Monday, January 25, 2010

Библи судлахуй-4: В. Жишээ: (1 Иохан 2:18-29)-р багцлалд дүн шинжилгээ хийх нь


1. Энэ хэсэгт Бурханыг хэрхэн нэрлэж, дуудаж, тодорхойлж байна вэ?
а) Христ
гэж 2:18,22-д өгүүлжээ. Энэ нь “(олны авралын төлөө) тослогдсон Нэгэн, тусгаарлагдсан Нэгэн, томилогдсон Нэгэн” гэсэн утгатай грек үг ба еврейгээр Мессиа гэдэгтэй адил юм.

б) Ариун Нэгэн
гэж 2:20-д тодорхойлсон нь, хуучин гэрээний үеэс Эзэний нэрийг хүндлэн, цээрлэж дуудаж байсан нэр юм. Бас мөн чанарыг нь ч тодотгож, тодорхойлж буй. Ариун- гэдэг нь цэвэр, бузартаагүй, бузраас эрс өөр, тусдаа тусгаар гэсэн утгатай. ...Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзархыг зөвшөөрөхгүй (Дуу. 16:10), ...Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн (Сур.үгс 9:10), ...тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнана (Ис. 29:23), Би бол чиний Бурхан Эзэн, Израилийн Ариун Нэгэн бөгөөд, чиний Аврагч мөн... (Ис. 43:3), гэх мэтээр олонтоо энэ нэр дурдагддаг.

в) Эцэг
гэж 2:23,24-т бичсэн. Энэ нь бас л эрт үеэс Израилчуудын Эзэнийг дуудаж байсан олон нэрний нэг. Өмнөх Б.жишээн дээр утга учир, гарал үүслийг нь нилээн дэлгэрэнгүй тайлбарласан. Ертөнцийг Бүтээгч, агуу Сүр хүч, Цог жавхлангын Бурхан, Өөрөө л хэн нэгэнд Өөрт нь ийнхүү (Эцэг минь, гэж) хандах эрх мэдэл, боломжийг олгоогүй бол хэнч ийнхүү Түүнд хандаж чадахгүй юм.

г) Хүү
гэж 2:23,24-т бас нэрлэсэн. Хуучин гэрээний үед Хүү Бурханы талаар Израильчууд тодорхой ойлголтгүй байсан. Абрахам, Мосегийн үеэс агуу сүр хүчит Бүтээгч Бурханыг хүндэлж, сүрдэн эмээж, өчиггүй дуулгавартайгаар тушаал зааварыг нь даган биелүүлхийг л хичээж ирсэн тэдний хувьд, хэн нэгэн махан биеэр амьдрагч хүн Түүний Хүү гэгдэх нь, хүлээн авах боломжгүй зүйл байлаа. Тиймээс ч ...Чи бол Миний Хүү, өнөөдөр Би Чамайг төрүүлсэн... (Дуу. 2:7), ...Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, чи замд сүйрэх вий... (Дуу. 2:12), ...Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж,... (Дан. 7:13), зэрэг зөгнөлүүдийг (эш үзүүллэгүүдийг) эртний Израильчууд жинхэнэ утгаар нь ойлгож байсан талаар тодорхой зүйл Сударт байдаггүй. Хожим Хүүг ирэхэд, таньж хүлээн авсан нь тун ховор.

Хүү- гэдэг нь эрэгтэй хүүхэд, хөвгүүн, өв залгамжлагч, хүндлэгч, хамаатай нэгэн гэсэн утгатай. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн (Иох. 3:16а), -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог... (Мт. 3:17), ...Хүний Хүү нь амралтын өдрийн Эзэн мөн (Мт. 12:8), Хүний Хүү нь алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ... (Лк. 19:10), Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг (Иох. 3:35,36), -Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно. Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна... (Мт. 17:22б,23), ...Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчилхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ (Мт. 20:28), ...Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө (Мт. 16:27), зэрэг илчлэлт, тунхаглалууд нь Хүү Бурханы (Есүс Христийн) дэлхийд ирсэний үүрэг зорилго, байр суурь, эрх мэдлийг тодорхойлдог.

Хүүгүйгээр эцэг гэж байх уу?, Яг үүнчлэн эцэггүй хүү гэж байх уу? Мэдээж аль аль нь боломжгүй юм. Эцэг нь хүүгийнхээ зүрхэнд, хүү нь эцэгийнхээ зүрхэнд байдаг нь бас л мэдээжийн, энгийн үнэн болохыг “эцэг” болон “хүү” хүн бүр маш сайн мэддэг билээ. Энэ хэсэгт дээрхи 4-н янзаар нэрлэсэн байгаа боловч бие биенийгээ нөхдөг, Нэг Нэгэнгүйгээрээ байх аргагүй, Нэг нь Нөгөөгөө тодорхойлон харуулж, гэрчилдэг, Нэг Нэгэндээ уусан нэгдсэн, нэг зорилготой, нэгэн хүсэлтэй, нэгдмэл санаатай, нэг үйлстэй Мөнхийн, Бүтээгч нэг л Эзэн Бурханы тухай өгүүлж байна. Израиль аа, сонс! Эзэн бол бидний Бурхан. Эзэн бол ганц (Deu. 6:4).

2. Христийг эсэргүүцэгч хэн бэ?
Энэ захидлын бас нэг гол зорилго нь Христийг эсэргүүцэгч хэн бэ гэдгийг илчлэх нь юм.
а)
Энэ нь Чуулганд Иохантай (итгэгчидтэй) хамт байсан, нэг биш этгээдүүд гэж 2:19-р (энэ нь Христитгэлээс урвасан эсвэл итгэлийн үнэнүүдийг мушгин гуйвуулагчид гэсэн санаа) ишлэлд тодорхойлсон байна.

б)
Тэд “Есүс бол Христ (үй олны авралын төлөө тослогдсон, томилогдсон Нэгэн) биш” гэдэг, гэж 2:22а-р ишлэлд бас илчилсэн.

в)
Мөн тэд Эцэг болоод Хүүг эсэргүүцэгчид, гэж бас 2:22б-д өгүүлсэн. Ялангуяа тэр үед (одоо ч Ёховагийн гэрчүүд ... гэх мэт) буруу гаж урсгалууд Хүүг үгүйсгэдэг байсан. Харин Ариун Сүнс болон Библи бидэнд, Ертөнцийн Эзэн маань бидэнд Хүүгээ өгч, Түүгээр л дамжуулан гэмт ертөнцийг хайрлан уучилсан авралын үнэнийг илчилдэг. Бурхан амьд оршин байдгийг мэдэх нь, итгэх нь нэг хэрэг. Харин энэ үнэнийг үгүйсгэх нь тухайн мэдлэгээ, итгэлээ, Бурханыг ч үгүйсгэж байгаа хэрэг гэж 2:23-р ишлэлд тодорхой анхааруулжээ.

Ер нь, энгийн амьдарлын логикоор л бодоод үзэхэд хүүг нь алчихаад, аавд нь таалагдана гээд явж байж таарах уу? Христ Есүс бол Бурханы Хүү биш. Түүний загалмайн аврал тийм ч чухал, ач холбогдолтой үйлс биш. Түүнгүйгээр Эцэг Бурханы тааллыг нь олж, хүү нь болон хүлээн авагдана, гэх маягын муйхарлал бол дээрхи логик гаргалгаатай агаар нэг юм. Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь, Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. (Иох. 5:22,23), Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм (Иох. 3:16,18).

г)
Бас бусдыгаа мэхлэхийг (уруу татахыг) оролддог, гэж 2:26-р ишлэлд дурджээ (Тэдний бас нэг онцлог нь үл итгэгчдийг биш, харин итгэгчдийг төөрүүлэхийг маш их оролддог. Бас өргөнөөр эрэгцүүлэн үзэх юм бол, бурхангүй нийгмийн бүхий л “соёл иргэншил”, тэдний бидний итгэл рүү хандсан дайралт, уруу татлага ч хамаатай). Эдгээр бүх тодорхойлолтууд өнөө цагийн гаж урсгалууд болох Ёховагийн гэрчүүд, Мормонизм, Мүүннизм... нарын шинжүүдтэй бүрэн тохирдог.

3. Захидлыг бичигч нь хүлээн авагчдыг хэн гэж боддог вэ?
а)
Иохан тэднийг (биднийг) Ариун Нэгэнээр тослогдсон хүмүүс, гэж 2:20-р ишлэлд өгүүлсэн бол б) Үнэнийг (загалмайд итгэгчид) мэдэгчид гэж 2:20, 21-р ишлэлд онцлоод, в) гэхдээ л мэхлэгдэж болзошгүй учраас сэрэмжлүүлэг илүүдэхгүй хүмүүс гэж үздэгээ 26-р ишлэлд дурджээ.

4. Мөнх амийн тухай хэрхэн тодорхойлсон байна вэ? а) Хүү болоод Эцэгийн дотор байх нь Мөнх амь юм, гэж 2:24-р ишлэлд өгүүлээд, б) хэрхэн Хүү болоод Эцэгийн дотор байж чадах вэ?! гэдэгт мөн л 2:24а ишлэлд ... эхнээсээ сонссон зүйл чинь (Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм (Иох. 1:14). Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм (Иох. 3:16)... гэх мэт авралын үнэнүүд) та нарын дотор байвал үүнийг чадна, (Нэг үгээр, Христ Есүст итгэх итгэлээр гэмийн шийтгэлээс аврагдан, Мөнхийн улсад очих эрхтэй болсон гэдэгтээ үргэлж итгэж байвал, бид (Чуулган нь) Хүү болоод Эцэгийн дотор байх ажээ) гээд
в) Мөнх амь нь Эзэний бидэнд амласан (–Хэрэв хэн нэгэн нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн рүү очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна (Иох. 14:23). –Хэрэв цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв (Иох. 7:37,38)... гэх мэт) амлалт юм гэж байна. Бүхэлдээ энэ захиа нь, хүн төрөлхтөний мөнхийн эрэл хайгуул, хүсэл мөрөөдөл болсон мөнх амийн бодит биелэл бол Есүс Христ юм, гэсэн үнэнийг өөр гаж буруу зам, хоосон цэцэрхэлийн эсрэг сөргүүлэн тавьсан.

5. Тосолгоо гэж юу эсвэл хэн болохыг хэрхэн тайлбарлав?
а) Тосолгоог хэн өгдөг вэ?
гэдэгт 2:20-р ишлэлд Ариун Нэгэнээс, 2:27а-д Түүнээс (Христээс) өгөгддөг гээд

б) хэнд өгөгддөг вэ? гэдэгт бидний (итгэгчдийн) дотор өгөгддөг,гэсэн байна. Ер нь энд Ариун Нэгэнээр тослогдсон гэдгийг 2 салаа утгаар тайлбарлаж болохоор байна. Энэ нь, Ариун Нэгэн нь биднийг Өөрөөсөө тусдаа ямар нэг зүйлээр (тухайлбал савтай тосоор. Хуучин гэрээний үед ийнхүү тосолдог байсан.) тосолсон гэж ойлгож болохоор... Харин нөгөө нэг нь, Ариун Нэгэн нь Өөрөө тосолгоо юм, гэсэн санаа байна.

Ариун Нэгэн гэж хэн бэ? Ариун гэдгийн талаар дээр ярьсан. Харин Нэгэн- гэдэг нь тодорхой хувь зан чанартай, өөрийн гэсэн зорилго, үзэл бодол, эрх мэдэл, мэдрэмж, оюун сэтгэлгээ бүхий бие оршигчийг хэлдэг нэр томъёо. Харин олон итгэгчид (ялангуяа гаж буруу урсгалынхан), Ариун Сүнс нь зүгээр л сэтгэл хөдлөл, догдлол хөөрөлтийг, онгодыг л өдөөдөг эзэн биегүй, хувь чанаргүй, хоосон чанартай нэгэн зүйлийн хүч мэтээр боддог, үздэг. Үүнээсээ болж Түүнийг хүндлэх, хайрлах, Түүнтэй дотносох, Түүнд дуулгавартай байх, Түүнээс эмээх зэргийг ор тас орхигдуулдаг нь, Түүнийг зөвхөн ашигийн нүдээр харж, захирч, шаардахыг, өмчилхийг оролддог нь тэдний хувьд сүйрэл юм.

Энэ мунхаглалын эсрэг в) тосолгоо нь, бидэнд бүгдийг заадаг төгс Багш, Үнэн Нэгэн гэдгийг 2:27б-д өгүүлээд,

г)
2:27а-д тиймээс Түүнээс өөр багш (тухайн үед гностик, керинтүс урсгалын номлогчид, өнөө үед Жосеф Смит (Мормонизмийг үндэслэгч), Мүн Сон Мён (Мүүнийн шашныг үндэслэгч), Чарльз Рассел (Ёховагийн гэрчүүдийн анхдагч)... гэх мэт нь) хэрэггүй гэж, элч Иохан захиандаа анхааруулсан байна. Эндээс, Тэр Өөрөөсөө ангид ямар нэг зүйлээр биднийг тослоогүй. Харин Өөрөө бидний дотор Ариун Сүнсээрээ оршин амьдарч, бүх үнэнийг заан, удирддаг гэсэн илчлэлт харагдаж байна.

(1, 2, 3 Иохан ном) хичээлийн гэрийн даалгавар
Шалгасан багш: Ий Жэ Шин UBTC 2007 он