэн нь “Хайр” байдаг нь ямар их зол вэ?!

Спирт бал бурмын үйлдвэр, асрамжийн төвийн хүүхдүүдэд, хувцас хунар, хоол унд, хичээлийн хэрэглэлийн тусламж үзүүлж буйг зурагтаар нэвтрүүлж байна. Архи согтууруулах ундаа үйлдвэрлэж гэр бүл, хамт олон, улс нийгмийг бузарлаж байж, бас эргээд энэрэн нигүүлсэгчийн дүр эсгэх нь дэндүү гаж үзэгдэл юм. Хайрын тухай ойлголт, хайрыг үнэлэх үнэлгээ үнэхээр завхарсаныг эндээс харж болно.

Харин Есүс бол төгс хайрлаж чаддаг, бас хайрыг үнэлж чаддаг гэдгээ үг хэлээрээ, үйлс амьдралаараа харуулж чадсан Нэгэн юм.(Иох.15:13) Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр аугаа хайр байхгүй, гэж Тэр дээд хэмжүүр, үнэлэмжийг тодорхойлон хэлсэн байдаг. Үүнээс “хайр” бол золиослол юм гэж ойлгуулаад, үүнийгээ Өөрөө нотлон, загалмайд цовдлогдсон. Газар дэлхийд хайрыг мөнгөөр, сексээр, бас цаг хугацаагаар хэмжидэг ба бүр Христийн чуулганд ч энэ нь, нилээн газар авсан үзэгдэл болсон нь харамсалтай.

(Иох 14:23). Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний Үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна, гэснээс харахад, “Хайр” нь зүгээр нэг мэдрэмж, таашаал, сэтгэл хөдлөл төдий зүйл биш, харин зорилготой, утга учиртай, үр дүнд хүрдэг үйлс юмаа гэж байна. Хэн нэгнийг, тэр дундаа Есүсийг хайрлаж буй бол, өөрийн дур сонирхол, зан чанар, амьдралын дадал зуршил, хүсэл мөрөөдлөө ч орхин, Түүний Үг, тушаалын дагуу, Түүнтэй хамт цоо шинэ амьдралыг босгоно гэсэн үг юм.

(Иох.10:30) Би болон Эцэг нэг юм…(Иох.15:9) Эцэг Намайг яаж хайрласан шиг, Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. (Иох,15:12) Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал, гэсэн нь хайр бол үүрэг хариуцлага юм. Хайр бол харилцан ойлголцол, зүрх сэтгэлийн нэгдэл юмаа гэсэн илчлэлтийг бидэнд хэлж байна.

Гэтэл яг ингээд ярихлээр, олон хүн…би л чадахгүй юм байна. Бусдын төлөө яаж өөрийгөө, бүх амьдралаа зориулах вэ?! Яаж, тэр өөдгүй амьтанг уучлах вэ?! гэдэг. Харин Эзэн, хүн мөхөс дорой учир өөрийн хүчээр жинхэнэ утгаар нь хайрыг илэрхийлэн амьдарч чадахгүйг мэдэж байдаг. (Иох.14:26)Туслагч буюу Миний нэрээр…Эцэгээс (Иох.15:26) гарч ирэх үнэний Сүнс, (Иох.15:17)…та нарын дотор байна. Тэр та нарт бүх зүйлийг зааж (Иох.14:26) Миний хэлсэн бүгдийг сануулж, (Иох.15:26) Миний тухай гэрчилнэ, гэж Есүс амладаг.

Туслагч л гэхээр, олон хүн, өөрөөс нь дорд нэгэн, захиргаанд нь байж гарын үзүүрт нь зарагдагч, хүссэн болгоныг нь биелүүлэгч гэдэг утгаар их ойлгодог. Тиймээс ч, өөрсдийгөө амьдралынхаа, үйлчлэлийнхээ төвийг болгон, цуутай ахлагч, пастор, удирдагч болохоор тэмүүлцгээн, энэ зорилгодоо Ариун Сүнсийг ашиглахыг улайран оролдоцгоодог.
Гэтэл тэнгэрлэг зарчим огт өөр юм. Дээрхи ишлэлүүдээс харахад Ариун Сүнс гэж хэн болох, чиний амьдрал, хувь заяанд ямар үүрэг рольтойгоор оролцогч болохыг тов тодорхой хэлжээ.

Бид дөнгөж сурч эхэлж буй хүүхэддээ уншиж, бичиж, тоо бодож сурхад нь тусалдаггүй гэж үү?! Хувцасаа яаж угаах, индүүдэх, хоол яаж хийх, ойр зуур дэлгүүр явж хэрэгтэй зүйл цуглуулах, гудамжинд замын хөдөлгөөнд яаж оролцох, бусадтай хэрхэн харилцах, нийгэмд биеэ яаж авч явах гэхчилэн тоо томшгүй олон зүйлийг санаатай болон санаандгүйгээр зааж сургаж, үг хэл, үйлсээрээ үлгэрлэж байдаг. Тэгээд бидний нөлөөн дор биднээс хамааралтайгаар, бидний дүр төрхөөр нэгэн хувь заяа, амьд оршихуй босгогдон, бүтээгдэж байдаг.

Яг л үүнтэй адил Ариун Сүнс нь бидний хуучин гэмт сэтгэлгээ, зан чанар, хүсэл мөрөөдлийг минь бүрмөсөн өөрчилж, Есүсийн адил ертөнцийг хардаг, хайрладаг, үнэлдэг бас үйлчилдэг болгох гэж, бидэнд заадаг, сургадаг багш, дахин амилсан Есүсийг сануулагч, гэрчилэгч, (Иох.16:13) биднийг бүх үнэн уруу
(мөнхийн амьдрал уруу) Удирдагч юм. Хайр бол Ариун Сүнс юм. Тэр бидний дотор, бид Түүний дотор байхын тулд, (Иох.1:14) махан бие болж, бидний гэмийг үүрсэн Ертөнцийн Эзэн, Аврагч Бурхан минь юм. Халлелүяа…




"Иоханы сайн мэдээ" хичээлийн гэрийн даалгавар 1-р курс
Шалгасан багш: Нарангэрэл UBTC