Friday, January 23, 2009

Христэч удирдлага


-- Библи дээр олон цуутай удирдагчид, тэдний намтар, хувь заяа, гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын арга барилын талаар өгүүлдэг. Мосе, Иошуа, Гидеон, Самуэл, Давид, Нехемиа...гэх мэт. Тэд тодорхой орон зай, цаг хугацаан дотор амжилттайгаар Эзэнд үйлчилж, Түүний хүслээр Израилийг удирдаж байсан.

Мэдээж тэд түүхийг цогцоор нь бүтээж, босгон байгуулагч Түүний үйлсэд зохих хувь нэмрээ оруулцгаасан боловч тэдний үйлчлэл, үүрэг зорилго өнгөрөн одсон. Тэд бидний амьдрал тэмцэл, үүрэг зорилго, үйлчлэлийн маань үлгэр загвар, суурь дэвсгэр, жишиг огтхон ч биш. Зүгээр л тэднээр дамжуулан Эзэн өөрийн хүсэл зориг, хайр энэрэл, шударга үнэнээр дүүрэн тэнгэрлэг зарчимаа хэрхэн илэрхийлж байсан нь л анхааран суралцууштай зүйл юм.

Харин өдгөөгөөс 2007 оны өмнө Мөнхийн Төгс Удирдагч (Хаан), хэзээ ч өнгөрөн одохгүй, үүрд Оршигч Нэгэн нь өөрийгөө бүхий л мөн чанар төгс байдлаараа нэн онцгойгоор бидэнд илчилснээр, өмнөх үеийн өнөөх цуут удирдагчдын дутуу дундуурыг дүүргэн төгс болгоод, бас ирээдүй үеийнхнийг ч огт өөрөөр, цоо шинээр бүтээх болсон.

Тэр цагаас хойшхи бүх судар, илчлэлт, цорын ганц Удирдагчийн тухай л ярьдаг. (Мт.20:10)“Та нар удирдагчид гэж бүү дуудуул, та нарын удирдагч ганц бөгөөд, тэр нь Христ юм” гэдэг. Мөн (Мт.20:20-27)“удирдах” гэдэг ухагдахуун нь, хүмүүсийн гэмт сэтгэлгээний үр дүн болсон захиран тушаах, зааварлах (дэлхийлэг) зарчимаас эрс өөр, даруу, дуулгавартай, өршөөл уучлал, тэвчээр, энэрлээр дүүрэн (тэнгэрлэг) зарчимыг хэлдэг болохыг тодорхой өгүүлсэн.

Бас “тэнгэрийн хаанчлал” гэдэг ухагдахууныг цухас дурдахгүй бол болохгүй байх! Тэр нь хамгийн төгс засаглал байх нь тодорхой. Бүх зүйл зөвхөн Түүний төгс мэргэн ухаанаар, хамгийн зөв шийдэл дотор, Түүний хамгийн дээд сүр хүч, эрх мэдлээр удирдагдан зохицуулагдана. Тэгэхлээр бусдад нь юу үлдэх вэ?! Мэдээж хэрэг, дуулгавартайгаар үйлчлэх л үлдэнэ.

Эндээс, үйлчлэгч (удирдагч) нь, Эзэнд бүх зүрх, бүх оюун ухаан, бүх амьдралаараа үйлчлэгч, дуулгавартай байгч, бүрэн төгс өөрийгөө өргөл болгон өргөгч, Түүний бие болсон Чуулганд даруугаар үйлчлэгч, зан хандлага итгэмжтэй, үнэнч шударга харьцаа, өршөөл, уучлал, тэвчээрээрээ үлгэрлэгч, уриалагч нэгэн байх ёстой болов уу?!

Тэр өөрөө Удирдагчтайгаа (Эзэнтэйгээ) нэг хэмнэлд амьдардаг, өөрөөр хэлбэл Түүнтэй уусан нэгдэж, нэг бие, цогц оршихуй болсон байх ёстой болов уу?! Бүр дэлгэрэнгүйгээр бол өөрийн төрөлх болон олдмол бүхий л хүсэл мөрөөдөл, аливааг харах дүгнэх (шүүн тунгаах) зарчим, аливаа бий болсон асуудалд хандах хандлага, мэдрэмж зэрэгээ (амиа) бүрэн Түүний хөл дор тавьж, зөвхөн Түүнийхийг өөрөөрөө дамжуулан илчлэгч нэгэн байх ёстой болов уу?!

Ингэж чадсан, үгүй ядаж хичнээн оролдож буй нэгэнтэй, Тэр өөрөө хамт байж, бүх ачааг нь (үүрэг) үүрэлцэж, бүх хариуцлагыг нь даах нь (Түүний бүхий л төгс мөн чанар болон хувь чанарыг нь харгалзан дүгнэвэл) тодорхой. Тэр үүнийг (Мт.11:30) “Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн…” гэдэг.

Эзэн, Өөрийн Чуулганыг босгоно, (Мт.16:18) гэсэн. Харин амьдрал дээр, олон “лут удирдагчид” өөрийнхөө чуулганыг босгох гэж оролдох нь харагддаг. Тэгснээрээ, өөрөөр нь дамжин Түүнийг харах гэж оролдож буй олон хүнд бүдрүүлэх чулуу болж, эцэстээ Түүнд тайлагнах үед илүү хүнд шүүлтэнд орж болзошгүйг (Иаков.3:1) Библи бидэнд харуулдаг.

-----------------------------------------------------------------------------
Нийтлэлийн гэрэл зургийг Есүгэн (Өвөрхангай,Орхон тал.2007 "Эзэний бүтээсэн байгаль дэлхий" цувралаас)





 "Христэч удирдлага" хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: М.Майдар UBTC